| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 240/2018/0155/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 55
Ш.О, О.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч Ш.О-ы өмгөөлөгч Э.Ганбат, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар магадлалтай, Ш.О, О.Н нарт холбогдох 1828000090063 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан гомдол, Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Г овогт Ш-ийн О,
2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Н овогт О-гийн Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Н, Ш.О нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, О.Н нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, О.Н нар нь 5,400,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.О, О.Н нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс О.Н, Ш.О нарыг гэм буруутайд тооцож, хуулийн дагуу зохих шийтгэлийг оноосон. Гэвч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг эрс эсэргүүцэж байна. Миний бие цагдаагийн байгууллагад удаа дараа байцаалт өгөх, шударга ёсыг шүүхээр тогтоолгох гэж Улаанбаатар, Өмнөговь аймгийн хооронд нэлээдгүй явж, эд хөрөнгө, цаг хугацаагаар ч ихээхэн хохирч явна. Гэтэл дахин шүүхийн ажиллагаанд чирэгдэж зовох болсондоо харамсаж байна. Ш.О биднийг очиж уулзахад тавьсан оношоо ч мэдэхгүй зогсож байсан, сүүлд нь онош тавьж, шуурхай арга хэмжээ авсан болж хувирсан. Миний ах гадуур хувцастайгаа Ш.О-ы авралыг хүлээсээр байгаад шургаж унаж тэр чигтээ нас барсан. Гэтэл сүүлд тэрээр эмчилгээ хийсэн болж хувирсан. Бид очоод өвчний түүхийг үзүүлнэ үү гэхэд огт өвчний түүх нээж хөтлөөгүй байснаа сүүлд их эмчилгээ хийсэн болгож хуурамч өвчний түүх нөхөж үйлдсэн байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэргийг маш их будлиантуулж, өөрөө шүүх эмнэлгийн эмч байснаараа дулдуйдаж, энэ тэндэхийн өөртэйгөө хамт ажиллаж байсан эмч нар болон багш эмч нараараа янз бүрийн дүгнэлт гаргуулан хүндрэл учруулж байгааг онцгой анхаарна уу. Хяналтын шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг нягтлан шалгаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ хоёр эмчийн эмчлэх эрхийг ганцхан жилээр хасаж домносон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, эрх хэмжээ олгогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхээс хийсэн дараах ажиллагааг анхааралгүй орхигдуулсан байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “…талуудын гаргасан хүсэлт, гомдлоор …урьдчилсан хэлэлцүүлэг явуулна” гэснийг үндэслэн О.Н-ийн өмгөөлөгч М.Цэрэнбатын “Эрүүл мэндийн яамны амь тэнссэн үеийн анагаах ухааны зөвлөлийг нарийн мэргэжлийн шинжээчээр томилуулах тухай”, Ш.О-ы “Эрүүл мэндийн яамны дэргэдэх Зүрх судасны эмгэгийн нарийн мэргэжлийн салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг ирүүлсэн, хүсэлтдээ дүгнэлт гаргах этгээдүүдэд тавих асуултыг тавьсан байсан. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр явуулахад шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч хуралд биечлэн оролцсон. Шүүгчийн 203 дугаар захирамжаар шинжээч томилсноо мэдэгдэж, танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 2.1-д заасан шинжээчийг ямар байгууллагаар хийлгэх хүсэлтээ шүүгдэгч нар ирүүлсэн, шинжээчид нэмэлт асуулт тавих эрх нь зөрчигдөөгүй болно. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/03/27/205 дугаар дүгнэлт, шинжээч Ц.Бямбачулууны мэдүүлэг, шинжээч Ө.Цолмонгийн дүгнэлт зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрийн үндэслэл болгоогүй тухайгаа” дурдсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэсэн хуулийн зарчим дээр дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримталсан магадлалыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Уг хэлэлцүүлэгт яллагдагч Ш.О, О.Н, тэдний өмгөөлөгч нараас “Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөл, Дотрын анагаахын салбар зөвлөлүүдэд шинжээч томилуулж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт” гаргасан. Үүнийг шүүх хүлээн авч өмгөөлөгч нарын тавьсан асуудлын хүрээнд тухайн байгууллага, зөвлөлөөс дахин шинжээч томилсон. Энэхүү дахин шинжээч томилсон шүүгчийн захирамжийн дагуу холбогдох шинжээч нар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг гаргасан ба яллагдагч, тэдний өмгөөлөгч нар танилцсан талаар баримт хавтаст хэргийн 103 дугаар талд авагдсан байдаг. Мөн шүүгдэгч Ш.О, О.Н, тэдний өмгөөлөгч нар шүүх хуралдааны шатанд мэтгэлцэхдээ дээрх шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгуулах, цагаатгах байр суурьтай оролцож байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх “шинжээч томилсон шүүгчийн захирамж, дүгнэлтийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулаагүй” гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүх “шинжээч Ө.Цолмон болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн дүгнэлт зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргаагүй тул шийдвэрийн үндэслэл болгоогүй” талаараа дурдсан. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдсон гэж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан хоёр үндэслэл нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 203 дугаар шүүгчийн захирамж гарч, өмгөөлөгч М.Цэрэнбат, Э.Ганбат нарын хүсэлтийн дагуу шинжээч томилсон учраас шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарт танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй баримтыг давж заалдах шатны шүүх үнэлж байгаа нь буруу юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/03/27/205 дугаартай дүгнэлт, мөн Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шинжээч эмч Ө.Цолмонгийн гаргасан дүгнэлт зэргийг үнэлэх боломжгүй байна гэж нотлох баримтаас хасч тооцсон нь тодорхой тусгагдсан байгаа. Нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй баримтыг үндэслэл болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байгаа учраас хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, хуульд заасан тохирох ял шийтгэл оногдуулсан байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.О-ы өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “...Эсэргүүцэл болон гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр явуулсан урьдчилсан хэлэлцүүлгээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх боломжгүй учраас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шинжээч томилох тухай шүүгчийн захирамж гаргасан. Улсын байцаагч Ц.Бямбачулуун гэх хүнийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Мөн шинжээчийн 312 дугаар дүгнэлтэд зөв оношилсон боловч зүрхний бичлэгийг 10 минутын дотор хийгээгүй байна гэсэн. Гэтэл 10 минутын дотор хийсэн нь камерын бичлэг, зүрхний бичлэгийн хуудас болон яаралтай тусламжийн материалаар нотлогддог. Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг хийж, шүүхээс томилсон захирамжийн дагуу хийсэн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн нь эргэлзээ бүхий болсон. Эхний дүгнэлтийг эргэлзээ бүхий байна гэж дахин шинжээч томилох захирамж гаргаж, дараа нь гарсан шинжээчийн дүгнэлт нь процесс зөрчсөн байна гэж үзээд засах ажиллагаа хийлгүйгээр, нотлох баримтаар үнэлэхгүй гэж өмнөх эргэлзээтэй байсан дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нэг үндэслэл нь ямар үйлдлийг нь гэм буруутайд тооцох талаар үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй. Тухайлбал, О.Н эмч нь өдөр 12 цагт хохирогчийг очиж үзээд орхиж явснаас амь насаа алдсан гэж үзэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн мөртлөө бие нь муудаж хүндрээд 20 цагийн үед ирэхэд нь үзсэн эмчийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсний улмаас нас барсан гэж дүгнэсэн. Ш.О эмч хохирогчийг хэвтрийн дэглэм сахиулж, эмнэлгийн тусламж үзүүлэх явцад хохирогч нас барсан нь Анагаахын дотрын зөвлөлийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байдаг. Гэхдээ шүүх үүнийг процессын алдаатай гэж үзсэн учраас нотлох баримтаар үнэлээгүй. Анхан шатны шүүх шинжээчийн 312 дугаар дүгнэлтийг эргэлзээтэй учраас нотлох баримтаар тооцохгүй гэчихээд сүүлд нь эсрэгээр үнэлсэн нь Ш.О эмчийн хувьд хэлмэгдэж байгаа юм. Зүрхний бөглөрсөн судсыг цоолж бөглөөсийг гаргах эмчилгээг зөвхөн Улсын 3 дугаар төв эмнэлэгт хийдэг ба хөдөө орон нутагт хийдэггүй. О.Н-ийн хувьд хохирогчийн өвчин хүндэрсэн үед нь орхиод явсан гэдгээ зөвшөөрсөн байдал харагддаг. Хохирогч нь 10 цагийн дараа ирэхдээ өвчин нь хүндэрсэн, эмчлэгдэх боломжгүй байсан” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан гомдол, Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ш.О, О.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч О.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед хохирогч Н.У-ын гэрт түргэн тусламжийн дуудлагын дагуу очиж үзлэгийг бүрэн хийлгүй, онош тодруулах арга хэмжээг авалгүйгээр гэрт нь орхин явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас,
шүүгдэгч Ш.О нь мөн өдрийн 20 цагийн үед яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байхдаа хохирогч Н.У-т үзлэг оношилгоо хийсэн атлаа биеийн байдлыг зөв үнэлж, дүгнэн стандарт эмчилгээ хийж, шат дараалсан арга хэмжээ авах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Н.У нь зүрхний цочмог цус хомсрох өвчин, зүрхний булчинт давхаргын шигдээс түүний хүндрэл, зүрхний булчингийн ханын урагдлын улмаас үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэн нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.О, О.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ш.О, О.Н нарт дээрх зүйл, хэсэгт зааснаар тус бүрт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын “эрх хасах ялд өөрчлөлт оруулах” тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх тухай захирамж гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шинжилгээ хийгээгүй байх тул оролцогчийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дээрх шинжээчийн дүгнэлт болох Эрүүл мэндийн яамны Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Дотрын анагаахын салбар зөвлөлөөс томилогдсон шинжээч Ө.Цолмонгийн дүгнэлтийг анхан шатны шүүх “Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-д заасан үндэслэл, журмын дагуу гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байтал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй дээрх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, уг нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст шүүгдэгч нарын гэм буруу болон үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоон ял оногдуулж шийдвэрлэхдээ нотлох баримтыг шалгаж үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн шаардлагыг баримталж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлага бүхий үндэслэлийг бүрэн тусгажээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нарын “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдол, эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын хяналтын журмаар гаргасан “эрх хасах ялд өөрчлөлт оруулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН