Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0518

 

                                                             Л.Э-ийн нэхэмжлэлтэй

                                                          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Э-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Л.Э-ийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/654, Б/12, Б/13 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бш давж заалдах гомдолдоо: “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Л.Э-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Шүүх шийдвэрээ хуульд үндэслэлгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  нь хууль бус шийдвэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан тусгай зарчим баримтлаагүй бөгөөд мөн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.5, 22 дугаар зүйл, 27 дугаар зүйлийг тус тус зөрчин Есөнбулаг сумын Засаг дарга хууль зөрчин захирамж гаргасан байхад шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж шийдвэр гаргажээ. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуульд үндэслээгүй, хууль бус шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Л.Э-ээс “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 1/654, Б/12, Б/13 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна.” гэж тус тус зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас нь халсан байна.

Нэхэмжлэгч Л.Э нь Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, хууль бус тушаалуудаар ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хууль бусаар, сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Баярмааг ажлаас чөлөөлсөн, архив бичиг хэргийн эрхлэгч М.Гэрэлмаад сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0563 дугаар магадлал, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 277 дугаар шийдвэрүүд хэрэгт авагджээ.   

Мөн 2016 онд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын сахиул, үйлчлэгч З.Болорнаран, М.Дугармаа нарыг ажлаас нь чөлөөлсөнийг, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргын Тамгын газрын даргын тушаалуудыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 

 

Түүнчлэн “...Л.Э Есөнбулаг сумын Харзат багийн Засаг дарга Б.Жаргалсайханы цалингаас суутгал хийсэн, үүнийг шүүхийн шийдвэрээр буцаан олгохоор шийдвэрлэсэн, энэ бүх хууль бус үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учирч, төлбөрийг байгууллагын данснаас суутгасан...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.     

Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр захиргааны албаны тушаалтны гаргасан шийдвэрүүд нь энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож, үр дагаваргүй болсон бол тохирох шийтгэл оногдуулахаар заасныг баримтлан хариуцагч Б/13 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-д зааснаар ажлаас халсан нь үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.     

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга нь “Л.Э-ийг ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1/654 дүгээр захирамж гаргасан ба бичиг хэрэг хариуцсан ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас 1/654 дүгээр захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэн Б/12 дугаар захирамжаар хүчингүй болгож, Б/13 дугаар захирамжаар алдааг засан нэхэмжлэгчийг ажлаас халсан нь холбогдох баримтаар нотлогдсон байна. 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хариуцагч...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэх маргааны тухайд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч хангагдах бөгөөд хариуцагч маргаан бүхий тушаалдаа Л.Э нь ажиллах хугацаандаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан төрийн албанаас халсан.   

Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3-д заасны дагуу шийтгэл оногдуулсан бөгөөд Л.Э-ийн удаа дараагийн гаргасан тушаал, шийдвэрүүд нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, байгууллагад хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлууд нэгэнт тогтоогдсон байсан бөгөөд энэхүү шийтгэлийг оногдуулахад зайлшгүй хуульд заасны дагуу сонсгох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй хэмээн хариуцагчийг буруутган тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.   

 

Иймд анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА