Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 265

 

   “Ч-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Увс аймгийн Засаг дарга, тус аймгийн Улаангом сумын

Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Х.Батсүрэн,

                                             Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “У д с” ХХК-д 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”,

Гуравдагч этгээд “У д с” ХХК-ийн бие даасан шаардлага: “Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 018501201500090 дугаартай Ц.Э, М.М нарын байгуулсан иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгуулах”,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 124/ШШ2018/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0186 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч-У” ХХК-ийн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “У д с” ХХК-д 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “У д с” ХХК-ийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000436261 дугаартай “Ч-У” ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ч-У” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0186 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 124/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Магадлалын “Хянавал” хэсэгт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтантай газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсоноор иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх үүсэхээр байна. Анхан шатны шүүх “гуравдагч этгээд “Увс дулаан станц” ХХК-ийн эзэмшиж буй 36000 м.кв газартай “Ч-У” ХХК-ийн эзэмшилд байгаа 19675 м.кв газар нь аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцаж байгаа болохыг шалган тогтоох, үүнтэй уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, эсхүл хууль бус эзэмшлийн улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.4, 41.5-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийж, хөндлөнгийн гэрчээр хувийн болон албаны сонирхолгүй хүнийг оролцуулсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Үзлэгийг гуравдагч этгээд “У д с” ХХК-ийг эзэмшиж байгаа гэх Улаангом сумын 12 дугаар багт орших маргаан бүхий газарт хийв. Маргаан бүхий газрын хэмжээг хавтаст хэрэгт авагдсан кадастрын зургийн дагуу хэмжүүлэхэд нийт 19675 мкв бүхий газар байсан болно. Маргаан бүхий газрын хэмжээс бүхий тойм гар зургийг үзлэгийн тэмдэглэлд хавсаргав. Маргаан бүхий газарт “У д с” ХХК-ний 2 давхар өргөтгөн барьсан машины граж бүхий 2 давхар конторын барилга, конторын барилгын дэргэд улаан тоосго бүхий хаалгагүй, цэвэр усны 3-р өргөгч станцын барилга гэх байгууллага байв. Байгууллагыг гаднаас болон дотор байдлыг зургаар бэхжүүлсэн болно. Цэвэр усны 3-р өргөгч станцын барилга гэх байгууламжийн дэргэд усан сангийн зориулалтын ашиглаж байсан гэх 3 ширхэг усан сангийн байгууламж байв. Уг байгууламж дээрээ 6 яндантай, таглаанууд бүхий байв. Энэхүү байгууламжтай зэрэгцүүлэн хэмжээгээрээ хажуу дахь усан сангийн байгууламжаас том 1 ширхэг усан сангийн байгууламж байв. Маргаан бүхий газарт харуулын байр байх бөгөөд харуулын байр буюу хашаа руу орох хаалга хэсгээс конторын барилга хүртэл замын хашлага бүхий машин явах зориулалттай сайжруулсан шороон зам байв. Харуулын байр бүхий хашааны хаалганаас чигээрээ явахад ертөнцийн зүгээр зүүн зүгт улаан тоосго бүхий бохир усны насосын станц гэх байгууламж байв. Уг бохир усны насосын станц тал хэсэг бетон хашааны нэг талд, нөгөө хэсэг нь бетон хашааны нэг талд байрласан байх бөгөөд бетон хашааны дулааны станц талын хэсэгт тор татаж хашаалсан байв. Дулааны станц нүүрс бүхий талбайн зүүн хэсэг тоосгон хэрэм бүхий хашаагаар бетон бүхий хашаанаас тусгаарлагдсан байв. Маргаан бүхий газарт бохирын цооног гэх 1 ширхэг цооног байв. Дулааны станц дулаан үйлдвэрлэх барилгын дэргэд ашиглагддаггүй усан сангийн зориулалт бүхий байгууламжийн хэсэг байв. Дулааны станц дулаан үйлдвэрлэх барилгын орчмыг зургаар бэхжүүлэв.

5. “Ч-У” ХХК-ийн захирал М.М бохир усны насосын станцын ажилчид ажилдаа очих боломжгүй байдаг тул ажилчид станцын зэргэлдээх газрын хашаагаар дамжиж байгаа талаар тайлбар гаргаж зэргэлдээх хашааны хаалгыг заасныг зургаар бэхжүүлсэн байдаг. Мөн хувьчлагдсан Увс аймгийн Дулааны станцын үйл ажиллагааг “У д с” ХХК дулаан үйлдвэрлэх, дамжуулах, хуваарилах тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлж байх ба тухайн компанийн зүгээс дулаан үйлдвэрлэлтэй холбогдох барилга байгууламжуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, “Баялаг-Увс” ХХК-аар хийлгэсэн кадастрын зургуудыг хэрэгт хавсаргуулсан болно.

6. Хэргийн оролцогчид “У д с” ХХК-ийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн талаар маргаагүй. 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүхээс анхан шатны шүүх гуравдагч этгээд “Увс дулаан станц” ХХК-ийн эзэмшиж буй 36000 м.кв газартай “Ч-У” ХХК-ийн эзэмшилд байгаа 19675 м.кв газар нь аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцаж байгаа болохыг шалган тогтоосон үүнтэй уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус тодруулсан байтал дахин дахин тодруул гэж 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаад гомдолтой байна.

7. Учир нь, анх 2003 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр их хэмжээний алдагдалд орсон Улаангомын “Дулааны цахилгаан станц”-ыг хувьчлах сонгон шалгаруулалт зарлагдахад “Хар тарвагатай” ХХК-ийн зүгээс зохих баримтыг бүрдүүлэн оролцож ялалт байгуулсан. Хувьчлалын үр дүнг баталгаажуулсан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Улаангомын “Дулааны станц” болон түүний хэрэглэгчидтэй холбосон шугам сүлжээ, инженерийн байгууламж, тоног төхөөрөмжийн хууль ёсны өмчлөгч болсон билээ. Барилга байгууламжийн гэх хэсэгт конторын барилга 1998 онд хэрмэн хашаа 1999 онд ашиглалтад орсон талаар дурдаж хөрөнгийн жагсаалтын 7-д “зам талбай” гэж бичин нэгж анхны үнэ 1296064 төгрөгөөр үнэлж хөрөнгөнд бүртгэсэн. 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр конторын барилга, хэрмэн хашаа, зам талбай, конторын барилга зэрэг эд хөрөнгийг хүлээлцсэн талаар тэмдэглэсэн нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан.

8. Дулааны станцыг хувьчилж “У д с” ХХК болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд урьд дулааны станцад байсан 36000 м.кв газар дагалдаж ирсэн бөгөөд шилжүүлж “У д с” ХХК нь хууль ёсны эзэмшигч болсон. “У д с” ХХК нь Газрын тухай хууль гарсантай холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжийн дагуу 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаартай 36000 м.кв газар эзэмшүүлэх гэрчилгээ авч 20 жилийн хугацаатай эзэмшиж байна. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын төлбөрөө өнөөдрийг хүртэл тогтмол төлсөөр ирсэн.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд “...хэрэг хянан шийдвэрлэгдэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу дараах нотлох баримтыг цуглуулсан байна. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн бөгөөд “У д с” ХХК-ийн эзэмшиж буй 36000 мкв газарт хэрмэн хашаа бүхий Дулааны станцын барилга байгууламжуудаас гадна давхцалтай хэсгийн 19657 мкв газарт “У д с” ХХК-ийн конторын барилга, харуулын байр, цэвэр усны станцын барилга, газар доорх усан сангийн 4 байгууламж, бохир усны насосын барилгын тал хэсэг байршиж байна. Өөрөөр хэлбэл, дээрх 36000 м.кв газарт “У д с” ХХК-ийн 12 ширхэг барилга байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдээ хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Цэвэр усны станцын барилга, усан сангийн байгууламжууд нь дулааны станц барилга үйлдвэрлэлийн баазыг цэвэр усаар хангах зориулалтаар 1986 онд ашиглалтад орж 1990 онд үйл ажиллагаа нь зогссон бөгөөд дулааны станц өөрийн худгийг гаргаж технологийн ус авахгүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Дээрх давхцалтай хэсгийн 19657 м.кв газарт “У д с” ХХК-ийн конторын барилга, харуулын байрыг өмч хувьчлалаар шугам сүлжээтэй нь хувьчлаад өгсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна.

10. Мөн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамж нь газар эзэмших гэрээг дүгнэж гэрчилгээг баталгаажуулах тухай буюу “Сумын 1, 3, 4, 5, 6, 7, 9-р багийн суурьшлын бүсэд гэр бүлийн зориулалтаар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын гэрээний биелэлтийг дүгнэж төлбөрөө жил бүр хугацаанд нь төлж, газрын хэмжээ байршлыг өөрчлөхгүйгээр зөв зохистой эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахыг газрын даамал нарт даалгажээ. 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамж нь газар эзэмшиж байгаа гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахаар гарсан. Тухайн үед 2005 оноос 2006 онд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Моломдагва шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Нийт газар эзэмшиж байгаа иргэдийнхээ газар эзэмшиж байгаа гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахаар 2005 оны 01 дүгээр захирамж гарсан. Тухайн үед газрын даамлууд газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг судлан хэмжилт хийж баримт бичиг боловсруулан, надад танилцуулан захирамж гэрчилгээнд гарын үсэг зуруулдаг байсан...”-ыг гэрчилсэн. Хавтаст хэрэгт 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаартай 36000 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмших гэрээ, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, Увс аймгийн Газрын албаны “У д с” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, барилга байгууламжийн үл хөдлөх гэрчилгээний хуулбарууд хэрэгт авагдсан.

11. Увс аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/204 дугаартай албан бичгээр 2002 оноос хойш 36000 м.кв газрын төлбөрийг тасралтгүй төлж байсан, харин 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр “Ч-У” ХХК нь 19675 м.кв газрын төлбөр төлж байгаагүй лавлагааг хавтаст хэрэгт хавсаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна.

12. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтантай газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсоноор иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх үүсэхээр байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь, 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамж нь газар эзэмшиж байгаа гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахаар гарсан. Тухайн үед 2005 оноос 2006 онд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Моломдагва шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Нийт газар эзэмшиж байгаа иргэдийнхээ газар эзэмшиж байгаа гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахаар 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамж гарсан. Тухайн үед газрын даамлууд газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг судлан хэмжилт хийж баримт бичиг боловсруулан, надад танилцуулан захирамж гэрчилгээнд гарын үсэг зуруулдаг...”  байсныг гэрчилсэн. Мөн Увс аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/204 дугаартай албан бичгээр “У д с” ХХК нь 2002 оноос хойш 36000 м.кв газрын төлбөрийг төлж байснаар давхар нотлогдон тогтоогдсон.

13.  Дээрх баримтуудаас харахад Увс аймгийн Засаг даргын орлогч Б.Ц, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Э, “Ч-У” ХХК-ийн захирал М.М мэтийн хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаалаа ашиглаж хуйвалдсан үр дагавар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамж юм. “У д с” ХХК-ийн газар дээр байгаа 5 байгууламж орон нутгийн өмчийн газар бүртгэлтэй орон нутгийн өмч байтал, 19675 м.кв газрыг “Ч-У” ХХК-д хууль бусаар барилга байгууламж барих зориулалтаар олгосон. “Ч-У” ХХК нь дээрх маргаан бүхий газрыг урьд нь эзэмшиж байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй. Өнөөдрийг хүртэл “У д с” ХХК нь 2002 оноос хойш 16 жил газрын төлбөрийг тасралтгүй төлсөөр ирсэн хуулийн дагуу 36000 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшсэн захирамж, газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуулийн дагуу хүчин төгөлдөр байтал “Ч-У” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хүчингүй болгуулахаар хууль бус шаардлага гаргаж байгааг “У д с” ХХК-ийн зүгээс хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй юм. Мөн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “У д с” ХХК-ийн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00088436 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0186 дугаар магадлалын Хянавал хэсэгт “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй байгаа бол сумын Засаг даргын тухайд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохион байгуулах эрхтэй. Гэтэл Увс аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Ц-ийн гаргасан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамж нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн байтал дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлан хэрэглэж 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн оролцогчдыг чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

15. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдоно. Увс аймгийн Засаг даргын орлогч Б.Ц нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамжийг гаргахдаа Увс аймгийн Засаг даргын албан бланк болон Засаг даргын нэрийн дунд гарын үсэг зурсан нь тогтоогдсон, Б.Ц ажил албан тушаалын хувьд Засаг даргын орлогчийн тодорхой үүрэгтэй, үр дүнгийн гэрээтэй ажилладаг, орлогч даргын тамга тэмдэг хэвлэмэл маягтай байтал Увс аймгийн Засаг даргын хэвлэмэл маягт, тамга тэмдэг, гарын үсэг ашиглаж өөрийн гарын үсгээ зурсан байдаг. Гэрч Б.Ц мэдүүлэхдээ “...Тухайн захирамжид зурагдсан гарын үсэг мөн байна. Аймгийн Засаг даргын эзгүй үед Засаг даргын орлогчийн хувьд зурсан” гэжээ.

16. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх асуудлыг бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлэгч хариуцлагыг бүрэн хүлээнэ гэх хуулийн заалтыг зөрчиж засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь нотлогдон тогтоогдсон. Мөн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/136 дугаар тогтоол нь Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай агуулгатай байх бөгөөд “Ч-У” ХХК-д газар эзэмшүүлэхтэй холбоотой тогтоол гараагүй байна. “У д с” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамж, “У д с” ХХК-ийн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00088436 дугаартай 20 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилга байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд хуулийн дагуу хүчин төгөлдөр байхад “У д с” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж 19657 м.кв газрыг давхцуулж, “Ч-У” ХХК-д барилга байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн зэрэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

17. Мөн магадлалын Хянавал хэсэгт “тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005, 2015 онуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнүүдэд инженерийн шугам, сүлжээ, бүхий газрыг ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг тусгасан эсэх, уг асуудлаар Улаангом сумын Засаг даргын саналыг авсан эсэх, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоосон шийдвэр байгаа эсэхийг шүүх холбогдох байгууллагаас тодруулах нь зүйтэй…” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/136 тоот тогтоол нь “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” агуулга бүхий байх бөгөөд “Ч-У” ХХК-ийн газар эзэмшилтэй холбоотой асуудал тусгагдаагүй байна.

18. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д төвлөрсөн ус хангамж гэж ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийг ашиглан хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг, 3.1.4-т ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг ойлгохыг заасан ба 17.4-т ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Усны тухай хуульд заасан байдлаар тогтооно гэж зохицуулжээ. Гэтэл маргаан бүхий газарт байрлах цэвэр усны станц, усан сангийн байгууламжууд урьд нь Дулааны станц, барилга үйлдвэрлэлийн баазыг цэвэр усаар хангах зориулалтаар ашиглагдаж байсан. 1995 оноос хойш буюу Дулааны станцыг хувьчлахаас өмнө ашиглалтгүй болж, ус хангамжийн үйл ажиллагаа явагдахгүй болсон, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоосон болон улс, аймгийн нөөцөд авсан талаарх шийдвэргүй нь нотлогдон тогтоогдсон нотлох баримтууд хэрэгт авагдсан.

19. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0186 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна. 

21. Маргаан бүхий Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар ...Сумын 1, 3, 4, 5, 6, 7, 9-р багийн суурьшлын бүсэд ...газар эзэмшиж ...зөв зохистой эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахыг газрын даамал нарт үүрэг болгож... шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг үндэслэн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “У д с” ХХК-д Улаангом сумын нутаг дэвсгэрт 36000 м.кв газрыг дулааны үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 0088436 дугаар гэрчилгээ олгогджээ.

22. Харин Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамжаар “Ч-У” ХХК-д Улаангом сумын 12-р багийн нутагт барилга, байгууламжийн зориулалтаар 19657 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулсан байна.

23. Нэхэмжлэгч “Ч-У” ХХК нь “У д с” ХХК-ийн эзэмшлийн газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байхад сумын Засаг дарга газар олгосон нь хууль бус, тус компанид эзэмшүүлсэн 36000 м.кв газраас 19657 м.кв газар нь манай компанийн эзэмшлийн газар бөгөөд уг газар дээр манай барилга байгууламж байрлаж байна” гэж марган, Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох, “У д с” ХХК-д олгосон 0088436 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол, гуравдагч этгээд “У д с” ХХК нь “2003 онд аймгийн Дулааны станцыг хувьчлан авахад 36000 м.кв газар дагалдан ирсэн, сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжийн дагуу шинэчлэн бүртгүүлж, газрын төлбөрийг төлж ирсэн. “Ч-У” ХХК-д газар олгох эрхгүй этгээд болох Засаг даргын орлогч захирамж гарган газар олгож хууль зөрчсөн” гэсэн тайлбар гарган, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн тус компанид олгосон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргажээ. 

24. Давж заалдах шатны шүүхийн “...нэхэмжлэгч “Ч-У” ХХК-ийн эзэмшилд байгаа 19657 м.кв газар нь гуравдагч этгээд “У д с” ХХК-ийн эзэмшиж буй 36000 м.кв газартай ямар хэмжээгээр давхцаж байгааг шалган тогтоох, үүнтэй уялдан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэнийх нь эрх ашиг зөрчигдсөнийг шалгаж тогтоох...” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.     

25. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Ч-У” ХХК-ийн эзэмшлийн 19657 м.кв газар нь гуравдагч этгээд “У д с” ХХК-ийн эзэмшлийн 36000 м.кв газартай бүхэлдээ давхцалтай, маргаж буй 19657 м.кв газар дээр “Ч-У” ХХК-ийн өмчлөлийн усан сангийн зориулалттай 5 ширхэг барилга байгууламж, “У д с” ХХК-ийн хожим барьсан гэх конторын барилга байрлаж буй нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх “...Ч-У ХХК нь давхцал бүхий 19657 м.кв газрыг эзэмших эрхтэй талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хуульд заасан субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

26. Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газрын давхцлыг эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоож, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд анх ямар хэмжээтэй газар эзэмших эрхтэй байсан, тэдэнд, эзэмших эрхтэй гэж маргаж буй газрын эзэмшил хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхийг шалган, холбогдох нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай. Учир нь, хэрэгт нэхэмжлэгч “Ч-У” ХХК-д Увс аймгийн Засаг даргын 2015 оны А/722 дугаар захирамжаар 19657 м.кв газар олгох болсон үндэслэлийг нотолсон баримт, хувийн хэрэг материал байхгүй, мөн гуравдагч этгээд “У д с” ХХК-ийг 36000 м.кв газар эзэмших эрхтэйг нотлох, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн газар эзэмших баталгаат хэмжээг тогтоосон акт, газар эзэмшүүлэх гэрээнээс өөр газар эзэмшихтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

27. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар хуульчилсан байна.

28. Нэхэмжлэгч “Ч-У” ХХК-иас, газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах асуудлыг шийдвэрлэсэн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч буй нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

29. Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үндэслэл болсон хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

30. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0186 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА