Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:114/2016/0024/3

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн “*******” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаартай захирамжийн “*******” ХХКомпапид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “DBS” ХХК-аас гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/277 дугаартай захирамжаар манай “*******” ХХК Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороололд байршилтай 904 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмших болж 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Манай компани тус газар дээр үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 барилга барихаар төлөвлөж 2015 оны 09 дүгээр сард зураг төслийн байгууллагаар зохих зураг төслийг нь хийлгэж барилгын ажлыг эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар “*******” телевизийн өргөтгөлийн барилгын ажил 80 хувьтай, “*******” супермаркетийн барилгын зураг төслийг гаргуулсан байгаа болно. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаартай захирамж гарч манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болгохыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 161 дугаартай мэдэгдэх хуудсыг хүлээж авах үед мэдлээ.

Тус захирамжийг гардан авч танилцахад захирамжийн 1 дүгээр зүйлд тусгагдсан хүчингүй болгох газар эзэмшигч аж ахуйн нэгжийн нэрийн жагсаалтанд манай компани тусгагдаагүй байх бөгөөд захирамжийн хавсралтын 9 дүгээрт “газар эзэмших зориулалт өөрчилсөн” гэх үндэслэлийг зааж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Манай компани тус газрын зориулалтыг өөрчилсөн зүйл огт байхгүй бөгөөд үйлчилгээний зориулалттай барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьж тус газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа билээ.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаартай захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-  “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороололд үйлчилгээний зориулалтаар аймгийн Засаг даргын 2015 оны А/277 дугаар захирамжийн 904 м/кв газрыг 2 жилийн хугацаагаар газар эзэмших зориулалтаар газар эзэмших эрх олгогдож 2016 оны А/70 дугаар захирамжаар газар эзэмших эрх цуцласан.

“*******” ХХК нь Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Үүнд:

1. “*******” ХХК газар эзэмших эрхийг шийдвэрлэх асуудал нь алдаатай буруу шийдвэр мөн тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсний дагуу газар эзэмших эрхийг цуцласан байна.

2. “*******” ХХК нь хүсэлт гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан” –ийг баримтлаагүй шийдвэр гаргасан.

3. “*******” ХХК нь эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах “33.4-т аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг баримтлаагүй.

4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас батласан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” заалтыг зөрчин шийдвэр гарсан.

5. “*******” ХХК нь газар эзэмших гэрээнд заагдсан газар ашиглалтын зориулалтыг зөрчин үйлчилгээний зориулалтыг амины орон сууцны зориулалт болгон өөрчилж батлагдсан зураг төсөлгүйгээр барилга байгууламж барьсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

6. Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнийхээ үүргийг зөрчин газрын төлбөрийг хугацаанд нь орон нутгийн төсөвт төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэг баримтаар төлөгдсөн байгаа, үүнийг газрын асуудал хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бол сайн тайлбарлах байсан байх. Үүнийг би сайн мэдэхгүй байна.

7. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаартай захирамжаар хавсралтанд дурьдсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцласан болно. “*******” ХХК нь тухайн захирамжийн хавсралтанд дурьдсан байх тул газар эзэмших эрх цуцлагдсан гэж үзэж байна. Иймд иргэн “*******” ХХК захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “*******” ХХКомпанид Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/277 дугаар захирамжаар нөхөх олговортойгоор 904 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, 2015 оны А/277 дугаар захирамж, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  байгуулсан хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 13-нд дуусахаар байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжийн хавсралт жагсаалтын  9 дүгээрт  “*******” ХХК-ийн эзэмших 904 м.кв газрыг  “газар эзэмших зориулалт өөрчилсөн” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрх болон эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Гэвч уг маргаан бүхий захирамжийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэрийг орхигдуулсан алдаа гаргасан боловч захирамжид  нийт 17 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрх болон эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай дурьдаж, энэ нь хавсралтаар нотлогдож байх тул маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна

Нэхэмжлэгч нь дээрх  маргаан бүхий 904 м.кв газарт “DBS” телевизийн өргөтгөлийн барилга, “DBS”супермаркетийн  2 үйлчилгээний зориулалтаар барилга барих зураг төслийг гаргаж, Дархан-Уул аймгийн Ерөнхий архитектороор батлуулан  “*******” ХХК-ийн “DBS” телевизийн өргөтлийн барилгын хувьд гүйцэтгэл нь 80 хувьтай байхад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн  Ү-2003019537 дугаарт бүртгэж, 000428134 тоот гэрчилгээ авсан, “DBS” супермаркетийн хувьд зураг төслөө батлуулсан, барилгын гүйцэтгэлийн ажил эхлээгүй болох нь шүүхэд  ирүүлсэн зураг төсөл, барилгын гүйцэтгэлд ашигласан бараа материалын тооцооны санхүүгийн баримтууд, шүүхээс үзлэг хийхдээ авсан фото зураг, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх зүйлд заасан зөрчлийг захиргааны байгууллага  урьдчилан тогтоолгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр  нотлогдож байх тул нэхэмжлэгчийг “гэрээнд заасан болзол, журмыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан буюу “газар эзэмших зориулалт өөрчилсөн” гэсэн үндэслэлээр гаргасан маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамж болон хавсралт жагсаалтын  9 дүгээрт  “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж, мөн “газар эзэмших гэрээнийхээ үүргийг зөрчин газрын төлбөрийг төлөөгүй” гэж тайлбарлан маргаж байгаа боловч маргаан бүхий захирамжид заагаагүй шалтгаан, үндэслэлийг нэмэгдүүлэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжийн болон хавсралтын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                  З.ЭНХТУЯА