Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00699

 

Д.Амарзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 101/ШШ2016/01790 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 734 дүгээр магадлалтай,

Д.Амарзаяагийн нэхэмжлэлтэй

Б.Болорчимэг, Б.Нямбат, Н.Батсайхан нарт холбогдох,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгон, ногдох хэсгийн үнэ 98.688.000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагч Н.Батсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Амарзаяа, өмгөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагч Н.Батсайхан, өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Амарзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Солонгос улсад 2006-2012 оныг хүртэл 6 жилийн турш ажиллаж нийт 80.000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 104.000.000 төгрөг хуримтлуулсан. Энэ мөнгийг ээж н.Цэдэвсүрэнгийн нэр дээрх данс руу шилжүүлж хадгалдаг байсан. 2008 оноос эхлэн Б.Нямбаттай Солонгос улсад хамтран амьдарч эхэлсэн. Тэр үед Б.Нямбат нь Анод банкинд хадгалуулж байсан 13.983 ам.доллараа ээжийн нэр дээр шилжүүлсэн. Солонгос улсад байх үед  Б.Нямбатын ээж  3 өрөө байрыг 55.000.000 төгрөгөөр хямдхан зарах гэж байна гэхэд авахаар шийдсэн. Тухайн үед миний ээжийн дансанд 49.000.000 төгрөг байсан ба дутуу 6.000.000 төгрөгийг Солонгос улсад байдаг даргаасаа зээлье гэж тохиролцсон. Гэтэл хадам ээж байрны урьдчилгаа 29.000.000 төгрөгийг одоо өгөөд ордерыг шилжүүлж авсны дараа үлдэгдэл 26.000.000 төгрөгийг өгөхөөр болсон гэж хэлсний дагуу эхлээд 29.000.000 төгрөгийг миний ээжээр дамжуулж байрны эзэн А.Цэрмаад бэлнээр төлсөн. Тэгээд 2, 3 хоногийн дараа үлдэгдэл 26.000.000 төгрөгийг төлөхдөө миний ээж болон хадам ээж хоёр тухайн байрыг хамтран нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцоод үлдэгдэл 26.000.000 төгрөгөө өгөхдөө дутуу 6.000.000 төгрөгөө олоод өгчихнө гэж бодож байтал бидэнд мэдэгдэлгүйгээр эхлээд 10.000.000 төгрөгийг төлж барьцаанаас суллаад дараагийн төлбөрийг миний ээжээс авсан 29.000.000 төгрөгөөр төлөөд, ордерыг нь охин Б.Болорчимэгийнхээ нэр дээр шилжүүлж аваад үлдэгдэл 16.000.000 төгрөгийг өөрөө төлсөн байсныг би дараа нь мэдсэн. Тэгээд учрыг асуухад та нарыг ирэхээр нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Тухайн үед би ээжийн чинь мөнгийг өгье гэхэд Б.Нямбат одоо өгөөд хэрэггүй, Монголд мөнгө хурдан үрэгддэг тэгээд ч ээж үрчихнэ, би очоод тэр мөнгөөр нь ээжид Яармагийн хашаандаа амьжиргаагаа залгуулах дэлгүүртэй байр барьж өгөх санаа байгаа гээд өгүүлээгүй.

2011 оны 2 дугаар сард том хүү Эрхэс төрж 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б.Нямбат бид хоёр Солонгос улс дахь Монгол улсын элчинд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2011 оны 4 дүгээр сард миний аав, ээжид мөнгөний хэрэг гарсан тул банкны хүүгээс илүү хүүтэйгээр аав, ээждээ зээлүүлсэн. Тэр мөнгөөр манай аав ээж хоёр Голден паркад байр авсан. Хадам ээж мөнгө өг гэхэд нь аав, ээж хоёр бичил хороололд байдаг 3 өрөө байраа зарж мөнгийг өгсөн. Б.Нямбатын дүү Б.Болорчимэгийн ам.долларын данс руу 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 22.000 ам.доллар шилжүүлж байрны төлбөрөө бүрэн төлсөн. Монголд ирээд байраа шилжүүлж авах талаар хадам ээжид хэлэхэд “захиалсан байрандаа орсныхоо дараа шилжүүлж өгнө” гэж хэлсэн. 2012 оны 6 дугаар сард хадам дүү Б.Болорчимэг  намайг зодож энэ байр миний нэр дээр байгаа, зайл гэж хөөсөн. Арга буюу нөхрөөсөө тусдаа аав ээжийндээ очиж амьдарсан. Байрыг нэр дээр маань шилжүүлж өгөөгүй. Намайг нэг ч төгрөг оруулаагүй мэтээр тайлбарлаж хүнийг хөрөнгийг булаах гэж байгаа мэтээр гүтгэж байгаагийн улмаас би одоо жил зургаан сарын зургаан сарын хугацаанд бага насны хоёр хүүхдийнхээ хамтаар орох оронгүй нөхрөөсөө тусдаа айлд амьдарч байна.

Иймээс миний эрхийг зөрчиж байгаа энэхүү шударга бус байдлыг таслан зогсоож шударга үнэнийг тогтоож, Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороонд орших 171Б байрны 4 тоот орон сууцны надад болон миний хоёр хүүхдэд ногдох хувь хэмжээг тогтоон, ногдох хувь буюу 82,24 хувийн үнэ болох нийт 98.688.000 төгрөгийг одоогийн өмчлөгч, эзэмшигчдээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болорчимэг, Б.Нямбат, Н.Батсайхан нар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Амарзаяа нь 2004 оноос Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 171Б дугаар байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг бүх шатны шүүхээр хэлэлцэж, хянан шийдвэрлэсэн. Тухайн үед хариуцагч нар тайлбар мэдүүлгээ өгч, холбогдох бүхий нотлох баримтуудаа бүрдүүлж өгч байсан. Д.Амарзаяа нь уг байрны өмчлөгч биш гэдэг нь тодорхой байхад ямар ч үндэслэлгүй гүтгэлэг явуулж, байрыг худалдан авахад мөнгө оруулсан, миний мөнгөөр худалдан авсан гэх ор үндэслэлгүй тайлбар гаргаж, 2 жилийн хугацаанд олон шатны шүүхэд дуудуулан биднийг чирэгдүүлж, энэ зорилго нь бүтэхгүй болмогц дахин уг байрны ногдох хувь болох 98.688.000 төгрөг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй, өмчлөгчөөр тогтоолгох гэсэн  өмнөх нэхэмжлэлтэй утга ижил асуудал гэж үзэж байна. Түүнчлэн Д.Амарзаяа одоо айлд 2 нялх хүүхэдтэйгээ амьдарч байгаа биш, нөхөр Б.Нямбатын 44.000.000 төгрөгөөр захиалж авсан, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105-103 тоот 2 өрөө байранд хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Мөн  Б.Болорчимэгт зодуулсан асуудал байхгүй, эцэг эхтэйгээ бүлэглэн зодож, уг асуудалд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Д.Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 101/ШШ2016/01790 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Болорчимэгээс 11.965.971 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Амарзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Ногоон төгөл” хотхоны 171Б байрны 4 тоот улсын бүртгэлийн Ү-2204018392 дугаартай, 63.91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ногдох хувийг гаргуулах, хариуцагч Б.Нямбат, Н.Батсайхан нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгч Д.Амарзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 851.390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Болорчимэгээс 206.405 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Амарзаяад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 734 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01790 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Болорчимэгээс 21.685.971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Амарзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77.002.029 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...206.405 төгрөг...” гэснийг “...266.379 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.405 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 734 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 734 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: Д.Амарзаяа, хариуцагч Б.Нямбат нар хамтран амьдарч байх хугацаандаа Солонгос улсад хөдөлмөр эрхэлж хуримтлуулсан мөнгөн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул 26 сая төгрөг /22.000 ам.доллар/-ийн 50 хувь буюу 13.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Амарзаяа нь хариуцагч Б.Болорчимэгээс шаардах эрхтэй байна. ”гэж хариуцагч Болорчимэгээс гаргуулан нэхэмжлэгч Амарзаяад олгох ёстой мөнгөн дүнгийн 50 хувийг олгуулахаар заасан байна. Амарзаяа, Нямбат нар нь 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд 22.000 ам.долларыг нэхэмжлэгч Д.Амарзаяагаас 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Болорчимэгт шилжүүлснээс харахад уг мөнгөн хөрөнгийг Нямбат, Амарзаяа нарын хамтран хуримтлуулсан хөрөнгө гэж үзэж болохоор боловч нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад уг мөнгийг Амарзаяа, Нямбаттай гэр бүл болохоосоо өмнө буюу Амарзаяа өөрийн эцэг эхдээ Голден парк хотхонд байр худалдан авахад нь хэрэглүүлэхээр 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 30.000.000 төгрөгийг зээлснийг 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охиндоо маргаж буй байрны үлдэгдэл төлбөрийг төлөхөд нь буцаан төлөхөөр болж нэхэмжлэгч Амарзаяагийн эх Цэдэвсүрэн зээлсэн мөнгийг өөрийн данснаас Болорчимэгийн дансруу 22.000 ам.доллар болгон шилжүүлсэн. Эндээс харахад гэр бүл болсны дараа төлөгдсөн мэт харагдаж байгаа боловч гэр бүл болохоос өмнө өөрийн хуваарьт хөрөнгөөс өөрийн эцэг эхдээ зээлүүлсэн мөнгөн хөрөнгөө гэр бүл болсны дараа буцаан авч 2 дах удаагийн төлбөрийг хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад уг баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй мөртлөө ямар ч үндэслэл нотлох баримтгүйгээр дээрх 22.000 ам.долларыг Амарзаяа, Нямбат нарын хамтран хуримтлуулсан мөнгөн хөрөнгө гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд 2 дахь удаагийн төлбөр болох 22.000 ам долларын 50 хувийг бус бүхэлд нь хариуцагч Болорчимэгээс гаргуулж нэхэмжлэгч Д.Амарзаяад олгуулах хууль зүйн бүрэн үндэслэлтэй.

2. Магадлалын хянавал хэсэгт: “Нэхэмжлэгч Д.Амарзаяа нь орон сууц авах зориулалтаар хариуцагч Болорчимэгийн дансанд тухайн үед 22.000 ам.доллар буюу 26.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ” гэжээ. Нэхэмжлэгч хариуцагчид 26 сая төгрөг бус 22.000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд 22.000 ам.доллар нь тухайн үеийн ханшаар 30.392.120 төгрөг байсан.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар Амарзаяагаас хариуцагч Б.Болорчимэгт маргаж буй орон сууцны төлбөрт тооцон 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 22.000 ам.долларыг шүүхээс Иргэний хуулийн 492.1.1, 496-р зүйлийг үндэслэн зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, андуурч шилжүүлсэн гэж дүгнэж байсан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 218.1 дэх хэсэг хамааралгүй тул шүүх хариуцагч Б. Болорчимэгээс гаргуулан нэхэмжлэгч Амарзаяад олгуулахаар шийдвэрлэсэн 22.000 ам.долларыг ямар ч үндэслэл баримтгүйгээр 26.000 000 төгрөгт хөрвүүлэн тооцсон нь буруу байсан бөгөөд уг 22 000 ам долларыг тооцохдоо магадлал гарсан өдрийн Монгол банкны ам долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцон шийдвэртээ тусгах нь зүйтэй байсан.

Магадлалд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцвол 22.000 ам.доллар нь 43.832.580 төгрөг болох бөгөөд маргаж буй орон сууцны урьдчилгаа болгон Амарзаяагаас 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр маргаж буй байрны өмнөх өмчлөгчид төлсөн 29 сая төгрөгөөс Батсайхан, Нямбат нарын хөрөнгө болох 13.982 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 20.314.028 төгрөгийг хассаны зөрүү болох 8.685.971 төгрөг дээр 2 дахь удаагийн төлбөр буюу 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.Амарзаяагаас Б.Болорчимэгт шилжүүлсэн 22.000 ам.доллар буюу 43.832.580 төгрөгийг нэмбэл нийт 52.518.551 төгрөгийг Болорчимэгээс гаргуулж Д.Амарзаяад олгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймээс 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 734 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч Болорчимэгээс 21.685.971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Амарзаяад олгож” гэж анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг өөрчилж хариуцагч Болорчимэгээс 52.518.551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Амарзаяад олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 46.169.449 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл 172.1 дэх хэсэгт заасны дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр, магадлалыг дараах шалтгааны улмаас анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин авч хэлэлцсэн, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу үнэлсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Энэхүү маргааныг урьд нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тухайд

Д.Амарзаяагийн нэхэмжлэлийн шаардлага нь “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд орших 171Б байрны 4 тоот орон сууцны надад болон миний хоёр хүүхдэд хувь хэмжээг тогтоон, ногдох хувь буюу 82,24 хувийн үнэ болох 98.688.000 төгрөгийг одоогийн өмчлөгч, эзэмшигчдээс гаргаж өгнө үү” гэсэн ба өөрөөр хэлбэл маргалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож өөрт ногдох хэсгийг гаргуулах агуулгатай байна. Д.Амарзаяа нь яг энэ асуудлаар урд нь дараах байдлаар нэхэмжлэл гаргаж шүүхээс тус тус шийдвэрлэсэн. Байрны маргааны талаар 3 шатны шүүхийн тогтоол нь хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байсаар байтал нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийг, нэгэнт тогтоосон үйл баримтын талаар дахин анхан шатны болон давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэж шийдвэр гаргасан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 дахь хэсэгт “...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад огтхон ч нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн хуралдааныг даргалагч шүүгч Ж.Оюунтунгалаг даргалсан бөгөөд урьд нь энэ маргааныг мөн давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд мөн даргалагчаар оролцож байсан ба шүүгчийг татгалзах хүсэлтэй илэрхийлсэн боловч даргалагч шүүгч Ж.Оюунтунгалаг тэр чинь өөр хэрэг байсан учраас энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд оролцохоос татгалзах үндэслэл болохгүй хэмээгээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүгч Ж.Оюунтунгалаг нь зүсээ солиод ирсэн маргааныг дахин өөрөө даргалж шийдвэрлэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал юм. Өөрөөр хэлбэл даргалагч шүүгч Ж.Оюунтунгалаг нь уг хэргийг дахин хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо тухайн хэрэг, маргааны талаар тодорхой төсөөлөлтэй болж, өөрийн өмнө нь гаргасан шийдвэрийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хандсан гэдэг нь тодорхой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй атлаа хяналтын журмаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасныг ойлгохгүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 101/ШШ2016/01790 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 734 дугаар магадлалыг хүчингүй болгож, Д.Амарзаяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Амарзаяагийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Амарзаяагийн “...орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгон ногдох 82,24 хувийн үнэ болох нийт 98.688.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрөхдөө “...уг маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн”  гэжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1168 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн  2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 766 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 731 дүгээр тогтоолоор хариуцагч Б.Болорчимэгт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороонд орших 171Б байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Амарзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх нэхэмжлэгч уг байранд оруулсан хөрөнгөө жич нэхэмжлэх эрхтэй гэсэн дүгнэлт хийжээ.

Уг байрыг худалдан авахад Д.Амарзаяагийн ээж Цэдэвсүрэнгийн данснаас хариуцагч Б.Болорчимэгийн дансанд 29.000.000 төгрөг шилжүүлсэн, үүний 13.982 ам.доллар буюу 20.314.028 төгрөг нь Б.Нямбатынх байсан, мөн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Болорчимэгт 22.000 ам.доллар шилжүүлсэн нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ.

Зохигч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс орон сууцны үнэд шилжүүлсэн 29.000.000 төгрөгөөс Б.Нямбатын 20.314.028 төгрөгийг хасч үлдэх 8.685.971 төгрөгийг хариуцагч Б.Болорчимэг хариуцах ёстой гэж үзсэн нь зөв боловч нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан тул хариуцагч Б.Болорчимэг нь нэхэмжлэгчээс авсан мөнгийг буцаан өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.Амарзаяа, хариуцагч Б.Нямбат нар нь 2011 оны 3 дугаар сарын 24-нд гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдарч байсан, давж заалдах шатны шүүх 22.000 ам долларыг адил хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж үзэж хуваахдаа 26.000.000 төгрөгөөр тооцсон нь учир дутагдалтай болжээ.

22.000 ам доллар тухайн үеийн ханшаар 30.074.000 төгрөгтэй тэнцэж байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэлээс /15.037.000+8.685.971/ 23.722.971 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй хамааралгүй тул уг маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг урьд нь энэ маргааныг хянан  шийдвэрлэхэд  оролцсон” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 734 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “21.685.971” гэснийг “23.722.971” гэж, “77.002.029” гэснийг “74.965.029” гэж, “266.379” гэснийг “276.565” гэж тус тус өөрчлөн магадлалын бусад хэвээр үлдээж, хариуцагч Н.Батсайханы гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Н.Батсайхан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 266.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 312.113 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ