| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/05547/И |
| Дугаар | 181/ШШ2024/02177 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2024/02177
2024 05 28 181/ШШ2024/02177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Порто бианка 45в байр, 207 тоот хаягт оршин суух, Ч овогт Б-н Б /РД:РХ88091513/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 87, 1 давхарт байрлах, “М д” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 73,411,867 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь “М д” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 73,411,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б-н Б “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын №22201/1060 дугаартай гэрээ”-г байгуулан өөрийн өмчлөлийн 7007 УБП дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан.
Би тээврийн хэрэгслээ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр жолоодож яваад бусдын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнийг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалган намайг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.4 дүгээр зүйлийн а-д заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Дээрх ослын улмаас миний өмчлөлийн 7007 УБП дугаартай тээврийн хэрэгсэлд “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 135,421,089 төгрөгийн хохирол учирсан.
Дээрх даатгалын тохиолдлыг талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгал”-ын №22201/1060 дугаартай гэрээний 8.5 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад зааснаар даатгуулагчид 100 хувийн нөхөн төлбөр олгохоор тохиролцсон.
Миний зүгээс “М д” ХХК-д даатгалын гэрээний дагуу холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч 62,009,222 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр миний дансанд шилжүүлсэн.
Би “Х э” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 135,421,089 төгрөгөөс хөлөгдөөгүй үлдсэн нөхөн төлбөрийг миний дансанд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг “М д” ХХКК-д өгсөн боловч нөхөн төлбөрийн үлдэгдлийг төлөхөөс татгалзсан утга бүхий хариуг өгсөн.
Улмаар миний бие Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч “М д” ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгох шийдвэр гаргаж “М д” ХХК-д хүргүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр олгоогүй байна.
“М д” ХХК-иас даатгалын гэрээний нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 73,411,868 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч “М д” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь доорх үндэслэлийг дурджээ. Үүнд:
1. Нэхэмжлэгч Б.Бэ нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 7007 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо бусдын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх хэлбэрээр зам тээврийн осол гаргасан бөгөөд тус ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 135,421,089 төгрөгийн хохирол учирсан гэж,
2. Нэхэмжлэгчийн зүгээс “М д” ХХК-д нөхөн төлбөрийн холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч 62,009,022 төгрөгийг олгосон нь үндэслэлгүй байна гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна.
Иймд хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.
Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 7007 УБП улсын дугаартай Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслийг даатгалын баталгаа бичүүлж 22201/1060 дугаар “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ”-р 1 жилийн хугацаатай даатгуулсан байна.
Дээрх үйл баримттай холбогдуулан шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны 23/04 дугаар дүгнэлтэд “... М.Бенз G500 7007 УБП улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 96 км/цагаас дээш хурдтай явсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ. Тухайн осол нь суурин газарт болсон бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн жолоодож явсан нь тогтоогдсон тул даатгагч нөхөн төлбөр олгохдоо талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7.2.8-д “Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичиг материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах” гэж, 8.5.2-т “Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон, мал амьтан мөргөсөн тохиолдлуудад гарсан үнийн дүнгийн 50 хувиар олгоно” гэж заасны дагуу олгосон байна.
Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч “М д” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, Х э ХХК-ийн үнэлгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг, Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
4. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албанаас 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 0000207 дугаартай зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, жолоочийн биеийн байцаалт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал 7007 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Б-д авсан шийтгэврийн хуудсыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “... талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №22201/1060 дугаартай “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгал”-ын гэрээний 8.5 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад зааснаар даатгуулагчид 100 хувийн нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Миний зүгээс “М д” ХХК-д даатгалын гэрээний дагуу холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч “Х э” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 135,421,089 төгрөгөөс 62,009,222 төгрөгийн нөхөн төлбөрийг өгч, үлдэх 73,411,867 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан” гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “... шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны 23/04 дугаар дүгнэлтэд “... М.Бенз G500 7007 УБП улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 96 км/цагаас дээш хурдтай явсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ. Тухайн осол нь суурин газарт болсон бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн жолоодож явсан нь тогтоогдсон тул даатгагч нөхөн төлбөр олгохдоо талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7.2.8-д “Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичиг материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах” гэж, 8.5.2-т “Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон, мал амьтан мөргөсөн тохиолдлуудад гарсан үнийн дүнгийн 50 хувиар олгоно” гэж заасны дагуу олгосон” гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээгээр нэхэмжлэгч Б.Б нь өөрийн өмчлөлийн Mercedes Benz G500 маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч “М д” ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхөөр харилцан тохиролцжээ.
6. Гэрээний хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний 4.2.1-д заасан Зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгсэлд 135,421,089 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
7. Тодруулбал даатгуулагч нь даатгалын гэрээний зүйл болох Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслийг унаж явахдаа "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-ийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 13.4-д “Дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гарч даатгалын тохиолдол үүссэн болох нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдсон.
8. Талууд даатгалын гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан, даатгуулагч даатгалын хураамж төлсөн, даатгалын нөхөн төлбөрт 62,009,222 төгрөгийг олгосон талаар маргаагүй.
9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүсжээ.
10. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь хураамж төлөх үүргийг тус тус хүлээх ба даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг даатгалын тохиолдол гэнэ.
11. Хариуцагчаас даатгуулагч хурд хэтрүүлснээс даатгалын тохиолдол гарсан тул Даатгалын гэрээний 8.5.2-д “Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гарсан хохирлын дүнгийн 50 хувиар олгоно” гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг 50 хувиар тооцож олгосон нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг татгалзсан бол, нэхэмжлэгчээс “хурд хэтрүүлсэн болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн Монгол Улсын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №23/04 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, учир нь дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш тул Даатгалын гэрээний 8.5.1-д “Урсгал сөрсөн, гүйцэж түрүүлсэн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар эргэсэн, зөвшөөрсөн газар гүйцэж түрүүлсэн үед 100% олгох” гэж зааснаар нөхөн төлбөрийг олгох ёстой гэж хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж маргасан.
12. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ болгож Монгол Улсын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №23/04 дугаартай дүгнэлтийг гаргаж өгсөн ч энэхүү дүгнэлт нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-д заасан дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.
13. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:” гээд 8.4.4-д “шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт” гэж заасан ба "мэргэжлийн байгууллага" гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгох тул хариуцагч нь Монгол Улсын зөвлөх инженер А.Ц-н гаргасан дүгнэлтийг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй.
14. Түүнчлэн талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой буюу тусгай мэдлэг шаардагдах асуудлаар дүгнэлт гаргаж буй этгээд нь тухайн хэрэг маргаанд хамааралгүй, хэргийн оролцогчтой хувийн болон албаны харилцаагүй байх, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг дүгнэлтэд хавсаргах шаардлагатай ба энэхүү нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
15. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө:” гээд 13.5.3-д “даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ” гэж зааснаар даатгалын үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тул даатгалын нөхөн төлбөрөөс татвар суутган тооцох нь хуульд нийцэхгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
16. Дээрх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрт 73,411,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 525,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т тус тус зааснаар хариуцагч “М д” ХХК-иас 73,411,867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 525,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ