| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/06286/И |
| Дугаар | 183/ШШ2024/02558 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2024/02558
| 2024 оны 6 сарын 11-ний өдөр | Дугаар 183/ШШ2024/02558 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Тайм скүэр хотхоны ** байр ** тоот, хаягт байрлах, "Э" ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байр, сууц өмчлөгчийн холбооны байранд байрлах, "О" СӨХ /РД:*****/-д холбогдох,
Зөвшөөрөлгүйгээр барьсан автомашины зогсоолыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.З
Хариуцагчийн өмгөөлөгч С.Ү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын **** дугаарт бүртгэлтэй 726 метр квадрат талбай бүхий газар болон нэгж талбарын **** дугаарт бүртгэлтэй, 1167 метр квадрат талбай бүхий газрыг тус тус нэхэмжлэгч "Э" ХХК-д 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/950 дугаар захирамжаар дээрх 2 газрыг мөн 15 жилийн хугацаатайгаар дахин эзэмшүүлсэн. Харин иргэн Ц.Х-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/272 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3700 метр квадрат талбай бүхий газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн байх ба улмаар иргэн Ц.Х нь тус газарт "Ц" нэртэй орон сууц барьж ашиглалтад оруулсан бөгөөд уг орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хариуцагч О СӨХ хариуцан ажиладаг. Ингэхдээ хариуцагч О СӨХ нь нэхэмжлэгч "Э" ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын **** болон ***** дугаарт бүртгэлтэй, дээрх газарт нэхэмжлэгч буюу газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авто машины зогсоол барьж, уг зогсоолыг өөрийн холбооны сууц өмчлөгч нарт төлбөргүйгээр харин бусад иргэдэд төлбөртэйгөөр ашиглуулах байдлаар газар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөөр байна. Хариуцагч "О" СӨХ-ийн дээрх үйлдэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт "бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх" гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт "газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ" гэж зааснаар "Э" ХХК нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хандаж 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 22/16 дугаартай газар чөлөөлүүлэх тухай өргөдөл гаргасан. Үүний дагуу Нийслэлийн газрын албанаас иргэн Ц.Х-д 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 01-08/3700 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн ба тус мэдэгдэлд "... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсгийг ноцтой зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр илүү талбай ашиглаж буй зөрчил гаргасан байгаа тул 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор гэрээний үүргээ биелүүлж, зөрчлөө арилгахыг мэдэгдье. Мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэлх арга хэмжээ авахыг анхааруулж байна" дурдсан байсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл одоог хүртэл газар чөлөөлж өгөөгүй. Нэхэмжлэгч "Э" ХХК нь мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 23/17 дугаартай газар чөлөөлүүлэх тухай өргөдлийг дахин гаргасан ба Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 01-08/3435 дугаартай хариуг ирүүлсэн ба тус албан бичигт ... Газрын тухай тухай хуулийн 35 дугаар зүйлйин 35.3.2 дах заалт, Газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.10 дахь хэсэгт газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил газраа хамгаалах үүрэгтэй гэж заасан байх тул танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэж дурдсан. Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь, 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газар чөлөөлөх тухай 23/8 дугаартай мэдэгдлийг шударга бус эзэмшигч болох хариуцагч "О" СӨХ-д хүргүүлсэн боловч хариуцагч нь Иргэний хуулийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дахь хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй" гэж зааснаар хууль бусаар эзэмшиж буй газраа чөлөөлж өгөхгүй байхаар зогсохгүй, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2023/02 дугаартай хариу ирүүлсэн ба тус албан бичигт "...Уг газартай холбоотой асуудлыг Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандаж, мөн шинээр иргэний маргаан үүсгүүлж хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх болсныг 211 өрх, 11 аж ахуйн нэгжийн өмнөөс хариу мэдэгдэж байгааг үүгээр уламжилж байна" гэжээ. Гэтэл хариуцагч "О" СӨХ болон иргэн Ц.Х нар нь урд өмнө маргаан бүхий газартай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн "Э" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бол тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0631 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 415 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж байсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газартай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллага Газрын тухай хуульд зааснаар бусдын эзэмшил газрыг хууль бусаар эзэмшихгүй байхыг шаардсаар байхад хариуцагч нь газар эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөөр байна. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч "О" сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан нэхэмжлэгч "Э" ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын ******* болон ******* дугаар газарт зөвшөөрөлгүйгээр барьсан автомашины зогсоолыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжинэ, хаалт болон зогсоолын газрыг чөлөөлүүлэх шаардлага гэж ойлгож болно...... гэв.
2. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2023-12-08 ний өдөр шүүхээс гардуулсан ба бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуг чөлөөлүүлэх гээд байгаа байгаа юм, О СӨХ г хаалтаа буулга гээд байгаа юм уу авто зогсоол барьсан гээд байгаа юм уу, шаардлага тодорхой бус байна. Хаалт бол барьсан учраас буулгаж болж байна, хүлээн зөвшөөрөхгүй хариуцагч нь газрын эзэн Х юм биш үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ***** дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын ******** дугаартай кадастрын зураг, 2019.11.11-ний өдрийн ***** дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, ***** дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ,**** дугаартай кадастрын зураг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.23-ны өдрийн 463 дугаартай шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016.11.28-ны өдрийн 415 дугаартай тогтоол, Э ХХК-ийн 2022.06.22-ны өдрийн 22/16 дугаартай өргөдөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022.07.22-ны өдрийн 01-08/3700 дугаартай албан бичиг, Э ХХК-ийн 2023.06.05-ны өдрийн 23/17 дугаартай албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023.06.27-ны өдрийн 01-08/3435 дугаартай албан бичиг, Э ХХК-ийн 2023.09.21-ний өдрийн 23/18 дугаартай албан бичиг, О СӨХ-ны 2023.10.06-ны өдрийн 2023/02 дугаартай албан бичиг, хавсралт 12 хуудас материал, зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас О СӨХ-ны гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн Засаг даргын А/947 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн гэх Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай *********,******* нэгж талбарын дугаартай газруудын хувийн хэргийн хуулбарыг, мөн газар эзэмших эрх нь хүчинтэй байгаа эсэх талаарх лавлагааг, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай *********,******** нэгж талбарын дугаартай газарт байрлах хаалт бүхий зогсоолын талбайг тохижуулахтай холбоотой зардлыг Хан-Уул дүүргийн төсвөөс санхүүжүүлсэн эсэх зэрэг баримтыг бүрдүүлсэн, шүүх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай *******,******* нэгж талбарын дугаар бүхий газрын 2024 оны 05 сарын байдлаарх сансрын зургийг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын ******** дугаарт бүртгэлтэй 726 метр квадрат талбай бүхий газар болон нэгж талбарын ********** дугаарт бүртгэлтэй, 1167 метр квадрат талбай бүхий газрыг тус тус нэхэмжлэгч "Э" ХХК-д 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/950 дугаар захирамжаар дээрх 2 газрыг мөн 15 жилийн хугацаатайгаар дахин эзэмшүүлсэн. Хариуцагч "О" СӨХ болон иргэн Ц.Х нар нь урд өмнө маргаан бүхий газартай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн "Э" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бол тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газартай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллага Газрын тухай хуульд зааснаар бусдын эзэмшил газрыг хууль бусаар эзэмшихгүй байхыг шаардсаар байхад хариуцагч нь газар эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөөр байна. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч "О" сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан нэхэмжлэгч "Э" ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын ********* дугаар газарт зөвшөөрөлгүйгээр барьсан автомашины зогсоолыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.
3.Хариуцагчийн өмгөөлөгч С.Ү нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Юуг чөлөөлүүлэх гээд байгаа байгаа юм, О СӨХ г хаалтаа буулга гээд байгаа юм уу авто зогсоол барьсан гээд байгаа юм уу, шаардлага тодорхой бус байна. Хаалт бол барьсан учраас буулгаж болж байна, хүлээн зөвшөөрөхгүй хариуцагч нь манайх биш гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17 ний өдрийн А/344 дүгээр захирамжаар иргэн Ө.Б-д контор, үйлчилгээний зориулалтаар 1895 мкв газрыг эзэмшүүлсэн бөгөөд Ө.Б-аас Э ХХК д эзэмшил газраа шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10 ний өдрийн А/947 дугаар захирамжаар Э ХХК-ийн эзэмшилд шилжүүлжээ. Тодруулбал Э ХХК-н шилжүүлж авсан 1895 мкв газар нь нэгж талбарын ******* болон ****** дугаар газраас тус тус бүрдэж байна. Улмаар Нийслэлийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/950 дугаар захирамжаар дээрх 2 газрыг мөн 15 жилийн хугацаатайгаар дахин эзэмшүүлжээ. /11-18 хуу/
Хариуцагч "О" СӨХ болон иргэн Ц.Х нар нь Нийслэлийн засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн "Э" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0631 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 415 дугаар тогтоол гарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж байжээ./ хх 19-38 хуу/
Нэхэмжлэгч нь нэгж талбарын ********* дугаартай 1167 м кв газрыг хариуцагч О СӨХ байрныхаа оршин суугчдын зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа тул чөлөөлж өөрсдөө ашиглах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлах ба "Э" ХХК нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд энэ талаар шүүхэд хандахаас өмнө Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хандаж 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 22/16 дугаартай газар чөлөөлүүлэх тухай өргөдөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 23/17 дугаартай газар чөлөөлүүлэх тухай өргөдөл, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газар чөлөөлөх тухай 23/8 дугаартай мэдэгдлийг хариуцагч "О СӨХ-д хүргүүлж байжээ. Үүний дагуу Нийслэлийн газрын албанаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 01-08/3700 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 01-08/3435 дугаартай хариу, О СӨХ нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2023/02 дугаартай хариу - г тус тус ирүүлсэн байх ба тус албан бичигт "...Уг газартай холбоотой асуудлыг Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандаж, мөн шинээр иргэний маргаан үүсгүүлж хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх болсныг 211 өрх, 11 аж ахуйн нэгжийн өмнөөс хариу мэдэгдэж байгааг үүгээр уламжилж байна" гэжээ./ хх 44хуу/
5. Нэхэмжлэгч нь нэгж талбарын ******* дугаартай 1167 м кв газрыг хариуцагч О СӨХ байрныхаа оршин суугчдын зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа тул барьсан автомат хаалтыг буулгуулж, мөн зогсоол байрлаж буй газрыг чөлөөлүүлнэ гэдэг бол хариуцагч нь үлдэх нэгж талбарын ***** дугаартай газраа ашиглах боломж нээлттэй байгаа, хаалт байршуулсан боловч зогсоолыг анх тухайн байрыг барьж ашиглалтад оруулсан Ц.Х барьсан тул хариуцагч биш гэж тайлбарладаг. Талууд нэгж талбарын ********* дугаартай 1167 м кв газарт Цэлмэг тэнгэр хотхоны оршин суугчид автомашинаа байршуулдаг, тухайн автомашиныг О СӨХ-с хаалт тавьж, автомашины дугаараар таньж оруулдаг талаар маргаагүй, гагцхүү зогсоол болгосон этгээд нь О СӨХ биш иргэн Ц.Х гэж маргадаг.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэжээ. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар "Э" ХХК нь нэгж талбарын ****** дугаартай 1167 м кв газрыг хууль ёсоор эзэмшдэг, уг газрыг О СӨХ байрныхаа оршин суугчдын зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа болох нь тогтоогдож байх тул тухайн газрыг чөлөөлөх нь зүйтэй байна. Тодруулбал Э ХХК нь өөрийн эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхтэй ба энэ эрхийг хариуцагч зөрчиж, оршин суугчдын автомашины зогсоол хэлбэрээр ашиглах ёсгүй юм.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын ****** дугаарт бүртгэлтэй Э ХХК-ийн эзэмшлийн газрыг чөлөөлж, автомашины дугаар танигч хаалтыг буулгахыг хариуцагч О СӨХ-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас О СӨХ-с 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ