Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/шш2023/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Т*******-О*******” ХХК,

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*******,

Маргааны төрөл: “Т*******-О*******” ХХК-д холбогдуулан гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*******ын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх  зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“Т*******-О*******” ХХК-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*******т холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*******ын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 00 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

2.“Т*******-О*******” ХХК-ийг хуульд заасан хугацааны дотор мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага хүргүүлээгүй зөрчил гаргасанд тооцож,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

3.Гомдол гаргагч “Т******* о*******” ХХК-аас “тайланг хугацаанд нь өгөөгүй талаар маргахгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж, хариуцагчаас “прокурор хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргасан.

4.Гомдол гаргагч “Т*******-О*******” ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэл: 

1/...Зөрчил үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Монгол улсаар хязгаарлагдахгүй дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал өвчин дэлгэрч гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, хатуу хорио цээрийн үе байсныг бид бүхэн мэдэж байгаа. Манай уулын ажлын төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг тооцож, тайлан гаргадаг ажилтан Б.Л нь 2022 оны 01 дугаар сарын 03-ны өдрөөс 03 сарын 27-ны өдөр хүртэл короновириус өвчнөөр өвчилж эмчилгээ хийлгээд үүнээс хойш 14 хоног тусгаарлалтад байсан тул уг тайланг Ашигт малтмалын газарт мэдээлэгдсэн юм. Монгол улсын их хурлаас 2020 оны 04 сарын 29-нд баталж, тухайн өдрөөс эхлэн дагаж мөрдөж 2022 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсон “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”- ийн заалт шаардлагад нийцүүлэн иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд нэгэнт тухайн өвчний халдвар авсан хүн бусадтай харьцаж, уулзаж ажил явуулах, тайлбар хүсэлт гаргах боломж байгаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Манай ажилтан тусгаарлалтад байх хугацаанд буюу 2022 оны 01.. дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газарт хандаж кодоор нь орж тайлангаа программ хадгалахгүй байгаа талаар хэлэхэд "манай программ гэмтэлтэй байгаа юм. засаж байгаа" гэж хэлсэн байдаг. Дараа нь дахин асуухад нэгэнт хугацаа хоцорсон тайланг нөхөн программд кодоор шивэхэд хүлээж авдаггүй юм гэж хэлсэн байсан. Иймээс дан ганц манай компанийн буруугаас болж тухайн жилийн тайлан хоцорсон гэж үзэх үндэслэлгүй байна.

2/Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар зөрчил үйлдэгдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гээд:

 - Энэ зүйлийн 1.3 дахь хэсэгт Энэ хуульд заасан зөрчил гаргасан хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байвал зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн бол зөрчлийн хэрэг үүсгэн шалгахгүй байхаар,

4 дэх хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус заасан байдаг.

Одоогоор манай компанид хариуцлага тооцох гээд байгаа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хайгуулын ашиглалтын талаар хураасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуураар мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээдийг аль алиныг нь энэ зүйлд зааснаар торгуулийн шийтгэл хүлээлгэж болохоор хуульчилсан атлаа 4 дэх хэсэгт заахдаа “Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэсэн нэг хуулийн нэг зүйлийн заалтууд хоорондоо зөрчилдөн хуулийн заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байна.

3/Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно" гэж заасан байх тул дээрх Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т заасан хувь хүнийг мянган нэгжээр буюу нэг сая төгрөгөөр торгох заалт үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл энэ зүйлээр хувь хүнд хариуцлага тооцох тохиолдол гарахааргүй байна. Тийм учраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөрчил нь зөвхөн хуулийн этгээдэд хамаарч хариуцлага тооцохоор заалт байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд заасан "Хөөн хэлэлцэх хугацаа тооцож тогтоох тухай" аргачлалыг тодорхой тусгасан заалтын 4-т зааснаар "Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно" гэсэн хуулийн заалтыг хэрэглэж болохоор байна.

4/Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэн эрх бүхий албан тушаалтны зүгээс манай компанид Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг шалгахаар тогтоол үйлдсэн тул хуулийн дээрх заалтын дагуу арван мянган нэгж буюу арван сая төгрөгийг 10 дахин багасгаж тооцоход, нэг мянган нэгж буюу нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ноогдуулахаар байна. Энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт "Энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" бол хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилжээ. Хуулийн эдгээр заалтуудад нийцүүлэн дүгнэлт хийхэд манай компанийн үйлдсэн “2021 оны уулын ажлын тайланг 2022 оны 02 дугаар сарын 15-ны дотор гаргаж хүргүүлэхгүй хоцроосон” гэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

5/.Зөрчлийн хэрэг нээсэн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08-р сарын 04-ний өдрийн тогтоолд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд энэ гомдлынхоо хариуг албан ёсоор аваагүй, хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байхад  “Хэрэг бүртгэлт нээсэн болон хугацаа сунгасан тогтоолыг үзүүлээд “прокуророос заавал торго гэсэн чиглэл өгсөн” гэж амаар тайлбарлан манай компанийн эрхийг зөрчин шууд 10 сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

 6/Хөөн хэлэлцэх хугацааг тооцох журмыг тогтоосон хуулийн заалтууд хоорондоо зөрчилдсөн байгаа нь эрх зүйн ерөнхий зарчмын дагуу хуулийн эргэлзээтэй заалтыг зөрчил гаргагч mand ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна.

7/Зөрчил дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын тархалтын ид үед үйлдэгдсэн, энэ өвчнөөр өвчилсөн хэн байсан ч хуульд заасны дагуу өөрийгөө бусдаас тусгаарлах, халдвар тараахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авахыг хууль тогтоомжоор хүн бүрт даалгасан байсан, тайлан хүлээж авах байгууллагын программын эвдрэл, хоцорсон тайланг нөхөн бүртгэдэггүй байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн манай компанийг 10 сая төгрөгөөр торгосон 002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020, 2021 оны Уулын ажлын тайлангаа хугацаанд нь хүргүүлээгүй гэдэг үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авч шийтгэлийн хуудас бичигдсэн. Энийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан шалтгаанаар хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн оныхоо 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа өгөөгүй бол нөхөн өгч болохгүй өгөөгүйд тооцдог. Тэгээд 2021 оны 2 сарын 15-аас хойш 2022, 2023 он гээд 2 жил өнгөрсөн. Ийм болохоор хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан гэж үзэж байгаа юм. Өмнө нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар шийдвэрлэж байсан. Ашиглалт малтмал газрын тосны газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн боловч Нийслэлийн прокурорын газраас хүчингүй болгоод 10 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болсон. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнээс зөрчил гаргасан талаар маргаан байхгүй. Яах аргагүй ковид-19 үед таарсан. Манай ажилтны буруугаас Уулын ажлын тайлангаа хоцроосон гэдэгтэй маргахгүй” гэв.

5.Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/“Т*******-О*******” ХХК-аас МѴ-01дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд “Манай байгууллага нь 2020, 2021 онд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт бүрдээгүй болон /ковид-19/ халдварын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, хариуцсан ажилтны буруугаас уул уурхайн тайлангаа хугацаандаа өгөөгүй бөгөөд энэ байдлыг шалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23/70 тоот албан бичгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу Салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Л.Ц уг зөрчил нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зөрчил үйлдэгдсэнээс хойш нэг жил өнгөрсөн гэх үндэслэлээр УУХҮЯ-06/004/005 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тухай 004 дугаартай тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

2/Дээрх тогтоолыг Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх М.Г*******ын "Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ажиллагаа хийлгэх тухай" 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 тоот тогтоолоор хүчингүй болгож ажиллагаа хийлгэхээр улсын ахлах байцаагч Л.Цд даалгасан байдаг.

3/Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх М.Г*******ын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 тоот тогтоолын дагуу эрх бүхий албан тушаалтан Д.С******* “Т*******-О*******” ХХК-д холбогдох 23******* дугаартай зөрчлийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нээсэн ба Д.С*******гийн ээлжийн амралт эхэлсэн байх тул зөрчлийн 23******* дугаартай хэргийг эрх бүхий албан тушаалтан, улсын ахлах байцаагч Д.С*******гаас улсын ахлах байцаагч Б.Б*******т шилжүүлэх тухай Салбарын улсын ерөнхий байцаагч Б.М*******ийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний 249 өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулахыг эрх бүхий албан тушаалтан, улсын ахлах байцаагч Б.Б*******т үүрэг болгосон.

 4/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б******* би "Т******* о*******" ХХК-д холбогдох 23******* дугаартай зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа явуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч*******гээс мэдүүлэг авч авч түүний "Манай компанийн эзэмшдэг MV-01дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 оны уулын ажлын тайланг манай ажилтан Б.Л хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад цахим системээр хүргүүлж байгаа гэж бидэнд тухай үед мэдэгддэг байсан. Тэр үед манай улсад Ковид-19 өвчин гарсан байсан тул бид уулзалддаггүй ба үйл ажиллагаа явуулаагүй гэдэг албан бичгийг түүнд цахим шуудангаар хүргүүлдэг байсан... Ашигт малтмал газрын тосны газарт 2023 оны уулын ажлын төлөвлөгөөг цахимаар хүргүүлээд батлуулах гэтэл 2020, 2021 оны уулын ажлын тайлангаа өгөөгүй байгаа тул Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газарт мэдэгдэж Зөрчлийн тухай хуулийн дагуу асуудлаа шийдүүлээд ир гэж Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн С******* 2023 оны 07 дугаар эхээр улсын баяраас өмнө хэлсний дагуу танайд албан бичиг хүргүүлсэн юм"... гэх мэдүүлэг, "Т******* о*******" ХХК-аас Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд ирүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23/70 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх М.Г*******ын "Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ажиллагаа хийлгэх тухай" 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 тоот тогтоолын... Гэтэл "Т******* о*******" ХХК нь МѴ-1дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа дээрх хуулийн заалтын дагуу 2020, 2021 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн ажлын үр дүнгийн тайланг гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 15, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлээгүй, түүнээс хойш 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн үйлдэл нь үргэлжилж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4/3367 дугаартай албан бичгээр зөрчлийг илрүүлж, таслан зогсоогдсон ба уг зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй гэх зөрчлийн шинжтэй, “Т*******-О*******” ХХК-д хариуцлага тооцох үндэслэл тогтоогдож байна. “Т*******-О*******” ХХК-ийн “хуульд заасан үүргээ биелүүлэлгүй, хийсэн ажлын тайланг хүргүүлээгүй" зөрчил нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төгссөн байхад эрх бүхий албан тушаалтнаас дээрх компанийн гаргасан зөрчлийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төгссөн, түүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж, гомдлыг шийдвэрлэлгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцох журмыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна... гэсэн дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг арван мянган нэгж буюу 10 000 000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*******ын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Т******* о*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

          Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон татварын албанд хүргүүлнэ” гээд 48.1.2-т “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор” гэжээ.

          2.Гомдол гаргагчаас “тайланг хугацаанд нь өгөөгүй талаар маргахгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж, хариуцагчаас “прокурор хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

          3.Гомдол гаргагчийг хуульд заасан хугацааны дотор мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага хүргүүлээгүй зөрчил гаргасанд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

          4.Учир нь гомдол гаргагчаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23/70 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газарт “2020, 2021 онд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт бүрдээгүй болон /ковид-19/ халдварын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, хариуцсан ажилтны буруугаас уул уурхайн тайланг хугацаанд нь өгөөгүй бөгөөд энэ байдлыг шалгаж шийдвэрлэж өгөх талаар” хүсэлтийг гаргажээ.

          5.Гомдол гаргагчаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зөрчил үйлдэгдэж дууссан, уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.

          6.Тодруулбал: 2020, 2021 онуудын хайгуулын ажлын жилийн тайланг дараа оны буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргах үүрэгтэй, зөрчлөө сайн дураар илчилж ирсэн эсэхээс үл хамаарч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зөрчил үргэлжилсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тооцож, шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

          7.Хэдийгээр гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо “цар тахлын нөхцөл байдал үүссэн, манай ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газарт хандаж кодоор нь орж тайлангаа программ хадгалахгүй байгаа талаар хэлэхэд, программ гэмтэлтэй байгаа засаж байгаа талаар хэлсэн” гэж дурдсан хэдий ч Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11/5992 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

         Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6, мөн хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т тус тус заасныг баримтлан “Талс о*******” ХХК-ийн гомдолтой, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*******т холбогдох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*******ын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ