Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/54

 

 

 

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;

 

            Прокурор: Б.Мөнгөнтуяа,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Х,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Э-т холбогдох, эрүүгийн 2019000360025 дугаартай, 2 хавтас, 377 хуудас бүхий хэргийг прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: У овогт Э-ийн Э-т холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2019 оны 01 сараас 2019 оны 06 сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “МТ Сайншанд” ХХК хооронд харилцан тохиролцож, 2019 оны 01 сард нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар “МТ Сайншанд” ХХК-ийн эрхлэгч Т.У-ыг төөрөгдөлд оруулан нийт 10 905 500 төгрөгийн шатахууныг /усаар/ хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбар хооронд харилцан тохиролцож, 2018 оны 01 сард нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан   “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Т.Т-ыг төөрөгдөлд оруулан 2019 оны 10 сарын дундуур нийлүүлсэн 2 000 000 төгрөгийн шатахууны талоныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Шунхлай говь” ХХК нарын хооронд харилцан тохиролцож, 2019 оны 02 сард байгуулсан “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Ө-ийг төөрөгдөлд оруулан 2019 оны 02 сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 сар хүртэлх хугацаанд нийт 1 110 000 төгрөгийн шатахууны талоныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин 5 трейд” ХХК-ийг “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч байгууллагыг төөрөгдөлд оруулан 2018 оны 07 сараас 09 сар хүртэлх хугацаанд нийт 341 725 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр авч, хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2019 оны 10 сард тус аймгийн Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах ёстой 1 062 000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У овогт Э-ийн Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

 

Шүүгдэгч У овогт Э-ийн Э-ийг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” мөн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 2 700 000 төгрөгөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э-т шүүхээс оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 5 176 790 төгрөгийг гаргуулж, хохирогч “МТ Сайншанд” ХХК-д олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Энхчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэн. Өөрөөр хэлбэл тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолд нэг дор 3 агуулгатай, 2 үндэслэлтэй эсэргүүцэл бичсэн байгаа. Нэгдүгээрт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Хоёрдугаарт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь анхан шатны шүүх прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болно. Иймд уг өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх дараах үндэслэл тогтоогдож байна гэж прокуророос үзсэн. Шүүгдэгч нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан баримтууд болох ажилд авсан тушаал, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргүүд хавтаст хэргийн 39-47-р талд авагдсан. Мөн гэрч н.Х-гийн мэдүүлгээр нотлогддог. Үйлдсэн гэмт хэргийн тухайн Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтан болохын хувьд шатахууныг 3н аж ахуй нэгжээс зээлээр авахаар гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал “Шунхлай говь” ХК, “МТ Сайншанд” ХК, “Сод монгол групп” ХК, мөн Дорноговь аймгийн салбар хоорондын харилцан тохиролцоонд энэ 3н компанитай 2018, 2019 онд тус тус шатахууныг зээлээр авч, дараа төлбөртэйгөөр мөнгийг төсвөөс шилжүүлж байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Э.Э нь гэрээний нэг тал болж гарын үсэг зурсан байдаг нь уг 3н аж ахуй нэгжтэй харилцах албан тушаалын чиг үүрэг олгогдсон байдаг. Шүүгдэгч нь эрхэлж байсан ажлынхаа хүрээнд “Номин трейд” ХК-иас зарим нэг хүнсний барааг албан хэрэгцээнд зориулж зээлээр худалдан авдаг байсныг хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч н.М-ийн мэдүүлгээр 1 дүгээр хавтаст хэргийн 232-233-р талд тогтоогдсон байдаг. Үүнээс үзэхэд шүүгдэгч Э.Э Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтан болохын хувьд харилцаж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудаас зээлээр шатахуун болон, хүнсний барааг албан хэрэгцээнд ашиглана хэмээн хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж улмаар хөрөнгө залилах болон завших гэмт хэргийг үйлдэх үндэс суурь нь болсон. Яагаад гэвэл шүүгдэгч нь энгийн нэг иргэн уг албан тушаалаар ажилладаггүй байсан бол тус аж ахуй нэгж, байгууллагууд удаа дараа Э.Э-т шатахуун болон хүнсний барааг зээлээр олгохгүй байсан. Үүнээс үзэхэд Э.Э-ийн хувьд хөрөнгө завших гэмт хэргийн албан тушаалын байдлаа ашигласан буюу хууль тогтоомж, шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд албан тушаалын байдлаа хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласан үйлдэл харагддаг. Мөн залилах гэмт хэрэг нь тухайн шатахууныг албан хэрэгцээндээ ашиглах гэж байна гэх үндэслэлээр Э.Э-т шатахуун олгосон байдаг. Хэрвээ энгийн иргэн байсан бол ийм хэмжээний шатахууныг зээлээр олгохгүй байсан юм. Иймд залилах гэмт хэрэгт өөрийнхөө албан тушаалын байдлыг давуу байдал болгон ашигласан. Уг үндэслэлүүдээр зүйлчлэлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хөрөнгө завших болон залилах гэмт хэргийг үйлдсэн гэх 5н үйл баримтад буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Хоёрдугаар нь анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэг буюу гол шийдвэрлэх хэсэгт яагаад албан тушаалын байдлаа ашиглаагүй гэж үзсэн юм бэ? Өөрөөр хэлбэл зүйлчлэлийг хөнгөрүүлэх болсон үндэслэлээ зөв гаргаж чадаагүй гэдгийг эсэргүүцэлд тодорхой дурдсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулсан байдаг. Ингээд хэд хэдэн шийтгэх тогтоол нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримталж торгох ялыг нэмж нэгтгэсэн мөртлөө нийт ялын хэмжээг 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тогтоосон байсан. Хэрвээ уг 2 ялыг нэмсэн тохиолдолд 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял болох байсан учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Гуравдугаарт нь шүүгч зүйлчлэлийг өөрчилж, шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, ялыг нэгтгээд 20000000 /хорих сая/ төгрөгийн торгох ял оногдуулсан тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулсан нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдох тул шаардлагатай гэж үзвэл бичлэгийг үзэж болно. Энэ нөхцөл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад сонсгосон ял болох 20000000 /хорин сая/ төгрөгийн торгох ялыг тогтоол гаргах үед 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг болгож өөрчилсөн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл гаргасан...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Э.Э-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зүйлчилж яллаж оруулж ирснийг хөнгөрүүлж өөрчилсөн байдаг. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг хөнгөрүүлж өөрчлөхдөө албан тушаалаа ашигласан байдал нь тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийг албан тушаалын урвуу байдлаа ашиглаж үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1062000 /нэг сая жаран хоёр мянга/ төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан авч завшсан нь бүрэн тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл 1062000 /нэг сая жаран хоёр мянга/ төгрөгөөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал яаж хохирсон нь тодорхойгүй байдаг. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилсэн нь зөв болжээ гэж үзэж байгаа. Прокурорын эсэргүүцлийн 2 дахь үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж байна. Уг хуулийг хэрэглэж, нэмж нэгтгэсэн гэхдээ ялыг нэмж, нэгтгэхдээ ялын хамгийн доод хэмжээгээр тогтооно гэсэн заалт байхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой байна гэсэн байр суурьтай байна...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ны 2020/ШЦТ/104 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас бичсэн эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ны 2020/ШЦТ/104 тоот шийтгэх тогтоол нь дараах үндэслэлүүдээр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажилладаг ба байгууллагынхаа шатахуун түгээх станцуудтай шатахуун ханган нийлүүлэх тухай байгуулсан гэрээ болон өөрийн албан тушаалын байдлыг тус тус ашиглаж

- “МТ Сайншанд” ХХК-иас 10.726790 төгрөгийн шатахууныг усаар нь Батнайрамдал гэх хүнд авч өгсөн,

-“Шунхлай говь ХХК”-ны  Сайншанд салбараас 800.000 төгрөгийн шатахуун авах талон,

-“Сод монгол ХХК-ны Сайншанд”  салбараас 2000.000 төгрөгийн шатахууны талон,

-“Номин 5” трейд ХХК-аас 562.463 төгрөгийн хүнсний зүйлийг тус тус зээлээр авахдаа албаны зориулалтаар авч байгаа байдлаар албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч залилсан,

Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үйл ажиллагаа зохион байгуулахад зарцуулагдах байсан 1062.000 төгрөгийг аж ахуйн нярвын хувьд банкнаас бэлнээр авч болох эрх хэмжээгээ ашиглаж урьдчилан авч хувьдаа хэрэглэсний дараа байгууллагад буцаан өгч албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг завшсан үйл баримтуудыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 болгон хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж буюу хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийг залилах болон хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж гэсэн хүндрүүлэх нөхцөлөөр ялласан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж гэдгийг хашиж байгаа албан тушаалын хувьд хуулиар болон бусад байдлаар олгосон эрх, үүрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн албан тушаалын эрх мэдэл, нэр нөлөөг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э нь дээрх үйлдлүүдийг хийхдээ Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтний хувиар шатахуун түгээх станцуудын эрхлэгч нартай болон Номин 5 трейдийн менежертэй уулзаж албан ажлын хэрэгцээнд хэрэглэх гэж байгаа байдлаар хуурч бусдын эд хөрөнгүүдийг залилан авсан, албаны мөнгийг албаны эрх нөлөөгөө ашиглаж хувьдаа завшсан үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй, тухайн үйл баримтыг үгүйсгэсэн няцаасан нотлох баримтыг заагаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Тодруулбал анхан шатны шүүх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “…залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсдөг тул шүүгдэгч Э.Энхчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо” гэж, мөн прокурорын яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “эд хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх гэмт хэргийг ямар нэг үндэслэл заалгүйгээр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь тус тус хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Мөн анхан шатны шүүх шүүх хуралдаанаас гарсан шийтгэх тогтоолыг танилцуулахдаа шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 20.000.000 төгрөгөөр торгож шийтгэхээр шийдвэр гаргасан болох нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр тогтоогдсон ба гардуулсан шийтгэх тогтоолд өөрөөр буюу “ шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ялуудыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 2.700.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэлээ.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэвэл прокурор Б.Мөнгөнтуяагаас бичсэн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн эсэргүүцэл нь үндэслэлтэй болсон байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС