| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/04018/и |
| Дугаар | 555 |
| Огноо | 2020-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 555
Я.Н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03664 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Я.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш г ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 29 081 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ш г ХХК-тай В блок дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Шинэгүрэн хотхонд байрлах В блокын 1 орц, 5 давхарт H тип тоотод орших 2 өрөө 42.3 м.кв орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцны зах зээлийн үнэ 1 м.кв нь 1 100 000 төгрөг бөгөөд нийт 42.3 м.кв үнэ 46 530 000 төгрөгөөр тооцохоор болж гэрээний 2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 23 265 000 төгрөгийг Ш г ХХК-ийн Хаан банкны 5075479793 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 969 375 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 969 375 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 969 375 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 969 375 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 969 375 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 969 375 төгрөг буюу нийт 29 081 250 төгрөгийг Ш г ХХК-ийн Хаан банкны 5075479793 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл уг орон сууц баригдана гэсэн газар барилга баригдаж эхлээгүй байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвилан хотхон 48А/0 тоот хаягтай Ш г ХХК-ийн оффис дээр 2019 оны 04, 05, 06, 07 дугаар саруудад удаа дараа очиж уулзахад барилга бол ямар ч байсан баригдана, 2-3 айл барилга барихыг зөвшөөрөхгүй байна, газрын маргаан шүүх дээр байгаа, манай ажил эхлэх гэж байгаа гэх тайлбаруудыг хэлсэн ба 2019 оны 09 дүгээр сард уулзаад гэрээгээ цуцлъя гэхэд захирал одоогоор байхгүй, цуцлах айлын жагсаалтад оруулъя гэсэн. Иймээс Ш г ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээнээс татгалзаж, орон сууц болон гараашийн барилгын урьдчилгаанд шилжүүлсэн 23 265 000 төгрөг, гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу төлсөн 5 816 250 төгрөг буюу нийт 29 081 250 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагч Ш г ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш г ХХК-иас 29 081 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Наранмандахад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш г ХХК-иас 303 357 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Наранмандахад олгож, хариуцагч Ш г ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Я.Н нэхэмжпэлтэй, ”Шинэ Гарц” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/03664 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд нэхэмжпэлийг буцаан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Я.Ннь хариуцагч Ш г ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 29 081 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ш г ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай, В блок, 1 дүгээр орц, 5 давхарт “Н” тип тоот, 42.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч Я.Норон сууцны үнэд 46 530 000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч Я.Ннь гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа төлбөрт 23 265 000 төгрөг, гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 5 816 250 төгрөгийг Хаан банкин дахь Ш г ХХК-ийн эзэмшлийн 5075479793 тоот дансанд төлсөн, гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй талаар талууд маргаагүй байна. /хх-12-18/
Нэхэмжлэгч Я.Ннь хариуцагч Ш г ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн нийт 29 081 250 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд анхан шатны шүүх 29 081 250 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь зөв байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т хэсэгт заасан шийдвэрийн ямар зүйл, заалт үндэслэлийг зөвшөөрөхгүй байгааг заагаагүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 303 356 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ