Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/55

 

 

 

 

 

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Мөнгөнтуяа,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Н,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.А-т холбогдох, эрүүгийн 1919004210035 дугаартай, 2 хавтас, 313 хуудас бүхий хэргийг прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогт Б-ийн А-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10-р сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р баг Зүүнбаян багийн нутагт иргэн Б.Ц-ыг “гэртээ агсам согтуу тавьсан гэх” дуудлагаар гэрээс нь цагдаагийн байр руу авч явах замдаа Б.Цэндбалжирын хэвлийн хэсэгт өшиглөсний улмаас давсгийн урагдал, нарийн гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б-ийн А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919004210035 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Цагаатгагдсан этгээд Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж,

 

Цагаатгагдсан этгээд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаартай цагаатгах тогтоол нь үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасныг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Хохирогч нь цагдаа Б.А гэгч нь миний эрүүл мэндэд давсгийн язрал, хагаралт, чацархайн урагдалт гэсэн хүнд гэмтэл учруулсан гэдгийг гэмт хэргийн гомдол мэдүүлэг гарсан үеэс эхлүүлэн заасан байдаг. Тэгээд үүний дагуу хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн Б.Ц нарын удаа дараагийн мэдүүлгүүдээр цагдаа Б.А нь миний хэвлийн тус газарт өшиглөж хүнд гэмтэл учруулсан гэх мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын явцад цугларсан Т, Б, М зэрэг нэр бүхий 8 гэрчүүдийн мэдүүлгээр цагдаа Б.А нь хохирогчийн биед гэмтэл учруулсан гэх эх сурвалжийг нотолсон байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан А-аас мэдүүлэг авахад энэ гэмтлийг өшиглөх, дэвсэх зүйлээс үүссэн байх боломжтой гэдэг. Мөн мотоциклоос унасан гэх асуудал нь 2020 оны 04 дүгээр сард буюу энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш уг асуудал гарч ирдэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөө хохирогч мотоциклтой Зүүнбаянгаас Улаанбадрах сумын чиглэлд гарч явж байгаад 5-6 километрийн зайд унасан үйл баримт тогтоогдсон байдаг. Үүнээс хойш 10 цагийн үед мотоцикл нь эвдэрсэн тул Зүүнбаянд ирж оройн 18 цаг хүртэл 3 хүний хамт архи, согтууруулах ундааг маш ихээр хэрэглэсэн гэх дагавар охин Т-ийн цагдаад өгсөн дуудлагаар цагдаа Б.А нь эрүүлжүүлэх зорилгоор цагдаагийн хэсэг дээр авчирсан. Тухайн үед хохирогч архи, согтууруулах ундааг хэрэглэж, ямар нэгэн зөрчлийн шинжтэй гомдол гарсан байсан тул цагдаагийн хэсэг дээр ирсэн. Тэгээд хохирогч нь цагдаа Б.А намайг тонгорч унагаасан, давсаг руу дэвссэн гэх асуудал түүний удаа дараагийн мэдүүлэгт байдаг. Дараа нь хохирогчийн аймгийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх гэтэл гэнэт давсаг нь өвдөж, бие засаж чадахгүй улмаар тэр шөнөдөө эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон нөхцөл байдал тогтоогдсон. Шинжээч н.А шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өглөө 10 цагийн үед мотоциклоос унахдаа уг гэмтлийг авсан байх боломжтой гэхдээ мотоциклоос унаад гэмтэл авсан эсхүл орой 18 цагийн үед бусдад өшиглүүлсний улмаас гэмтэл авсан гэдгийг тодорхой хэлээгүй. Ямар ч байсан хохирогч нь гадны ямар нэгэн хүчин зүйлийн улмаас уг гэмтэл учирсан гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл шүүх зөвхөн шинжээчийг уг мэдүүлгийг үндэслээд хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл Б.А энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан байхад шууд шинжээчийн шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгийг үндэслээд хэргийг цагаатгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Ц-т энэ хохирлыг хэн учруулчихаад байгаа юм гэсэн үйл баримтыг бүхэлд нь тогтоогдоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлийг баримтлан хэрэгсэхгүй болгож цагаатгасныг улсын яллагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын гаргасан эсэргүүцэлтэй эсрэг байр суурьтай байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан тодорхой хэд хэдэн гэрч нарын мэдүүлэг болон өөрийнх нь анхан шатны шүүх цагаатгах тогтоолоо үндэслэл бүхий тайлбарлаж гаргаж чадсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хохирогч Д.Ц, гэрч М, Б, У, Т зэрэг хүмүүсийн мэдүүлэг байдаг. Эдгээр гэрч нар тухайн үйл баримтыг харсан болон болсны дараа биеэр үзсэн эмч нар байдаг. Мөн  Т-ын хувьд тухайн хэрэг гардаг өдөр мотоциклоос унахад нь хамт байсан. Харин прокурорын хэлж байгаа гэрч Ө, Ц, Т, У, Э, Т нар нь тухайн үйл баримт болоход байгаагүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн амаар дамжиж сонссон гэрчүүд байдаг. Иймд уг хэргийн гол нотлох баримт нь гэрч Т, хохирогч Д.Ц нарын мэдүүлгүүд, мөн шинжээчийн дүгнэлт болоод мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн гэрч нарын мэдүүлгүүдээр гол үндэслэл тогтоогддог. Тухайн мотоциклоос унасан үйл баримт нь анх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч огт гаргаж ирээгүй, дараа нь Б.А мэдэгдэхэд үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд тодруулахгүй орхигдуулсан. Тэгээд сүүлд өмгөөлөгч нь миний хүсэлтээр дахин эдгээр ажиллагаануудыг нөхөн хийж гүйцэтгэсэн болно. Үүнээс үзэхэд хэрэг болдог өдрийн өглөө 10 цагийн үед Улаанбадрах сум руу гэрч Тайванжаргалын хамтаар хохирогч Д.Ц мотоциклоос унаад, унасны дараа гэдэс хэсгээр маш их базлуулж өвдсөн учраас цаашаа явахаа болиод буцаж айлд ирээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь тухайн өвчний өвдөлт, зовуурийг багасгах цаг хугацааг уртасгадаг гэдгийг шинжээчийн дүгнэлт тодорхой тайлбарласан байдаг. Дараагийн нэг асуудал нь хохирогч Д.Ц-ын мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд ч тогтвортой байж чаддаггүй. Хэдийгээр Б.А намайг өшиглөсөн гэдэг ч сүүлдээ тонгорч унагасан мөн цагдаагийн байр луу хүргэгдэх замдаа юм уу, хүргэгдсэн хойноо юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт цохиулсан газраа заахдаа аюулхай хэсгээ заадаг. Тэгэхээр нь шинжээчээс аюулхай хэсэгт гэмтэл үүсэхэд аюулхай чацархай хэсэг урагдах уу? гэж асуухад энд үүссэн гэмтэл давсаг, чацархай руу очих ямар ч боломжгүй хүйсээс доош давсаг байрладаг юм гэж хэлсэн. Прокурор нь шинжээчийг тодорхой зааж өгөөгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ шинжээчийн зүгээс тодорхой заах боломжгүй. Яагаад гэвэл тухайн гэмтэл өшиглөөд ч үүсэх боломжтой, мотоциклоос унаад ч үүсэх боломжтой, хэдийд ч үүсэх боломжтой юм. Мөн 24-48 цагийн дараа энэ зовуурь илрэх боломжтой, ийм тохиолдолд практик дээр гарсан гэж мэдүүлсэн байдаг. Б.А нь Д.Ц-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүй бүрэн тогтоогдож чадахгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Б.Амарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны 2020/ШЦТ/106 тоот цагаатгах тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Учир нь: Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.А нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт мөрдөгч ажилтай ба 2019 оны 10-р сарын 20-ны өдөр тус аймгийн 5 баг буюу Зүүнбаян багийн иргэн М.Т-ээс цагдаагийн байгууллагад “Б.Ц нь согтуугаар гэртээ агсам согтуу тавиад амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэсэн гомдлыг утсаар гаргасны дагуу албан үүргийн хувиар Б.А Б.Ц-ын гэрт очиж түүнийг цагдаагийн байр луу авч явах замдаа хэвлийн хэсэгт өшиглөсний улмаас хохирогчид давсгийн урагдал, нарийн гэдэсний няцралт, чацархайн язралт бүхий амь насанд нь аюултай хүнд гэмт гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад 2019 оны 10-р сарын 20-ны өдөр хохирогч Б.Ц биедээ хүнд гэмтэл авсан байх боломжтой 2 үйл баримт болжээ. Энэ нь:

 

1. 2019 оны 10-р сарын 20-ны өглөө 9-10 цагийн хооронд хохирогч Б.Ц нь Э.Т гэх хүнтэй хамт мотоцикл жолоодон Улаанбадрах сум руу явж байх үед мотоциклийн урд дугуй хагарч мотоциклтойгоо ойчсон,  

 

2. Хохирогч Б.Ц нь 2019 оны 10-р сарын 20-ны өдөр бусадтай нийлж архи ууж согтуурсан үедээ гэртээ агсам согтуу тавьж гэр бүлийнхний амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас цагдаагийн байгууллагад саатуулагдах гээд явж байх үед нь цагдаа Б.А хэвлийн тус газарт нь өшиглөсөн.

 

Гэтэл прокуророос шүүгдэгч Б.А-ыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэнд нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл: Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10-р сарын 26-ны өдрийн 02/0484 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106/-ээр хохирогч Б.Ц-ын биед үүссэн давсгийн урагдал, нарийн гэдэсний няцралт, чацархайн язралт бүхий хүнд зэргийн гэмтэл нь мотоциклоос унах, өшиглүүлэх үйлдлийн алинаас нь ч үүсэж болох талаар шинжээч Э.А мөрдөн байцаалтын шатанд 2 удаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүний өгсөн “...гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хатуу мохоо зүйл гэдэг нь хязгаарлагдмал болон хязгаарлагдмал бус гадаргуутай хүний арьс салстыг нэвтрүүлэхээргүй, гэхдээ орчмын эдэд гэмтэл учруулдаг зүйлийг хэлж байгаа юм, жишээ нь: гараар цохих, хөлөөр өшиглөх, унах, хавчигдах, шахагдах гэх мэт үйлдлийн алинаас нь ч үүсэж болох ба гэмтлийг авсан даруйдаа тодорхой хугацаанд өөрөө явах гэх мэт хөдөлгөөн хийх боломжтой, харин тодорхой хугацаа гэдгийг тухайн хүний бие организмаас шалтгаан нарийн тодорхойлох боломжгүй,  мөн тухайн хүний хэвлийд цус их хэмжээгээр дүүрэх тусам зовиур хурдан илэрч, ухамсарт үйлдэл хийх хугацаа багасна, харин хэвлийд цус бага багаар хуримтлагдсан тохиолдолд тухайн ухамсарт үйлдэл хийх хугацаа их байх боломжтой, ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед өвдөлтийг мэдрэх нь багасах боломжтой,  ... тухайн гэмтлийг авсан хүн 24 цаг хүртэлх хугацаанд ухамсарт үйлдэл хийх боломжтой” гэсэн /1-р хх-ийн 122-124, 226/ мэдүүлгүүд, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй боловч хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох шинжээчийн дүгнэлт нь анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тул анхан шатны шүүх энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг баримталсан нь үндэслэлтэй болсон.

 

Мөн гэрч Э.Т-ын “... миний мотоциклтой Ц бид 2 Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу явсан, хөдөө явах замд Ц мотоцикл барьсан, гэтэл мотоциклийн урд дугуй хагараад бид 2 мотоциклтойгоо хажуу тийшээ ойчсон, тэгээд Ц эвхрээд нэг хэсэг сууж байгаад надад хөдөө явахаа болъё, гэртээ харъя гэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150-151/,

 

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны эмч Т.М-ын гэрчээр өгсөн “... эрүүлжүүлэхийн бие засах өрөө рүү ороход Ц ёолоод хэвтэж байсан, тэгэхээр нь би түүнд хандан “яасан бэ, чамайг цагдаа зодсон уу” гэхэд тэрээр надад хэлэхдээ “намайг цагдаа зодоогүй, өдрөөс хойш шээж чадахгүй байгаа” гэж байсан ба би түүний биед эмчийн үзлэг хийгээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлээд түүнийг хүлээж аваагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92/,

 

Хохирогч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... өглөө эрт Т гэдэг найзтайгаа хөдөө явж байгаад хуссан зам дээр урд дугуй хагараад замын уруу хажуугаараа онхолдсон, тэгээд унаад гэдсээр хатгуулж өвдөөд байхаар нь хэсэг сууж байгаад явж чадахгүй байна гэдгээ Т найздаа хэлээд буцаад гэртээ хүргүүлсэн” гэсэн мэдүүлэг зэргийг хянан хэлэлцвэл хохирогч Б.Ц-т учирсан гэмтэл нь мотоциклоос унах үед ч үүссэн байж болзошгүй гэсэн эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0484 дугаартай дүгнэлт, шинжээч Э.А-ын болон гэрч Ц.Б, М.У, Т.М, Т.У, Х.Э, Ц.Т,  хохирогч Б.Ц нарын мэдүүлгүүд, хохирогчид мэс засал хийгдсэн талаарх Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх зэргээр хохирогч Б.Ц-т амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан байна.

 

Гэвч шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-т хүнд хохирол, хор уршиг  учирсан гэдгийг бүх талаас нь бүрэн бодитой нотолж чадаагүй байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан “... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримталсан нь үндэслэлтэй болсон байх тул прокуророос гаргасан “... анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар гаргасан” эсэргүүцэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.      

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС