Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Э.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аргалчин овогт Энхсайханы Энхбаярт холбогдох 1729000410011 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, одоо нүүрс тээврийн хүнд даацын тээврийн хэрэгсэл жолооддог, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 28-582 тоотод оршин суух, урьд 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Аргалчин овогт Энхсайханы Энхбаяр /РД:ЦА81062272/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Энхбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Гашуун сухайт хилийн боомтын хойно В.Боргилчулуунтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбаяр мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ганц модноос нүүрс тээврийн хэрэгсэл жолоодож Монгол руу орж ирсэн.  Араас Боргилчулуун ах орж ирээд дөрвүүлээ нийлсэн. Болдоо ах оюутан хүүхдийн төлбөр төлөх мөнгө Боргилчулуун ахаас зээлж аваад Болдоо, Боргио ах бид гурав Цагаан хад орж Болдоо ахын охинд 380,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хоолны материал цуглуулж явахдаа 2 шил архи авч буцаж машинууд дээрээ ирсэн. Тэндээ хоол хийнгээ архиа ууцгаасан. Тэгэхэд Болдоо ахын дүү Баяраа хамт байсан. Баяраа ах ходоодоо тайруулсан гэж ярьж байснаа согтчихоор нь бид нар түүнийг машинд нь оруулж унтуулсан. Үлдсэн архиа ууж байгаад Болдоо ах машиндаа орж унтсан. Боргио ах бид хоёр нутаг, орныхоо тухай ярилцаж байгаад маргалдсан. Тэгтэл Боргио ах паскнаасаа хутга гаргаж ирээд миний цээж рүү хатгачихаар нь би түүнтэй барилдаж аваад ноцолдсон чигтээ машины баруун талын хаалгаар газар унасан. Унасан хойноо би гараараа Боргио ахын нүүрэн тус газарт 3-4 удаа цохитол Боргио ах “чамайг гүйцээчихье” гээд хутгаа бариад хөөхөөр нь би өөрийнхөө унаж явсан машины кабинд ороод хаалгыг нь түгжиж байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 8 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9 дүгээр хуудас/

Хохирогч В.Боргилчулууны:”...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ганц модны хоолойд хоосон машинтай Монгол руу орох гээд зогсож байхад Болдоо ах надад хамт уурхай явъя түрүүлж ороод хүлээж байя гэсэн. Тэгээд би 12 цаг өнгөрч байхад Монгол руу ороод Болдоо ахтай утсаар ярихад Баяраа, Энхбаяр нартай хил гараад зогсож байна гэсэн. Тэд нарыг хилийн цэргийн шалган нэвтрүүлэхээс 500 орчим метрт зогсож байхад нь намайг очиход Болдоо ах, Баяраа, Энхбаяр нар машинуудаа парклаад тавьчихсан байхаар нь би машинаа хамгийн баруун талд зогсоосон. Тэгээд Болдоо ах надаас оюутан охиндоо төлбөрийн мөнгө зээлье гэхээр нь Энхбаяр, Болдоо ах бид гурав боомтын банк ороход оочер ихтэй байхаар нь Цагаан хад руу такси барьж очоод мөнгө шилжүүлчихээд 0.75 литрийн 2 шил архи аваад буцаж машин дээрээ очоод Болдоо ахын машины кабинд дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд би нэлээд согтчихсон, Энхбаяр бид хоёр Болдоо ахын машины хажууд зогсчихсон Энхбаяр миний нүүр рүү  гараараа 2-3 удаа цохиж, хамар, духнаас цус гарахаар нь би машин тойроод зугтаасан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Г.Болдын: ”...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед  Хятадаас нүүрсний машинтай Монгол руу ороод хилийн цэргийн шалган нэвтрүүлэх пост гараад замын баруун тард гарч зогссон. Тухайн үед өөрийн төрсөн дүү Эрдэнэбаяр, Энхбаяр нартай гарч ирээд машинуудаа парклаж тавьчихаад байж байхад Боргилчулуун 2 цаг орчмын дараа араас машинтайгаа гарч ирсэн. Тэгээд бид нар хоол идэж, хүнс авахаар Энхбаяр, Боргилчулуун бид гурав таксигаар Цагаанхад явсан. Тэгээд тэндээс хоол хүнсний зүйл, 2 шил 0.75 литрийн архи аваад машиндаа буцаж ирсэн. Бид дөрвүүлээ миний машины кабинд архиа хувааж уугаад дуусч байхдаа би гол хэсэгт газан плиткан дээр хоолоо тавьчихсан, Эрдэнэбаяр бид хоёр орон дээр, Боргилчулуун жолоочийн суудалд, Энхбаяр эсрэг талын суудал дээр суучихсан тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхлэхээр нь би “больцгоо” гэж хэлчихээд унтаад өгсөн. Тэд нар юм яриад сууж байсан. Тэгээд нэг сэрэхэд цагдаа нар ирчихсэн намайг сэрээсэн. Би босоод машины гэрэлд Боргилчулууныг харахад миний машины чиргүүлийн зөв талд суучихсан нүүр ам нь нэлэнхүйдээ цус болчихсон сууж байсан. Энхбаяр цагдаа нартай яриад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Х.Эрдэнэбаярын: ”...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад төрсөн ах Болдтой цувж Монгол руу орж ирсэн. Бид хоёр соёмботой хаалга өнгөрөөд машинуудаа замын баруун талд зогсоосон. Араас Энхбаяр, Боргилчулуун нар цувж ирээд зогссон. Бид нар хоол хийж идэхээр болж тэр гурав  Цагаан хад руу 16 цагийн үед таксигаар явсан. Тэгээд нэг цаг гаруй болсны дараа тэр гурав хоолны материал, 2 шил архитай ирсэн. Бид нар Болд ахын машины кабин дотор нийлээд хоолоо бэлдэж газан плиткан дээр тавьчихаад эхний архиа задалж уусан. Тэгээд хоол болохоор идчихээд архинаас 3 хундага уусан чинь Болд ах “чи ходоод муутай байж архи ууж болж байгаа юм уу” гэхээр нь би машинаас буугаад өөрийнхөө машинд ороод унтсан. Намайг унтаж байхад машины хаалга нүдэхээр нь сэрэхэд Болд ах байсан. Машинаасаа буухад Боргилчулуун миний машины чиргүүлийн хажууд нүүр, ам нь цус болчихсон суусан, харин Энхбаяр миний машины урд талд намайг хутгалчихлаа гээд цагдаа руу ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №190 дугаартай шинжээчийн: “...В.Боргилчулууны уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн хацар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

Э.Энхбаярын яллагдагчаар өгсөн: ”...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нүүрс тээврийн хэрэгсэл жолоодож Монгол руу орж ирсэн. Тэгээд машинаа Гашуун сухайт боомтын баруун хойно үлдээчихээд Болдоо, Боргио гэдэг 2 ахтай хамт Цагаан хад орж хоолны материал цуглуулж явахдаа 2 шил архи авч буцаж машинууд дээрээ ирсэн. Тэндээ хоол хийнгээ архиа ууцгаасан. Тэгэхэд Болдоо ахын дүү Баяраа хамт байсан. Баяраа ах ходоодоо тайруулсан гэж ярьж байснаа согтчихоор нь бид түүнийг машинд нь оруулж унтуулсан. Үлдсэн архиа ууж байтал Болдоо ах машиндаа унтсан. Боргио ах бид хоёр юм ярилцаж байгаад маргалдсан. Тэгтэл Боргио ах паскнаасаа хутга гаргаж ирээд миний чээж рүү хатгачихаар нь би түүнтэй барилдаж аваад ноцолдсон чигтээ машины баруун талын хаалгаар газар унасан. Унасан хойноо би гараараа Боргио ахын нүүрэн тус газарт 3-4 удаа цохьтол Боргио ах “чамайг гүйцээчихье” гээд хутгаа бариад хөөхөөр нь би өөрийнхөө унаж явсан машины кабинд ороод хаалгыг нь түгжиж байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.Энхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/

Э.Энхбаярын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 36-44 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.Энхбаярын гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Хохирогч В.Боргилчулууны шүүгдэгч Э.Энхбаярт гомдол саналгүй, хохирол төлбөр барагдсан, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Энхбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Гашуун сухайт хилийн боомтын хойно В.Боргилчулуунтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.Боргилчулуун нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Иймд Э.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Энхбаярт холбогдох хэргийн хувьд түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж тус хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар дурдвал зохино.

Шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аргалчин овогт Энхсайханы Энхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Энхсайханы Энхбаярыг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Э.Энхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.Боргилчулуун нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Энхбаярын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Энхбаярт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН