Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02766

 

2024 оны 06 сарын 24-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/02766

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Нисэхийн ** дугаар гудамж ** дугаар тоотод оршин суух, М овогт Д-ийн З /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Нисэхийн ** дугаар гудамж *** дугаар тоотод оршин суух, Б овогт Д-ийн А /РД:*******/-д холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай үндсэн, 36,542,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.З нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.З миний өөрийн өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000**** дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Г-****** улсын бүртгэлийн дугаартай газар Д.А нь өмчлөгч миний зөвшөөрөлгүй гэр барин уг газар амьдарч өмчлөгч Д.З миний өөрийн өмчлөлийн газраа, өмчлөх ашиглах эрхийг хэрэгжүүлэх боломжийг эдлүүлэхгүй байна. Д.З би удаа дараа өөрийн өмчлөлийн газраа суллаж өгөхийг Д.А-аас шаардсан боловч миний газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн **-р хороо, нисэхийн **-р гудамж, *** тоот хаягтай газрыг хууль бус өмчлөгч Д.А-аас чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.З нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.З би Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 сарын 05-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр ХУД **-р хороо Нийсэхийн ** дугаар гудамж *** тоот хаягтай газрын өмчлөх эрхтэй өмчлөгч болсон. Гэтэл миний өмчлөлийн дээрхи газар Д.А миний зөвшөөрөлгүй нийт 17 жил амьдарч байна. Би удаа дараа газраа чөлөөлж өгөхийг биечлэн очиж шаардаж, хороон Засаг даргад хандаж, мөн ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан . Гэвч энэ этгээд мэдсээр байж Захиргааны шүүхэд хандаж дахин 2 жил гарангийн цаг хугацаа алдуулж , энэ хугацаанд анх ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс миний газар дээр, миний зөвшөөрөлгүй байшин барьсан намайг шүүхээр газраа чөлөөлүүлэх гээд явж байх хугацаанд байшингаа барьж дуусгаад , миний газрын үнэ, байршил зэргийг ашиглан үнэлгээ гаргаж энэ мөнгийг надаас нэхдэг ийм л хууль, шүүхийг ч тоохгүй болчихсон хүн , Захиргааны хэргийн шүүх миний өмчлөл мөн болохыг тогтоосон , одоо дахин ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин ирсэн энэ хугацаанд би өөрийн өмчлөлийн газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй энэ хүн хэрүүл зарга хийж миний газар 17 жил үнэгүй амьдарсан . Иймээс уг хашаанд маань миний зөвшөөрөлгүй амьдарч байгаа А-аас миний газрыг чөлөөлүүлж өгнө үү А нь миний газар 2007 оны 3 сараас одоог хүртэл 2024 оны 3 сар хүртэл 17 жил нэг ч төгрөгний түрээс төлөлгүй амьдарч , өмчлөгч намайг миний газар руу ойртуулахгүй нохойгоо тавьж хөөж, амь насанд заналхийлж, би нохойнд нь хөөгдсөнийг хорооныхон бүгд мэдэж байгаа. Иймээс Амартайван бүтэн 17 жил миний газрыг үнэгүй ашигласан тул би өөрийн газрыг 17 жил үнэгүй ашигласан төлбөрийг нэхэмжилжбайна, тодруулбал миний газар А амьдарсан сарын түрээсийг зах зээлийн ханш 100 000 төгрөгөөр бодоход 17 жилийн 204 сарын түрээс 20 400 000 төгрөг болж байгаа тул А-аас миний газрыг 17 жил амьдарсан түрээс 20 400 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.З сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүст ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар байшин барьсныг зөвшөөрөхгүй. Надтай тохиролцоогүй. Шүүхэд өгөхөд тэнд байсан үхрийн саравчаа битүүлж байшин болгосонгэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.З нь өөрийн өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00**** дугаартай Хан-Уул дүүргийн ** дугаар хороо нисэхийн ** дугаар гудамж, *** тоот хаягтай нэгж талбарын *****46 дугаартай 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Г-****** улсын бүртгэлийн дугаартай газрыг бол өмчилж авсан, 2006 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. 2008 оны 5 сарын 25-ны өдөр дугаар 4007 оны Нийслэл дахь захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн магадлалаар, 2022 оны 3 сарын 14-ний 213 дугаар тогтоол дээр өмчлөгч нь мөн гэдэг нь бататган тогтоогдсон. Тэгээд удаа, дараа Д.З өөрийн өмчлөлийг нь суллаж өгөхийг, дүүргийн хорооны дарга байсан н.Г байхад анх чөлөөлж өгөхийг хүсэж явсан. 2 удаа 2 нохойгоор намайг хазуулах гэж байсан, хэсгийн төлөөлөгчид хандсан. Дараа нь газрын албанд хандсан улаан кант татсан гэвч, одоог хүртэл чөлөөлж өгөхгүй миний газар мөн гэдгийг шүүхээр тогтоочхоод байхад чинь чөлөөлж өгөхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн **дугаар хорооны ** дугаар гудамж, *** тоотод байрлах газрыг хууль бус өмчлөгч Д.А-аас чөлөөлж өгнө үү. Ямар нэгэн байдлаар хариуцагчийг энд амьдрахыг зөвшөөрөл өгөөгүй, түрээс төлөөгүй, мөнгө төгрөг төлөөд сууя гэж мөнгө төгрөг өгөөгүй, ямар ч зөвшөөрөлгүй, миний газар чөлөөлж өгөөжээ гээд гуйгаад байгаа боловч одоо хүртэл чөлөөлж өгөхгүй. Сүүлийн 3 жил шүүхээр яваад ч барахгүй ийм байдалд хүрээд байгаа тул нэн даруй Д.А-аас газрыг маань чөлөөлүүлж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэл байгаа. Нэмэгдүүлсэн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 сарын 5-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр энэ газрыг би өмчлөгч болсон. Тэгээд нэхэмжлэл гаргасан энэ этгээд одоо мэдсээр байж захиргааны шүүхэд хандсан 2 жил гарных нь хугацааг алдуулж байшин барьсан, тэгээд үндэслэлгүйгээр миний хашаанд амьдраад байна. Бүхэл бүтэн 17 жил амьдарсан. Сараар нь бодох юм бол 204 сар яваад өгөөжээ, чөлөөлөөд өгөөжээ гээд гуйсан боловч амьдраад байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд амьдрах орон байраа надаар бэлдүүлээд миний өмчийг ашиглаад, миний хөдөлмөрийг ашиглаад, мөнгө төгрөгөө тусгай зөвшөөрлөөр худалдаж авсан газрыг маань үнэ төлбөргүй ашиглаад байгаа тул 2007 оны 3 сараас, 2024 оны 3 сар хүртэл бүтэн 17 жил буюу 204 сар болсон. Ингээд нэг сарыг нь 100 мянган төгрөгөөр бодож 20,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан гэв.

 

2. Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.З нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **-р хороо, нисэхийн **-р гудамж, ** тоот хаягт байршилтай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэн Д.А надад холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Д.А би өөрийн эхнэр Т.Б-ийн хамт 2007 оноос Хан-Уул дүүргийн **-р хороо, нисэхийн ** дугаар гудамж, ** тоот хаягт оршин сууж амьдарч, одоо ч амьдарсаар байгаа билээ. Уг газрыг Д-ийн С-гээс тухайн үед авч байсан. Д.С нь уг газар дээрээ гэр барин 5 жил амьдарч байсан. Тэгээд надад шилжүүлж өгсөн. Тухайн үед намайг газар хайж байсныг Д.С нь манай найз М-аас мэдсэн байсан. Тэгээд Д.С болон түүний гэр бүлийн хүнтэй уулзсан. Хашаа хороог янзлаад авч болно гэж, би ч зөвшөөрч авсан. Би тухайн үед хашааг нь битүүлж янзалж авсан. Мөн тогны өр буюу хуримтлагдсан байсан мөнгийг нь ч бас төлсөн. Одоо уг газар дээрээ байшин барьж, түүндээ амьдарч байна. Гэтэл Д.З гэх хүн гарч ирж газар чөлөөл, нүү гэх байдлаар дайрч давшлах болсон. Иргэн би 2007 оноос хойш 2022 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд уг газрыг эзэмшиж, ашиглаж байна. Гэтэл энэ бүх хугацаанд огт чимээ аниргүй байж байснаа өмчлөгч гэх этгээд гарч ирснийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна. Уг газар дээр газраас үл салгаж болох газарт бэхлэгдсэн миний үл хөдөх эд хөрөнгө байгаа юм. Газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Д.З-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэнтэй танилцаад хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн У.Т би дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн газар албадан чөлөөлүүлэх шаардлагад 2022.10.03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 20,400,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй. Нэхэмжлэгчийн уг шаардлагыг гаргах болсон тооцооллын үндэслэл тодорхойгүй, нотлох баримтгүй. Хуульд заасан шаардлагыг /шаардлага нөхцөл бүрдээгүй/ хангаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар хянан шийдвэрлэж магадлал гарсан. Уг магадлалын хянавал хэсэгт Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулан талуудыг тухайн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн баримтаас харахад давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчил арилаагүй. Нөгөөтээгүүр Иргэний хуульд аливаа шаардах эрхийг хуульд заасны дагуу, хуульд заасан журмын дагуу, хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагын 1,2 дахь аль аль шаардлагыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй, аль аль шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д.А би өөрийн эхнэр Т.Б-ийн хамт 2007 оноос хойш Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн **-р хороо, нисэхийн ** дугаар гудамж, ** тоот хаягт оршин сууж амьдарч, одоо ч амьдарч байна. Анх уг газрыг иргэн Д.С-ээс тухайн үед худалдан авч байсан. Тухайн үед намайг газар хайж байсныг Д.С нь миний найз н.М-аас мэдэж, надтай холбоо барьж, би Д.С болон түүний гэр бүлийн хүнтэй уулзсан. Д.С нь хашаа хороог нь янзлаад авч болно гээд тодорхой хэмжээнд мөнгөн төлбөр тохирч авсан. Д.С нь уг газар дээрээ 5 жил амьдарч байгаа 2007 онд надад шилжүүлсэн. Би эхнэр Т.Б-ийн хамт уг газарт ирээд хашаа хороог нь битүүлж, янзалсан. Мөн тогны өр буюу хуримтлагдсан байсан мөнгийг нь ч бас төлсөн. Одоо уг газар дээрээ байшин барьж амьдарч байна. Гэтэл Д.З гэх хүн нь гэнэт гарч ирээд газар чөлөөл, нүү гэсэн нэхэмжлэлийг удаа дараа шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн би өөрийн гэр бүлийн хамтаар уг газарт 2007 оноос хойш 2022 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд уг газрыг эзэмшиж, ашиглаж, засан сайжруулж амьдарч ирсэн. Гэтэл энэ бүх хугацаанд уг газарт амьдарч байгаагүй этгээд өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэх нэрийдлээр хөөж туугаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн би 2020 оноос 2022 оныг хүртэл хугацаанд Улаанбаатар хот, Хан-Уул, **-р хороо, Нисэх **-р гудамж, *** тоот хаягт 48 м.кв амины орон сууцыг барьж бий болгосон. Уг үл хөдлөх эд хөрөнгөдөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж хандахаар газар өмчлөгчийн зөвшөөрөл хэрэгтэй гэх тайлбарыг өгсөн. Шүүхээс намайг болон миний гэр бүлийг газар чөлөөл гэх шийдвэрийг гаргавал уг эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах боломжгүй болж, Д.З-д эзэмшиж ашиглах боломж бүрдэхээр байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан байдаг. Уг эд хөрөнгийг маань газраас салгах боломжгүй газарт бэхлэгдсэн байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч Д.З нь газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаараа Д.А намайг болон миний гэр бүлийг орон сууцаа эзэмшиж, ашиглах боломжийг хязгаарлаж, Д.З уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах боломжтой болж байгаа юм. Иргэний хуульд бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах эрхийг олж авсан этгээд үүний үнийг төлөх үүрэгтэй. Д.А миний зүгээс үл хөдлөх эд хөрөнгөө үнэлүүлж, үнэлгээ тогтоолгоход 20,160,000 төгрөгөөр үнэлсэн ба уг үнийг Д.З нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймээс Д.З-ээс 20,160,000 төгрөгийг гаргуулж Д.А-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Д.А миний эд хөрөнгийг шүүхийн шинжээч 36,542,016 төгрөгөөр үнэлсэн ба уг үнийг Д.З нь төлөх үүрэгтэй гэж үзэж байнагэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.З-ийн оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 000***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 214 дугаартай магадлал, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, А.Б-ийн өгсөн тайлбар, хариуцагч Д.А-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2141, 2142 дугаартай тодорхойлолт, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан, 000***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фото зураг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

5. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0060 дугаартай шийдвэртэй захиргааны хэргээс өмгөөлөгч Б.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/51 дугаартай албан тоот, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж, Ашид билгүүн ХХК-г шинжээчээр томилж Үнэлгээний тайлан гаргуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бхэлд нь хангахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Д.А нь өмчлөгч миний зөвшөөрөлгүй гэр барин уг газар амьдарч ирсэн. Би 2005 онд энэ газрыг худалдаж авсан. 2006 онд гэрчилгээгээ авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2015 онд авсан. Өмнө нь хашаагаа хүнд түрээсэлдэг байсан. Тэр хүн маань газрыг минь Д.А-нд зарсан. Би удаа дараа өөрийн өмчлөлийн газраа суллаж өгөхийг Д.А-аас шаардсан боловч миний газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн **-р хороо, нисэхийн **-р гудамж, *** тоот хаягтай газрыг хууль бус өмчлөгч Д.А-аас чөлөөлүүлж өгнө үү, бусдын газар дээр амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул 20,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: Захиргааны хэргийн шүүх миний өмчлөл мөн болохыг тогтоосон , одоо дахин ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин ирсэн энэ хугацаанд би өөрийн өмчлөлийн газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй энэ хүн хэрүүл зарга хийж миний газар 17 жил үнэгүй амьдарсан . Иймээс уг хашаанд маань миний зөвшөөрөлгүй амьдарч байгаа А-аас миний газрыг чөлөөлүүлж өгнө үү А нь миний газар 2007 оны 3 сараас одоог хүртэл 2024 оны 3 сар хүртэл 17 жил нэг ч төгрөгийн түрээс төлөлгүй амьдарч , өмчлөгч намайг миний газар руу ойртуулахгүй нохойгоо тавьж хөөж, амь насанд заналхийлж, би нохойнд нь хөөгдсөнийг хорооныхон бүгд мэдэж байгаа. Иймээс А бүтэн 17 жил миний газрыг үнэгүй ашигласан тул би өөрийн газрыг 17 жил үнэгүй ашигласан төлбөрийг нэхэмжилж байна, тодруулбал миний газар А амьдарсан сарын түрээсийг зах зээлийн ханш 100 000 төгрөгөөр бодоход 17 жилийн 204 сарын түрээс 20 400 000 төгрөг болж байгаа тул А-аас миний газрыг 17 жил амьдарсан түрээс 20 400 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ...сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүст ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар байшин барьсныг зөвшөөрөхгүй. Надтай тохиролцоогүй. Шүүхэд өгөхөд тэнд байсан үхрийн саравчаа битүүлж байшин болгосон. .гэж няцаасан.

 

3.Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Д.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Иргэн Д.А би өөрийн эхнэр Т.Б-ийн хамт 2007 оноос Хан-Уул дүүргийн **-р хороо, нисэхийн ** дугаар гудамж, *** тоот хаягт оршин сууж амьдарч, одоо ч амьдарсаар байгаа билээ. Уг газрыг тухайн газар 5 жил амьдарсан Д.С-ээс авч байсан. Би тухайн үед хашааг нь битүүлж янзалж авсан. Мөн тогны өр буюу хуримтлагдсан байсан мөнгийг нь ч бас төлсөн. Одоо уг газар дээрээ байшин барьж, түүндээ амьдарч байна. Би 2007 оноос хойш 2022 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд уг газрыг эзэмшиж, ашиглаж байна. Газрын тухай хуульд газраа 2 жил дараалан ашиглаагүй бол эзэмшүүлэхгүй байх тус тус зохицуулалт байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож тухайн газрыг ашиглаж байгаа этгээд нэн тэргүүнд олгодог. Д.А 16 жил амьдарсан, хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...Шүүхээс газар чөлөөлөх шийдвэрийг гаргавал уг эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах боломжгүй болж, Д.З-д эзэмшиж ашиглах боломж бүрдэхээр байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан байдаг. Уг эд хөрөнгийг маань газраас салгах боломжгүй газарт бэхлэгдсэн байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч Д.З нь газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаараа Д.А намайг болон миний гэр бүлийг орон сууцаа эзэмшиж, ашиглах боломжийг хязгаарлаж, Д.З уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах боломжтой болж байгаа юм. Иргэний хуульд бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах эрхийг олж авсан этгээд үүний үнийг төлөх үүрэгтэй. Д.А миний эд хөрөнгийг шүүхийн шинжээч 36,542,016 төгрөгөөр үнэлсэн ба уг үнийг Д.З нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 20,400,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй. Нэхэмжлэгчийн уг шаардлагыг гаргах болсон тооцооллын үндэслэл тодорхойгүй, нотлох баримтгүй. Хуульд заасан шаардлагыг /шаардлага нөхцөл бүрдээгүй/ хангаагүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.З нь Хан-Уул дүүрэг, **-р хороо, Нисэхийн **-р гудамж, *** тоот хаягт байршилтай 700 м кв газрын өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 000***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 214 дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна. Хариуцагч Д.А нь 2007 оноос хойш маргаан бүхий Хан-Уул дүүрэг, **-р хороо, Нисэхийн **-р гудамж, *** тоот хаягт байршилтай газрыг эзэмшиж байгаа талаар тухайн газар дээр Д.А байшин барьсан талаар талууд маргадаггүй. Тухайн байшин нь 2021 онд ашиглалтад орсон, 48 метр квадрат талбай бүхий 2,2 метр өндөртэй, цутгамал бетон суурьтай, блокон хана баганатай эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгө байна.

 

5. Талуудын маргааны зүйл нь талууд тус газрыг нэхэмжлэгч Д.З, Д.А нарын хэн нь эзэмших эрхтэй эсэх, газраа чөлөөлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх дээр маргаж байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь өмчлөлийн газраа чөлөөлүүлэх, байшин нь хууль бусаар баригдсан тул буулгаад аваад явах эсэх хамаагүй гэж тайлбарладаг бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газраа чөлөөлүүлчихээр байшин дотроо орж чадахгүй тул үнийг нь төлөх учиртай гэж сөрөг нэхэмжлэлээ дэмждэг.

6. 2007 оноос Д.А нь Хан-Уул дүүрэг, **-р хороо, Нисэхийн **-р гудамж, *** тоот хаягт байршилтай 700 метр квадрат газрыг эзэмшиж байгаа нь Д.З-ийн өмчлөлийг үгүйсгэхгүй. Тэрээр өмчлөгчийн хувьд өөрийн газрыг чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах, хууль бус халдлагаас хамгаалуулах эрхтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар маргаан бүхий тус газрыг хариуцагч Д.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй. Харин нэмэгдүүлсэн шаардлагын тухайд түрээсийн төлбөр, эсхүл өөрийн зардлыг хэмнэх аргаар хөрөнгөө хэмнэсэн гэж үзэж байгаа эсэх нь ойлгомжгүйгээс гадна тухайн газрыг түрээслэх өртгийн талаарх баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, нотлоогүй учраас энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөнд хамаарахгүй, 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөнд хамаарна гэжээ. Тодруулбал нэхэмжлэгч Д.З нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг шаардаж буй болохоос хөрөнгө шаардаагүй юм.

 

7. Сөрөг шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь хариуцагч Д.А нь өмчлөх эрхийн маргаантай, тухайн маргааныг захиргааны хэргийн шүүх , иргэний хэргийн шүүх эцэслэн шийдвэрлээгүйг мэдсээр байж байшингаа дуусган барьсан,тухайн байшин барихад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, газрын хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүй хөрөнгө бий болгосон хариуцлагыг өмчлөгч хариуцах учиргүй, хариуцагчийн хувьд энэхүү эрсдэлээ өөрөө хариуцах учиртай байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 т зааснаар Хан-Уул дүүрэг, **-р хороо, Нисэхийн **-р гудамж, *** тоот хаягт байршилтай 700 м кв хэмжээ бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-**** дугаартай, 000**** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Д.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Д.З-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20 400 000 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 т зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 330,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.З-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ