| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0686/3 |
| Дугаар | 128/шш2023/0968 |
| Огноо | 2023-12-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/шш2023/0968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Маргааны төрөл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ТҮЦ-ийг албадан чөлөөлсөн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохирол 7,600,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, З.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.С.Б*******ээс Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, ТҮЦ албадан чөлөөлсөн захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, захиргааны хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 7,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “С*******” ХХК-ийн захирал Ө.Стэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу тухайн байршилд үйл ажиллагаа явуулж байсан байна.
3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дүгээр захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн дугаар хороо, Р******* рестораны урд байрлах ТҮЦ-ыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
1/Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/4******* дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Россия рестораны урд байрлах С.Б******* миний өмчлөлийн ТҮЦ-ийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Дээрх А/4******* дугаартай захирамжийн 1 дэх заалтаар Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг байршуулсан, явган хүний зам, үзэгдэх орчин хаасан, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн газарт байршуулсан 9 ширхэг түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх байршлыг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдэд мэдэгдэх хуудсыг хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгосон байх бөгөө уг захирамжийн хавсралтад Нүүлгэн шилжүүлэх ТҮЦ-ний байршилд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Р******* рестораны урд 1 түц гэж миний ТҮЦ-ийг албадан чөлөөл гэжээ.
Би анх уг газар дээр ТҮЦ байршуулахдаа Россия рестораны Гүйцэтгэх захирал гэх Ө.Стэй Түрээсийн гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан. Тодруулбал, Россия рестораны Гүйцэтгэх захирал гэх Ө.С нь миний ТҮЦ байрлаж байгаа газрыг өөрсдийн хууль ёсны эзэмшлийн газар гэж надад хэлээд надтай 2019 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, газар эзэмшиж, ашигласны төлбөр авч байсан учраас би зохих этгээдийн зөвшөөрөлтэй газар гэж бодож байсан. Би газар түрээсэлсний төлбөр гэж Ө.Ст нийтдээ 12 сая төгрөг өгсөн. Гэтэл бидний дунд маргаан үүсч газрын албан дээр очихдоо уг газар нийтийн эзэмшлийн газар болохыг олж мэдээд намайг залилсан хэргээр Ө.Сийг цагдаад өгч, одоо уг асуудал шалгагдаж байгаа.
Би энэ тухай Баянзүрх дүүргийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргаж, надад зохих зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн боловч надад бичгээр хариу өгөөгүй хирнээ шууд намайг нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг байршуулсан гэж буруутгаж ТҮЦ-г маань албадан чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Тодруулбал захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа тус хуулийн 4.2 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" үүрэгтэй боловч Засаг даргаас захиргааны актыг гаргахдаа хуульд заасан дээрх зарчмуудыг огт баримтлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүдийн оролцоог хангаагүй буюу сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг илтэд зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/4******* дугаартай захирамжийн 2 дахь заалтаар Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдэд мэдэгдэх хуудсыг хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгосон байх боловч уг захирамж гарахаар өмнө надад мэдэгдэх хуудас өгсөн.
Зүй ёсоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/4******* дугаартай захирамжийг гарсны дараа уг захирамжийг үндэслэн мэдэгдэх хуудас хүргүүлж, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах ёстой гэж би ойлгож байна.
Гэтэл С.Б******* надад 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Э.Т******* гэх хүний гарын үсэгтэй мэдэгдэх хуудас, 2023.06.16-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Н.Ш******* гэх гарын үсэгтэй албадан чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Ингэхдээ яг ямар захирамж, юуг үндэслэж мэдэгдэх хуудас өгснөө тайлбарлаагүй. Шууд намайг 7 хоногийн дотор ТҮЦ-ээ нүүлгэ л гэсэн юм өгсөн.
Дээрх захирамжийн 1 дүгээр зүйлд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг байршуулсан, явган хүний зам, үзэгдэх орчин хаасан, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөн газарт байршуулсан гэсэн үндэслэлгүй.
Миний Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Россия рестораны урд байрлах ТҮЦ маань нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, явган хүний зам, үзэгдэх орчин хаасан, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөн талаар надад огт мэгдэгдээгүй. Хэрэв би төлөвлөгөөнд тусгагдсан газар болохыг мэдсэн бол заавал ингэж хохирохгүйгээр ТҮЦ-ээ өрөө нүүлгээд аваад явах байсан.
2/Засаг даргын захирамж гараагүй байхад захирамжийг биелүүлж миний ТҮЦ-г хууль бусаар ачиж явсан бөгөөд дараа нь захирамжийг нөхөж гаргасан захиргааны үйл ажиллагаа хууль бус байна. Учир нь:
2023 оны 07 сарын 04-05-ны шилжих шөнө эзэмшигч, өмчлөгчийг байлцуулахгүйгээр миний ТҮЦ-ийг нууцаар хууль бусаар ачиж авч яван Баянзүрх дүүргийн газрын албаны журмын хашаанд шөнө дунд аваачсан болохыг би 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн.
Ингээд уг асуудлаар газрын албан дээр очиж уулзахад Баянзүрх дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Б******* миний ТҮЦ-г чөлөөлсөн гэж өөрөө хэлсэн ба Засаг даргын захирамж бичгээр гараагүй бөгөөд нөхөж гаргах талаар мэдэгдсэн. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/4******* дугаартай захирамжийг надад viber-аар явуулж танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан.
Иймээс захирамж гараагүй, эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад миний ТҮЦ-ийг нууцаар хууль бусаар ачиж авч явсан захиргааны байгууллагын тус үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд албан ёсоор бичгээр Засаг даргын албадан чөлөөлөх захирамж гараагүй байхад миний өмчлөлийн ТҮЦ-ийг албадан чөлөөлж, албадан чөлөөлсний дараа бүр 3 хоногийн дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/4******* дугаартай захирамжийг нөхөж гаргасан нь хууль зөрчсөн, хууль бус байна. Ингэж миний ТҮЦ-г хууль бусаар ачиж явснаас шалтгаалж ТҮЦ маань Баянзүрх дүүргийн газрын албаны журмын хашаанд байхдаа үерт автаж надад 7,600,000 /долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учраад байна.
Засаг даргын хууль бус шийдвэртэй холбогдуулан уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн засаг даргад 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хандсан боловч 2023 оны 07 сарын 31-ний өдөр Засаг даргын захирамжийн танд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариу мэдэгдсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс ул хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно", Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3- д "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох", 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж заасан” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Р******* рестораны урд байрлах нэхэмжлэгч С.Б*******ийн өмчлөлийн ТҮЦ-ийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Захирамжийн нэг дэх заалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан явган хүний зам, үзэгдэх орчин хаасан, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн газарт байршуулсан 9 ширхэг ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх байршлыг хавсралтаар батлаад. 2 дахь заалтаар нь нийтийн эзэмшлийн зам талбай зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-д мэдэгдэх хуудсыг хүргүүлээд, нүүлгэн шилжүүлэх ажлыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгосон байх бөгөөд уг захирамжийн хавсралтад нүүлгэн шилжүүлэх ТҮЦ-ний байршил Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Р******* рестораны урд байрлах нэг ТҮЦ гэж нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд анх уг газар дээр ТҮЦ байршуулахдаа Р******* рестораны гүйцэтгэх захирал Ө.С гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байсан. Р******* рестораны гүйцэтгэх захирал Ө.С нь нэхэмжлэгчийн ТҮЦ байрлаж байсан газрыг өөрсдийн хууль ёсны эзэмшлийн газар гэж хэлээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад, газар ашигласны төлбөр авч байсан. Нэхэмжлэгчийн хувьд зохих этгээдийн зөвшөөрөлтэй газар гэж бодож байсан. Түрээсний төлбөр гэж Ө.Ст нийтдээ 12 сая төгрөгийг өгсөн байдаг. Гэтэл Ө.Стэй маргаан үүсэж улмаар газрын албан дээр очиход тус газар нь нийтийн эзэмшлийн газар байсан болохыг олж мэдсэн. Нэхэмжлэгчийг залилсан хэргээр Ө.Сийг цагдаагийн байгууллагад өгч уг асуудал шалгагдаж байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргад 2023 оны 06 сарын 21-ний өдөр гомдол гаргаж зохих зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн боловч хариу бичгээр өгөөгүй. Нэхэмжлэгчийг нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан гэж буруутгаж, ТҮЦ-ийг нь албадан чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Тодруулах юм бол Захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах үүрэгтэй боловч Засаг даргаас захиргааны актыг гаргахдаа хуульд заасан зарчмуудыг огт баримтлалгүй иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж байгаа этгээдийн оролцоог хангаагүй буюу сонсох ажиллагаа хийгээгүй тайлбар, нотлох баримт гаргаж боломж, хүсэлтээ шийдвэрлэх боломжуудаар хангаагүй. Монгол Улсын Үндсэн хууль, хуулиар хамгаалагдсан, өмчлөх эрхийг нь илтэд зөрчсөн шийдвэр гаргасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/4******* дүгээр захирамжийн 2 дахь заалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-д мэдэгдэх хуудсыг хүргүүлээд дараа нь нүүлгэн шилжүүлэх ажлыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгосон байдаг. Ингэхээр зүй ёсоор бол Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа мэдэгдэх хуудас хүргүүлээд. Дараа нь уг хугацаанд ТҮЦ-ийг албадан чөлөөлөөгүй байх юм бол Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс албадан чөлөөлөх юм байна гэж захирамжаас ойлгосон. Гэтэл захирамж гарахаас өмнө буюу 2023 оны 06 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга н.Т******* гэх хүний гарын үсэгтэй мэдэгдэх хуудас 2023 оны 06 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын гарын үсэгтэй албадан чөлөөлөх, мэдэгдэх хуудас өгсөн. Ингэхдээ ямар захирамж юуг үндэслэж мэдэгдэх хуудас өгснөө тайлбарлаагүй. Шууд 7 хоногийн дотор ТҮЦ-ээ нүүлгэ гэсэн байсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга түр орлон гүйцэтгэгчид н.Т*******, Газрын албанд тус тус бичгээр хүсэлтүүд өгсөн боловч асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр албадан чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Мөн Захирамжид ТҮЦ байршуулсан явган хүний зам, үзэгдэх орчныг хаасан, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн зохион байгуулалт хийхээр төлөвлөгдсөн газар гэж хэлсэн боловч энэ талаарх ямар ч баримт, нотлох баримтыг өгөөгүй, төлөвлөгдсөн газар биш байна гэж үзэж байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байхад захирамжийг биелүүлж ТҮЦ-ийг хууль бусаар ачиж явсан бөгөөд дараа нь захирамжийг нөхөж гаргасан. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус гэж үзэж байгаа. 2023 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө эзэмшигч өмчлөгчийг нь байлцуулахгүйгээр нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг хууль бусаар ачиж явсан бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын албаны журмын хашаанд очсон болохыг 2023 оны 07 сарын 05-ны өдөр ТҮЦ-ээ нээх үедээ мэдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний хувийн өмчийг хууль бусаар чөлөөлөхийг хориглоно гээд заачихсан байгаа. Гэтэл үүрээр ямар ч захирамж гараагүй байхад эрх бүхий этгээдүүд гаргасан гомдол хүсэлтийг бичгээр шийдвэрлэсэн ямар нэгэн хариу өгөөгүй байж өмчлөгч эзэмшигчийг байлцуулахгүйгээр чөлөөлсний улмаас тухайн ТҮЦ нь Баянзүрх дүүргийн Газрын албаны журмын хашаанд байхдаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас үерт автаад дотор нь байсан бүх эд хөрөнгүүд гэмтээд жимс ногоо муудсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад ТҮЦ алга болсон тухай 102 дугаар дуудлагын утсанд дуудлага өгөөд Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг шалгах мөрдөн шалгасан. Мөндөн шалгах ажиллагааны явцад тухайн Газрын албаны журмын хашаанд очиж үзлэг хийлгээд, үнэлгээ гаргуулсан. Хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээгээр 7,624,000 төгрөгийн хохирол гаргасан. Ийм учраас Захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас 7,600,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дугаартай захирамжийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Р******* рестораны урд байрлах нэг бүтцэд холбогдох хэсгийг захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгоод, Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Б*******ын нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг ачиж явсан үйлдлийг хууль болохыг тогтоолгож, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т заасны дагуу захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 7,600,000 төгрөгийг хариуцагч буюу БЗД-ийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын 3.4.4-д “ТҮЦ,... цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах”-р заасан ба Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн 2023 оны бүтэн жилийн ажлын төлөвлөгөөнд “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулдаг нийт 535 Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-г нүүлгэн шилжүүлэхээр” тусгаж өгсөн.
Уг төлөвлөгөөний биелэлтийг хангуулах мөн 2023 онд тохижилт бүтээн байгуулалтын ажилт саад бэрхшээл учруулж байгаа нийт 135 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.
2/Иргэн н.Б******* нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулан жимс, ногооны худалдаа эрхэлж улмаар түүнээс “жимс, худалдан авч идээд хордсон” гэх гомдол иргэдээс “зөвшөөрөлгүй ТҮЦ-г нүүлгэн шилжүүлж өгнө үү” гэх албан бичиг аж ахуй нэгж байгууллагуудаас удаа дараа манай хэлтэст ирж байсан ба 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл зөвхөн аж ахуй нэгж байгууллагаас гэхэд 30 орчим гомдол бүртгэгдээд байна.
3/Эдгээр иргэд болоод аж ахуй нэгж байгууллагуудын хүсэлт гомдлын дагуу Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Б******* нь Н.Б*******тэй уулзахад “би БЗД-н 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Россияа ресторанаас уг газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг” гэж хэлэхэд нь та зөвшөөрөгдсөн цэгт ТҮЦ байршуулах ёстой, таны ТҮЦ байршиж байгаа газар нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд Россияа рестораны эзэмшлийн газар биш тул таны ТҮЦ хууль бусаар байршиж байна. Иймд та гомдол санал байгаа бол хуулийн байгууллагад хандах, өмгөөлөгч, хуульч нараас зөвлөгөө авах хэрэгтэй” гэж хэлээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг С.Б*******т тайлбарлан өгсөн боловч ТҮЦ-г шилжүүлэхээс татгалзсан.
Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэж заасны дагуу мэдэгдэх хуудсыг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн ахлагчаар дамжуулан, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 6 дугаар сарын 16-ний өдөр тус тус С.Б*******т гардуулсан боловч тэрээр Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д“...зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж заасныг, мөн түүнчлэн НИТХ-н 34 дүгээр тогтоолын 8 дугаар зүйлийн 8.1.15-д "ТҮЦ эрхлэгчид нь .... эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлөх” үүрэгтэй гэснийг тус тус эс биелүүлж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-г нүүлгэн шилжүүлээгүй юм.
Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дугаар захирамжийн 1-д “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан, явган хүний зам, үзэгдэх орчин хаасан, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн газарт байршуулсан 9 ширхэг ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх байршлыг хавсралтаар баталсугай” гэж заасан.
3/Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Засаг даргын захирамжийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 34 дүгээр тогтоолын хавсралт 9 дүгээр зүйлийн 9.1-д “Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл дүүргийн худалдаа, үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж, ...хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, иргэд, үйлчлүүлэгчдийн ая тух аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авна” гэж тус тус заасныг үндэслэн иргэн Н.Б*******ийн ТҮЦ-г нүүлгэн шилжүүлсэн.
Ийнхүү шилжүүлэх үед ТҮЦ-ний эзэмшигч н.Б******* рүү мэдэгдэх зорилгоор 80114930 дугаарын гар утас руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан учир тухайн ТҮЦ-г Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах журмын хашаа руу нүүлгэн шилжүүлж манаачид тухайн ТҮЦ-г хүлээлгэн өгсөн болно.
Маргааш өглөө буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдөр надтай ирж уулзаад танхай хэргээр баривчилгаанд яваад ирэх хойгуур ТҮЦ-г минь ачаад явсан байна гэх агуулга бүхий зүйлийг ярьсан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Б*******ийн нэхэмжилж байгаа 7.600.000 төгрөгт тайлбар байна. Манай байгууллага ТҮЦ албадан нүүлгэх эрх мэдлээ гүйцэтгэх гэрээгээр тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, ТҮЦ-ийг албадан нүүлгэдэг. Тэгэхэд тус кранууд тухайн ТҮЦ-ийг зөөвөрлөх, буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдолтой хөдөлмөрийн аюулгүй байдал, ТҮЦ-ний бүрэн бүтэн байдал дотоод эд хөрөнгийг тухайн иргэн, аж ахуйн нэгж хариуцдаг байгаа. Хавтаст хэрэгт тухайн гэрээ авагдаагүй байгаа байх. Шаардлагатай бол тэр гэрээг гаргаж өгч болно. Тэгэхдээ Засаг даргын гаргасан захирамжийн дагуу албадан нүүлгэсэн тухайн захирамж маань хуулийн хүрээнд хэрэгжсэн гэж үзэж байна. С.Б*******ийг тухайн ажил гүйцэтгэсэн компаниас эвдрэл гэмтлийнхээ хохирлыг нөхөн төлүүлэх талаар нэхэмжлэлээ гаргасан нь дээр болов уу гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дүгээр захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн дугаар хороо, Р******* рестораны урд байрлах ТҮЦ-ыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
2.Ингэхдээ 2023 оны 06 дугаар сарын 15, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн гэж үзэхээр байна.
3.Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “С*******” ХХК-ийн захирал Ө.Стэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу тухайн байршилд үйл ажиллагаа явуулж байсан байх бөгөөд түүнд газар эзэмшүүлж, ашиглуулах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гараагүй байна.
Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэжээ.
4.Дээрхээс дүгнэвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дүгээр захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчийг нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг байрлуулсан гэх үндэслэлээр нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
5.Уг захиргааны актыг үндэслэж нэхэмжлэгчийн өмчлөлийн ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн байх бөгөөд тухайн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.
6.Өөрөөр хэлбэл дээрх мэдэгдлүүд болон нэхэмжлэгчийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах үед үүсэж болох нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байх бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүйн улмаас захиргааны журмаар газрыг чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлсэн байх тул хариуцагчийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7.Харин нэхэмжлэгч нь хууран мэхэлж түрээсийн гэрээ байгуулсан, ТҮЦ-ийг зохих норм дүрмийн дагуу хадгалаагүй гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж хохирол гаргуулахаар өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд уг шүүхийн шийдвэр дээрх үйл ажиллагаанд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б*******ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4******* дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ТҮЦ-ийг албадан чөлөөлсөн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохирол 7,600,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
М