Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/56

 

 

 

Ш.Т, Н.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Мөнгөнтуяа,

            Шүүгдэгч Н.М-ны өмгөөлөгч: Ю.Н,

            Шүүгдэгч Ш.Т-ын өмгөөлөгч: Ж.Ж,

            Хохирогчийн өмгөөлөгч: С.Ш,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.Т, Н.М нарт холбогдох, эрүүгийн 1919004380016 дугаартай, 2 хавтас, 434 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн гомдол, прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг тус тус үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Б овогт Ш-ийн Т,

 

2. Х овогт Н-н М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ш.Т, Н.М нар нь бүлэглэн согтуугаар 2019 оны 12-р сарын 02-ны өдрийн шөнө Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөн зүлэгт” нэртэй бааранд хохирогч М.З-ын бэлэг эрхтэнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ш-ийн Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ха овогт Н-н М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

 

Шүүгдэгч Х овогт Н-н М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.М-д шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж,

 

Хохирогч М.З нь цаашид гарах эмчилгээний зардлын болон бусад зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг хутга, арчдас бүхий 2 ширхэг цаас, үстэй арьс мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагаатгагдсан этгээд Ш.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийн агуулга нь анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Т, Н.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэх эсэргүүцлээ дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М, Ш.Т нарын бүлэглэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө тус аймгийн Иххэт сумын 3-р багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөн зүлэгт” нэртэй баарны караокены өрөөнд бүлэглэн хохирогч М.З-ын бэлэг эрхтэнд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Н.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг дараах байдлаар үгүйсгэж байна. Нэгдүгээрт шүүгдэгч Н.М, Ш.Т нь хохирогч М.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Учир нь тухайн хэрэг болсон баар нь хяналтын камертай байдаг. Нэг камерын чиглэл нь хэрэг болсон газар луу чиглэсэн тул бичлэгийг сидинд хуулбарлаж авч үзлэг хийсэн байдаг. Энэ үзлэгээр анх Ш.Т, Н.М, М.З нартай А, У гэсэн хүмүүс хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тодорхой хугацааны дараа А, У 2 гараад явсан. Хэсэг хугацааны дараа шил хагарах чимээ гарахад баарны эзэн нэг удаа өрөөнд нь орж үзэхэд архи, пиво асгарсан байсан гэж мэдүүлснээрээ шууд нотлох баримт болдог. Мөн нэг чухал нотлох баримт нь камерын бичлэг юм. Бичлэгт хохирогч, 2 шүүгдэгч нараас өөр хүн тухайн өрөө рүү ороогүйг нотолно. Ингээд хэсэг хугацааны дараа хохирогч М.З ариун цэврийн өрөө рүү орсон байдаг. Ариун цэврийн өрөө рүү орох болсон шалтгаанаа хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа “Би тухайн үед тасраад уначихсан байсан. Гэтэл нэг мэдэхэд час хийгээд өвдөлт өгөх үед сэрсэн. Сэрээд хартал дээлийн хормой сөхөгдсөн, өмд шувтлагдсан мөн бэлэг эрхтэн орчмоор маш их хорсож өвдөж байсан. Тэгээд яагаад гэмтсэнээ үзэх гээд ариун цэврийн өрөө рүү орсон” гэдэг. Тухайн үед сэрээд харахад Ш.Т, Н.М 2 байсан гэдэг. Хохирогчийн анхны мэдүүлэгт нь яг өвдөлт өгөөд босоод ирэхэд “одоо боль боль” гэсэн 2 хүний яриа сонсогдсон талаараа хэлсэн байдаг. Хохирогч ариун цэврийн өрөөнд орж бэлэг эрхтнээ харахад цус болчихсон байсан гэсэн. Тэгээд гарч ирээд гэрч Ө, А хоёртой таарсан. Гэрч Ө нь “М.З нь ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд надтай мэндэлж гар барихад гар нь цус болчихсон байсан” гэж мэдүүлснээр бас нотлогдож байна. Тэгэхээр уг цугларсан нотлох баримтуудаар хохирогч М.З-ын бэлэг эрхтэнд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэрэг гарах үед хажууд нь шүүгдэгч Н.М, Ш.Т нар байсан. Өөрөөр хэлбэл Ш.Т нь хохирогч М.З-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг хэзээ хэн, хэрхэн учруулсан талаар мэдэхгүй гэж мэдүүлдэг боловч хэргийн эх сурвалжийг зааж өгч чадаагүй хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж, уг дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Уг хөнгөн үйлдсэн гэмт хэргийг бүлэглэж оролцож байна. Энэ нь субъектив санаа зорилгоороо нэгдэж байгаа тул бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ улсын яллагчийн гаргаж байгаа дүгнэлт, яллах талын нотлох баримтууд мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрхэн, яаж няцаасан үндэслэлийг тогтоолынхоо тодорхой хэсэгт дэлгэрэнгүй байдлаар тусгаж өгч чадаагүй, хэт ерөнхий байдлаар тусгасан нь шүүх хуралдаанд дүгнэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа тул эсэргүүцлийг гаргаж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Н.М-ны өмгөөлөгч Ю.Н давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдөр Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэлээс эм тариа, эмчилгээний төлбөр 658380 /зургаан зуун тавин найман мянга гурван зуун ная/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1000000 /нэг сая/ төгрөг, нийт 1658380 /нэг сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун ная/ төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хохиролд юуг ойлгож тооцох, 2 дахь хэсэгт гэмт хэргийн хор уршигт юуг ойлгож тооцох талаар тус тус зааж хуульчилсан ба тус хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  шүүх гэмт хэргийн бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гаргах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан. Өмгөөлөгчийн хөлс нь өөрөө гэмт хэргийн бодит хохирол биш, гэмт хэргийн хор уршгийг арилгахад гарах зардал ч биш юм. Үндсэн хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хохирогчийн өөрийн хүсэл зоригийн асуудал байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд хамруулах үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, өмгөөлөгчийн хөлс, зардал гэсэн ойлголтууд нь Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тус тусдаа зааж зохицуулсан байдаг. Анхан шатны гэм буруугийн асуудал хэлэлцсэн шүүх хуралдааны дараагаар хохирол төлбөрийн асуудлаар завсарлага авах явцад шүүгдэгч Н.М-ны хувьд шүүхээс эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөр төлөөгүй үндэслэлээр хүндрүүлж оногдуулж магадгүй гэж айж эмээсэн мөн түүнчлэн хохирогч талд шүүхээс тогтоосон зөвхөн эм тариа, эмчилгээний бодит зардлыг төлье гэдэг талаар санал тавихад өмгөөлөгчийн хөлсний хамтаар 1658380 /нэг сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун ная/ төгрөгийг бүтэн төлүүлэх эсхүл бүтэн төлөхгүй байх талаар санал зөрсөн учраас анхан шатны шүүхээс тогтоосон төлбөрийг бүрэн төлсөн. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд үндэслэлгүйгээр тооцож, хохирлын асуудлыг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас шүүгдэгч Н.Мөнхчулуунаас хохирогч М.Зоригтбаатарт хохиролд тооцож төлсөн өмгөөлөгчийн хөлсийг буцаан гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Т-ын өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Т-д эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Прокурорын эсэргүүцлийг сонслоо. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй буюу Ш.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдох боломжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөө хэлбэл тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ш.Т нарт бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн хүндрүүлэн үзэх шалтгаантайгаар үзэж зүйлчилсэн нь хавтаст хэрэгт авагдсан материал болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдон тогтоогдсон нотлох баримтаар нотлогдох боломжгүй байсан юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шалгагдах үеэс оролцож, бүхий үйл ажиллагаанд биечлэн оролцсон болно. Тэгэхээр Ш.Т-ын оролцоо уг гэмт хэрэгт нотлогдог тогтоогддоггүй. Гэтэл прокурор нь уг гэмт хэрэг бааранд болсон гэж ярьж байна. Үнэхээр уг хэрэг бааранд болсон эсэх нь эргэлзээтэй байдаг. Тухайн баарны камерын бичлэг болон нэр бүхий хэдэн гэрч нарын мэдүүлгээр тогтоогдох боломжгүй. Цаг хугацааны хувьд тухайн бааранд болсон эсэхийг тогтоох мөн боломжгүй. Учир тухайн баарны үйлчлэгч болон бусад өрөөнд хүмүүс байсан учир уг нөхцөлд тодорхой дуу авиа сонсогдох боломж байсан. Мөн камерын бичлэг нь 10-15 минутын бичлэг байдаг. Хохирогч М.З-ыг эхнээсээ мэдүүлсэн гэж байна. Хохирогч эхнээсээ мэдүүлдэггүй, юу болсныг мэдэхгүй гэдэг. Мөн Ш.Т-ыг үйлдлийг нь таслан зогсоогоогүй гэсэн нөхцөлийг ярьж байна. Гэтэл Ш.Т тухайн бааран дотор ийм үйл баримт болсон эсэхийг мэдэх боломжгүй байсан тул санаа зорилгын үзэл бодол нэгдэж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Хохирогч нь уг гэмтлээ хаана, яаж авсан эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, хэзээ үйлдэгдсэн, хэнтэй холбоотой шалтгаан нөхцөл үүссэн нь тодорхой үндэслэлээр нотлогдон тогтоох боломжгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, шийтгэх тогтоолын хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Ю.Н өмгөөлөгчийн хувьд хохирлын төлбөрийн талаар гомдол гаргасан байдаг. Үүнийг анхан шатны шүүх хүлээж аваад миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч шүүгдэгчид урьдчилж танилцуулах заалтыг зөрчсөн гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заавал өмгөөлөгч авах заалт байгаа. Энэ дээр яллагдагч, шүүгдэгч гэж байгаа хэдий ч бичиг үсэг мэдэхгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлдэг. Гэтэл хохирогчийн хувьд бичиг үсэг огт мэдэхгүй учраас заавал өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь өөрсдийн санаачилгын асуудал биш, хуульд нийцсэн шаардлагатай холбоотой гэж үзэж байна. Иймд өмгөөллийн хөлсийг гэм буруутай этгээдээс гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ю.Н-ийн гаргасан өмгөөлөгчийн хөлсийг буцаан гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж үзэж байна. Учир нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн асуудал хэлэлцсэн шүүх хуралдааны дараагаар хохирол төлбөрийн асуудлаар завсарлага авч ярилцахад Ю.Н өмгөөлөгч өмгөөллийн зардлаасаа татгалзчих гэхээр нь би боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн зардлыг шүүгдэгч өөрийн сайн дураараа төлсөн. Нэгэнт өөрсдөө хүлээн зөвшөөрч төлсөн төлбөрөө одоо давж заалдсан гомдол гаргаад нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Ю.Н өмгөөлөгч хуулийг нэг мөр тайлбарлаж ойлгох асуудал ярьж байгаа нь Эрүүгийн хуулийг буруугаар ойлгоод тайлбарлаж байна гэж бодож байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн улмаас хохирогч М.З-ын эрүүл мэндэд нь хохирол учирчихаад байгаа юм. Тэгэхээр уг зүйл заалтад тухайн эрүүл мэндийн хохирлоос үүдэн гарсан хохирлыг гаргуулна гэсэн ойлголттой байж болохгүй байх гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг Ю.Н өмгөөлөгч тайлбарлаж байна. Үүнд тайлбар өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь дараах зардлаас бүрдэнэ гэсний эхэнд өмгөөлөгчид өгөх зардал гэж заасан байгаа. Өмгөөлөгчид өгөх зардлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулиар зохицуулна гэсэн хэдий ч өмгөөллийн хөлс гэж юу вэ? зардал гэж юу вэ? гэдгийг л тайлбарласан байдаг. Тэгэхээр үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлснээр гарсан өмгөөллийн хөлсөө хэрхэн гаргуулах, хэнээр гаргуулах, яаж гаргуулах зэрэг асуудлыг зохицуулсан зохицуулалт байхгүй. Энэ асуудлыг тухайн салбар, салбарынхаа материаллаг болон процессын эрх зүйн хуулиар зохицуулаад явах боломжтой. Иймд уг хэрэг дээр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдаад явах байх гэж бодож байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс үүнийг хохирол мөнгө, зардал гэж үзээд шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм гэж үзэж байна. Мөн хохирогч нь мөнгө муутай, мөн нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн хэдий ч ажил төрөл хийж чадахгүй байна, очихоор сум орон нутгийнхан ч гадуурхаад байна, өөр аймаг руу явж айлын мал маллах гэж байгаа гээд ерөөсөө үзүүлж чадаагүй. Бас яагаад энэ хүн нь өмгөөлөгч авах шаардлагатай болсон юм бэ? гэхээр бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ дөнгөж зурж чаддаг. Иймд бичиг үсэг мэдэхгүй тул заавал өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байгаа нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагддаг. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн зардлыг гэм буруутай этгээд гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүхийн практикийн асуудлыг өмгөөлөгч ярилаа. Бичиг үсэг мэдэхгүй, төлбөрийн чадваргүй иргэнд заавал өмгөөллийн туслалцаа үзүүлэх шаардлагатай болдог. Уг эрүүгийн хэргийг анхан шатны шүүх ингэж шийдвэрлэсэн нь сайн жишиг болж, дараа дараагийн хохирогчийн өмгөөллийн асуудал дээр нэмэртэй сайн жишиг болсон гэж үзэж байна. Ийм учраас Ю.Нямсүрэн өмгөөлөгчийн гаргасан хохирогчийн өмгөөллийн зардлыг буцаан гаргуулах тухай гомдол нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрээр уг гомдлыг ямар нэгэн гаргуулах байдлаар шийдвэрлээгүй, сайн дурын үндсэн дээр төлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны 2020/ШЦТ/105 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Н.М-ны өмгөөлөгч Ю.Н-ээс гаргасан давж заалдах гомдол,  Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас гаргасан эсэргүүцэл зэрэгт үндэслэн тэдгээрт бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

 Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад 2019 оны 12-р сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын төвд байрлах “Өргөн зүлэгт” баарны вип өрөөнд шүүгдэгч Н.М, Ш.Т, хохирогч М.З нар хамтдаа архи ууж согтуурцгаасан ба хохирогч М.Зоригтбаатарыг согтсон үед нь шүүгдэгч Н.М түүний бэлэг эрхтнийг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Т нь Н.М-ны үйлдлийг таслан зогсоогоогүй, эс үйлдэхүйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэсэн үйл баримтууд болсон тул прокуророос шүүгдэгч Н.М, Ш.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллуулахаар шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.М дангаараа үйлдсэн гэж үзэж шүүгдэгч Ш.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.М-д холбогдох мөн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн нөхцөл байдал нь гэм буруутай этгээдээс хохирогч руу шууд чиглэсэн санаатай, идэвхтэй, бодитой үйлдэл хийсэн байхаар тусгагдсан гэж үзнэ.

 

Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Н.М, Ш.Т, хохирогч М.З гурвуулаа хамт байсан ба хохирогчийн зүгээс өөрт учирсан гэмтлийг Н.М учруулсан гэж шууд тогтвортойгоор заадаг болох нь түүний мөрдөн байцаалтад 2 удаа хохирогчоор өгсөн /1-р хх-ийн 70-72, 216-217/  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа ба хохирогчид учирсан гэмтэл нь  “Өргөн зүлэгт” баарны вип өрөөнд болсон байх боломжтой нь гэрч Ө.Ө-ын “ ... З 00-оос гарч ирээд надтай мэнд мэдэж гар барих гэтэл гар нь цус болсон байсан, би гарыг нь түлхэж гараа яасан юм бэ гэтэл хэлэхгүй надтай хамт зогсож байсан М руу дайрч эхэлсэн” гэсэн /1-р хх-ийн 24-25/,

 

гэрч Б.А-ийн “ ... Ө-тай 00-д тамхи татаад байж байсан чинь З 00-оос гарч ирээд түүнтэй гар барих гэсэн чинь “ заваан юм бэ наад гар хуруугаа угаагаач “ гэж байсан,  ... З М руу “чи муу новширлоо” гээд ... М, З 2 зууралдаад авсанд буржаак Жагай тэр 2-ын дундуур нь орж салгасан...” гэсэн /1-р хх-ийн 203-204/,

 

гэрч М.Ц-ын  “ ... хайрыг нь 2 хүн шоглочих шиг боллоо ... миний доод хэсгээр хорсоод байна гэхээр нь би хэвлийгээс нь эхлээд үзэж байтал бэлэг эрхтнээс нь цус гарч байсан” /1-р хх-ийн 66/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч М.З-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01-р сарын 17-ны 02/024 тоот дүгнэлт, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засал хийгдсэн тухай өвчтөний түүхийн хуулбар, баарны камерын бичлэг, вип өрөөнд хийсэн хэргийн газрын үзлэгээр хүний үс мэт зүйлүүд байсан тухай тэмдэглэгдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус тогтоогдсон тул анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-ыг гэм буруутай гэж үзсэн, шүүгдэгч Ш.Т-ын гэм буруутай шууд санаатай, идэвхтэй, бодитой хийсэн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж түүнд холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус тус зөв болсон.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байх ба анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын дотор байна гэж үзнэ.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах санал хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Н.М-ны үйлдлийн улмаас хохирогчид учирсан гадна бэлэг эрхтний хуйхнагны шарх бүхий хөнгөн гэмтэл нь эд эрхтний үйл ажиллагааг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар хямруулах буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа, хохирогчийн биеийн эрүүл мэнд болон уг журамд нийцүүлэн гаргасан 02/024 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр уг гэмтэл нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн шинжийг тус тус хангаж байна гэж үзнэ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр прокурор Б.Мөнгөнтуяагаас гаргасан шүүгдэгч Ш.Т нь эс үйлдэхүйгээр хохирогч М.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт бүлэглэж хамтран оролцсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн эсэргүүцэл нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Н.М-ны өмгөөлөгч Ю.Н-ээс хохирогчийн өмгөөллийн хөлс болох 1000.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлсэн нь үндэслэлгүй тул хохирогчоос буцаан гаргуулж өгөхийг хүссэн давж заалдах гомдлын тухайд үзвэл

 

1.Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нь сайн дураар уг төлбөрийг төлсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.

 

2.Анхан шатны шүүх 2020/ШЦТ/105 тоот шийтгэх тогтоолдоо өмгөөлөгчийн хөлс гаргуулахаар заагаагүй, шийдвэрлээгүй тул өмгөөлөгчийн хүсэлтээр тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Н.М-ны өмгөөлөгч Ю.Н-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Гэхдээ хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн тусалцаа авах эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өөрийнх сайн дурын үндсэн дээр хийгдэх хүсэл зоригийн асуудал тул хохирогчийн өмгөөлөгчийн хөлс нь мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалд хамаарахгүй.

 

Хохирогч М.З-ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэл нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл өмгөөлөгчид төлсөн зардлыг хохирогч нэхэмжилсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хамаарч энэ нь Иргэний хуулийн 505 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан зайлшгүй нөхөн төлөх зардалд хамаарах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС