Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2024/00222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***  сумын *** баг, *** тоотод оршин суух, *** овгийн **-ийн ***-ийн нэхэмжлэлтэй,

мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ***  сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 1999 оноос эхлэн нөхрийн хамт мал маллаж байгаа малчин өрх юм. Гэтэл багийн дарга мал тооллогын А дансанд малчны тоог 2019, 2020, 2021 онуудад 1 хүнээр бүртгэж хариуцлагагүй хандсанаас миний эрх ашиг хохирч байгаа юм. Иймд гэрлэлтийн гэрчилгээ, Үндэсний архивын газрын 2000 оны лавлагаа, охин ***ны төрсний гэрчилгээ зэргийг үндэслэн 2019, 2020, 2021 онд малчнаар нөхрийн хамт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-2019, 2020, 2021 онуудын ***ын ***-ын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн ***  сумын *** багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 121 дугаартай тодорхойлолт,

-***-ын ***, ***-н *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-***-ын ***-ын төрсний гэрчилгээний хуулбар,

-Үндэсний төв архивын 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

-***-ын ***-ын 2021, 2022, 2023 онуудын малын тоо толгойн албан татвар төлсөн талаарх тодорхойлолт.

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-гэрч ***-гийн мэдүүлэг.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ***  нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ***  сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. ***  нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ***  сумын *** багт мал маллаж байсан болох нь:

-Магсаржавын Энхбатын 2019, 2020, 2021 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн ***  сумын *** багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 121 дугаартай “...Магсаржавын Энхбат нь ам бүл 4-үүлээ, тус багт харъяатай малчин өрх болохыг тодорхойлов, 2019, 2020 онд малчин өрхөөр бүртгэгдсэн болно” гэх тодорхойлолт

-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай ***-ын ***, ***н *** нарын 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-***-ын *** 2009 оны 12 дугаар сарын 11-нд Говь-Алтай аймгийн ***  сумд төрснийг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өлөр бүртгэж гэрчигээ олгов. Эцгийн овог ***, эцгийн эцгийн нэр ***, эцгийн нэр ***, эхийн овог ***, эхийн эцгийн нэр ***, эхийн нэр *** гэж бүртгэгдсэн төрсний гэрчилгээний хуулбар,

-Үндэсний төв архивын 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаанд ***ы *** тэргүүлэгч өөрөө, 1970 оны 05 дугаар сард төрсөн 29 настай, эрэгтэй, ***н ***, эхнэр 1973 оны 07 дугаар сард төрсөн 26 настай, эмэгтэй, ***ын *** хүү, 1998 оны 09 дүгээр сард төрсөн, 1 настай, эрэгтэй гэж бүртгэгдсэн,

-Монголын татварын албаны ***ын ***ын 2021, 2022, 2023 онуудын малын тоо толгойн албан татвар төлсөн талаарх тодорхойлолт.

-гэрч ***гийн “...*** нь өөрөө жилийн 4 улиралд малаа малладаг. Бага насны Ерөнхий боловсролын сургуулийн хоёр хүүхэдтэй, эхнэр нь хоёр хүүхдээ хараад аймаг дээр байдаг. Хавар мал төлөх үеэр юм уу, ноос ноолуурын үед, цаг агаар хүндрэх үед мал дээрээ очдог. Би 2021 оны мал тооллогын үеэр ажлаа авсан байсан. Тухайн үед ***  эгч сургуулийн төгсөх ангийн нэг хүүхэдтэй, бага насны сургуулийн нэг хүүхэдтэй байсан. Гэрт нь очиход би сургуулийн хоёр насны хүүхэдтэй аймаг дээр байдаг. Мал дээрээ очиж чадахгүй байна гэж байсан. Нөхөр малаа тоолуулаад хөдөөнөөс тоо ирнэ гэсэн. Нөхөр нь сүлжээгүй холбоо барих боломжгүй байсан учраас аймаг дээр гэрт нь очиж уулзсан. ***  эгч аймаг дээр хүүхдээ хараад байж байсан учраас малчдын тоо нэг гэж бүртгэсэн. ***  нь манай ажлын ард үсчин хийдэг байсан тул татвар төлөгчөөр нийгмийн даатгал төлдөг гэж ойлгосон. ***  сумын хэмжээнд тооллого хийхэд Рашаант баг, Тайшир сумын Галуут багийн наад талаар явж тоолдог. ***ынх өөр газар мал маллаж байгаад өөр сумын малын тооллогын комисс тоолсон. Одоо бол Шарга сумын Улаан туг багт мал маллаж байгаа гэсэн мэдээ өгсөн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5. Иймд *** овгийн **-ийн *** г 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ***  сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6. Хэдийгээр *** нь 2019, 2020, 2021 онуудын  жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд ам бүл 4, малчдын тоо 1 гэж бүртгэгдсэн байгаа боловч гэрч ***гийн  “*** нь өөрөө жилийн 4 улиралд малаа малладаг. Бага насны Ерөнхий боловсролын сургуулийн хоёр хүүхэдтэй, эхнэр нь хоёр хүүхдээ хараад аймаг дээр байдаг. Хавар мал төлөх үеэр юм уу, ноос ноолуурын үед, цаг агаар хүндрэх үед мал дээрээ очдог” гэх мэдүүлэг болон ***, ***  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг үндэслэн *** г мал маллаж байснаар тогтоосон болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн **-ийн *** г 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ***  сумын *** багт мал маллаж байсан болохыг болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                      

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ