| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2017/0070/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2017-10-06 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч С.Өлзий-Отгон, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Чулуунчимэг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Иргэдийн төлөөлөгч: А.Наранцэцэг
Хохирогчийн төлөөлөгч: Ж.Эрдэнэтогтох,
Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Баттогтох,
Шүүгдэгч: Ө.Түвшинбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Түвшинбаярт холбогдох 201716010102 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1990 оны 11-р сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой. Мэдээлэл зүйн багш мэргэжилтэй Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум 3-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцаг чадвартай Барга овгийн Өнөхүүгийн Түвшинбаяр РД/КД90112019/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Түвшинбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт байх “Гурвансайхан” нэртэй гэр гуанзны үүдэнд Э.Майнбаяртай маргалдан улмаар түүний баруун гуяны дотор дунд хэсэгт хутгаар хатгаж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Түвшинбаяр мэдүүлэхдээ: ” ...Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ганц модноос Цагаан хадруу нүүрс тээвэрлэдэг машинтайгаа гарч ирсэн. Тухайн үед хүүхдийн баяр болох гээд 3 ширхэг дугуй аваад Өмнөговь аймаг руу явуулах гэсэн чинь унаа олдоогүй. Тэр өдөр Цагаан хадан дээр хонохоор болоод байж байсан чинь талийгаач надруу яриад “1 шил архи, 1 пивотой өгөөд явуулаач” би 3-р постны хойно очерт байна гэсэн. Надад мөнгө байхгүй гэсэн чинь би мөнгийг нь шилжүүлье гээд шилжүүлсэн. Дэлгүүрээс 1 шил архи, 1 пиво хоёрыг аваад буцаад Сүрэнхишиг эгчийн махны дэлгүүрт ирсэн. Тэр махны дэлгүүрээ нээх гэж байгаа гээд гэрч Алтанбагана, Сүрэнхишиг, Гантөмөр бид хэд 2,3 шил архи уусан. Архи уугаад байж байхад талиигаач дахиад надруу ярьсан чи хаана байна бэ? би яваад очъё гэсэн би байгаа газраа зааж өгсөн. Тэгээд талийгаач найз Баянбаатартай ирсэн. Талийгаачид 1 шил архи авч өгөөд бид нар уугаад их согтсон. Тэгээд талийгаач “танай ах бол новшийн, хүн чанаргүй” гээд над руу дайраад байсан. Архиа ууж дуусаад гарахдаа гадаа намайг дуудсан. Гараад очсон чинь манай ахыг “новшийн, хүн чанаргүй” гээд намайг 2,3 удаа боож унагасан. Тэгээд би буцаж ороод хутга аваад эргэж ирээд гуя руу нь 1 удаа хатгасан. Тэгээд талийгаач гүйгээд явчихсан. Би буцаж ороод хутгаа тавьчхаад машиндаа очоод унтсан. Өглөө нь намайг 2 цагдаа ирж барьж авч явсан. Тэгээд би цагдаад болсон явдлын талаар ярьсан.“ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Эрдэнэтогтох мэдүүлэхдээ: ” ...Би маш их гомдолтой байна. Хүүгээ алдсанаас хойш нойр хүрэхгүй, даралт ихэсдэг болсон. Энэ хүү ялаа эдэлж гарч ирээд хохирол төлбөрийг төлнө гэж байна тэрийг нь би хүлээж чадахгүй. Миний биеийн байдал байнга даралт ихсэж, унтаж амарч чадахгүй болсон. Хүүгээ алдсанаас хойш өөрийгөө 60 нас хүрэхгүй байх гэж боддог болсон. Энэ хүүг ялаа эдлээд гарч ирэхэд 2 хүүхэд том болоод ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэг болсон байх байлгүй. Тиймээс тэр хохирол барагдуулах нь эргэлзээтэй байна. Миний хүү бол олны дунд ажиллаж байсан хүн. Улаанбаатар хотод мөн Цагаан хаданд тус тус хамгаалагч хийж байсан. Тэгээд цалин нь арай өндөр гээд нүүрс тээврийн шаланз аваад ажлаа хийгээд явдаг байсан. Эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэж, оюутан дүү нарынхаа сургалтын төлбөрийг нь төлдөг байсан. Тэр хутга нь угаагдсан байсан гэдэг. Хуйвалдаан байж магадгүй гэж бодож байгаа. Өөрөө хутгийг цустай байхыг харсан, тэр гараас нь хутга авсан хүмүүс нь цус болчихсон байна гээд яагаад цагдаа сэргийлэхэд мэдэгдэж болоогүй юм. Тэр хутгийг угаасан хүн нь энэ хүний нэг нутгийн хүн гэж сонссон. Их сургууль төгссөн хүн хүмүүстэй эв зүйгээр ярьж ойлголцож яагаад болдоггүй юм. Эцэг нь гэсэн багш хүн. Тэгээд оршуулгын ёслол болж байхад данс руу 200,000 төгрөг шилжүүлж утга нь дээр нь хохирол барагдуулав гэж байгаа нь биднийг юу гэж бодоод байгаа юм.“ гэв.
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14, 21, 25-р хуудас/
Цогцос болон түүний өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-18-р хуудас /
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/
Эд баримтаар “...5 ширхэг хутга, хар өнгийн өмд 1 ш, цэнхэр өнгийн цамц1 ш, цэнхэр өнгийн дотоож 1ш, хөх өнгийн 1 хос тавчик зэргийг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 26-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Эрдэнэтогтохын өгсөн:”...Би өөрөө хэргийн газарт очоогүй, манай хүү, Мөнх-Эрдэнэ, Мөнхсайхан нарын хэлж байгаагаар миний хүүг баруун гуяны нэлээд дээхнүүр хутгалуулаад цус алдаад айлын гадаа тусламж авч чадаагүй нас барсан байсан гэж надад хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Миний талийгаач хүү 2015 оноос хойш Цогтцэций сум, Ханбогд сумын нутгаар нүүрс тээврийн том оврын ачааны автомашиныг жолооддог ажил хийдэг байсан. Тэр өдөр мөн л ажлаа хийгээд явж байсан. Миний сонсож мэдсэнээр “Дорны өртөө” ХХК-ийн автомашиныг жолоодож нүүрс тээврэт явж байсан. Талийгаач хүү маань өнгөрөхөөсөө 4 хоногийн өмнө надтай яриад манай эхнэр 06-р сарын 18-ны өдөр төрөх гэж байгаа тийм учраас би эндээс машинаа өгчхөөд эхнэр рүүгээ Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу явна гэж хэлж байсан. Хамгийн сүүлд тэгж л ярьсан. Талийгаачийн эхнэр нэг хүүхэдтэй байсан. Эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байсан. Ер нь бол 2 хүүхэдтэй гэж хэлж болно. ...Гомдолтой байна. Оршуулаганд гарсан зардал болон талийгаачийн эхнэр, 2 хүүхдэд тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Холбогдох баримтыг нь бүрдүүлж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Эрдэнэтогтохын дахин өгсөн:”...би гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардалд болон бусад зардалд нийт 14,082,755 төгрөг гарсан тул дээрх мөнгийг нэхэмжлэж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Цэвэлмаагийн өгсөн:”... Би 2017 оны 05-р сарын 30-ны өглөө үүрийн 05 цаг болж байхад гэрээсээ бие засах гээд гарсан. Тэгээд манай гэрийн зүүн талд байдаг Сумьяа гэдэг хүний гэрийн зүүн урд талд нь нэг хүн цаашаа хараад хэвтэж байсан. Ойртоод харсан чинь хөл болон бусад бие нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай харагдсан. Тэгээд би Сумьяа эгч рүү залгаад танай үүдэнд нэг залуу хүнд зодуулсан юм шиг цусандаа холилдсон аймаар юм хэвтэж байна. Цагдаагийн дугаар байна уу? гэж асуусан. Тэгээд хүнээс дугаар асуугаад надад хэлсэн. Би цагдаа руу дуудлага өгсөн. Тухайн үед Сумьяа эгчийг гэрээсээ гарахгүй байж байгаарай цагдаа дуудсан гэж хэлсэн. Би нүүр царайг нь хараагүй. Би унтаж байсан, нохой гадуур хуцаад байсан намайг гэрт байх үед гадаа хүмүүс зодолдож орилох чимээ бол сонсогдоогүй...“гэх мэдүүлэг /хх-ийн 32-р дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сумьяагийн өгсөн:”...би 2017 оны 05-р сарын 30-ны өглөө гэртээ унтаж байсан чинь 05 цаг 20 минутад Цэвэлмаа над руу залгаад танай гэрийн үүдэнд нэг хүн цусандаа холилдсон хэвтэж байна. Та гэрээсээ битгий гараарай гэж надаас цагдаагийн дугаарыг асуусан. Би үзелийн Эрдэнэтунгалаг руу залгаад цагдаагийн дугаарыг аваад Цэвэлмээд хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд үүд тогшихоор нь хаалгаа тавьсан. Түргэн дуудах уу гэсэн чинь нас барсан байна гэж хэлсэн. ...би тэр хүнийг танихгүй, урьд нь харж байгаагүй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Алтанбагана өгсөн:”...Би өөрийн жолоодож нүүрс тээвэрлэж яваа 46-28 ӨМӨ улсын дугаартай Нордбенз машинаа 2017 оны 05-р сарын 29-ны орой хилийн очерт байрлуулчхаад 21 цаг өнгөрч байхад Цагаан хад орсон. Цагаан хад руу очихдоо Түвшинбаяртай утсаар ярьж байсан ба Түвшинбаяр, Сүрэнхишиг эгчийнд байна гэж хэлэхээр нь би очсон. Сүрэнхишиг эгчийнд Түвшинбаяр, Гантөмөр, Сүрэнхишиг эгч, Сүрэнхишиг эгчийн найз эмэгтэй байсан. Би тэнд цай ууж, хоол идсэн. Тэгээд Түвшинбаяр, Гантөмөр бид гурав “Сүрэнхишиг эгч энд дэлгүүр шинээр нээж байгаа юм чинь дэлгүүрийн нээлт гэж ёслоод нэг шил архи авч ууя” гэж ярилцаад дэлгүүрээс гарсан. Бид гурав Хангарьд дэлгүүр рүү ороод Түвшинбаяр нэг шил 0,75 литрийн Болор архи худалдаж аваад, Сүрэнхишиг эгчийн нээж байгаа дэлгүүр рүү буцаж орсон. ...Тэгээд бид гурав ороод Сүрэнхишиг эгчтэй нийлээд дөрвүүлээ архийг хувааж уугаад талдаа орж байтал талийгаач Майнбаяр, найз нь гээд нэг залуугийн хамт гаднаас ороод ирсэн. Би Майнбаяртай мэндлээд юм ярихад Майнбаяр надад “миний эхнэр төрөх гэж байгаа. Би машинаа урагшаа нь оруулж чадалгүй нутаг руугаа явах болж байна” гэх мэт бид хоёр юм яриад нөгөө архиа ууж байхад миний толгой эргээд, дотор муухайраад бөөлжих гээд байхаар нь би тэр архийг дуусгалгүй унтсан. Өглөө намайг хүн дуудаад байхаар нь сэрсэн чинь цагдаа байсан. ...тэгтэл Гантөмөр надад танай найз Майнбаяр нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Майнбаярын нас барсныг мэдсэн... “гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Баянбаатарын өгсөн:”...би талийгаач Майнбаяртай хамт нүүрс тээвэрт явдаг. Талийгаач Майнбаяр бид хоёр өчигдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ны орой 23 цагийн орчимд очерт машинаа байрлуулчхаад байж байтал талийгаач “би хүнд юм захисан чинь таксины мөнгө гээд байна. Та надад таксинд өгөх 10,000 төгрөг өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10,000 төгрөг өгөөд явуулсан. Удалгүй талийгаач нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, 2 литрийн Нийслэл пиво аваад миний 67-56 ӨМҮ дугаартай машины кабинд ороод ирсэн. Тэр архи, пивийг бид хоёр хуваагаад уусан. ...бид хоёрыг очиход тэр хүмүүс нэг шил архи задлаад ууж байсан ба бид 2 тэр архийг нь хуваагаад уулцаж байх үед талийгаач тэнд байсан Түвшинбаяр гэх найзтайгаа мөргөлдөөд байсан. ...тэгтэл талийгаач гаръя гэж Түвшинбаярт хэлсэн. Тэгээд тэр хоёр байшингаас гараад явсан. Би Майнбаярыг авч явъя гэж бодоод араас нь гараад хажуу талын дэлгүүрийн үүдэнд төмөр хашлага дээр сууж байхад талийгаач Түвшинбаяр хоёр маргалдаад, талийгаач Түвшинбаярыг барьж аваад байсан. Түвшинбаяр болохоор урдаас нь нээх юм хэлэхгүй “болио хөгшөөн” гээд байгаа сонсогдсон. ...цагдаагийн машинд намайг суулгахад урд шөнийн хамт архи уусан хүмүүс байсан. Тэр хүмүүс Майнбаярыг нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гантөмөрийн өгсөн:”...Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед хотоос Цагаан хаданд ирсэн. Би Сүрэнхишиг гэж хүнтэй хамтран амьдарч байгаа ба Сүрэнхишиг Цагаанхаданд махны дэлгүүр нээж байгаа юм. Тэр махын дэлгүүрт тог оруулж, хөргөгч залгах ажлыг хийж өнгөрсөн. ...Ерөөл архийг Алтанбагана, Түвшинбаяр, Сүрэнхишиг бид гурав уугаад талд нь оруулаад сууж байсан чинь гаднаас талийгаач Майнбаяр, Баянбаатар гэж хоёр залуу гаднаас ороод ирсэн. ... Майнбаяр, Түвшинбаяр, Баянбаатар нарыг манайхаас гарах үед цаг 00-01 болж байсан байх гэж бодож байна. ... Намайг унтаж байсан чинь Сүрэнхишиг дуудаад Түвшинбаяр хүнтэй муудчихсан бололтой цустай хутга бариад ороод ирлээ гэж хэлээд дуудсан. Тэгэхээр нь би босож очоод Түвшинбаяраас яасан бэ? юу болсон юм гэж асуухад “гөлөг чинь гуя руу нь ганц хатгачихсан чинь зугтаачихлаа” гээд зогсож байсан. Би “одоо чи машиндаа очиж амар” гэж хэлээд машин руу нь хүргэж өгөх гээд явсан чинь Сүрэнхишиг миний араас дагаад ирсэн. ... тэгээд бид хоёр унтсан. Нэг мэдэхэд цагдаа нар манай гэрт ороод ирсэн. Өглөө ч болсон байсан. Цагдаа Алтанбагана бид хоёрыг нэг нэгээр нь дагуулаад явсан ба надад “чи энийг таних уу гээд нэг цогцос үзүүлсэн. Тэр нь урьд шөнө хамт архи уусан Майнбаяр гэж Түвшинбаяр, Алтанбагана хоёрын найз залуу нь байх шиг байсан. Тэгээд Түвшинбаярын машиныг зааж өг гэхээр нь би зааж өгөх гээд явж байсан чинь Алтанабагана очоод заагаад өгчихсөн байсан. ”гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Сүрэнхишигийн өгсөн:”...Тэгээд би Түвшинбаярт цай чанаж өгөөд байж байхад гаднаас Алтанбагана гэдэг миний таньдаг залуу орж ирсэн. ...тэгээд Алтанбагана, Гантөмөр, Түвшинбаяр нар нэг шил Болор архийг гаргаж задлаад урд өрөөнд ширээн дээр сууж басан. ... Түвшинбаяр, Майнбаяр гэдэг залуутай инээж хөөрөөд уулзсан. ... тэгээд тэр 2 залуу орж ирээд бид нартай хамт суугаад ууж байсан архинаас хамт уусан. Архи дуусахад талийгаач Майнбаяр, Түвшинбаяраас архины мөнгө байна уу? дахиад нэг архи авъя гэж хэлж байсан. Тэгээд Түвшинбаяр, талийгаач Майнбаяр гэдэг залуу бас талийгаачийн хамт орж ирсэн залуу тэр гурав манай байшингаас хамтдаа архи авахаар гарч явсан. Тэгээд нэг шил 0,75 граммтай Ерөөл нэртэй архи аваад ороод ирсэн. Тэр архийг бид нар бөөндөө сууж байгаа хувааж уусан... тэгээд удалгүй Түвшинбаяр, талийгаач Майнбаяр гэдэг залуу бас талийгаачийн хамт орж ирсэн залуу тэр гурав машиндаа очиж амарлаа гэж хэлээд гараад явсан. ...тэгээд гаднаас хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Түвшинбаяр орж ирсэн. Түвшинбаяр орж ирэхдээ гартаа хутга барьчихсан, зузаан гая руу нь нэг удаа хатгачихсан зугтаагаад явчихлаа гэж хэлээд орж ирсэн. Би тэр үед Гантөмөрийн дуудаж сэрээгээд Түвшинбаяр хүн хутгалсан гэж байна гэж хэлсэн. ... би тэр үед сандраад Түвшинбаярыг загнаад яаж байгаа юм бэ? тэгээд тэр хүн чинь зүгээр үү гэж асуусан чинь зугтаагаад явчихсан гэж хэлэхээр нь зугатаагаад явчихсан гэж байгаа юм чинь гайгүй юм байлгүй гэж бодсон. ... хойд өрөөний шалан дээр манай хутганы комны жижигэвтэр хутга байсан. Тэр хутга Түвшинбаярын барьж орж ирсэн хутга байсан. Үзүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь би тухайн хутгыг аваад сэжиглээд цэвэр ус дээрээс нь гоожуулаад угаачихсан. ...би тухайн үед сандраад жаахан уйлсан. ...тэгээд би унтаад өгсөн. Намайг унтаж байхад хүн орж ирээд сэрээсэн. Харсан чинь цагдаа манай гэрт орж ирсэн байсан. Тэгээд Гантөмөр бид хоёрыг гэрээс аваад гарсан. Шалган нэвтрүүлэх 3-р постын байранд аваачсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52- дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...талийгаач Майнбаярын баруун гуяны дотор дунд хэсэгт үүссэн шарх нь 3 см урттай, ташуу байрлалтай шарх байсан. Ир үзүүр цагийн зүүний 5, мохоо ирмэг 11 дүгээр цагийн түвшинд байрласан эдийн дутагдал бүхий шарх байсан. Уг шарх нь 3 см-с бага өргөнтэй ир үзүүр бүхий зүйлээр үүссэн байх боломжтой. Дээрх шарх нь 2.2 см өргөнтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой, учир нь хатгагдаж зүсэгдэх үед ир үзүүр хэсэг бүхий талыг доош дарж шархны уртыг нэмсэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн № 3544 дугаартай шинжээчийн “шинжилгээнд ирүүлсэн өмдөнд уранхай, цоорхой гарсан” байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудын: Хар өмдөнд гарсан 3,5 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Хар өмдөнд гарсан 10х5 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан цоорхой байна. Шинжилгээний харьцуулах загварт ирүүлсэн 5 ширхэг хутганы аль хутгаар үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Харин хутганы ажлын хэсэгт наалдаж бохирлогдсон зүйлсийг тунгалаг өнгийн наалдамхай туузаар нааж цагаан цаасанд бэхжүүлэн авч дүгнэлтэнд хавсаргав гэс хавсралтын хамт ” гэх дүгнэлт /хх-ийн 63-70-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн № 5659 дугаартай шинжээчийн “...Э.Майнбаяр 30н/эр 2017.05.30 ӨМА ШША” гэж хаягласан цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 2,8 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай шинжээчийн “...Талийгаачид баруун гуяны дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий шинэ, баруун бугалганы гадна дээд, дунд хэсэг, цээжинд зулгаралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмналгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун гуяны дунд хэсгийн гуяны том артерийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархнаас болж цус алдаж нас баржээ. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2,8 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 89-90-р хуудас/,
Шүүх сэтгэц гэм судлалын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №38/17 дугаартай ”...Өнөхүү овогтой Түвшинбаяр нь Өнөхүү овогтой Түвшинбаяр нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Ө. Түвшинбаяр нь хэрэг хариуцах чадвартай. Ө.Түвшинбаяр нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...”гэх дүгнэлт /хх-ийн 94-96-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд хэргийн газрын үзлэгийн явцад зэрэг зургаар бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Ө.Түвшинбаярын хэрэг болох үед өмсөж явсан гэх цэнхэр өнгийн тавчикны улны мөртэй тохирч байна. Хээний зураглал, хэмжээ болон элэгдлүүд гэсэн шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 100-101-р хуудас/
Ө.Түвшинбаярын яллагдагчаар өгсөн:”... 2017 оны 05 дугаар сарын 29-ний орой 19 цаг өнгөрч байхад би БНХАУ-ын ганц мод боомтоор Монгол улс руу нүүрсний том оврын автомашин жолоодож орж ирээд Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газарт ирсэн. ...намайг Сүрэнхишиг эгчийн гэрт очиход Сүрэнхишиг эгч, түүний найз залуу гэх Төмөрөө, Сүрэнхишиг эгчийн найз Цэрмаа нар байсан. ...тэгээд хэсэг хугацааны дараа намайг хоол идэх гээд сууж байхад талийгаач дахиад над руу утсаар залгаад дэлгүүр дээр очоод, дэлгүүрийн данс явуулчих. Би мөнгийг нь нь шилжүүлье чи архи, пиво аваад нүүрсний машинд дайгаад явуулчих гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр ороод нэг шил 0,5 гр Ерөөл нэртэй архи 1 ширхэг, Нийслэл билүү Боргио бүлүү 2,5 литрийн пиво нэгийг авсан. Талийгаач тооцоог нь мобайл банкаар хийсэн. ...таксинд хийгээд явуулсан. Тэгээд буцаад Сүрэнхишиг эгчийнд ирсэн. ...тэгээд Алтанбагана, Гантөмөр хоёртой хамт дэлгүүр ороод 1 шил Болор архи авсан. Тэгээд Сүрэнхишиг эгчийн дэлгүүрт ороод бүгдээрээ хамтдаа суугаад Соёрхол болон миний авсан Болор нэртэй архийг хувааж уусан. ...тэгээд удалгүй удалгүй талийгаач над руу утсаар залгаад гадаа чинь ирчихлээ гараад ир гэж хэлсэн. Тэгээд гараад очсон чинь талийгаач нэг найзтай хамт ирсэн байсан. ...тэгээд дахиад таксинаас 0,75 гр-тай Ерөөл нэртэй архи авсан. Тэгээд буцаад Сүрэнхишиг эгчийн гэрт очоод архиа уугаад сууж байхад талийгаач надад хандаж “би олон жил том тэрэг барьсан. Чи бол шинэков. Танай ах чинь өөдгүй надаас 20,000 төгрөг авсан. Оронд нь би 40 литр түлш өгчих гэж хэлсэн чинь 20 литрийг өгсөн” гээд агсам тавих гээд байсан. ... тэгээд талийгаач найзтайгаа явахаар болоод гарахдаа намайг гараад ир гэж хэлсэн. Тэгээд би араас нь дагаад гарсан чинь манай ахыг элдэвээр хэлээд ...агсараад намайг заамдаж барьж аваад, боогоод байсан. Тэгээд намайг заамдаж байсан гараа авахаар нь би буцаж Сүрэнхишиг эгчийн дэлгүүр рүү явж ороод лангууных нь ар талын тавиур дээр байсан модон хуйтай хутганы комоос жижгэвтэр хутгыг аваад дэлгүүрийн хашаанаас гараад очиход талийгаач өөдөөс ирж таарсан. Тэгээд дахиад намайг заамдаад зодох гээд байхаар нь хутгаа баруун гартаа бариад, талийгаачийн баруун хөлийн гуя хэсэг рүү нь нэг удаа хатгачихсан. Тэгсэн чинь талийгаач цаашаа эргээд зугтаагаад гүйсэн. Би талийгаачийн араас хөөгөөгүй, буцаад Сүрэнхишиг эгчийн гэр рүү орсон. Тэр үед би гартаа хутгаа бариад орж очсон. Хэн билээ, миний гарнаас хутгыг авсан санагдаад байгаа юм. ”” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-р хуудас/,
Шүүгдэгч Ө.Түвшинбаярын хувийн байдлыг нотлох:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-р хуудас/,
Шүүгдэгч Ө.Түвшинбаярын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, /хх-ийн 123-р хуудас/,
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын засаг дарга Ц.Санжаагийн тодорхойлолт /хх-ийн 125-р хуудас/
Шүүгдэгч Ө.Түвшинбаярын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 127-133-р хуудас/,
Өнөхүү овогтой Түвшинбаярын сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 150-154-р хуудас /
Өнөхүү овогтой Түвшинбаярын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 146-147-р хуудас/
Өнөхүү овогтой Түвшинбаярын бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 140-142-р хуудас/
Түвшинбаяр овогтой Төгстөгөлдөрийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 143-р хуудас/
Ө.Түвшинбаярын цэргийн алба хаасан баримт /хх-ийн 144-145-р хуудас/
Өнөхүү овогтой Түвшинбаярын жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 149-р хуудас/
Юнител ХХК-ийн орсон гарсан дуудлагын лавлагааны хуулбар /хх-ийн 156-163-р хуудас/
Хохирогч Ж.Эрдэнэтогтохын гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримт /хх-ийн 165-185-р хуудас/
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн засаг дарга Ж.Есөн-Эрдэнэтогтохын тодорхойлолт /хх-ийн 186-р хуудас/
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвийн дарга Э.Саруулжаргалын тодорхойлолт /хх-ийн 187-р хуудас/
Мягмардорж овогтой Оюунжаргалын төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 189-р хуудас/
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №139/ШШ2017/00255 дугаартай шийдвэр /хх-ийн 190-191-р хуудас/
Мягмардорж овогтой Оюунжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 192-р хуудас/
Мягмардорж овогтой Оюунжаргалын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 193-р хуудас/
Майнбаяр овогтой Амаржаргал, Азжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 194-195-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ө.Түвшинбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт байх “Гурвансайхан” нэртэй гэр гуанзны үүдэнд Э.Майнбаяртай маргалдан улмаар түүний баруун гуяны дотор дунд хэсэгт хутгаар хатгаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзэв.
Иймд Ө.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Түвшинбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хэдийгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн гүйцэд төлөөгүй ч нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Ө.Түвшинбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэтогтох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролд 14082755 төгрөгийг нэхэмжилж байгаа ч хэргийн хүрээнд баримтаар тогтоогдсон 7,751,282 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэв. Шүүгдэгч Ө.Түвшинбаяр нь хохиролд 200,000 төгрөг төлснийг хасаж 7,551,282 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Харин тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролоо түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг хутга, хар өнгийн өмд 1 ш, цэнхэр өнгийн цамц 1 ш, цэнхэр өнгийн дотоож 1ш, хөх өнгийн 1 хос тавчик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Барга овогт Өнөхүүгийн Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Түвшинбаярт 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ө.Түвшинбаярт оногдуулсан 8 /найман/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Түвшинбаярын цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ө.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9-д зааснаар шүүгдэгч Ө.Түвшинбаяраас хохирол төлбөрт 7,551,282 төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтоход олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэтогтох нь гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг хутга, хар өнгийн өмд 1 ш, цэнхэр өнгийн цамц 1 ш, цэнхэр өнгийн дотоож 1ш, хөх өнгийн 1 хос тавчик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ө.Түвшинбаярын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ө.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА
ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН
ШҮҮГЧ Г.МӨНХБАТ