| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 1920001780050 |
| Дугаар | 2020/ДШМ/57 |
| Огноо | 2020-11-17 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2020/ДШМ/57
Э.Г, Д.Ж, Г.А,
П.Да нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Догмиддорж,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Б, Ж.Х
Шүүгдэгч Д.Ж-ны өмгөөлөгч: Э.Э,
Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч: Ю.Н,
Шүүгдэгч: Г.А, Д.Ж, Э.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Г, Д.Ж, Г.А, П.Д нарт холбогдох, эрүүгийн 1920001780050 дугаартай, 7 хавтас, 1626 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Д.Ж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ю.Н нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Б овогт Э-ын Г
2. Шүүгдэгч: Ц овогт Г-ын А
3. Шүүгдэгч: Г овогт Д-ийн Ж
4. Шүүгдэгч: Х овогт П-ийн Д нарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан болох Э.Г нь тус сумын 1-р багийн Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан болох П.Д, газрын даамлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Д.Ж, байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Г.А нартай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18660971 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан болох Г.А нь газрын даамлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Д.Ж, тус сумын Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан Э.Г, нь тус сумын 1-р багийн Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан болох П.Д нартай бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18660971 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Д.Ж нь тус сумын Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан Э.Г, тус сумын 1-р багийн Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан болох П.Д, байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан болох Г.А нартай бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18660971 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан болох П.Д нь тус сумын Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан Э.Г, газрын даамлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Д.Ж, байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан болох Г.А нартай бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18660971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт Э-ын Г, Х овогт П-ийн Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж,
Шүүгдэгч Ц овогт Г-ын А, Г овогт Д-ийн Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ц овогт Г-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г овогт Д-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Д.Ж нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А, Д.Ж нарт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Эрдэнэ сум “Бүрдэнэ” багийн нутагт орших “Хунхат” хэмээх газарт нөхөн сэргээлт хийхэд зориулж Дорноговь аймаг Эрдэнэ сум Төрийн сан дахь байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн 100061255408 тоот данснаас 18 660 971 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.А, Д.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын “эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5/06, 5/07, 5/08, 5/09, 5/10, 5/11, 5/12, 5/13, 5/14, 5/15, 5/17, 5/18, 5/19, 5/20, 5/21, 5/22, 5/23, 5/26 дугаар тогтоолуудаар битүүмжилсэн эд зүйл техник, тоног төхөөрөмжүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг, 148-в-20 тоотод оршин суух, Х овогт Ц-ын Г-д буцаан олгож,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагаатгагдсан этгээд Э.Г, П.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А, Д.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ж давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Ж нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолын өөрт оногдох хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сумаас 926 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд өгсөн байгаа. Тэгээд 2018 оны 02 дугаар сард 50 га газар болгох шаардлагатай гэж байгаль орчны байцаагч хэлсний дагуу тухайн газрын уулных нь баруун урд хэсэгт 50 га газрын координатыг тэмдэглэсэн. 2018 оны 06 дугаар сард 10 нөхөрлөлд бичил уурхай эрхлэх зорилгоор гэрээ байгуулж байгаа тул тус газарт газрын хэмжилтийг хийж өг гэж Засаг дарга чиглэл өгсөн. Тэгээд эхний 50 га газар дээр очиж хэмжилт хийтэл эрүүл га газар таарч байсан. Тэгэхээр нь буцаж очиж Засаг даргад танилцуулахад эрүүл газраа ухуулахгүй ээ, өмнөх “Коммод” ХХК-ийн ашиглаж байсан газар дээр 50 га газрын тааруулж өгөх ёстой гэж өөрөө хэлсэн. Ингээд Засаг даргын хэлсний үндсэн дээр 50 га газрын зураглал хийгдсэн. Анхны өдөр тухайн нөхөрлөлүүдэд газрыг хэмжиж өгч чадаагүй. Харин 06 дугаар сарын 20-нд гэрээ байгуулж, 06 дугаар сарын 27-ны өдөр гэхэд нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж дууссан. 2019 оны 03 дугаар сард аймгийн Засаг даргаас манай дээр Ашигт малтмал газрын тосны газраас 50 га газар дээр дүгнэлт ирсэн. Тухайн дүгнэлт ирсний дагуу ашиглаж байгаа талбай дээрээ дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж Засаг даргад хэлсэн боловч гэрээ байгуулсан тул нэгэнт өнгөрсөн гэх асуудлыг хэлж байсан...” гэв.
Шүүгдэгч Г.А давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын тогтоол болон аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын болон аймгийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийгөө гэм буруугүй гэж бодож байна...” гэв.
Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Ю.Н давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Хунхат гэх газарт 2016 оныг хүртэл Коммод ХХК нь 926 га газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаад нөхөн сэргээлт хийгээгүй, ухагдсан, эвдэрсэн байдалтайгаар орхигдсон байдаг. Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 05/03 дугаартай тогтоолоор Эрдэнэ сумын 1 дүгээр баг Хунхат нэртэй тэр газарт бичил уурхайн олборлолтын зориулалтаар 926 га газрыг сумын тусгай хэрэгцээнд авчихсан. Энэ тогтоол хавтаст хэрэгт авагдсанаар одоог хүртэл хүчинтэй байгаа. Үүний дараагаар Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаарын тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тухайн 926 га газраас 50 га газрыг мөн тус аймгийн тусгай хэрэгцээнд авчихсан. Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 дугаар албан бичгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаарын тогтоолоор баталсан Хунхат нэртэй газрын 50 га газрын талбайг ашигт малтмал олборлолтын газраас кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн талаар мэдэгддэг. Ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Засгийн газрын 151 дугаарын тогтоолд заасан журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Эрдэнэ сумын Засаг даргад үүрэг болгосон байдаг. Хамгийн гол нь энэ 4 субъектээс энэ үүрэг, эрхийн хэнд олгосон бэ? гэдэг нь үүгээр харагддаг. Өөрөөр хэлбэл Засаг дарга Э.Г-т олгогдсон байдаг. Олон удаа аймгийн Засаг даргад ашигт малтмал, газрын тосны газарт сумын удирдлага болоод аймгийн Засаг даргаар уламжлан кадастрын бүртгэл бүртгүүлэх, дүгнэлт гаргуулахтай холбоотой албан бичгүүдийг хүргүүлж байсан. Үүний дагуу сумын Засаг дарга 10 нөхөрлөлтэй гэрээ байгуулсан байдаг. Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн кадастрын зургийн дагуу газрын даамал Д.Ж-ны хамт Г.А нь тухайн газар дээр очиж хэмжилт хийхэд Коммод ХХК-ний ашиглаж байсан талбай биш, эрүүл газар байсан тул Засаг даргадаа энэ талаар хэлсэн байдаг. Гэтэл Э.Г бидний эцсийн зорилго нөхөн сэргээх газраа өгөх тул тэр газраа хэмжиж өг гэсэн үүрэг өгсний дагуу эдгээр нөхөрлөлүүдэд хэмжилтийг хийсэн. Бодит байдал дээр гэрээ байгуулсан хүн нь Засаг дарга Э.Г юм. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай хуулийн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дугаарын тогтоолын гол зорилго нь өмнө нь олборлолт хийгдэж ухагдсан, ашиглагдаж байгаад нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн газар дээр нөхөрлөлүүд нөхөн сэргээлт хийж, тэр явцдаа тодорхой ашиг орлого олж, тухайн сумын иргэдийн амьдралд туслах, ажлын байр нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалах зорилготой. Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлт гэж ярьдаг. Үүнийг аймгийн Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 514 дугаарын албан бичгээр Эрдэнэ сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг. Нэг талаас дүгнэлт гээд байгаа газар нь өөрөө давхцал байхгүй, хил хязгаар, заагийг тогтоосон, бусад тэр зөвшөөрөлтэй газартаа давхцал байхгүй гэдгийг тогтоож байгаа юм. Энэ бичиг нь Засгийн газраас баталсан 151 дугаарын тогтоолын зорилго агуулгатай нэг талдаа зөрчигдөөд, нөгөө талдаа дүгнэлтээр ирсэн 50 га газар 151 дугаарын тогтоол дээр байгаа эвдэгдсэн гэх газрууд аль аль нь Коммод ХХК-ний газар буюу ухаж эвдэгдсэн 926 га газарт ороод явж байгаа. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд хохирогч байгууллагын төлөөлөгч тайлбарласан байдаг. Нэр бүхий 10 нөхөрлөлд олгогдсон ашигт малтмалын газрын дүгнэлтэд заасан эрүүл биш газар хэдий ч нөхөрлөлүүдэд олгосон 50 га газрын дүгнэлтээр өгөх ёстой эрүүл газруудын аль аль нь тухайн газарт багтаж байна. Засаг дарга Э.Г газар дээр нь очиж үзээд ашигт малтмалын газраас ирсэн дүгнэлтийн ухагдаж, эвдэгдсэн талбай биш харин эрүүл газар байна гэдгийг удирдлагууддаа удаа дараа шүүгдэгч Д.Ж, Г.А нар мэдэгдэж байсан. Хамгийн гол нь Г.А-д бичил уурхайн 10 нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулах, тэдэнд давуу байдал олгох, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан мөн үү гэдгийг шүүх анхаарч үзэж дүгнэлт хийхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан өөртөө болон бусдад ямар давуу байдал олгосон юм бэ? энийг заавал нотлох тогтоох ёстой. Гэтэл энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Дүгнэлтээр ирсэн хил хязгаар, заагийг тогтоосон давхцалтай газрыг өгөөгүй байна гэдэг. Бусдаар бол Засгийн газрын 151 дугаарын тогтоолд заасан зорилгыг хангаж ажилласан байдаг. Эвдэгдсэн газраа дахин нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор газар олгосон нь буруу биш юм. Хамгийн гол нь хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах тэр гэмт хэргийн гол объектив талын үндэс нь өөрт болон бусдад ямар давуу байдал олгосон гэж үзээд гэм буруутайд тооцоод байгаа юм. Энэ үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хамгийн гол нь тогтоогдохгүй байна. Мөн 18,6 сая төгрөг эдгээр 2 хүний үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирол гэдэг. Гэтэл уг хохирол нь Коммод ХХК-ний үйл ажиллагаанаас учирсан уу, энэ 10 нөхөрлөлөөс учирсан уу эсхүл хэдий мөнгөн дүн нь үйл ажиллагаа эрхэлж байсан Коммод ХХК-нийх юм бэ? одоо сүүлд орсон 10 нөхөрлөл хэдий хэмжээний хохирол учруулсан бэ? гэх асуудлыг тогтоох боломжгүй байж гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ярьж ярьчихаад 18,6 сая төгрөгийн хохирол учруулсан байна гэж шийдээд тусгай сангаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Г-ыг эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн актуудыг үндэслээд цагаатгасан. Гэтэл цагаатгасан гол үндэслэл болгосон энэ тухайн эрхзүйн актуудыг энэ 4 хүн бүгдээрээ хэрэгжүүлж ажилласан байдаг. Иймд Г.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Ж-ны өмгөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би давж заалдах шатны шүүх хуралдаанд Д.Жгэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй, хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцож байна. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Ж-д холбогдуулж хийсэн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн бодит байдал болон хуульд нийцээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Ж өөрт олгогдсон албаны эрх мэдэл, албан тушаалаа оруулан ашиглаж нэр бүхий 10 нөхөрлөлд эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлттэй газраас өөр талбайд олборлолт явуулах боломж олгосон үйлдэл нь төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр шимийг хүртэх байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Цаашлаад албан тушаалдаа хайнга хандах хэдий хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан заавал биелүүлэх чиг үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээ аваагүй ба өөрийн үйл ажиллагаагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл гэж ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзнэ. Тиймээс Д.Ж нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан төрийн албан хаагч албан үүргийн дагуу хийх ёстой үйлдлийг зориуд хэрэгжүүлээгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн агуулгын хувьд хоорондоо шалтгаан нөхцөл байдлын уялдаагүй, ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийсэн байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэж хэргийн шинжийг үйлдлийн улмаас тодорхой эрх зүйн үр дагавар үүссэн байхаар хуульчилж өгсөн. Мөн энэ зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар албан тушаалын байдал гэдэг эрх нөлөө хамаарна, урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийгээгүй, хийх ёсгүй үйлдлийг хийх эрх мэдлийн эсэргүүцлийг ойлгоно гэж тайлбар нэмсэн байна. Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давуу байдал гэдгийг энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж мөн тодорхойлсон. Анхан шатны шүүхийн дүгнэлтээр Д.Ж-ы гэм бурууг 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож байгаль орчинд 18660971 /арван найман сая зургаан зуун жаран мянга есөн зуун далан нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж нэр бүхий 10 нөхөрлөлд эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлттэй газраас өөр талбайд олборлолт явуулах боломж олгосон үйлдэл, бусдад давуу байдал олгосон үйлдэл, мөн албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж тодорхойлсон. Засгийн газрын 2017 оны 151 дугаарын тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаар бичил уурхай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа зохицуулагдаж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн дүгнэлтэд заасан олборлолт явуулах боломж олгосон үйлдэл буюу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх нь Засгийн газрын 2017 оны 151 дугаарын тогтоолоор батлагдсан журамд зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулснаар үүснэ. Гэрээ байгуулах эрх мөн журмын 6.1.3-т зааснаар тус сумын Засаг даргад олгогдсон. Уг журмын хоёрдугаар хавсралтад заасан загварын дагуу гэрээг байгуулах, гэрээний 2.1.1-т талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг хавсаргах гэж заасан. Иймээс Д.Ж сумын Засаг дарга Э.Г-ын гэрээ байгуулсны дагуу гэрээний хавсралт талбайн хэмжээг тогтоож, байршлын зураг үйлдсэн. Талбайг зааж өгсөн үйлдэл нь өөрөө хүсэж хийсэн бусдад давуу байдал санаатай олгосон шийдвэр юм. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ж гэрчээр “нөхөрлөлүүдэд координатыг зааж өгөх шийдвэрийг Засаг дарга Э.Ганбаяр гаргасан. Э.Г нь шинэ газар ухуулаад яах уу өмнө нь ухаж байсан газар дээр үйл ажиллагааг нь явуулаад дараа нь нөхөн сэргээлгээд авъя гэж байсан. Нөхөрлөлүүдээс надад хандив, тусламж, шан, харамж өгөөгүй” гэжээ. Э.Г гэрчээр “Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд дурдагдсан 50 га газар эрүүл газар байхаар нь урьд өмнө ашиглаж байсан 50 га газрыг зааж өгч бичил уурхайгаар ашигт малтмалыг олборлох үйл ажиллагааг явуулах гэрээ байгуулсан. Тус газар нь 2018 онд бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулсан газар байсан юм” гэжээ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь зохих хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг хэдий ч эдийн болон эдийн бус ямар ашигтай байдал бий болсныг зайлшгүй тогтоож байж гэмт хэргийн шинжид бүрэн хамрагдана. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Ж нь албан тушаалаа оруулж албаны эрх ашгийг яаж ашигласан, хувийн ямар ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн, мөн нөхөрлөлүүдэд эдийн болон эдийн бус ямар ашигтай байдал буй болсон нь тогтоогдоогүй байна. Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Д.Ж албан тушаалаа урвуулан ашигласнаар өөрт болон бусдад эдийн болон эдийн бус ямар давуу байдал бий болгосон нь тодорхойгүй байна. Тухайлбал Д.Ж-ны үйлдлээс нөхөрлөлүүдэд эдийн буюу хэдий хэмжээний ашиг орлого бий болсон мөн эдийн бус буюу ямар эрх зөвшөөрөгдсөн талаар үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, нотлох баримт авагдаагүй байна. Энэ нөхцөл байдлаас хэргийн объектив шинж огт хангагдаагүй, талбайн хэмжээ тогтоосон байршлын зураг нь бусдад ашиг өгөх мөн эрх зөвшөөрөх буюу давуу байдал бий болгосон захиргааны акт биш гэрээний хавсралт баримт болно. Харин бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1 дүгээр хэсэгт заасан гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан үйл ажиллагаа гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэл байна. Гэтэл тусгай хэрэгцээний газрын талбай, байршлын өөрчлөх хууль бус шийдвэр гаргаж гэрээ байгуулсан хэрэгжилтийг хянах эрх бүхий албан тушаалтан сумын Засаг даргыг гэм буруугүйд тооцсон атлаа удирдлагад нь ажиллаж үүрэг шийдвэрийг нь биелүүлсэн гүйцэтгэх албан тушаалтныг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуульд нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүгч сумын Засаг даргыг Засгийн газрын 2017 оны 151 дугаарын тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, дээд шатын Засаг даргын үүргийг мөрдөж ажилласан нь хууль, дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэх, гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэж үзсэн атлаа ашиглалтын хаягдлаар бий болсон буюу Коммод ХХК-ний нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбайд олборлолт хийх шийдвэрийг биелүүлж талбайн хэмжээг тогтоож, байршлын зураг үйлдсэн Д.Жаргалсайханыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг зөрчсөн байна. Ашигт малтмал газрын тосны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаартай дүгнэлтэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл биш харин Ашигт малтмалын тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон эсхүл тусгай хэрэгцээ нөөц давсан түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбай дээр бүхэлдээ буюу хэсэгчлэн, давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоосон баримт бичиг, харин Засгийн газрын 2017 оны 151 дугаарын тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоолд гэрээний үндэслэл болох гэрээний үндсэн баримт гэж ойлгож байна. Сумын Засаг дарга ашигт малтмал олборлох нөхөрлөлүүддээ 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрч н.Хишигням 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эцэслэн бид нарт газрын координатыг зааж өгч байсан гэж мэдүүлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 1.11 дүгээр зүйлд заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1 дүгээр зүйлийн 23 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, Газрын тухай хуулийн 16.16 дугаар зүйлийн 1.11 дэх хэсэгт бичил уурхайн зориулалтаар олгосон газар нь тусгай хэрэгцээний бүст хамаарна гэж тус тус зохицуулсан. Ашигт малтмал газрын тосны дүгнэлтээр талбай олгосон нөхцөлд Засгийн газрын 2017 оны 151 дугаарын тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.3-т заасан ашиглалтын хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой ашиглах гэсэн зорилт нь биелэгдэхгүй зөрчигдөж байна. Шүүгдэгч сумынхаа байгаль орчинд хохирол учруулах бичил уурхай эрхэлж үр шимийг хүртэх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох шууд санаа, шунахай сэдэлтээр талбайн хэмжээг тогтоож байршлын зургийг өөрчилж үйлдээгүй, албан тушаалаа урвуулж, албаны эрх ашгийн эсрэг ашиглаагүй, хувийн ямар ч ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй, зөвхөн сумын Засаг даргын шийдвэрийг биелүүлж урьд ашиглагдаад хаягдсан нөхөн сэргээгээгүй газрыг ашиглуулж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэхэд албан тушаалд тодорхой заасан чиг үүргийн дагуу оролцсон гэж үзэж байна. Д.Жаргалсайханыг гэм буруутайд тооцсон хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Иймээс анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, анхан шатны шүүх хуралдаанд тэдгээрийг өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах эрх хэмжээтэй. Иймд өмгөөлөгч миний зүгээс дээрх үндэслэл, нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй мөн анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тайлбар, саналыг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд анхнаасаа өмгөөлөгчийн хувьд Э.Г, Д.Ж, Г.А, П.Д нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна, энэ бол гэмт хэрэг биш гэдэг байр сууринаас оролцсон. Улсын яллагчийн зүгээс Засгийн газрын 2017 оны 151 дугаарын тогтоолыг уг хүмүүс зөрчсөн гэх байдлаас хандсан. Үүнийг зөрчихдөө ашигт малтмалын газраас ирсэн кадастрын дүгнэлтэд заагаагүй газрыг өгсөн байна гэж үздэг. Уг тогтоолын зорилт нь үйлдвэрлэлээр ашиглахад эдийн засгийн үр ашиггүй технологийн хаягдлаар бий болсон талбайг сум орон нутгийнхаа иргэдийг дэмжихийн тулд энэ бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрсөн. Энэ нь байгаль орчныг хамгаалах холбоотой тогтоол гарсан байдаг. Харин сум, аймгийнхаа хурлын тогтоол дээр 926 га газрыг бичил уурхайгаар авчихсан байна. Гэтэл нөгөө 50 га газрын дүгнэлт нь энэ газрын ухуул гэсэн бичиг биш Засгийн газрын 151 дугаарын тогтоолыг хангасан талбай биш болж таарахаар нь ярилцаж дүгнээд үйлдвэрлэлийн аргаар ашиглаж байсан “Коммод” ХХК-ний газраас 50 га газрын олгож гэрээ байгуулсан уу гэхээс бусдад давуу байдал үүсгэсэн үйлдэл харагдахгүй, сум орон нутгаа бодсон шийдвэр байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Ж, Г.А нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, жишээ нь үндэслэх хэсэгтээ хариуцсан ажилдаа хайнга хандсан, бусдад давуу байдлыг бий болгож албаны эрх ашиг, албан тушаалаа урвуулах ашиглахыг зориуд санаатай хүссэн гэх дүгнэлт хийсэн. Энэ хүссэн үйлдэл нь ямар санаа зорилготой юм бэ? мөн 151 дугаарын тогтоолд нийцсэн газрыг олгохыг ойлгосон юм шиг шийдвэр харагдаад байна. Иймд уг хэрэг нь анхнаасаа гэмт хэргийн шинжгүй байсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүмүүсийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байна...” гэв.
Шүүгдэгч Э.Г-ын өмгөөлөгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Г, П.Д нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй зөв шийдвэр болсон. Харин анхан шатны шийтгэх тогтоолын зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах буюу Д.Ж, Г.А нарыг гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож, цагаатгах ёстой гэж үзэж байна. Иймд 10 нөхөрлөлийн координатын асуудал яригдаад байна. Энэ дээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан нийт 926 га газар байгаа юм. Энэ 926 га газарт маань ашигт малтмалын газраас гаргасан координат, 10 нөхөрлөлд олгогдсон ухаж, олборлолт хийсэн газар бол бүхэлдээ орж байгаа. Үүнээс харахад ашигт малтмалын газраас гаргасан тэрхүү албан бичиг өөрөө энэ координат дээр ямар нэгэн өөр төрлийн лиценз давхцаагүй, өөр маргаан асуудал алга гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Иймд Засгийн газрын 151 дугаарын тогтоол, ашигт малтмалын газраас явуулсан бичиг 2-ын аль нь хууль зүйн хувьд илүү хүчин чадалтай вэ гэдэг дээр хамгийн гол үнэлэлт, дүгнэлтийг хийх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эдгээр 4 оролцогчид Засгийн газрын шийдвэрийг биелүүлж ажилласан гэж үзэж байна. Харин Засгийн газрын шийдвэрийг биелүүлснээрээ өнөөдөр буруудаж байгаа асуудал яригдаад байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэг зүйлийг маш тодорхой хэлсэн байдаг. Эдгээр хүмүүс ашигт малтмалын гаргасан координатын газар дээр 10 нөхөрлөлөөр газар ухуулаад ажиллагаа явуулсан байсан ч буруудах байсан. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр сумын Засаг дарга болон алба хаагч нар ямар үйл ажиллагаа явуулах ёстой юм бэ? гэхээр нь хамгийн гол чиг үүрэг нь Үндсэн хуульд заасан газар нутаг, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах ёстой. Засгийн газрын 151 дугаарын тогтоол дээр дурдаад байгаа гол үндэслэл нь өмнө ухагдаад ашиглагдсан газрыг нөхөн сэргээж тухайн сумын иргэдийн амь амьжиргааг дэмжих гол зорилготой. Гэтэл бодит байдал дээр сум орон нутгийнхаа төлөө шийдвэр гаргасан эдгээр 4 хүн буруутан болоод байж байгаа нь харамсалтай байна. Тиймээс эдгээр хүмүүсийн хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг огт агуулаагүй, хийсэн асуудал дээр ямар нэгэн төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал зөрчсөнийг үгүйсгэхгүй, энэ нь тусдаа үнэлэлт, дүгнэлт өгөх асуудал юм. Хамгийн гол нь бусдад давуу байдал олгож хохирол үүсгэсэн зүйл хаана байгаа юм бэ? давуу байдал олгоно гэдэг нь тухайн 10 нөхөрлөлтэйгөө ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоож, шан, харамж, авлига авсан байх ёстой. Гэтэл хавтаст хэргийн хүрээнд харахад эдгээр хүмүүст ямар ч тийм байдал тогтоогдохгүй байна. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүгдийг нь хийсэн тул энэ хэрэгт дахиж хийх ажиллагаа огт байхгүй. Хэргийн бүхий л нөхцөл байдлыг шалгасан боловч шүүгдэгч, яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн болох эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болбол шүүгдэгч, яллагдагчид ашигтай байдлыг барих ёстой гэсэн хуулийн гол зарчмыг баримтлах ёстой. Мөн 2 шүүгдэгчийг цагаатгаж, 2 хүнийг гэм буруутайд тооцогдсон. Нөгөө шударга ёсны зарчим хаачсан юм бэ? энэ зарчмыг эрхэм шүүгч нараас нэхэж байна. Гэм буруутайд тооцсон 2 хүнийг цагаатгаж шийдвэрлэх ёстой. Тиймээс давж заалдах шатны шүүхийн эрхэм шүүгч нараас өмгөөлөгчийн зүгээс хүсэж байгаа гол зүйл нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим хэсэгт нь буюу Д.Ж, Г.А нарыг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, эдгээр 2 хүнийг цагаатгаж шийдвэрлэх боломжтой байна. Нэг зүйл хэлэхэд шүүгч нар хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас хохирлын асуудал яригддаг. Коммод ХХК-ний ашигласан газар дээр 10 нөхөрлөл орчиж байгаа юм. Тэгэхээр тухайн 10 нөхөрлөл нь энэ хэсгийн тэдэн куб шороог ухчихсан юм байна, өмнө нь Коммод ХХК нь тэдийг ухчихсан юм байна гэдгийг тогтооно гээд мөрдөн байцаалтын шатанд буцаасан ч тогтоох боломжгүй. Иймээс энэ нөхцөл байдлыг тогтоолгохгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдэх боломжтой гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Засгийн газрын 151 дугаарын тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилласан. Бүх оролцогч нарын гаргасан саналтай санал нэг байна...” гэв.
Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч Э.Г, Д.Ж, Г.А, П.Д нарыг бүлэглэн нэр бүхий 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож байгаль орчинд 18,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Э.Г, П.Д нарын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичих гэсэн боловч хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хугацаа хэтэрсэн. Хэргийн оролцогч нар гэм буруугүй гэж ярьж байна. Тухайн нөхцөл байдал эдгээр 4 хүн бүгд албан тушаалтан байсан учраас байгаль орчинд хохирол учирсан байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог болно. Дан ялангуяа Э.Г нь нөхөрлөлүүдэд бүр давуу байдлыг бий болгож, илүү үүрэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх яагаад Э.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг би бас ойлгохгүй байна. Э.Г нь өөрөө нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, кадастрын үнэлгээ ирээгүй байхад өөрөө дур мэдэн газар зааж өгсөн. Энэ хүний чиглэл өгсөн ажиллагааг Д.Ж, Г.А, П.Д нар нь биелүүлсний улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Хэрвээ үнэхээр шударга ёс гэж байдаг бол хэргийг үнэн зөв шийдэх хэрэгтэй. Түрүү өөрсдөө ч мөн ярьсан бид нар Засаг дарга Э.Г-ын чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулаад ял шийтгэл авлаа гэж байна. Энэ 2 хүний гомдол зөв байх аа. Тэгэхээр миний хувьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх санал гаргаж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/107 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь: Шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Э, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ю.Н нараас гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн тэдгээрт бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 1-д зааснаар хэргийн бодит байдлыг бүх талаас нь бодитойгоор тогтоох үүргээ биелүүлж чадаагүй байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны 5/03 тоот тогтоолоор тус сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Хунхат уул” гэх газарт урьд нь “Коммод” ХХК уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаад эвдэгдэж орхигдсон 926.39 га газрыг бичил уурхай ажиллуулж нөхөн сэргээлт явуулах зорилгоор тусгай хэрэгцээнд авах төлөвлөгөөг баталж шийдвэрлэсэн ба энэ дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар саналаа хүргүүлснээр Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ний 08/03 тоот тогтоолоор Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэр дэх “Хунхат” нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах, тус газарт шаардлага хангасан бичил уурхай эрхлэгч этгээдүүдтэй гэрээ байгуулахыг Эрдэнэ сумын Засаг даргад даалгах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, холбогдох хууль журмыг хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга /Т.Э/-д үүрэг болгохоор шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э-ээс тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08/03 тоот тогтоолын дагуу тусгай хэрэгцээнд баталсан 50 га талбайг кадастрын бүртгэлд бүртгүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хүсэлт гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газар 2018 оны 05 дугаар сарын 28-ны 7/3949 тоот албан бичгээр уг 50 газрын дүгнэлтийг гаргаж, кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн болохыг мэдэгдсэн тул аймгийн засаг дарга Т.Э 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 тоот албан бичгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулж, ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрдэнэ сумын засаг дарга Э.Г-т үүрэг болгосон ба Эрдэнэ сумын засаг дарга Э.Г тус сумын 1-р багийн засаг дарга П.Д, тус сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэн Г.А, тус сумын Засаг даргын тамгын газрын газрын албаны мэргэжилтэн Д.Ж нарын хамтаар бичил уурхай явуулахаар хүсэлт гаргасан 10 нөхөрлөлүүдэд газар олгох үйл ажиллагааг зохион байгуулсан боловч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвшөөрөгдсөн газар нь урьд уурхайн үйл ажиллагаа явагдаагүй эрүүл газар байсан тул тэд газрын байршлыг өөрсдөө өөрчилж урьд нь “Коммод” ХХК үйл ажиллагаа явагдаж эвдэгдсэн 50 газрыг 10 нөхөрлөлд 5, 5 га-гаар хуваан олгож бичил уурхайн зориулалтаар ашиглуулах гэрээг байгуулж шийдвэрлэсэн боловч нөхөрлөлүүд гэрээнд заасан нөхцөлөөс өөрөөр үйл ажиллагаа явуулсан болох нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын 2019 оны 07 сарын 01-ны өдрийн шалгалтаар илэрсэн тул Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны 12/11 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан тухай тус хурлын 2018 оны 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон үйл баримтууд тус тус болсон болох нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны 5/03 тоот тогтоол, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны 08/03 тоот тогтоол, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э-ээс Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмал газрын тосны газрын мэдэгдэл, Дорноговь аймгийн засаг даргаас тус сумын Эрдэнэ сумын засаг дарга Э.Г-т бичил уурхайн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон албан бичиг /1-р хх-ийн 10-33/, Дорноговь аймгийн Засаг дарга Э.Г бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан 10 нөхөрлөлүүдтэй бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрч байгуулсан гэрээнүүд /2-р хх-ийн 07-159, 5-р хх/, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нэр бүхий 10 нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсны үр дүнд арга хэмжээ авхуулахаар аймгийн засаг даргад хүргүүлсэн хүсэлт /3-р хх-ийн 64/, тусгай хэрэгцээнд авсан газрыг хүчингүй болгосон тухай Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12/11 тоот тогтоол /3-р хх-ийн 116/, шүүгдэгч нарын болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-д “ нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн нөхцөл байдлыг гэм буруутай үйлдэлд тооцохоор гэмт хэргийн шинжийг заасан.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 3.1.4-д “давуу байдал” гэж ... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж тус тус тодорхойлсны гадна Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна.” , “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд дээр дурдсан үйл баримтын ямар үйлдэлд шүүгдэгч нарыг буруутгасныг буюу шүүгдэгч нарын ямар гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид нийцэж байгааг тодорхой заагаагүй зөвхөн “... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... 10 нөхөрлөлд давуу байдал бий болгосон...” гэж гэмт хэргийн шинжийг агуулж буй хэргийн үйл баримтыг дурдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 4, 5-д нийцээгүй байна.
Тодруулбал прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нар нь 10 нөхөрлөлд ашигт малтмал олборлох гэрээ байгуулах үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, эрх, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг болон хуулиар олгогдсон ямар бүрэн эрхийг хэрхэн яаж урвуулан ашигласан гэдгийг, мөн Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрхэн зөрчсөн болохыг заагаагүй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахдаа албан үүргийнхээ хувиар, хуульд заасан бүрэн эрхийнхээ хувиар, эсхүл албан тушаалын байдлын хувиар урвуулан ашигласан гэдгийн аль нөхцөлөөр ашигласан гэдгийг тус тус тодорхойлоогүй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад давуу байдлыг бий болгосон гэдгээ мөн яллах дүгнэлтэд тодорхойлоогүй буюу бусад гэдэг нь хэн юм, ямар давуу байдлыг хууль бусаар бий болгосон гэдэг нь мөн тодорхой биш байна.
Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс шүүгдэгч нарыг “бусдад давуу байдал бий болгосон” гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгэгдээгүй буюу дүгнэлт гараагүй 50 га газарт бичил уурхай явуулахаар 10 нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулсанд буруутгаж байгаа гэж ойлгогдохоор байна.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай Засгийн газрын 151-р журам /6-р хх-ийн 154-156/, Ашигт малтмалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.23-т тус тус зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэдэг нь “үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах” зэргээр үйл ажиллагаа явуулахаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгыг заасан байна.
Прокурорын шүүгдэгч нарыг буруутгаж байгаа гол үндэслэл болох Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын наймдугаар зүйлийн 8.1.3-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газраас гарах дүгнэлт гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.23-т зааснаар “ ...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” тухай дүгнэлт бүхий албаны бичиг юм.
Хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын тосны хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай дүгнэлт нь дээрх хуульд заасан агуулгаар буюу тухайн хэргийн үйл баримтад дурдагдсан газар буюу талбайд давхцал байхгүйг тодорхойлсон ба энэ тохиолдолд шүүгдэгч нар тухайн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах байсан, аваагүйгээс хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгосон, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан ямар үйлдэл байгааг прокурор тодорхойлоогүй байна.
Түүнчлэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Хунхат” нэртэй газарт “Коммод” ХХК, 10 нөхөрлөлүүд уул уурхайн үйл ажиллагаа явуулж ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 18.660.971 төгрөг, мөн талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 25.329944 төгрөг байхаар 1/02 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 231-250/ гарсан байхад прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 18.660.971 төгрөгөөр хохирол нөхөн төлүүлэхээр тогтоосон нь ойлгомжгүй, эдгээр аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийг хэрэгт иргэний хариуцагчаар татах үндэслэл байсан эсэхэд мөрдөгч, прокуророос огт анхаараагүй.
Улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 18.660.971 төгрөгийн хохирол учруулсан гэсэн атлаа хохирлыг барагдуулах талаарх хуульд заасан ажиллагааг хэрхэн хийсэн нь тодорхойгүй ба тухайн сумын нөхөн сэргээх сангийн дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгө нь бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө мөн эсэх, мөн тухайн нэр бүхий 10 нөхөрлөл нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах хөрөнгийг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гүйцэд төвлөрсөн байсан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Дорноговь аймгийн Эрдэнэ сум Төрийн банк дахь байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн 100061255408 тоот дансанд төвлөрсөн 20.000.000 төгрөгөөс 18.660.971 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн зэрэг нь тус тус ойлгомжгүй болсон.
Мөн өмнөх үйл ажиллагаа явуулж байсан “Коммод” ХХК нөхөн сэргээлт хийсэн эсэх, энэ нь дээрх хохиролтой хамааралтай эсэхийг шалгаагүй, тодорхойлоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Түүнчлэн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан тоног төхөөрөмжүүдийг ямар үндэслэлээр хэрэгт битүүмжилсэн нь мөн ойлгомжгүй ба иргэний нэхэмжлэлийг хангах буюу хохирол нөхөн төлүүлэх эсхүл нөхөрлөлүүд Засгийн газрын 151-р журмын гуравдугаар зүйлийн 3.1.4-д зааснаар “ ... 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах” гэснийг зөрчсөн гэдэг үндэслэлээр үү, эсхүл гэрээнд заасан нөхцөлөөс өөрөөр буюу далд уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлосны улмаас хураасан гэдэг нь мөн тодорхойгүйгээс хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй болсон.
Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцаах, шүүгдэгч Д.Ж, Г.А, түүний өмгөөлөгч Ю.Н нараас гаргасан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.Жаргалсайхан, Г.А, түүний өмгөөлөгч Ю.Н нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Г, Д.Ж, Г.А, П.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС