Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/шш2023/0969

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ё.Ж нарын нэр бүхий 20 иргэн,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Ж, А.Б, Э.С, Э.Ч, С.Ж, Ч.Н, М.П*******, М.Э, нэхэмжлэгч Т, М.Н, М.Э, Г.Р, Д.Ө, Ж.Б, Ц.О, Э.Ч, Г., Ц.Б, Б.Н, С.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т*******,  нэхэмжлэгч Д.Т*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, В.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Ё.Ж нарын нэр бүхий 20 иргэнээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамжийн хавсралтын 10 дахь хэсэгт заасан Б******* дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны хойд талд байрлах 5 тоосгон гараашны өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, учирсан хохирол 156,700,000 төгрөгийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

3.Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарааш тус бүр дээр мэдэгдэх хуудсыг наасан болох нь нэхэмжлэгч нарын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Засаг дарга Ө.С*******т хандсан өргөдлөөр тогтоосон.

4.Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамжийн хавсралтаар Нийслэлийн Б******* дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны хойд талд байрлах 55 ширхэг тоосгон гараашийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгч Ё.Ж нарын нэр бүхий 20 иргэн шүүхэд гаргасан  үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэл:

1/...Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д заасанчлан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” эрхтэй билээ. Энэ ч үүднээс бид өөрсдийн хөдөлмөр, зүтгэлээр бий болгосон хөрөнгө мөнгөө зарцуулан энэхүү захирамжид заасан газарт буюу Б******* дүүргийн 5 дугаар хороо, 2 байрны хойд тал, 3 ба 4а байрны баруун талд байрлах “зохих дүрэм журам, захирамжийн дагуу” баригдсан гараашнуудаас худалдан авч “Газрын төлбөрийн тухай” хуулийн 3, 4, 9 дүгээр зүйлүүдэд зааснаар:

“...Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн ... газрын төлбөр төлөгч байна”,

“...Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө,

“Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасан “дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж тус тус заасны дагуу Газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг эрх бүхий газар үйлдсэнийг иргэд бид хүлээн зөвшөөрч, газрын төлбөр төлөгч болсон.

2/Газрын төлбөр төлөгч, гараашнуудын хууль ёсны эзэмшигч болсон бидэнд төрийн байгууллагууд гараашийн газар эзэмших гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс хэдэн оноос хэдэн он хүртэл хэдэн жилээр энэ газраа эзэмшихээ мэдэхгүй өнөөдрийг хүрлээ. /Бид 2005 оноос эхлэн 2009, 2013, 2017, 2018 онуудад гээд өөр өөр хугацаанд худалдан авсан байдаг тул эзэмшиж эхэлсэн хугацаанууд нь ялгаатай байдаг.

3/Б******* дүүргийн Газрын алба ч гэсэн энэ гараашнуудыг бид худалдан авцгаах уед хуулийн дагуу зөвшөөрөлтэй гэдгийг баталгаажуулан Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт үйлдэж, төлбөрийг нь авч байсан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “...гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг зөрчин дур мэдэн гарааш газар эзэмшиж байх тул 3 сарын 31-ний дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж байна...” гэсэн мэдэгдэл гарааш дээр наасан байсан, бидэнд өгөөгүй. Хэд хоногийн дараа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дугаар захирамж гарсныг мэдсэн. Энэхүү захирамжид 22 дугаар байрны ард 55 гарааш гэж заасныг манай 2-р байрны арын 55 гарааш гэж Б******* дүүргийнхэн хэлдэг!!! Энэ мэдэгдлийн талаар санал хүсэлтээ 5 дугаар хорооны Засаг дарга, Б******* дүүргийн Засаг даргад албан бичиг өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй, харин 2 дахь удаагаа мэдэгдэл нааж, “2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор газар чөлөөл” гэсэн байсан.

Гарааш эзэмшигчид бид Б******* дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарт хандаж “шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул шүүхийн шийдвэр гартал газар чөлөөлөх ажлыг зогсоох тухай” хүсэлт 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр өгсөн боловч 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу ирүүлж, улмаар захирамжийн дагуу гээд манай гараашнуудыг 2023 оны 06 сарын 15-16-ны өдрүүдэд аль хэдийн нураасан. Ийнхүү маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний

өдрийн А/3 дугаар захирамж аль хэдийн хэрэгжсэн буюу гараашнуудыг нэгэнт нураасан тул тус захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байна.

4/Тус захирамж нь дараах хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнийг ахин дурдах нь зүйтэй. Үүнд:

-Нийслэлийн Засаг дарга А/3 тоот захирамжаараа бидний эзэмшилд байгаа гараашнуудыг “газар чөлөөлөх” нэрээр буулгах болсон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д заасан “...хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”,

-Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-д заасан “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч хуулиар хамгаална", /иргэдийнхээ өмч хөрөнгөтэй байх эрхийг үгүйсгэж буй нь иргэн төрийн байгууллага хоорондын эрх зүйн харилцааны том зөрчил бий болголоо/

-Монгол Улс ардчилал, зах зээлд шилжин орсноос хойш олон улсад нийтлэг хэрэглэгддэг олон журам, тунхаглалд нэгдэн орсноор улс орныхоо нэр хүнд, олон улсын тавцанд эзлэх байр суурийг өндөр хэмжээнд гаргаж чадсан. Тухайлбал НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд 1961 онд нэгдэн орсон. Дэлхийн бүхий л улс орон нэгдэн орсон энэхүү тунхаглалын 17 зүйлийн 2-т “Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй", /Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг зөрчсөн нь олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүнд буурахад ч нөлөөлөх магадлалтай/

-Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “хуульд үндэслэх”, “үр нөлөөтэй байх”, ₮зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, “хууль ёсны итгэлийг хамгаалах”,

-Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэснийг тус тус зөрчсөн, Монгол Улсын иргэний эзэмших, ашиглах, эрхэд ноцтойгоор халдаж буй үйлдэл юм.

5/Нэхэмжлэгч нарын хувьд Иргэний хуулийн 101.1-д “Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” бөгөөд бидний эзэмшиж буй гарааш нь хөдлөх хөрөнгө болох автомашинуудаас гадна бусад өмч хөрөнгийг хулгай дээрэм, гал ус, халуун хүйтэн, нар салхи, бороо цас зэргээс хамгаалж байдаг. Улаанбаатар хотод хэдэн арван м*******н иргэд автомашинаа гадаа ил тавьснаас болж эвдүүлж, гэмтээх, хулгайд алдах, тонуулах, хөлдөөх, шатаах зэргээр эд хөрөнгөөрөө хохирч буйг статистик тоо баримтууд тодорхой харуулдаг. Бидний амьдардаг 10 дугаар хороололд 3 ч машин гадаа байж байгаад шатсан тохиолдол гарсан. Мөн хуулийн 106.2-д заасан “Өмчлөгч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэсэн заалтын дагуу бид иргэний журмаар шаардаж хүсээд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч үр дүнд хүрсэнгүй харин гараашнууд нураагдаж, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн 55 машин гудамжинд гаргагдлаа. Цаашид эдгээр машинуудыг өвлийн хүйтэнд хэрхэн байлгах гадны халдлагаас хамгаалах вэ!!!.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 зүйлийн 3-д “... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж хуульчилсан боловч энэ захирамжид нөхөн төлбөрийн талаар огт тусгаагүй байгаа нь нэхэмжлэгч иргэд биднийг гарааш худалдан авсан дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр хохироосон буюу нийт 156,700.000 төгрөгийн хохирол бодитоор учирч байна” гэжээ.

Нэхэмжлэгчид /гарааш эзэмшигчид/-ийн мэдээлэл

Д/д

Гарааш эзэмшигчдийн нэр

Гарааш №

Худалдан авсан үнэ

Тайлбар

1

М.Э

27 /А/

9.500.000

 

2

М.Н

26 /А/

6.500.000

Хүсэлт өгсөн

3

Ч.Н

14 /А/

3.200.000

 

4

М.Т

27 /Б/

10,000,000

Танилцуулга өгсөн

5

Ё.Ж

9 /Б/ ба 23 /Б/

15.000.000

2 гарааш эзэмшигч

6

Г.Р

22 /А/

7.300.000

Итгэмжлэл

Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ

Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт

Газрын төлбөр төлсөн баримт

7

С.Ж

2/А/

3.700.000

Газрын төлбөрийг тогтоох тухай акт хүлээлгэж өгөөд үлдэгдэл /гараашийн бичиг баримт бүрдүүлж өгөөд/ тооцоог дуусгах хэлцэл

Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт

Эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт

Газрын төлбөр төлсөн баримт

8

Д.Ө

24/А/

10.000.000

Итгэмжлэл

9

Ж.Б

23/А/

3.700.000

Итгэмжлэл

10

Ц.О

/А/

6.000.000

Автомашины гарааш худалдах, худалдан авах гэрээ

Газрын төлбөр тогтоох тухай акт

Газрын төлбөр төлсөн баримт

11

Э.Ч

20/А/

8.000.000

Итгэмжлэл

Худалдаж худалдан авсан гэрээ

Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт

Эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон акт

НЗХАШШүүхэд гаргасан хүсэлт

12

Г.

18/А/

10.000.000

Итгэмжлэл

13

Э.С

5/А/

3.500.000

Худалдсан хүн нь бичиг баримтаа олохгүй байгаа гэрчилнэ гэсэн

 

14

Д.Т*******

9/А/

4.800.000

Автомашины гарааш худалдах, худалдан авах гэрээ

Иргэний үнэмлэхийн хуулбар

Эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон акт

Газрын төлбөр тогтоох тухай акт

Газрын төлбөр төлсөн баримт

 

15

Ц.Б

6/Б/

12.000.000

Итгэмжлэл

Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт

Газрын төлбөр төлсөн баримт

16

Б.Н

22/Б/

14.000.000

Итгэмжлэл

 Эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон акт

17

С.Б

28/Б/

10.000.000

Бичиг баримтаа олохгүй байгаа

18

Х.Б

24/Б/

10.000.000

Бичиг баримтаа олохгүй байгаа

19

Ц.П*******

25/А/

10.000.000

Бичиг баримтаа олохгүй байгаа

20

Р.Ц*******

15/А/

3.200.000

Гарааш худалдах, худалдан авах гэрээ

Газрын төлбөр тогтоох тухай акт

 Эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон акт

Газрын төлбөр төлсөн баримт

 

Дүн

 

156.700.000

 

Нэхэмжлэгч Ё.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд 2010 онд Б******* дүүргийн 10 дугаар хороо 3 дугаар байрны 69 тоотод амьдарч эхэлсэн. Энд амьдарч эхэлснээс хойш байрны гадаа машинаа орхиж хонуулдаг. Машинаа гадаа орхиход асуудал ихтэй. Өвлийн хүйтэнд өглөө асаах, халаах, даарна машины эдэлгээнд сөргөөр нөлөөлдөг. Дулааны улиралд машинаа сайхан угаалгахад бороо шороо орж бохирдоно, машиныг шүргэх, үзүүртэй юмаар зураад хорлочихно. Дулаан хучлагаар бүтээхээр хулгайлаад явчихдаг. Машин доогуур нь тоосго тавиад дугуйг нь аваад явчихдаг. Нүүрсэн янданг хулгайлна, заримдаа олон машинуудын цонхыг хагалаад доторх юмыг нь тоноод явчихдаг. Тэгээд гадны нөлөө ихтэй байсан учраас гарааш худалдаж авах нь зүйтэй юм байна гэж бодоод гарааш худалдаж авахдаа зүгээр очоод аваагүй. Газрын албан дээр очоод би ингээд гарааш авах гэсэн юм ямар нэгэн хууль зүйн сөрөг үр дагавар, асуудал гарахгүй талаас нь асууж тодруулсан. Манай тэмдэглэгээтэй гараашны эзэнтэйгээ гэрээ хийнэ тэр хүнээ дагуулж ир гэсэн. Манай компьютер дээр байгаа мэдээллээс хараад, газар ашиглах төлбөр байвал хэчнээн хугацаанд ямар төлбөр хуримтлагдсан юм тэр төлбөрийг нь төлүүлээд тэгээд гэрээ шилжинэ. Таныг гараашны эзэн нь мөн юм гэдгийг тодорхойлно. Та хэрвээ зарахаар бол нөгөө хүнтэйгээ худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд, гэрээгээ авч ирээд дараагийн хүнд шилжүүлэх процессоор явна. Та гарааш худалдаж авахад асуудалгүй гэдгийг ойлгуулж тайлбарлаж өгсөн. Үүний үндсэн дээр би 2 гарааш авсан. нэгийг нь 8 сая төгрөг нөгөөхийг нь 7 сая төгрөгөөр авсан. Хэрвээ асуудал үүсэх байсан бол би огт авахгүй байсан. Тухайн үеийн 15 сая төгрөг гэдэг контейнер гэхэд дээд тал нь 2,500,000 төгрөгийн үнэтэй байсан. Тэр үнээр би 5 контейнер авах боломжтой мөнгө байсан. Энэ утгаараа хууль зүйн үүднээс нь эргээд сөрөг үр дагавар үүсгэхгүй талаас нь бодож Газрын албан дээрээ очсон Газрын алба болно гэж тайлбар мэдээлэл өгсөн. Газрын алба газар ашигласны төлбөр тогтоогоод. Газрын албанд бүртгэлтэйг тодорхойлох тухай акт эзэн нь таныг гэдгийг газрын төлбөрийн баримт нотолно гэж байсан. Тэгээд газрын төлбөр тогтоох акт, газрын баталгаа, газрын хэмжээ тогтоосон акт, газрын төлбөр төлсөн баримт 3 нийлээд гарааш худалдаж авсныг тодорхойлно. Энийг эзэмших цаашид ашиглах эрхийг маань нээж байна гэж тайлбарлаж өгсөн байгаа. Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасны дагуу Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Түүний хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн хувийн өмч, эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор үнийг төлнө гэснийг үндэслэж худалдаж авсан юм. Ингээд гарааш худалдаж авч 2015-2003 он 7-8 жил ашигласан. Б******* дүүргийн Газрын албаны 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0223 тоот албан бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0033 тоот мэдэгдэх хуудсаа гараашнууд дээр нааж мэдэгдэх хуудсанд зохих зөвшөөрөлгүй дур мэдэн гараашийн газар ашиглаж байх тул чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн байсан. Бид нар дур мэдэж огт ашиглаагүй, гараашийг бид өөрсдөө ч бариагүй. Уг гараашнуудыг Төр захиргааны байгууллагаас захирамж гаргаж газар олгож, гарааш барих зөвшөөрлийг нь өгч бариулсан байсан. Намайг худалдаж авахаас өмнө 2003 онд бариулсан байсан. Харин ч тухайн үед нь оршин суугчид гарааш бариулахыг эсэргүүцсэн байдаг юм. Газрын албанаас ирээд тэр дүүргийнх нь прокурор гээд нэг эмэгтэй, хэд хэдэн хүмүүс ирээд одоо энэ одоо байрнуудын голд биш, зайтай ийм хүнийхээ хөлөөс зайдуу, олон нийтийн хөдөлгөөнд саад болохгүй. Ийм байгаа байршилд гарааш баригдах болохлоор та нарт ямар нэгэн санаа зовох зүйлгүй. Тийм болохлоор та нар гараашнуудыг бариулаад дараа нь худалдаж авч өмчлөх, хэрэглэх боломжтой, ингээд машин тэргээ ухуулаад, хагалуулаад, гаднын эрсдэлээс бүрэн хамгаалагдах боломжтой гэдэг боломжит нөхцөлүүд ярьж тухайн оршин суугч нарт хэлж тайлбарлаж өгөөд тэгээд тэр хүмүүс эсэргүүцлээ зогсоогоод, гарааш бариулсан байдаг юм. Үүний үндсэн дээр бид нар худалдаж авсан. Худалдаж авахдаа зүгээр мөнгө өгөөд худалдаад авчихгүй, Газрын албан дээр нь очоод мэргэжлийн этгээдээс нь лавлаад тодруулаад хууль эрх зүйн талаас ямар нэгэн аюулгүй өмчилж ашиглаж болох юм байна гэдэг үндсэн дээр худалдаж авсан байгаа. Б******* дүүргийн Газрын албанаас төлбөр тодруулах тухай акт, газрын баталгаат хэмжээг тогтоосон акт хийж өгч жил бүр иргэдээс газрын төлбөр хурааж авч байсан. Б******* дүүргийн Газрын алба болон гарааш эзэмшигч нарын хооронд нэг нь газраа эзэмшүүлсэн нөгөө нь газрыг эзэмшсэн хууль ёсны харилцаа үүссэн хэрэглэгч байсныг маш тодорхой нотолж байгаа юм. Ийм тодорхой харилцаатай эрх зүйн акт бичиг байхад, өөрсдөө зөвшөөрлийг нь өгч бариулж, зарж, газрын төлбөрийг тодорхойлох акт үйлдэж мөнгийг нь авчхаад газрын баталгаат хэмжээг нь тогтоосон актаа хийж өгчхөөд Газрын алба юу ч хийгээгүй. Иргэд бид нар шударгаар хөдөлмөрлөж, олсон мөнгөөрөө худалдаж авч байгаа. Ингэж мэдэгдэл тавьж хурааж байгаа нь буруу юм. Мөн мэдэгдэл наасны дараа Төр захиргааны байгууллагаас хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэд бидний үгийг сонсож тайлбар мэдүүлэг авч, нөхөн олговор өгөх зэрэг холбогдох арга хэмжээ авах байтал 2 удаа мэдэгдэл нааснаас өөр иргэдийн хууль ёсны эрх эрх ашиг хөндөгдсөн талаар ямар нэг арга хэмжээ аваагүй. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 тоот захирамж гарч, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж дүгнэлт гарган холбогдох арга хэмжээ авч иргэдтэйгээ уулзаж, иргэдийн оролцоог хангаж, уулзаж санал хүсэлтийг нь сонсоод явах ёстой. Нөхөн олговрын талаар хэлэлцэж тохиролцох ёстой байтал тэрийгээ огт хийгээгүй байгаа. Бид хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахын тулд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр Б******* дүүргийн Засаг Даргын Тамгын Газар болон Газрын албанд тус тус өргөдөл өгсөн. Өргөдөлдөө иргэд бид хууль ёсны эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул шүүхийн шийдвэр эцэслэн гартал шүүхийн маргаантай иргэдийн өмч хөрөнгө болох гараашийг шүүхийн шийдвэр эцэслэн гартал хурааж, нурааж болохгүйг анхааруулсан. Нураавал үүнээс үүдэн гарах үр дагаврыг хариуцах болохыг анхааруулж өгсөн. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд бидний өмч хөрөнгө болох гараашийг нураах гэж байна. Шүүхийн шийдвэр эцэслэж гартал битгий нураагаач гэсэн хүсэлт өгсөн боловч шүүхийн маргаантай шүүх ажиллагаа хийгдэж байгаа. Шүүхийн шийдвэр эцэслэж гараагүй байхад Б******* дүүргээс Монгол Улсын хууль зөрчин иргэдийн гараашийг нураасан байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн засаг даргын захирамж нь хуульд бус учраас хүчингүй болгуулах, түүнээс учирсан хохирлыг арилгуулах байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дугаар зүйлд Төрийн хууль дээдлэх үйл ажиллагаа бол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гээд заагаад өгчихсөн. Нийслэлийн засаг даргын захирамж хуулийг зөрчиж гарсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.3-т заасан зөрчсөн. Иргэдийн ариун шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө худалдаж авсан хөрөнгийг дээрэмдээд авчхаад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т заасныг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлд төр нь нийтлэг хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч хуулиар хамгаалахыг заасан байхад нурааж хуулиа зөрчиж байна. Монгол Улсын 1961 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон. Энэ тунхаглалын 75 жилийн ой саяхан болоод Монгол Улсын Их Хурал нь хүндэтгэлийн хуралдаан хийж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрөөд, дэмжээд, хэрэгжүүлээд явж байна гэдгээ төр засаг нь Олон улсад баталгаажуулж хурал дээр хэлж байна. Тэгэхлээр энэ түгээмэл тунхаглалд заасан асуудлыг зөрччихлөө. Хувь хүн, хүний өмч хөрөнгийг хэн ч дур мэдэн хууль бусаар нурааж, булааж авч болохгүй гэсэн заалтыг зөрчөөд байна. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн ийм шийдвэр болсон байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны актыг хүчингүйд тооцно. Ямар хууль, журмын дагуу манай гараашнуудыг хүчээр албадан нураасан юм бэ? Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэсний дагуу бид Б******* дүүргийн Засаг даргад 2023 оны 04 дүгээр сарын 27-нд хандсан. Гэвч ямар ч хариу өгч, шийдвэр гаргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. Бид 04 дүгээр сарын 27-нд гомдлоо өгчхөөд байна. Энийг хүлээж аваад нөгөө урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломж нь Б******* дүүргийн Засаг даргад байсан. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-ийг нь зөрчсөн. Өөрөөр хэлбэл алдаатай шийдвэр гаргасан. Нийслэлийн засаг даргын захирамж дээр 22 дугаар байрны гэсэн гарааш гэж бичсэн байгаа. Манай байр 2 дугаар байр, гэтэл 22 дугаар байрных буруу байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ захиргааны шийдвэр нь өөрөө эхнээсээ алдаатай гарчихсан. Иргэний хуулийг зөрчсөн. Иргэний хуулийн 101.1 дэх заалт, 106.2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 5.18.1 дэх хэсэг хуулийн зүйл заалтыг зөрчиж гарсан учраас энэ шийдвэр хууль бус гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ гаргасан байгаа. Энэ Б******* дүүргийн Газрын алба гараашнуудаас тодорхой хэмжээгээр газар ашигласны төлбөр авч байсан. Газрын төлбөр авч байна гэдэг тухайн газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрөөд төлөвлөгөөт хураамжаа авч байна л гэсэн үг. Энэ Б******* дүүргийн Газрын алба хариуцлагагүй ажилласан үзээд байгаа юм. Газрын тухай хуулийн 39.1.1дэх хэсгийг баримтлаад шийдвэр гаргаад байгаа байхгүй юу. Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно. Гэтэл бид 2003 онд гарааш худалдаж авснаас хойш энэ газар нь хэдийн хугацаатай вэ? Тэр хугацаа нь хэзээ дуусах юм? ямар ч мэдээлэл Газрын албанаас мэдээлэл аваагүй. Тэгээд энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Газрын алба зохион байгуулах хэрэгтэй, үүрэгтэй ажил нь юм байгаа биз дээ. Танай газар эзэмших хугацаа дуусчихсан. Та нар сунгуулах юм уу гэдэг мэдээллээр хангах үүрэгтэй гэж газрын албыг бодоод байгаа. Энийгээ хэрэгжүүлээгүй тайлбарлаагүй тэгээд шууд захиргааны шийдвэр гарсан. Гэрээ нь хэзээ дууссан юм, хэзээ нь яаж байгаа юм тэрийг мэдэхгүй, хүсэлтээ хэрхэн өгөх юм их алдаатай зөрчилтэй шийдвэр гаргасан учраас энэ шийдвэр хүчингүй болгуулж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлттэй байна” гэв.

Нэхэмжлэгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Техникийн алдаатай захирамж гарсан юм байна гэж ойлголоо. Дээр нь У******* иргэдэд учрах хохирлын тооцоог огт хийгээгүй юм байна. Тэгэхээр иргэдийг хохирох хамаагүй гэсэн үндэслэлээр ханддаг юм байна. Төрийн байгууллагадаа хэтэрхий их итгэдэг юм байна. Одоо Төрдөө бид нар илүү хяналттай шүүлтүүртэй байх ёстой юм. Нийслэлээс ирсэн төлөөлөгч Б******* маань агуулгаараа болж байвал хамаагүй гэж байна. Энэ агуулгаараа шийдээд байвал энэ ард түмэнд ер нь өмч хөрөнгийг нь яаж ч нурааж байсан болохоор юм шиг. Уг нь хуульд зааснаар иргэдийн ямарваа нэгэн өчүүхэн жижиг ч байсан өмч хөрөнгийг хуулиар хамгаалсан юм тэр хуулийг шийдвэрийг нь гаргадаг шүүх байгууллагын шийдвэртэйгээр тэр өмч хөрөнгийг нь эвдэж сүйтгэдэг, устгадаг шаардлагатай хохирлын хэмжээг нь барагдуулдаг журмаар явахгүй Монгол улсын иргэд ямар хуулийн доор ямар төрийн удирдлага доор амьдраад байгаагаа ойлгоход их хэцүү болж байна. Тэгээд энэ сонсох ажиллагааг би түрүүн хэлж байсан. У*******а захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн учраас сонсох ажиллагаа байсан. Уг нь сонсох ажиллагааг энэ хууль дээр тодорхой заачихсан байгаа. Та мэдэж байгаа бүх эрх ашиг хөндөгдөж байгаа хүмүүсийн хүсэл саналыг аваад тэгж байгаад сонсох ажиллагааг тийм хэлбэрээр явуулна гэж байгаа. Мэдэгдэл хийгээд болно гэсэн ойлголт байхгүй. Сонсох ажиллагааг бүрэн хийсэн гэж тооцох аргагүй гэдгийг эрхэм шүүгч та анхааралдаа авна биз дээ. Магадгүй өнөөдөр хариуцагч болж ирсэн хүмүүс өөрсдийнх нь өмчийг төр нь дураараа буулгаад сүйтгээд хурааж аваад байвал болдоггүй юм байна гэдгийг ойлгох өдөр ирэх байх гэж бодож байна” гэв.

Т, М.Н, М.Э, Г.Р, Д.Ө, Ж.Б, Ц.О, Э.Ч, Г., Ц.Б, Б.Н, С.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Энэ захирамжид 2 дугаар байр байхгүй. Тэр 2 дугаар байрны ар талын гараашийг нураагаад хаячихсан. Манай төр засаг захиргааны байгууллага Нийслэлийн засаг даргын захирамж нь ийм гоомой захирамж гарахгүй. Тэгэхээр манай 2 дугаар байрны ар талын гараашнууд байхгүй байхад нь нураагаад хаячихсан гэсэн ойлголт энд байж байгаа. Энийгээ тайлбарлаж өгөхгүй байгаа юм. Энэ т******* гараашнууд Цагаанхүү гэдэг хүнийх байсан сүүлд нь дамжуулж тоосгон гарааш болгон худалдсан тодорхойлолт нь тодорхой байгаа. Б******* дүүргийн Засаг дарга Амгалан байх үед захирамж гараад нэгдсэн байдлаар гарааш барьсан байгаа юм. Бид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ захирамжийг бид нар Б******* дүүргээс гаргаж өгөхгүй байгаа учир олж өгөөч гэсэн. Бодвол хавтаст хэрэгт хавсаргачихсан байх гэж бодож байна. Тэрийг бид нар үзье гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр захирамж гараад албан ёсоор баригдсан гарааш байгаа юм. Т******* гараашны оронд нэгдсэн байдлаар гарааш барьж зарсныг түрүүн манай Ё.Ж хэллээ. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа гэдгийг хийгээгүй. Яагаад хийгээгүйг ерөөсөө бид нар ойлгохгүй байгаа. Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй буюу нэхэмжлэгчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас бид нараас тайлбар, санал гаргах боломж олгох боломжийг сонсох ажиллагаа явуулахдаа хангасан байх ёстой. Тэгтэл энэ талын юм ерөөсөө байхгүй. Манай төр засгийн байгууллагаас бид нарт мэдэгдэж захиран тушаах хэлбэрийн мэдэгдэл өгөөд, дараа нураачхаж байгаа юм. Монгол улсын иргэд өнөөдөр хаана газартай, байшинтай байсан төрийн эрхийн мэдлийн газар байна гээд нурааж, иргэд хохирч байхад хамаагүй болчихсон эмх замбараагүй байдал үүсчихсэн санагдаж байгаа. Ямар хуулийн зүйл заалтаар бидний гараашийг нурааж байгаа вэ? Тэгээд шүүх шийдвэр гаргана байх. Гол асуудал нь бол газар эзэмшиж байгаа хүмүүс газрын бүртгэл нь албан ёсоор албажчихсан эрх бүхий хүмүүс л газрын төлбөр төлнө гэж газрын төлбөрийн тухай хууль дээр тодорхой заачихсан байж байгаа. Тэгэхэд бүх хүмүүс төлбөрөө төлөөд л явж байсан. Газар эзэмшиж байгаа болоод төлбөр төлсөн. Энэ сонсох ажиллагааны талаар н.У******* Газрын албаны хүн сууж байна. Яг 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагт буулгаж байхад нь би энэ хүнд хэлсэн. Та нар иргэдэд сонсох ажиллагаа явуулах, захиргааны ерөнхий хуулийг яагаад мөрддөггүй юм бэ? Энэ 55 гараашийг эзэмшдэг зарим хүмүүс нь огт мэдээгүй байгаа. Энэ мэдэгдлийг хардаг хүмүүс нь тэр гарааш өдөр болгон машинаа тавьдаг хүмүүс энд амьдардаг. Тэр гараашны зарим эзэмшигчид өөр газар, хөдөө, гадаа гадаадад байна. Тэр хүмүүс огт мэдэхгүй байгаа. Та нар нурааж байдаг ямар харгис төр болчихсон юм бэ гэхэд энэ хүн юу хэлсэн бэ гэвэл та нар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргачихсан юм байна...” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б******* нэхэмжлэгч нарын үндсэн болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан” байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж заасан.

2/Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй”, 56 дугаар зүйлийн 56.5-д "Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

3/Тухайн иргэд нь Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшихтэй холбоотой өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй байна.

4/Нэхэмжлэгчдийн тухайд маргаан бүхий Б******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22 дугаар байрны хойно байрлах газрын зөвшөөрөлгүй гараашнуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан "Нийслэлийг 20-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтад "Гэр хорооллын мухар гудамж, зуслангийн бүсийн орц, гарц, орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна”, мөн Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамжийн дагуу газрыг чөлөөлсөн.

5/Мөн тус гараашнуудыг буулгахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №02/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг өгсөн.

6/Иргэдээс нийт 156.700.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-аар нөхөн  олговрыг олгох асуудлыг зохицуулж байна. Тус журмын 3.1.1-д “Өмчлөх, эзэмших эрхий бүхий газар”, 3.1.2-т “Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, газар чөлөөлөх, түр суурьшуулах зардал зэргийг нөхөн олгохоор заасан.

Өөрөөр хэлбэл, уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан.

Иймд нэхэмжлэгчийн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлд Засаг даргын бүрэн эрхийг заасан байдаг. Энэ хуулийн 63.1.1-т хууль, тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах 63.1.2-т Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, үр дүнг хариуцахаар заасан байдаг. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Засаг дарга хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг Даргын хувьд Улаанбаатар хотын захирагч нь бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана гэж заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамжийг гаргасан байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс хууль бус гэж харж байх шиг байна. Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамжийг гаргасан гэдгийн тодорхой хэлье. Уг захирамжийг гаргахдаа мэдээж тодорхой зүйлийг үндэслэж гаргах ёстой. Энэ талаар тодорхой, товч мэдээллийг өгье. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Нийслэлийн чиг үүргийг тусгаж заасан байдаг. 24.1.19-т нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж хийхэд хяналт тавих чиг үүрэгтэй. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрхийн хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэж заасан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т газар нь төрийн хяналт хамгаалалт нь байна гэж заасан. Мөн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 22.1-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, хамгаалж байгаад хяналт тавих гэж заасан. Мөн гарсан зөрчлийг арилгах шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэгтэй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-т нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах. Мөн хуулийн 27 дугаар зүйл 27.4-т хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Мөн тус хуулийн 57 дугаар зүйлд зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсвэл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол Аймаг, Нийслэл, Дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасан. Энэ хуулийн 57.4-т мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөд Аймаг, Сум, Нийслэл, Дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасан байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Аймаг, Нийслэлийн Засаг Даргын бүрэн эрхийг заасан. Мөн хуулийн 9.1.5-т хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих гэж заасан. Эцэст нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийг 20-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022-116 дугаар тогтоолыг тус тус үндэслэн энэ захирамж гарсан байдаг. Энэ захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байгаа. Мэдээж захирамж гарахдаа зорилготой гарна. Энэ зорилгын тухайд Нийслэлийг 20-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т Гэр хорооллын мухар гудамж, зуслангийн бүсийн орц, гарц, орон сууцын хороолол дундах газар нийтийн эзэмшлийн талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдэж түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх нэвтрэх боломжийг бүрдүүлэх гэж заасан. Энэ тогтоолын дагуу А/3 тоот захирамж гарсан гэдэг агуулгаар би тайлбарлаж байна. Мөн Б******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дүүргийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг баталсан байдаг. Энэ төлөвлөгөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэрэгцээг, хүрэлцээг нэмэгдүүлэх гэдэг агуулгаар заалт гарсан. Энэ заалтад тусгагдсаны дагуу Дүүргийн 2023 оны төлөвлөгөөний 15 дахь заалтад орон сууцны хороолол дундах автомашины гараашнуудыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэн, нийтийн эдлэл газраа бүртгэл хийлгэх ажлыг зохион байгуулахыг төлөвлөсөн байдаг. Ингээд шийдвэрүүд дарааллаар явж байгаад энэ захирамж гарсан гэсэн агуулгаар би тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн холбогдох заалтыг товчхон дурдах нь зүйтэй болов уу бодож байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 3.1.4-т Хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг Газрын тухай хуульд заасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг хуульд заасан зориулалт, хугацаатайгаар гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т тухайн нэгж талбар газар нь эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатын Засаг даргад гаргах үүрэгтэй. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа дууссан, зохих зөвшөөрөлгүй барилга барьсан иргэн Аж Ахуйн нэгж, Байгууллагад газар чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж заасан хугацаанд чөлөөлөх үүрэгтэй гэж Газрын тухай хуульд тодорхой заасан байдаг. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд хэрэв зөвшөөрөлгүй байсан мэдэгдэлд дурдсан хугацаанд чөлөөлөөгүй бол чөлөөлөх ажлыг зохион байгуулж гэм буруутай этгээдээс зардлыг гаргуулна гэж Газрын тухай хуульд тодорхой тусгаад өгчихсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.1-т захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх үндсэн зорилго нөхцөл зарчмыг баримтална гэж заасан. Энэ хүрээнд захиргааны шийдвэрүүд гарсан гэж ойлгож байгаа. Тухайн иргэдтэй холбоотойгоор Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшихтэй холбоотой хүсэлт, өргөдөл, гомдлууд гарч байгаа гэдэг тайлбарыг өгч байсан. Тухайн иргэд 5 дугаар хорооны 2 дугаар байрны хойд талын газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр тухайн гараашнуудыг эзэмшдэг байсан юм байна. Хууль ёсны эрхийг хангаагүй сонсох ажиллагаа хийгээгүй гэдгийг тайлбарлаж байна. Энэ тухайд товч мэдээллийг хүргэе. Тухайн 55 гараашийг буулгахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэд, аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдэх, оролцоогоор хангах гэж заасан. Энэ хүрээнд холбогдох ажиллагаануудыг хийж явсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдолгүй нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгоно гэж заасан. Энэ хүрээнд Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/23 дугаар албан бичиг, 04 дүгээр сарын 14-ний өдөр 5/33 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг тус тус тухайн гарааш дээр нааж иргэдэд мэдэгдэж байсан. Энэ талаар нэхэмжлэгч нар маань дурддаг. Б******* дүүргийн Засаг даргад гаргасан нэг хүсэлт байгаа. Гарааш эзэмшигч 53 иргэд энэ гарааш буулгахтай холбоотой мэдэгдлийг мэдлээ гэдэг агуулгаар тайлбараа өгсөн байдаг. Ингээд харахлаар мэдсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Өөрсдийнхөө тайлбараас харагдаж байна. Нийт 3 удаа гарааш эзэмшигчдийн гараашнууд дээр энэ гараашийг буулгалаа гэдэг сонсох ажиллагааг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хийсэн байдаг. Газар зохион байгуулалтын албаны итгэмжилсэн төлөөлөгч дурдах байх. Энэ мэдэгдлээс гадна албан бичгээр иргэдэд мэдээллийг өгч байсан. Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/263 тоот албан бичиг мөн 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05/33 тоот албан бичгүүдээр Газрын тухай хуульд заасны дагуу та бүхэн холбогдох гэрээ гэрчилгээтэйгээр эзэмших ёстой. Эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй газар дээр барилга барьсан бол чөлөөлөхтэй холбоотой Засаг дарга мэдэгдэл өгнө. Ийм холбогдох хууль тогтоомжоо үндэслэн иргэдэд өргөдлийнх нь хариу болгож энэ агуулгаар нь хариу албан бичгийг өгч байсан. Энэ нь иргэдэд мэдэгдэж байгаа сонсох ажиллагааны нэг хэлбэр гэж ойлгож байна. Нөхцөл байдлыг тогтоох асуудал яригдана. Мэдээж бид гэнэт гарч ирээд тэнд байгаа гараашнуудыг нэг өдөр очоод буулгасан ажиллагаа явагдаагүй. Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу нөхцөл байдлыг тогтоосон байдаг. Хэрэглээний судалгаа болон хэрэгцээ шаардлагын хууль зүйн үндэслэлийг судалсан тайлбар өгдөг. Үүнтэй холбоотойгоор газар дээр нь очиж хэчнээн гарааш байна аль гараашнуудын хэмжээ дамжаатай байна, ямар хийцтэй байна гэдгийг тухайн газар дээр очиж судалгааг хийсэн байдаг. Мэдээж иргэд ашиг сонирхол маань хөндөгдлөө хохирлоо гэдэг агуулгыг ярьж байгаа. Иргэдийн ашиг сонирхлыг хөндөөгүй гэж хараад байгаа. Энэ иргэд маань тухайн газрыг эзэмших эрхгүй ийм этгээдүүд байгаа. Тухайн гараашийг ашиглаж байгаатай холбоотойгоор төлбөр төлж байсан. Энэ агуулга нь газрыг эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдолд төлбөр төлөх ёстой тэр агуулгаар нь жил болгон газрын төлбөр төлж байсан баримтууд нь байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд төлбөрөө төлөөгүй ийм нөхцөл байдал тогтоогддог. Тухайн дүүрэг олон иргэд амьдардаг 55 иргэн маань их боломжийг ашиглаж байсан гэж харж байгаа. Ийм учраас иргэдийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ер нь энэ шийдвэрүүд нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийтийн эрх ашгийн төлөө гарсан шийдвэр байдаг. Та бүхэнд нотлох баримтыг нь хүргүүлж гаргаж өгсөн. Тухайн 55 гарааш байсан газар дээр зам тавих, авто замын зогсоол төлөвлөж байгаа. Тэгэхээр иргэдийн амьдрах орчинд бас нэлээн ээлтэй байх шинэ төслүүд ар араасаа хэрэгжиж байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 22, 04 дүгээр сарын 14, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тэгээд 06 дугаар сарын 15-16-ны өдөр газар чөлөөлсөн байгаа. Төлбөрийн акт нь болохоор Газар зохион байгуулалтын албанаас газар ашиглуулсан төлбөр авдаг байсан. Сүүлийн 3, 4 жил тоосгон гараашнуудыг нийслэл тэр чигтээ тоосгон гараашгүй болно гээд газрын төлбөр сүүлийн 3 жил авахаа бүр зогсоочихсон байгаа. Төлбөрийн актын тал дээр газрыг шаардлагатай үед нь буцаан авна гэсэн зүйлийг тодорхой хэлдэг байсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1.Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамжийн хавсралтаар Нийслэлийн Б******* дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны хойд талд байрлах 55 ширхэг тоосгон гараашийг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

2.Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарааш тус бүр дээр мэдэгдэх хуудсыг наасан болох нь нэхэмжлэгч нарын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Засаг дарга Ө.С*******т хандсан өргөдлөөр нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

3.Нэхэмжлэгч нар нь тухайн гараашнуудыг бусад иргэдээс худалдан авсан, газрын төлбөрийг төлж байсан гэх боловч тэдгээрт  газар эзэмшүүлж, ашиглуулах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гараагүй байна.

Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэжээ.

4.Дээрхээс дүгнэвэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамжийн хавсралтаар Нийслэлийн Б******* дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны хойд талд байрлах 55 ширхэг гараашийг нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан гэх үндэслэлээр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

5.Уг захиргааны актыг үндэслэж нэхэмжлэгч нарын гараашийг 2023 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд албадан буулгасан байх бөгөөд тухайн үйлдлийг мөн хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.Учир нь нэхэмжлэгч нараас газрыг эзэмших, ашиглах талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд огт хүсэлт гаргаж байгаагүй байх бөгөөд газрын төлбөрийг төлж байсан нь хохирол гаргуулах үндэслэл болохгүй.

7.Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчийн дээрх үйл ажиллагааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

8.Хэдийгээр Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”  гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дээр зөвшөөрөлгүй гарааш барьж ашиглаж байсны хувьд газрын төлбөр төлөх нь зүйн хэрэг.

9. Мөн маргаан бүхий захиргааны актад байршлыг Б******* дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны хойд талд байрлах гэж зөрүүтэй /2 дугаар байрыг/ бичснийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжтой бөгөөд уг үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10. Харин нэхэмжлэгч нь хууран мэхэлж гарааш худалдсан гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж хохирол гаргуулахаар өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд уг шүүхийн шийдвэр дээрх үйл ажиллагаанд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Ж нарын нэр бүхий 20 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/3 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хохирол гаргуулах /3.200.000-15.000.000 төгрөгийн/-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ