| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/01538/И |
| Дугаар | 181/ШШ2024/01907 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/01907
2024 05 07 181/ШШ2024/01907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Капитрон банкны төв байранд байрлах, К б ХК /РД:2677377/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С /РД:УП88062247/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К б ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Боржигон овогтой С нь тус банктай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3002-2020/170 тоот зээлийн гэрээ, 3002-2020/170-1 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 4,059,900 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр авсан.
Гэвч зээлдэгч Б.С нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг зөрчиж, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тус банк нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Б.С-д мэдэгдэж, сануулах, шаардлага хүргүүлэх гэсэн боловч зээл хүсэгчийн анкет дээрх мэдээлэл тусгасан гар утаснуудаа авдаггүй, орох ярианы эрх хаагдсан мөн зээл авах үеийн оршин суугаа хаягийн дагуу очиход тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй хаана байгаа нь тодорхойгүй зэрэг асуудлаас болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Тус банк нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.С-с үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 3,171,617 төгрөгийг гаргуулахаар нэхэжмлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/05337 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд зээлдэгч Б.Соёлмаагийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Э-г томилсон 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Г3/323 тоот итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/05337 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зээл, зээлийн хүүний тооцоолол, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч К б ХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Соёлмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч К б ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Б.С Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Б.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Б.С-н оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/05337 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Б.С-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Б.С-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Б.С-н оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э /утас: 99059289/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ