Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 33

 

“Р П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02189 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Р П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х И” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 1 290 000 000 төгрөг гаргуулах, газрыг чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 125 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Жавхланбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Одонтунгалаг

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Мягмардорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р П” ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах 21,052 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/563 тоот захирамжийн дагуу эзэмшиж үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа. Тус газрыг манай компани 2011 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 5 жилийн хугацаатайгаар, мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа.

“Х И” ХХК нь 2014 оноос Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд Аса циркийн баруун талд байрлах газар дээр оффис болон орон сууцны цогцолбор барих барилгын ажлыг эхлүүлсэн. “Х И” ХХК-ийн зүгээс манай компанид 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр оффис болон орон сууцны барилгын ажил эхлүүлэхтэй холбогдуулан барилгын ажил хэвийн явагдахад “Р П” ХХК-ийн эзэмшлийн газрыг ашиглах, газар дээр байрлах зам талбайг дайран өнгөрөх шаардлагатай байх тул газар ашиглах, түрээслэх гэрээ байгуулах саналыг гаргасан.

Мөн манай компанийн эзэмшлийн зам талбай, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахгүй байх, “Х И” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн түрээсэлж буй газарт аливаа эвдрэл гарсан тохиолдолд нөхөн сэргээлт хийж, хуучин байдалд нь оруулах баталгаа гаргах талаар тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр “Р П” ХХК нь өөрийн эзэмшлийн газар, тодорхой зам талбайгаар нэвтрүүлэн оруулж, гаргах, тодорхой тохиролцсон газрыг ашигласны хөлсөнд сар бүр 30 000 000 төгрөгийг сар бүрийн 06-ны өдрийн дотор төлөх, гэрээний хугацаа барилгын ажил дууссан үед дуусахаар тохиролцоог хийсэн.

Гэтэл “Х И” ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2014 оны 7, 8, 9, 10 дугаар сарын газар ашигласны төлбөрт 120 000 000 төгрөгийг барьцааны 5 000 000 төгрөгийн хамт төлсөн бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд газар ашигласны төлбөрөө төлөхгүй, төлбөрөө төлөх шаардлага тавьсан ч тодорхой хариу өгөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

Түүнчлэн “Х И” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Газар эзэмших гэрээний 3.4.7-д “Барилгын ажил дууссаны дараагаар ашиглаж буй талбайг цэвэрлэх арга хэмжээг авах”, 3.4.7.1-т “Талбайн цэвэрлэгээний ажлыг хариуцан ажиллах цэвэрлэгээний баг байгуулах”, 4.1-т “газрын хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах, алдагдуулсан тохиолдолд засан сайжруулж хэвийн болгох” үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, барилгын талбай цэвэрлэх баг гаргаагүй, барилгын талбай цэвэрлэх ажлыг хийгээгүй, мөн барилга угсралтын ажил гүйцэтгэхтэй холбогдуулан том оврын автомашины хөдөлгөөнөөс шалтгаалан газрын хэвийн байдал алдагдсан, зам гудамж эвдэрсэн, гэмтсэн нөхцөл байдал үүсээд байгаа юм.

“Х И” ХХК-ийн барилгын ажил дуусаагүй, гэрээнд заасан газрыг ашигласаар байгаа.

Иймд “Р П” ХХК болон “Х И” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн газар ашиглах гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 сарыг хүртэлх хугацааны газар ашигласны 43 сарын төлбөрт 1 290 000 000 төгрөгийг “Х И” ХХК-аас гаргуулж, компанийн эзэмшлийн газрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгчтэй 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн 70 м.кв талбай бүхий газрыг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ашиглан үүний хариу төлбөрт нэг сар тутамд 30 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Бид 2014 оны 7, 8, 9, 10 дугаар сард газар ашигласны төлбөрт 120 000 000 төгрөг барьцаа төлбөрт 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаар бүхий мэдэгдлээр “Х И” ХХК-ийн барилгын ажил 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан тул газар ашиглах гэрээ 2014 оны 10 дугаар сараар дуусгавар болгож байгааг мэдэгдсэн. Бид дээрх мэдэгдлээс гадна хэд хэдэн удаа гэрээ цуцлагдсан талаарх мэдэгдэл, албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан. Тиймээс дуусгавар болсон гэрээг үндэслэн газрын төлбөрт 1 290 000 000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Бидний хувьд газрыг нь чөлөөлж өгөхийг зөвшөөрч байгаа.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн эзэмшлийн газрыг бусдад ашиглуулах эрхтэй” гэж заасан ба “Р П” ХХК нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан эрх бүхий этгээд болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан газраа ашиглуулсан нь хууль бус юм.

Түүнчлэн гэрээнд “Р П” ХХК-ийг төлөөлөх эрхгүй н.Сүнжидмаа гарын үсэг зурсан тул төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхээр байх тул 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээ Газрын тухай хууль зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

“Х И” ХХК нь тус гэрээний дагуу “Р П” ХХК-д газар ашигласны төлбөрт төлсөн 120 000 000 төгрөг, барьцаа төлбөрт төлсөн 5 000 000 төгрөгийг “Р П” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг тус тус баримтлан “Р П” ХХК болон “”Х И ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан газар ашиглах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч ашиглаж байгаа 70 м.кв газрын эзэмшлийг “Р П” ХХК-д буцаан шилжүүлэхийг “Х И” ХХК-д даалгаж,” Р П” ХХК-аас 125 000 000 төгрөгийг гаргуулж “Х И” ХХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д заасныг тус тус баримтлан “Хорскинг инвестмен”т ХХК-аас 1 290 000 000 төгрөгийг гаргуулан “Р П” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6 678 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 853,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6 678 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 853 150 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас шинжээчийн зардалд 340 340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлд тусгагдаагүй, нэхэмжлэлийн хүрээнээс хальж, нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэл шаардлагыг хүрээнд хэрэг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Р П” ХХК болон “Х И” ХХК хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 26 ны өдрийн “Газар ашиглах гэрээ”-ний дагуу гэж тодорхойлж гэрээний үүрэг, гэрээний төлбөр шаардаж байхад анхан шатны шүүх “зохигч нарын мэтгэлцээгүй буюу “Р П ХХК нь эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн эд хөрөнгийн үр шимийг эзэмших эрхтэй бөгөөд эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлого нь эрхийн үр шим болох тул талуудын тохиролцож тогтоосон сар бүрийн 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бий болох байсан орлого буюу эрхийн үр шим” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь нэхэмжлэгчийн өөрөө ч тодорхойлоогүй нөхцөл, үндэслэлийн талаар шүүх зохиомлоор дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрт маргааны талаар хийсэн эрх зүйн дүгнэлт, хэрэг шийдвэрлэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх гомдолтой байна. Бодит байдал дээр 43 сарын турш тухайн газраар тээврийн хэрэгсэл явах зэргээр барилгын ажил хийгдээгүй. 2014 оны 12 дугаар сараас эхлэн “Х И” ХХК хөрөнгө оруулагч нарын хооронд маргаантай байсны улмаас үйл ажиллагаа явуулаагүй, тухайн барилга одоо ч ашиглалтанд ороогүй байгаа болно.

 

Н^6о,

Мөн барилгын гадаад фасадны ажил хийхэд л том оврын машин явуулах үүднээс зөвхөн 2014 онд уг газрыг ашиглахаар тохиролцож байсан бөгөөд түүнээс хойшхи хугацаанд уг газрыг барилга барихдаа огт ашиглаагүй, барилгын бусад бараа материал тээвэрлэх ажлыг барилгын зүүн тал буюу “Р П” ХХК-ний газартай ямар ч холбоогүй, хуучин замаар тээвэрлэж гүйцэтгэсэн бөгөөд энэ байдал нь барилгын хаалга баруун талаасаа ордог, орц гарцтай байгаа бодит байдлаар тогтоогдоно.

 

Шүүх хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагаас олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд М.Сүнжидмаа тухайн хагацаанд итгэмжлэлгүйгээр хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй байсныг үгүйсгэсэн байгаа нотлох баримтын эх сурвалж, үндэслэлээ заахдаа төлөөлүүлэгч болох нэхэмжлэгч маргаагүй гэсэн тайлбарыг дурьдаж хуульд заасан төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцлийг үндэслэлгүйгээр зөвтгөсөнд гомдолтой байна.

“Р П” ХХК болон “Х И” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 26 ны өдрийн “Газар ашиглах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх нөхцлийг нэхэмжлэгч буюу хэлцлийн нэг тал болох газар эзэмшигч “Р П” ХХК-ийн зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй буруутай эс үйлдэхүйгээс болсон байхад хариуцагчийн хуулиар хүлээгээгүй үүрэгт буруутгасанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг газрыг ямар нэг байдлаар өөрөө ашиглаагүй, бусдад ашиглуулаагүй байхаад хаанаас олсон ямар хөрөнгөөр хариуцагч хөрөнгөжөөд байгаа нь ойлгомжгүй байхад шүүх илт хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч “Р П” ХХК нь дээрх хуульд зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөл авч, эрхийн доголдолгүй хөрөнгийг “Х И” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй байсан. Мөн уг газрын эзэмших эрх нь хариуцагч талд шилжээгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ “Рояад плаза” ХХК ний нэр дээр байсаар байгаа ба, тухайн газарт барьсан хашаагаа хариуцагч тал буулгасан байхад газрыг шилжүүл гэж даалгаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь анхнаасаа гэрэний эрх үүрэг үүсэхгүй тул харин хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой хохирол гэм хор учирсан үр дагавар үүсээгүй.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн буцаан шилжүүлэх эд хөрөнгө, шаардах эрхийг дагуу эд хөрөнгийн шинж үр дагаврыг буюу хуулийг шүүх буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна

Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг гарпуулахаар шаардаагүй байхад нэхэмжлэгчийн нотлоогүй үндэслэлээр дүгнэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн хүрээнд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дүгнэчихээд үр дагаврыг шийдвэрлэхдээ уг хүчин төгөлдөр бус хэлцлийн заалтаар үнэ буюу сар бүрийн 30 000 000 төгрөгийн төлбөрийн хэмжээг тогтоон шийдвэрлэсэн нь логикийн алдаатай хүчин төгөлдөр бус хэлцлийн дүнгээр олсон орлого, олох байсан орлого үр уг хэлцлийн үр шим гэж шууд баримтлан тооцон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн 1 290 000 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Р П” ХХК нь хариуцагч “Х И” ХХК-аас газар ашиглуулсны төлбөр 1 290 000 000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу шилжүүлсэн газрыг чөлөөлж өгөхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч газар ашиглах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 125 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

“Р П” ХХК нь хариуцагч “Х И” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Р П” ХХК өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах эзэмших эрх бүхий 21,052 м.кв талбай бүхий газраас 74 м.кв газрыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу ашиглуулах, шилжүүлэх, гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, “Х И” ХХК нь 1 сарын төлбөрт 30 000 000 төгрөг, барьцаанд 5 000 000 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан газар ашиглах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан гэх Иргэний хуулийн 56 дугаар үйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй.

 

Харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахад хийсэн дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, гомдол үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэлийн үр дагаврыг арилгахад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэлийг хийсэн талууд уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй юм. Буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсэд орлого, үр шим орох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, харин уг орлого, үр шимийг талуудын хооронд тохиролцсон гэрээний 1 сарын төлбөрөөр тодорхойлсон нь эргэлзээтэй болжээ.

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1-д “Х И” ХХК нь өөрийн хийж буй барилгын суурийн ажлын хүрээнд ухсан нүхнээс 1 м-ийн зайтай хашаа барих шаардлагын улмаас өөрийн эзэмшлийн газрын зүүн талд байрлах “Р П” ХХК-ийн эзэмшлийн газраас 1 м-ийн өргөнтэй нийт 74 м.кв талбай бүхий газрыг 1 сарын хугацаатай ашиглах гэж,

2.1.2-д “Х И” ХХК нь өргөх буулгах лифт байрлуулах зорилгоор өөрийн эзэмшлийн газрын зүүн талд байрлах “Р П” ХХК-ийн эзэмшлийн газраас 70 м.кв талбай бүхий газрыг 2.1.1-д заасан хугацаанаас хойш ашиглах гэж,

2.1.3-д “Х И” ХХК нь бетон цутгалтын помп болон зуурмагын машиныг 7 хоногт 2-3 удаа шөнийн цагаар талуудын тохиролцсон маршрутын дагуу оруулж, зогсоож, гаргах зорилгоор “Р П” ХХК-ийн эзэмшлийн зам талбайг ашиглах гэж зааснаар гэрээний зүйл тодорхойлогдож байгаа бөгөөд гэрээний үнийг 4.2-д “...гэрээний 2.1.1-2.1.3-д заасан ашиглуулах газрын нэг сарын нийт төлбөр болох 30 000 000 төгрөг болно...” гэж тус тус тохиролцсоноос дүгнэвэл дээрх 3 тохиолдолд төлөх төлбөрийн 1 сарын төлбөрийг тодорхойлсон байх ба уг хэмжээгээр үр шим, орлого тодорхойлох нь учир дутагдалтай, тодорхой бус байхад шүүх тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлдэнэ хянан үзэх эрх хэмжээний хүрээнд мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02189 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 607 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                                        

                               ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА