Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 114/шш2024/0002

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 114/2023/0023/З

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** ХХК /Регистрийн дугаар ***/

Хариуцагч: *** холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *** ХХК-ийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                ***

Хариуцагч:                                                                            ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                    Б.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн ***  нэхэмжлэгч *** ХХК-ийн эзэмшлийн Дархан сумын *** дүгээр багийн Ардын хувьсгалын өргөн чөлөө *** дугаар гудамж *** тоотод байрлах  **** нэгж талбарын дугаар бүхий *** м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэхээс татгалзаж буй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж өгөхийг даалгах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1.1. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” *** дугаар албан бичгээр өгсөн гэрчилгээг шинэчлэхээс татгалзсан шийдвэр нь хууль зөрчсөн, манай компанийн газар эзэмшүүлэх шийдвэр хүчин төгөлдөр байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

1.2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын   газраас   Газрын   тухай   хуулийн   40   дүгээр    зүйлийн  40.1.6 дахь заалтад зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний дагуу газар эзэмшил, ашиглалттай холбоотой тайлбар, инженер геологийн судалгаа, эскиз болон ажлын зураг төсөл хийж батлуулсан эсэх зэрэг бусад нотлох баримтууд нь хангалтгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх боломжгүй гэж тус тус маргасан.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “***” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг Ардын хувьсгалын өргөн чөлөө *** дугаар гудамж *** тоот хаягт байрлах *** нэгж талбарын дугаар бүхий *** мкв газрыг *** онд аймгийн Засаг даргын захирамжаар *** жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг авсан, гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж байгаад *** онд гэрчилгээ шинэчлэгдэж гарсан.

*** оны *** сард газар эзэмших эрхийн гэрээгээ дүгнээд Газрын албатай шинэчилж гэрээ байгуулах, гэрчилгээ шинэчлэх тухай хүсэлтээ гаргасан. Гэрчилгээг шинэчилснээс хойш Геодези зураг зүйн газрын даргын тушаал батлагдсан журмын дагуу цахим системд шилжих, газрын гэрчилгээг цахимжуулах хууль зүйн шаардлага үүссэн. Тухайн газар нь Шатахуун түгээх станцын зориулалттай тул Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасны дагуу ашиглахын тулд Уул уурхайн яам буюу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас технологийн дүгнэлт гаргуулах гэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ шаардагдаж байх ба цахим хэлбэрээр хэвлэгдэхгүй болохоор эрх бүхий төрийн байгууллагатай харьцаж болохгүй, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой зайлшгүй шаардлага гарч байна. Эдгээр ажиллагааг хийхэд гэрчилгээг шинэчлээгүй байгаа нөхцөл байдлаас компанийн үйл ажиллагаа доголдож байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2023 онд "***" ХХК-аас газар эзэмших эрхийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүсэлтийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан боловч Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар татгалзсан. *** онд архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийг гаргасан боловч түүний хариуг *** он хүртэл өгөөгүй. *** онд дахин хүсэлт тавьсан боловч ерөнхий архитектур байхгүй учраас шинээр томилогдох хүртэл гаргахгүй гэх хариуг өгсөн. Төрийн захиргааны байгууллагын өөрсдийнх нь үйлдлээс шалтгаалсан ийм нөхцөл байдалтай байхад газраа *** жил дараалан ашиглаагүй гэж татгалзсан, Газрын тухай хуулийн 3.1.10-д зааснаар нэгж талбарын хувийн хэргийг цаасан болон цахим баримтаар бүрдүүлэхээр хуульчилсан. “***” компанид газар эзэмшүүлэх эрх олгосон *** дугаар захирамж одоо хуулийн хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа. *** онд гэрээ, гэрчилгээгээ шинэчилсэн, *** онд талууд гэрээгээ дүгнээд шинэчилж байгуулсан. Геодези зураг зүйн газрын даргын тушаалаар батлагдсан гэрчилгээ олгох журамд гэрчилгээг олгохоор заасан байгаа. Гэрчилгээг хүчингүй болгосон нөхцөл байдал байхгүй байхад цахим системд шинэчилж бүртгэж өгөхгүй байгаа захиргааны байгууллагын татгалзал нь өөрөө хууль бус эс үйлдэхүй юм. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар харагдаж байна. "***" ХХК-аас ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхтэй холбоотой зөрчил гаргасан нөхцөл байдал байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "***" ХХК нь *** онд тухайн газрыг шууд эзэмшүүлэх захирамжаар олгосон байдаг ба дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгох байсан. Тухайн компани нь *** оноос хойш одоог хүртэл газар дээрээ ямар ч үйл ажиллагаагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нотлогдож байгаа. Төрийн захиргааны байгууллага тухайн байгууллагад хуулиар олгосон эрхийг нь олгоод ажлаа хийж явж байсан. *** оноос гэрчилгээ шинэчлэгдсэн ба *** онд гэрээ, гэрчилгээг шинэчлэх хүсэлт гаргаснаар шинэчилж өгсөн. Мөн *** онд архитектур төлөвлөлтийн даалгавар авъя гэх хүсэлт гаргахад нь тухайн үед аймгийн ерөнхий архитектураар ажиллаж байсан *** дарга "Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргаж өгөх боломжгүй” гэх хариуг өгч байсан. *** онд мөн хүсэлтийг гаргахад нь “архитектур өндөр насны тэтгэвэрт гарсан тул архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах албан тушаалтан байхгүй” гэдэг хариуг өгсөн. Мөн 9 сард “та бүхэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайн газраа *** жил ба түүнээс дээш жил ашиглаагүй учраас газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг шинэчлэх, Архитектор төлөвлөлтийн даалгаврыг өгөх боломжгүй” гэдэг хариуг өгч байсан. Ийнхүү хариу хүргүүлсэн байхад захиргааны байгууллага эс үйлдэхүйгээр эрх хязгаарласан гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ олгох журмын 14.1-д эрх бүхий байгууллага гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнэхийг аймаг нийслэлийн газрын албанд эрх олгосон байдаг. Энэ журмын хүрээнд тухайн байгууллагын гэрээг дүгнэхэд эрх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогддог тул гэрчилгээг шинэчлэхээс татгалзсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч *** ХХК нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын *** оны ** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаар албан бичиг /захиргааны акт/-г хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг “нэхэмжлэгч *** ХХК-ийн эзэмшлийн Дархан сумын *** дүгээр багийн Ардын хувьсгалын өргөн чөлөө *** дугаар гудамж *** тоотод байрлах  *** нэгж талбарын дугаар бүхий *** м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэхээс татгалзаж буй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчилж өгөхийг даалгах тухай” гэж өөрчлөн тодорхойлсон.

*** ХХК нь Дархан-Уул  аймгийн Засаг даргын *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаар захирамжаар Дархан сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт ** м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар *** жилийн хугацаатайгаар эзэмшиж, *** оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээ олгогдон, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдэн, тухайн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч *** ХХК-аас *** оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр албан бичгээр “газрыг цахимд бүртгүүлэх тухай” хүсэлт гаргасныг Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хуулийн этгээд хариуцсан Кадастрын мэргэжилтэн хүлээн авсан, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас  *** оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр /танай *** хариу гэж/ “газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх боломжгүй” гэж татгалзаж шийдвэрлэсэн тухай хариуг өгчээ.

Хариуцагчаас шүүх хуралдаанд “*** ХХК-ийн *** нэгж талбарын дугаартай газрын гэрээ гэрчилгээ нь egazar.gov.mn цахим системд шинэчлэгдсэн бүртгэлд *** оны 06 дугаар сарын 10-ны өдөр хамрагдсан, хүсэлт гаргасан цахим гэрчилгээ нь *** оны 10 сараас олгогдож эхэлсэн ба *** ХХК-д одоог хүртэл цахим гэрчилгээ үүсээгүй байгаа гэж тайлбарласан ба хариуцагчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад зааснаар “...тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний дагуу газар эзэмшихтэй холбоотой тайлбар, бусад нотлох баримтууд нь хангалтгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх боломжгүй” гэж татгалзсан хариуг өгсөн *** оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ** дугаар албан бичиг нь хууль бус үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “нэгж талбарын хувийн хэрэг” гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг” гэж, 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээг заасан бөгөөд 23.3.3-т “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх”, 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж тус тус хуульчилсан.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын *** оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар “Чиглэл хүргүүлэх” албан бичигт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын *** оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын  хэрэгжилтийг хангаж ажиллахыг 21 аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хүргүүлэн ажилласан байх бөгөөд  *** оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон нууцлал бүхий үнэт цаасан дээр хэвлэгдсэн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ нь хүчин төгөлдөр болно гэж дурдсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс газрыг цахимд бүртгүүлэх тухай хууль, журамд заасны дагуу хүсэлтээ анх *** оны 06 дугаар сарын 14-ны өдрийн *** дугаар албан тоотоор хүргүүлснийг нь хариуцагч байгууллага хүлээн авч  *** оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар хэлэлцүүлэн сонсох ажиллагаа хийхээр шийдвэрлэн *** оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлжээ.

Улмаар *** ХХК-аас *** оны 07 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу тайлбараа хавсралт материалын хамтаар хүргүүлэхэд нь *** оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ****дугаар албан бичгээр танай *** оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  *** дугаар албан бичгийн хариу гэж хаяглан “газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх боломжгүй” тухай хариуг өгсөн, одоо *** ХХК-д цахим гэрчилгээ үүсээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Газрын кадастрын систем дээрх бүртгэл, байгууллагын ирсэн, явсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэр, хурлын тэмдэглэлийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдов.

 

Дээрх хуулийн зохицуулалт, дээд байгууллагаас ирүүлсэн чиглэл зэргээс үзвэл хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын нэгдмэл сангийн цахим шилжилттэй холбоотойгоор *** оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээг шинэчлэх болон шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, гэрээ гэрчилгээ бичүүлэхээр хүсэлт гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж, газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг баримтлан ажиллахаар зохицуулагдсан байхад нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу гэрээ, гэрчилгээг шинэчлэх болон шинэчилсэн цахим бүртгэлд бүртгүүлж, гэрээ гэрчилгээг бичүүлэхээр “***” ХХК-аас гаргасан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын *** оны  09 дүгээр сарын 15-ны *** дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4.1-д “Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээр дамжуулан эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэн явуулна”, 12.1-д “эрх бүхий байгууллага энэхүү журмын 2.1-т заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийг Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулна”, 12.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагын баталгаажуулсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг Хур төрийн мэдээлэл солилцооны цахим систем эсвэл ДАН танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан өөрөө хэвлэн авна” гэж заасантай нийцээгүй, журмыг зөрчсөн нь тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын эрхийн баримт бичиг болох газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, нэгж талбарын кадастрын зургийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд танилт нэвтрэлтийн ДАН эсвэл ХУР системээр нэвтэрч, системээс нууцлал бүхий кодоор баталгаажуулж, цахим хэлбэрээр авах боломжоор ханган ажиллах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хэвлэж авах боломжгүй, эрх бүхий байгууллагад тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглахтай холбоотой хүсэлт гаргах, архитектур төлөвлөлтийн даалгавар, газрын хянан баталгааг гаргуулах зэрэг үйл ажиллагаа хийгдэхгүй, эрхийн гэрчилгээгээ баримтын бүрдүүлбэр болгож хавсаргаж өгөх боломжгүй болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана”, 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

Дархан сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** нэгж талбарын дугаартай *** м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар *** ХХК-д *** жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын *** оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ нь *** онд шинэчлэгдэн олгогдсон байх ба уг захирамжийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын болон шүүхийн ямар нэгэн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, тухайн газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч *** ХХК мөн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгохоор хуульчилсан байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь хууль, журамд зааснаар цахим гэрчилгээ үүсгэж, газрын гэрчилгээг шинэчлэн олгох, газар эзэмших гэрээ байгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг дурдаж газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэхээс татгалзсан хариуцагчийн *** оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн*** дугаар албан бичиг нь  хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмыг баримтлан ажиллаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул  *** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчилж,  цахим гэрээ гэрчилгээг үүсгэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,  106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын *** оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч *** ХХК-ийн эзэмшлийн Дархан сумын *** дүгээр багийн Ардын хувьсгалын өргөн чөлөө ** дугаар гудамж *** тоотод байрлах  *** нэгж талбарын дугаар бүхий *** м.кв газар эзэмших эрхийн цахим бүртгэл үүсгэж, гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.НАРАНТУЯА