Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/58

 

 

 

 

Ц.Ц, М.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.Догмиддорж,

Шүүгдэгч Ц.Ц-гийн өмгөөлөгч: Ж.Х,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/296 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ц.Ц, М.Б нарт холбогдох, эрүүгийн 1903006740427 дугаартай, 5 хавтас, 1050 хуудас бүхий хэргийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн прокурор М.О-ын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Б овогт Ц-ийн Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

2. Шүүгдэгч: Г овогт М-ын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн прокурор М.О-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 06-р сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай трейд” ХХК-ийн 52 дугаар шатахуун түгээх станцын хойд талын замаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг 48-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Мөн М.Б-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, зохион байгуулагчаар хамтран оролцож, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06-р сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний 453 дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч М.Б нь Ц.Ц-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06-р сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний 453 дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-ийн Ц, Г овогт М-лын Б нарт холбогдох эрүүгийн 1903006740427 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гялгар уутанд хийж боосон 22 боодол, нийт 22,8 кг Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хэргийн хамт хүргүүлэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Ц, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Энэ захирамжийг прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Очбадрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 296 дугаартай шүүгчийн захирамж гаргаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг захирамжаар “...Шүүгдэгч нарын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаарын галт тэрэгний 453 дугаар вагонд Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон оролцоо болон хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэв. Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ...” гэжээ. Эрүүгийн 1903006740427 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.З-ын мэдүүлэг /1-р хх-ийн 78-р хуудас/, гэрч Д.Э-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 85-р хуудас/, яллагдагч М.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 105-р хуудас, 4-р хх-ийн 2-р хуудас/, Юнител группын тэмдэглэл /1-р хх-ийн 192-193-р хуудас, 2-р хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд цугларсан. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ц.Ц нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг БНХАУ-ын Өвөрмонгол эмэгтэй Чимгээ гэх хүнээс авсан, очиж авахдаа асуухад тан, хувцас хунар байгаа, өөр зүйл байхгүй гэж хэлсэн, тухайн эд зүйлийг задалж үзээгүй, Ч нь хаана амьдардаг болох, ямар дугаар ашигладаг зэргийг мэдэхгүй гэх зэрэг мэдүүлгийг өгдөг ба түүний мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Ч гэх хүн үнэхээр байдаг эсэх нь тогтоогдохгүй, өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолж чадаагүй бөгөөд Ц.Цэцэгсүрэнгийн ашиглаж байсан утасны дугаараар тухайн хэрэг болдог өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдийн орсон, гарсан яриа болон мессежний лавлагааг авахад Чимгээ гэх хүний ашигладаг гэх утасны дугаартай холбогдсон, мессеж бичсэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй. Харин яллагдагч М..Б нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн үед 88997070 дугаарын утаснаас нэг эмэгтэй залгаад 2 хайрцаг ачаа байна, ногоон эм, Монгол тан байгаа, Эрээн өртөөнд очиж Арзаак гэх Хятад хүнд өгнө гэж ярьсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа тогтвортой мэдүүлэг өгдөг. Мөн тухайн үед Ц.Ц-тэй хамт явсан түүний төрсөн охин Д.Э, хүргэн Д.З нараас гэрчийн мэдүүлэг авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийн нөхцөл байдлыг тодруулсан ба энэ хэрэгт хамааралтай бүхий л мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, худал мэдүүлэг өгөх үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл, дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд мэдүүлэг өгөхөөс татгалзах, эсхүл дуугүй байх зэрэг эрх гэж үзэх ёстой. Харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилтод нийцнэ. Хэрэг цугларсан нотлох баримтуудаар Ц.Ц, М.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/296 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газраас М.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 296 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Ингэж буцаахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд тогтоох шаардлагатай гэж үзсэн. Харин Нийслэлийн прокурорын газраас шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн эсэргүүцэл бичсэн байгаа. Эсэргүүцлийн гол агуулга нь Ц.Ц, М.Б нар уг хэрэгт хамтран оролцсон болох нь гэрч З, Энарын мэдүүлэг, Юнител группийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-01/4516 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна гэж үзсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокуророос эсэргүүцэл гаргасан...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Цэцэгсүрэнгийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос гаргасан эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хэрэг нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болсон гэж үздэг. Энэ дүгнэлтийг анхан шатны шүүх хасаж шийдвэрлэсэн байдаг. Ингэж шийдвэрлэхдээ Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, мөн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн магадлал гарсан. Уг магадлалд Ц.Ц-г анхан шатны шүүх цагаатгасан нь буруу гэж дүгнээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй, учир дутагдалтай учраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан М.Б-тэй оролцоотой эсэхийг салгаж үзэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн магадлал гарсан байдаг. Гэтэл уг магадлалын дагуу ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байж прокурор яллах дүгнэлт нэмж оруулж ирдэг. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны 2020/ШЗ/296 тоот “Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах “ тухай шүүгчийн захирамжтай хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь: Нийслэлийн прокурорын газрын прокурор М.Очбадрахаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа,  шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 27 тоот магадлалд үндэслэн прокуророос яллагдагч нарт эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татах тогтоолуудад өөрчлөлт оруулж яллагдагч М.Б-ийг яллагдагч Ц.Ц-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06-р сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний 453 дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар,

 

Яллагдагч Ц.Ц-г 2019 оны 06-р сарын 09-ны өдөр түүж бэлтгэхийг хориглосон Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол 23 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг 48-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр нийслэлийн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейдинг” ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талын замаас тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар,

 

Яллагдагч М.Б-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхийг санаачилж зохион байгуулагчаар хамтран оролцож Дорноговь аймгийн Замын-Үүд төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2019 оны 06-р сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний 453-р вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар шинээр ял сонсгож яллагдагчаар мэдүүлэг авсан ажиллагаанууд хийгдсэн байна.

 

Яллагдагч нарын хувьд мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар тус тус хамгаалагдсан тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Улмаар анхан шатны шүүхээс хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой заагаагүй тул шүүгчийн захирамж нь үндэслэлгүй болсон гэж үзнэ.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс гаргасан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон тул прокуророос гаргасан эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/296 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор М.Очбадрахын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Ц, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС