| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/04320/И |
| Дугаар | 181/ШШ2024/01820 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/01820
2024 05 02 181/ШШ2024/01820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайт 29-266 тоот хаягт оршин суух, З.М. /РД:УИ99012625/,
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Т-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б тэмдэглэл хөтлөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч З.М нь Х.Т-тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Х.Т 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр танилцаж 2020 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр охин М-г төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Т маань 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын хөх хотод ажиллаж амьдрахаар яваад 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр зуурдаар нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам ээж Т-н байр болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 100а байр, 23 тоотод амьдарч байсан. Бид хоёр 2023 оны 9 дүгээр сард гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин М-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Н.О-т олгосон итгэмжлэл, Х.Т-н нас барсны гэрчилгээний хуулбар, Х.Т-н иргэний үнэмлэхийн хуулбар, З.М-н оршин суух газрын тодорхойлолт, Т.М-н төрсний гэрчилгээний хуулбар, Т.О-н гаргасан өргөдлийн хуулбар, Н.О-н гаргасан өргөдлийн хуулбар, төрөл садны лавлагааг нотлох баримтаар өгсөн байна.
3. Шүүх З.М, Х.Т нарын гэрлэж байсан эсэх лавлагаа, төрөл садны лавлагааг, Өрхийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Б, Т.О нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч З.М нь 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Х.Т-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.Т-тэй гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр 2020 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин Т.М-г төрүүлсэн. Х.Т нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр таалал төгссөн тул охин Т.М-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгоход хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон гэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч З.М нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хүсэлт гаргагч З.М нь 2020 оны 10 дугаар сараас Х.Т-тэй гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч эхэлсэн, тэдний дундаас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин Т.М төрж, эцэг Х.Т-р овоглосон, Х.Т нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээ, гэр бүлийн фото зураг, шүүхэд гэрчээр асуугдсан Н.Б, Т.О нарын мэдүүлгээр болон гэрч Т.О-н Төрөл сандны лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгч нь шүүхэд ийнхүү шаардлага гаргах эрхтэй.
7. Иймд хүсэлт гаргагч З.М-г 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Х.Т-тэй хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар З.М /РД:УИ99012625/ нь Х.Т /РД:КГ98080815/-тэй 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТХУЯГ