Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/59

 

 

 

 

 

 

Ц.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Г.Энэрэл,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.У,

            Шүүгдэгч: Ц.Э,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Э-д холбогдох, эрүүгийн 2019001570121 дугаартай, 1 хавтас, 248 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У-гийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д овогт Ц-ийн Э-д  холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ц.Э, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Горгаз” ХХК-ийн АХЦСтанц 20 салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын тооцооноос завшиж, “Горгаз” ХХК-д 1 947 186 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Ц-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,   

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 1 947 186 төгрөгийг гаргуулж “Горгаз” ХХК-д олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн гэмт хэргийн зүйлчлэл болон хэргийн хохирлын хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, түүнд оногдуулсан ялыг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Ц.Э нь анхан шатны шүүхээс Горгаз ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн 1947186 төгрөгийн хохирлыг барагдуулж, өөрөөр хэлбэл 1500000 төгрөгийг дансаар компанийн захирал Н.Б-гийн 50275254** тоот дансанд 2020 оны 11-р сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Уг компанийн хуульч нь үлдэгдэл 447186 төгрөгийг Ц.Э-ын ажилласан хоногийн цалин болон барьцаа төлбөр зэрэгт суутган ямар нэгэн хохирол төлбөргүй болсон гэсэн тул уг хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Ц.Э эмэгтэй хүн, эх хүн, 9-11 насны 2 хүүгийн хамтаар ам бүл гурвуулаа амьдардаг, ам бүлээ тэжээн тэтгэдэг насанд хүрсэн ганц хүн нь, биеийн хувьд эрүүл, цаашид ажил хөдөлмөр эрхлэн нийгэмд биеэ зөв авч явах, зөвөөр амьдрах боломжтой гэж үзэж байгаа учир түүнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял болох торгуулийн ял /10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөг/-ийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. ...” гэв.

 

            Шүүгдэгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Би цаашид ажил хөдөлмөр хийнэ, гэм буруугаа зөвшөөрч байна, бага насны 2 хүүхэдтэй учраас хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

            Прокурор Г.Энэрэл давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Э Горгаз ХХК-д хохирол төлбөрөө барагдуулсан талаар баримтаа гаргаж өгсөн байна. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш шүүгдэгч Ц.Э анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, түүний хөрөнгө орлого, цалин болон бусад орлогын боломжийг харгалзаад анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, нотолжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Шүүгдэгч Ц.Э, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Горгаз” ХХК-ийн АХЦСтанц 20 салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж,  2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын орлогоос 1 947 186 төгрөгийг завшсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Горгаз АХЦС-20 салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Э-тай холбоотой авлагын тооцооны нэгтгэл /хх-145/, АХЦС-20 Дорноговь салбарын 5 дугаар сарын тайлан /хх-146/, Дорноговь АХЦС-20 салбарын ахуйн хийний борлуулалтын тооцоо /хх-147/, Дорноговь АХЦС-20 салбарын сэлбэг, баллоны борлуулалтын тооцоо /хх-148/, гэрч Н.О /хх-169/, Б.Б /хх-141-142/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.П /хх-89/ нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолжээ.

Иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүйн гадна мэдүүлгүүд нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүгдэгч Ц.Э-ын үйлдсэн “Албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”  гэмт хэргийн гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.  

  

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсаны зэрэгцээ шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгчийн үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүйг харгалзан хоёр жил хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан, хэрэглэжээ.

 

            Гэхдээ давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд  шүүгдэгч Ц.Э-аас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1 500 000 төгрөгийг төлж барагдуулсан/1хх-246/, цаашид ажил хөдөлмөр эрхэлж, зөв амьдрахаа илэрхийлсний гадна хохирогч, иргэний нэхэмжлэгчээс “Гор газ” ХХК-д учирсан 1 947 186 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, Ц.Э-д гомдол, саналгүй /2хх-10/ талаарх баримтыг ирүүлсэн зэрэг нөхцөл байдал нь “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс хорих ялыг хөнгөрүүлж” болох хуулийн шаардлагад нийцэж байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, оногдуулах нь зүйтэй байна.

 

Харин давж заалдах гомдолд дурдсанаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг “...10000000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөх боломжгүй юм, учир нь шүүгдэгч Ц.Э энэхүү гэмт хэрэгт холбогдсон буюу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажил, хөдөлмөр эрхлээгүй, эрхэлсэн ажилгүй, цалин, орлогогүй байсан ба шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс Ц.Э-ын “хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж”-ийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Түүнчлэн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх, хамгаалалтад авахуулахтай холбоотой нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал шүүгдэгч Ц.Э бага насны 2 хүүгийн хамт, ам бүл 3 оршин суудаг гэсэн багийн тодорхойлолт хавтаст хэрэгт байх боловч энэ хаягт оршин суудаггүй, холбогдох гэрлэлтийн баталгаа буюу гэрлэгчид, тэдгээрийн насанд хүрээгүй хүүхдүүд/1хх-174-175/-ийн асрамжтай холбоотой мэдээлэл, баримтыг прокурор, мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хэрэгт хавсаргаагүй, орхигдуулжээ. 

 

Шүүгдэгч Ц.Э-аас “...албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй боловч хүүхдүүдийн эцэг, нөхөр... Г-аас тусдаа амьдардаг, ...Г хүүхдүүдийг өөрийн асрамжид аваагүй” гэж мэдүүлсэн тул эдгээр байдлыг харгалзан, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар шүүгдэгчийн бага насны хүүхдүүдийг “эрсдэлт нөхцөлд” байгаа хүүхэд гэж үзэх учраас тэднийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай байна.

 

Мөн анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаараагүйн гадна шүүгдэгч Ц.Э-д хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ түүнийг хүндэтгэн үзэх шалтгаан /хорих газарт ял эдэлж байгаа/-аар хүүхдүүдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй болж “эрсдэлтэй” нөхцөлд хоцорсон хүүхдийн асрамж, хамгааллын асуудлыг шийдвэрлээгүй, орхигдуулжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Э-д “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг/1/ жил хорих ял оногдуулсугай” гэж шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар, эх Ц.Э-ыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дуусах хүртэлх хугацаанд түүний асрамжид байсан хүү Э.Э, хүү Г.Э нарт асран хамгаалагч тогтоохыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад, мөн бага насны хүүхдүүдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, тэдгээрийг хамгаалалтад авахыг Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “...торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 1 жил хорих ял шийтгэсүгэй.” гэж,

 

3 дугаар заалтын “... 2 жилийн ...” гэснийг “... нэг жил ...” гэж тус тус өөрчилж,

 

4 дүгээр заалтад “Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дуусах хүртэлх хугацаанд түүний асрамжид байсан хүү Э.Э, Г.Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, хүүхдүүдийг хамгаалалтад авахыг Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.” гэж нэмж,

 

4, 5, 6, 7, 8 дугаар заалтуудыг 5, 6, 7, 8, 9 болгон дугаарлаж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Э-ын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА