Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч В.Батнасан

Иргэний нэхэмжлэгч П.Энхтогтох нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хээхий овогт Ваанчигийн Батнасанд холбогдох 1729000230015 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ”Хүннүгийн говь” ХХК-д барилгын туслахаар ажилладаг, ам бүл 1, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 1-15 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Хээхий овогт Ваанчигийн Батнасан /РД: КЮ73120718/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Батнасан нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 43-33 ӨМӨ улсын дугаартай “Тоёота Такома” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас 01-72 УБЕ улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган Э.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Батнасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч П.Энхтогтох мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Эхнэр Ц.Азжаргал бид хоёр энэ хэргийн улмаас хотоор үзүүлж явсан зардал, бид хоёр хоёулаа цалингийн зээлтэй ажилгүй байхдаа хүнээс зээлж төлж байсан гэсэн эдгээр зардлыг оролцуулаад 3,200,000 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр өмнөх автомашин үнэлүүлсэн үнэлгээний 2,700,000 төгрөгөө нэмнэ бас томографикийн зураг авахуулсан 190,000 төгрөг нэмэгдэнэ. Ингээд нийт  6,090,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөө ойрын хугацаанд хурдан гаргуулж авмаар байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-18 дугаар хуудас/,

Хохирогч Э.Мөнхцэцэгийн: ”...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед “Оюу толгой”-гоос Ханбогд сумын чиглэлд В.Батнасангийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн арын суудалд сууж яваад зам тээврийн осолд орсон. Тэр үед би гар утсаа оролдоод доошоо хараад явж байтал хамт машинд явсан нэг маань “хүүе урд машин” гэж хэлээд төд удалгүй миний сууж явсан машин урдаас ирсэн машинтай өөд өөдөөсөө мөргөлдөөд зогссон. Тэгээд нэг мэдэхэд би машинаас буугаад замын хажуугийн овгор шороон дээр сууж байсан. Босох гэтэл баруун гар тохойны урдуураа их өвдөж байсан. Тухайн ослын улмаас миний баруун гарын бугалга яс хугарч гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Энхтогтохын: ”....2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 01-72 УБЕ улсын дугаартай “Тоёото Харрер” маркийн машинаа өөрөө жолоодон эхнэр Азжаргал хажуугийн суудалд суугаад Ханбогд сумаас Оюу толгойн уурхайн чиглэлд явж байтал урдаас “Тоёото Такома” маркийн автомашин урсгал сөрж ирээд миний машинтай мөргөлдсөн. Тухайн ослоос болж манай эхнэр болон миний биед хөнгөн гэмтэл, мөн миний машинд их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан бөгөөд машиныг янзлуулж болохооргүй болсон. Би машинаа 2017 оны 04 дүгээр сард 7,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Ийм учраас Батнасангаас энэ мөнгийг гаргуулах, эсвэл ослын өмнө байсан шиг чанартай машин мөн эхнэр өөрийнхөө ажилгүй байсан цалин болон эмчилгээний зардал нийт 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг хх/-ийн 31-32 дугаар хуудас/

Гэрч Ш.Ганчулууны: ”...Газ дууссан гэхээр нь “Оюу толгой” ХХК руу явж байтал иргэнд өгдөггүй гэж сонсоод буцаад явсан. Зам шавартай байсан учраас тойроод явж байхад эсрэг урсгал руу ороход урдаас машин гарч ирсэн тэгэхэд би жолоочийг амжих болов уу гэж бодож байтал тормоз гишгэж чигээрээ гулгаж байгаад зогсох нь дээ гэж бодож байтал өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн тэгээд зогсоход  нь би буугаад хартал мөргөлдсөн машинаас нэг хүүхэн орилоод гараад ирсэн. Би “хүн зүгээр үү, хэдүүлээ явна” гэж асуухад хоёулаа гэж хэлсэн. Тэгээд машины жолоочийн хаалган дээр очоод түүнээс гайгүй юу гэж асуухад “гайгүй хөл эвгүй болчихлоо”, цуг явсан хүүхнээс асуухад гар эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр битгий хөдлөөрэй эндээ сууж бай гэж хэлээд нярав руу очиход нярав гар эвгүй болчих шиг боллоо гэхээр нь машин дуудаад няравыг суулгаад эмнэлэг рүү явуулсан. Нөгөө мөргөлдсөн машин дээр бас хүн ирсэн байсан. Мөн цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Ч.Батбаярын: “...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ганчулуун ах дуудаад суу гэхээр нь арын суудалд няравын эсрэг талд суугаад явж байтал гэнэт тас няс болоод явчихсан тэгээд буугаад харсан чинь машинтай мөргөлдсөн байсан. Би тухайн үед шоконд ороод юу болоод байгааг мэдээгүй. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-н 38 дугаар хуудас/

Гэрч Ц.Азжаргалын: “...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед нөхөр П.Энхтогтохын хамт “Оюутолгой” ХХК-руу явж байх замд өөдөөс цэнхэр өнгийн жийп бололтой машин гарч ирэхээр нь манай нөхөр тормоз гишгэж машинаа зогсооход нөгөө талаас урсгал сөрж ирсэн машин буцаж өөрийнхөө урсгалруу оролгүй чигээрээ шууд ирээд мөргөсөн. Нөхөр П.Энхтогтохын хөл хөдлөхөө больчихлоо гэж хэлсэн, тэгж байтал “Оюутолгой” ХХК-н чиглэлээс буюу баруун зүгээс машин ирэхээр нь харсан чинь манай ажлын залуу явж байхаар нь дуудаад манай ахруу залгаад өгөөч гэж гуйгаад ахыгаа дуудсан. Ах Ц.Үнэнбаатарыг ирж байхад урд талд нь саарал өнгийн приүс маркын машин ирээд нөгөө машинаас нэг гэмтсэн эмэгтэй болон 2 том газын боллон ачаад яваад өгсөн. Тэгж байтал цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 42 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №418 дугаартай шинжээчийн “...Э.Мөнхцэцэгийн биед баруун бугалга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №177 дугаартай шинжээчийн “...Ц.Азжаргалын биед тархи доргилт, баруун гарын 5-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №178 дугаартай шинжээчийн “...П.Энхтогтохын биед дух, баруун хөлийн тавхай хэсгийг бүхэлд нь хамарсан зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантад нөлөөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас /,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 01-72 УБЕ улсын дугаартай “Тоёото Харрер” маркийн тээврийн хэрэгсэл нь урд талаасаа мөргөлдөж, капот нугарч овойн хэлбэр байдлаа алдсан, зүүн урд крыло чихэгдэн үрчийсэн, урд 2 их гэрэд дохио, урд сетик нүүр, урд салхины шил, урд буфер хагарсан, урд буферын дотор суурь голоороо нугарч гулзайсан, нүүрний дээд, доод хөндөл чихэгдэн, ус, хөргөлтийн радиатор, сэнс хядагдсан, жолооч болон зорчигчийн эйр бак задарсан, жагсаалтад байгаа эд ангиуд эвдэрснийг ослын үеийн фото зургууд, ТХГ-ний хуулбар, мөрдөгчийн тогтоол зэргээс үндэслэн үнэлгээг хийв. Үнэлгээнд эвдрэл гэмтлийн хэмжээ нь тодорхойгүй байгаа эд ангиудыг оруулаагүй бөгөөд шаардлагатай гэвэл биечлэн үзлэг хийж нэмж тусгах боломжтой. Зах зээлийн үнэлгээгээр 2,811,500 төгрөгөөр тогтоогдсон гэх тайлан /хх-н 60-62 дугаар хуудас/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн “уг машин зүүн урд талаасаа мөргөлдөж, АRB буфер чихэгдэн гулзайсан, капот чихэгдэн, зүүн урд крыло үзүүр хэсгээрээ мурийсан, радиатор цөмөрч чихэгдэн, зүүн урд их гэрэл хагарсныг ослын үеийн фото зургууд, ТХГ-ний хуулбар, мөрдөгчийн тогтоол зэргээс үндэслэн үнэлгээг хийв.”. Зах зээлийн үнэлгээгээр 540,000 төгрөгөөр тогтоогдсон гэх тайлан /хх-н 67-68 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганбатын №1 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгч В.Батнасангийн яллагдагчаар өгсөн:”...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 43-33 ӨМӨ улсын дугаартай “Тоёота Такамо” маркийн машинаа жолоодож “Оюутолгой”-оос Ханбогд сум орохоор сайжруулсан шороон замаар явж байсан. Миний машины урд суудалд талбайн инженер Ганчулуун, арын суудалд нярав Мөнхцэцэг, туслах ажилчин Батбаяр нар сууж явсан. Бороо ороод зам дээр тогтсон усыг машинтайгаа тойрох гэж яваад би өөдөөс ирсэн “Тоёото Харрер” маркийн машинтай мөргөлдсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.Батнасангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 80 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.Батнасангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгч В.Батнасангийн гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 82-83-р хуудас/,

“Хүннү говь” ХХК-ийн захирал З.Мөнхбатын тодорхойлолт /хх-н 87 дугаар хуудас/

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 88-94 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 99-102 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч В.Батнасан нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 43-33 ӨМӨ улсын дугаартай “Тоёота Такома” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 01-72 УБЕ улсын дугаартай “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган Э.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч В.Батнасанг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч Э.Мөнхцэцэг нь “...В.Батнасанд ямар нэгэн гомдол саналгүй” /хх-ийн 107 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Энхтогтох нь авто машинд учирсан эвдрэлийг засварлах үнэлгээнээс гадна автомашины мөнгө 7,500,000 төгрөг, эмчилгээний төлбөрт 90,000 төгрөг /толгойн КТГ-н зураг авахуулсан/, ажилгүй байсан хугацааны цалин 2,640,000 төгрөг /хоёр сарын цалин/, эхнэр Ц.Азжаргалын эмчилгээний төлбөрт 90,000 төгрөг /толгойн КТГ-н зураг авахуулсан/, түүний ажилгүй байсан хугацааны цалин 1,080,500 төгрөг /нэг сарын цалин/-ийг тус тус нэхэмжилжээ.

Иргэний нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иргэний нэхэмжлэгч П.Энхтогтохын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь дээрх нотлох баримтуудаас П.Энхтогтохын эзэмшлийн 01-72УБЕ улсын дугаартай Тоёота Харрер маркийн автомашинд техникийн эвдрэл, хохирлыг үнэлсэн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2,811,500 төгрөгийн үнэлгээний тайлан /хх-н 60-62 дугаар хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 540,000 төгрөгийн үнэлгээний тайлан /хх-н 67-68 дугаар хуудас/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хийлс-Эйд” ХХК-ийн П.Энхтогтохын толгойн КТГ-ын зураг авахуулахад төлсөн 90,000 төгрөгийн төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул шүүгдэгч В.Батнасангаас 3,441,500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Энхтогтоход олгуулахаар шийдвэрлэв.

Харин П.Энхтогтохын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжилсэн 2,640,000 төгрөг /хоёр сарын цалин/-ийн баримт нь /шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн/ дутуу, шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул энэ удаагийн шүүх хуралдаанаар дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, автомашины үнэ 7,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөн П.Энхтогтохын эхнэр Ц.Азжаргал нь дээрх эрүүгийн хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байх тул түүний эмчилгээний төлбөрт 90,000 төгрөг /толгойн КТГ-н зураг авахуулсан/, түүний ажилгүй байсан хугацааны цалин 1,080,500 төгрөг /нэг сарын цалин/-ийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Иргэний нэхэмжлэгч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч В.Батнасанд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл В.Батнасанд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хээхий овогт Ваанчигийн Батнасанг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Батнасанг 1000 /нэг мянга/-н нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Батнасанд оногдуулсан 1000 /нэг мянга/-н нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд тус бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Батнасан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Батнасангаас 3,441,500 /гурван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч П.Энхтогтоход олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Энхтогтох нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжилсэн 2,640,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, үлдэх 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний нэхэмжлэгч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй В.Батнасангийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд В.Батнасанд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд В.Батнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН