Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 109/ШШ2024/0003

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: Б.Л

Хариуцагч: Архангай аймгийн Б Ш У газарт холбогдох “ 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Л-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Б.Л Архангай аймгийн Б Ш У газрын хооронд “Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Л-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж байна.

2. Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оноос эхлэн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар ажиллаж, 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус сургуулийн Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежерээр ажиллах болсон. 2023 оны 11 сарын 2-ны өдөр Архангай аймгийн Б Ш У газар гэсэн фейсбүүк олон нийтийн сүлжээгээр “Архангай аймгийн Б Ш У газар ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулна.” гэсэн зарыг тус газрын мэргэжилтэн өөрийн фейсбүүк хаягаар оруулж миний эрхэлж буй ажлын байр болох нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан. Миний бие тус сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж шалгаруулалтад ороогүй ... Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Лд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 9 дүгээр сарын дундуур сургуулийн захирал надтай холбогдоод үнэлгээ хариуцсан сургалтын менежерээр ажиллах уу гэсэн санал тавьсан. Тэр үед амралттай хүүхдээ харж байсан болохоор 12 дугаар сард ажилдаа орно одоогоор ажилдаа орох боломжгүй байна гэж татгалзсан. Сүүлд 9 дүгээр сарын сүүлээр сургалтын албаны дарга Ч.Д багш холбогдоод сургууль дээр ирээд уулзаадах гэж хэлсэн. Энэ дагуу сургуульд ирж уулзахад гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой багш нарын ажлыг үнэлдэг болсонтой уялдуулаад 740-с дээш тооны сурагчтай сургуульд үнэлгээ хариуцсан сургалтын менежер ажиллуулах болсон. Ч.Д багш байгалийн ухааны багш болохоор нийгмийн ухааны багш нараас уг албан тушаалд томилох хүсэлттэй байна. Нийгмийн ухаан гэдэг нь англи хэл, орос хэл, монгол хэл, түүх, нийгмийн хичээлүүд багтдаг. Монгол хэлний нэг багш байхгүйтэй холбоотой бусад багш нарт цагийн ачаалал их байдаг учраас боломжгүй байна. Орос хэлний багшийн тухайд орос хэлний багш олдохгүй хомсдолтой байдаг учраас сонгох боломжгүй байна. Чамайг англи хэлний багш, ажилласан жилийг бодоод менежерийн албан тушаалд авъя гэдэг саналыг хэлсэн. Тэгээд саналыг хүлээж аваад 11 дүгээр сарын 1-ний өдрөөс ажилдаа орсон. Ингэж ажилдаа орсны дараа Авлигатай тэмцэх газарлуу орлогын мэдээллийг хянуулах учраас бичиг баримтаа өгөөрэй гээд дараа нь  хариу хүргүүлсэн тухай хэлсэн. Дараа нь Авлигатай тэмцэх газрын хариу шуудангаар ирсэн. Үнэлгээний төвөөс зохион байгуулсан 2 удаагийн сургалт магистрын сургалтад сууж өөрийгөө хөгжүүлж, багш нартайгаа хамтарч ажиллаад хичээл арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Хавар багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Б газраас Л.Г ирж, ажил чинь болж байна гэж сайшаасан. Тэгээд 2023 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газрын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй бол ажлаас нь чөлөөлж сул орон тоонд шалгалт зарлана гэсэн бичиг Боловсролын газраас ирсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын урьдчилсан мэдүүлгээ хянуулсан болохоор надад хамааралгүй гэж ойлгосон. Хэрвээ урьдчилсан мэдүүлгээ хянуулсан бол тайлбараа ирүүлнэ гэсэн байсан. Тэгэхээр нь Л.Г-луу Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хариу, менежерийн сургалтад сууж төгссөн сертификатыг мэйлээр явуулсан. Тэгээд 11 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалтын зар тавигдсан байсан. Миний ажлын байранд сул орон тоо гараагүй, албан тушаалын алдаа дутагдал гаргаагүй учраас сонгон шалгаруулалтыг хууль бус үзэж шүүхэд хандсан гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч 2007 оноос эхлэн Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд анх англи хэлний багшаар томилогдон ажиллаж тухайн байгууллагад 17 жил тасралтгүй ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчин байдаг. Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажилд томилогдох болсон шалтгаан болон түүнд ажлын санал тавьсан талаар өөрөө тодорхой ярилаа. Уг асуудалд хариуцагч талаас маргах зүйл байхгүй байх. Учир нь сургалтын менежерээр 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Б.Л нь томилогдон ажилласан. Ингэж ажиллаж байх хугацаанд нь Архангай аймгийн Б Ш У газраас холбогдох мэргэжилтнүүд ажил байдалтай танилцаж болж байна гэж хэлээд явсан. Тиймээс нийгмийн ухааны сургалтын хөтөлбөр хэрэгжиж үнэлгээ хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргасан, муу ажилласан асуудал байхгүй. Б.Л нь сургалтын менежерийн албан тушаалд тавигдах шаардлагыг бүрэн хангасан. 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Архангай аймгийн Б Ш У газрынТ сумын Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, Э.Н шалгалтад орж 72 оноо авсан учраас сургалтын менежерийн албан тушаалд томилох талаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/339 тоот албан бичгээр саналыг хүргүүлсэн. Ингэснээр Б.Лын хувьд Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлаас халагдах, чөлөөлөгдөх, хуулийн дагуу томилогдсон хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх бодитой нөхцөл бий болж өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар тухайн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засгийн газрын “Шүүр” ажиллагааны хүрээнд ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилогдсон албан тушаалтнуудыг ажлаас нь халах асуудал яригдсан. Тийм ч учраас Архангай аймгийн Б Ш У газрын албан бичгийн дагуу ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй сургалтын менежерийг ажлаас нь чөлөөлнө гэж ярьж байсан. Архангай аймгийн Б Ш У газрын2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/328 тоот сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нарт үүрэг өгсөн байдаг. Сул орон тооны захиалгыг Архангай аймгийн Б Ш У газарт хүргүүлээгүй байдаг. Т сумын ерөнхий боловсролын сургуулиас сул орон тооны захиалгыг Б Ш У газартхүргүүлээгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан сонгон шалгаруулалтыг цахим хуудсанд байршуулж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт зарлах гэж байна гэсэн тушаал шийдвэр, акт бичгээр гараагүй. Б Ш У газаргэсэн цахим хуудсанд 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулна гэсэн зарыг нийтэд байршуулснаар Э.Н оролцсон. Б.Л сонгон шалгаруулалтад оролцох шаардлага байхгүй, сонгон шалгаруулалт хууль бусаар явагдаж байна. Мөн Б.Л нь тухайн албан тушаалд томилогдож хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Ямар нэгэн сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль бус гэж үзэж нэхэмжлэгч уг сонгон шалгаруулалтад ороогүй. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 52 тоот албан бичгээрБ Ш У сайдад шаардлага хүргүүлсэн.Б Ш У сайд нь Архангай аймгийн Б Ш У газар руу хэд хэдэн албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигтээ “танайх уг сонгон шалгаруулалтыг зарлах эрх зүйн үндэслэл байхгүй. Үүнийгээ цуцал гэсэн албан бичиг ирүүлсэн боловч цуцлаагүй. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан үүргийн хүрээнд сургалтын чанарыг дээшлүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд сонгон шалгаруулалтыг зарласан, сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн. Тухайн албан бичгүүд нь хавтаст хэргийн материалд авагдсан. Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явууллаа гэхэд сонгон шалгаруулалтыг Архангай аймгийн Б Ш У газар зохион байгуулж явуулах эрх хуульд зааснаар олгогдоогүй гэж үзэж байгаа. Энэ байдал нь Төрийн албаны тухай хууль болон дүрэмд зааснаар тодорхой харагдана. Ийм нөхцөл байхад дур мэдэн эрх хэмжээгээ зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Хоёрдугаарт захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байхад сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь илт хууль бус. Мөн ямар ч захиргааны акт гаргаагүйгээр сонгон шалгаруулалтын зарыг нийтийн сүлжээнд тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагч Архангай аймгийн Б Ш У газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Л нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Нийтийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсгийг зөрчиж томилогдсон тул сургуулиас албан бичгээр ирсэн хүсэлтийн дагуу Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт заасан үүргийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 27 дахь тал)

6. Гуравдагч этгээд Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Э.Н миний бие 2014-2019 онд Эрдэнэбулган сумын лаборатори 1 дүгээр сургуульд орос хэлний багш, 2019 оноос эхлэн Т сумын ерөнхий боловсролын сургуульд орос хэлний багшаар ажилд орсноос хойш нийт боловсролын байгууллагад 10 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймгийн Б Ш У газраас фейсбүүк олон нийтийн сүлжээгээр “Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулна” гэсэн зар, мөн сургуулийн багш нарын ажил төрлийн цуглаан дээр сургуулийн удирдлага “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер”-ийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдсан тул нийгмийн ухааны багш нараас оролцох боломжтой гэсэн мэдээллийг сонсоод миний бие тухайн шалгуурт тэнцэж байсан тул оролцох материалаа бүрдүүлэн бүртгүүлж 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалтад оролцож 72 оноогоор тэнцсэн. Миний бие Т сумын ерөнхий боловсролын сургуулийн “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер”-ийн ажпын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байхыг харахдаа: Б.Л багш нь англи хэлний багшаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа аван буцаад ажилдаа ороход нь захирал М.Б 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежөр”-ийн ажлын байранд шууд томилон оруулсан. Захирал М.Б, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер Б.Л-ын нөхөртэй ах дүүсийн хүүхдүүд ба энэ нь Нийтийн албаны тухай хуулийн 11.1,12.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж үзээд тухайн ажлын байран дээр Архангай аймгийн Б Ш У газраас нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм болов уу гэж бодоод тус сонгон шалгаруулалтад оролцсон. Энэ хэрэгт миний бие гуравдагч этгээдээр байгаа тул тухайн зарласан шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлгүй байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

1. Иргэн Б.Л нь 2002-2006 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд Монгол-англи хэлний багш мэргэжлээр суралцаж, 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр боловсролын бакалавр зэрэг авч, №*********** дугаартай бакалврын диплом олгожээ. (хавтаст хэргийн 51 дэх тал)

2. Б.Л нь анх Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2007 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар тус сургуульд англи хэлний багшаар томилогдон ажиллаж, тус сургуулийн захиралтай 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 45 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. (хавтаст хэргийн 123, 124-128 дахь тал)

3. Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Б.Л-ыг 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сургалтын менежерээр авч ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 115 дахь тал)

4. Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 8 дугаар албан бичгээр Б.Л-ыг тус сургуулийн үнэлгээ хариуцсан сургалтын менежерийн томилох талаар мэдэгдэж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлжээ. Дээрх албан бичгийн дагуу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 05/3395 дугаар албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно гэх хариу ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 135-136 дахь тал)

5. Иргэн Б.Л-д 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталгаажуулсан сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулсан Гадаад хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан тул ************ дугаартай батламж, 2018 онд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталгаажуулсан сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулсан 10 дахь жилдээ ажиллаж буй Англи хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан тул ********** дугаартай батламж, 2023 онд Удирдлагын академийн Төрийн албаны сургуулиас Б.Л-д Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050- сэдэвт богино хугацааны 40 цагийн цахим сургалтад хамрагдсан талаарх №******* дугаартай үнэмлэх, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр сургалтын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй сургалтын менежерийн үндсэн сургалтад хамрагдаж 48 цагийн агуулга судалсан тул *********** дугаартай батламж тус тус олгож байжээ. (хавтаст хэргийн 53-56)

6. Мөн 2015 онд Архангай аймгийн Боловсрол соёлын газраас №******* дугаартай “Арга зүйч багш” цол тэмдэг, Удирдлагын академиас 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Төрийн албан хаагчдад зориулсан “Авлигаас ангид төрийн алба” 1-р түвшин, 2-р түвшин, 3-р түвшний сургалтад оролцсон тухай үнэмлэх олгосон байна. (хавтаст хэргийн 108-112,117 дахь тал)

7. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичгээр “ ... 2.төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон ... 6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэг үүргээ биелүүлээгүй ...”  үйлдэл, шийдвэрийг шалган тогтоох талаар төрийн болон орон нутгийн өмчит бүх ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлжээ. (хавтаст хэргийн 33-34)

8. Мөн дээрх ХЭГ/595 дугаар албан бичгийн дагуу Архангай аймгийн Б Ш У газрын2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/107 дугаар албан бичгээр дээрх дурдсан зөрчил бүхий томилгоо байгаа эсэх талаарх “ .... үйл ажиллагааг зохион байгуулж мэдээллийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагаас өмнө ирүүлэх ...” талаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт мэдэгджээ. (хавтаст хэргийн 35 дахь тал)

9. Дээрх албан бичгийн хариуг Архангай аймгийн Б Ш У газар аймгийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 01/118 дугаар албан бичиг, түүний хавсралтаар хүргүүлжээ. Уг албан бичиг, түүний хавсралтад нэхэмжлэгч Б.Л-тай холбоотой мэлээлэл авагдаагүй байна. (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

10. Улмаар Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 01/328 дугаар албан бичгээр “ ... Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй ерөнхий боловсролын сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нарыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө чөлөөлж, сул орон тооны захиалгыг Б Ш У газарт ирүүлэхийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт мэдэгджээ. (хавтаст хэргийн 41 дэх тал)

11. Дээрх албан бичгийн дагуу Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас сул орон тооны мэдээлэл хүргүүлээгүй байна. Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 67 дугаар албан бичгээр тус сургуулийн нийгмийн ухааны хөтөлбөр хариуцсан үнэлгээний менежерийн орон тоонд захиалга өгөөгүй болно гэх тайлбар гаргажээ. (хавтаст хэргийн 170 дахь тал)

12. Харин ерөнхий боловсролын сургуулийн “захирлууд” гэх нийгмийн сүлжээний группт “ ... дараах сургалтын менежерийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахаар олон нийтэд мэдээллийг хүргэх гэж байна. Сонгон шалгаруулалтад орсон бол маргааш 12 цагаас өмнө нотлох баримтыг ирүүлнэ үү ...” гэх зарыг аймгийн Б Ш У газраас түгээсний дагуу Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас Б.Л-ын сургалтын менежерийн сургалтад хамрагдсан батлаж, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 05/3395 дугаар албан бичгийг тус газарт хүргүүлж байсан байна. (хавтаст хэргийн 161-169 дэх тал)

13. Үүний дараа Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалт зарласны Ерөнхий боловсролын сургууль хэсэгт Т сумын ерөнхий боловсролын сургууль Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежерийн албан тушаал бичигдсэн байна. (хавтаст хэргийн 10-14 дэх тал)

14. Архангай аймгийн Б Ш У газраас дээрх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар тушаал, шийдвэр зэрэг бичгээр захиргааны акт гаргаагүй болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

15. Нэхэмжлэгч Б.Л нь дээрх сонгон шалгаруулалтад оролцоогүй байна. Харин тус сонгон шалгаруулалтад иргэн Э.Н оролцож 72 оноо авч, тэнцжээ. (хавтаст хэргийн 69 дэх тал)

16. Улмаар Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/399 дүгээр албан бичгээр ерөнхий боловсролын сургуулийн менежерийн сонгон шалгаруулалтад Э.Н 72 оноотой тэнцсэн тул албан тушаалд томилуулах санал хүрүүлжээ. (хавтаст хэргийн 70 дахь тал)

17. Иргэн Э.Н нь Т сумын ерөнхий боловсролын сургууль Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежерийн алба тушаалд /одоогоор/ томилогдоогүй байна.

18. Гуравдагч этгээд Э.Н-ийн тухайд, Монгол Улсын Боловсролын сургуульд 2012 онд орос хэл шинжлэл мэргэжлээр суралцаж, орос судлалын бакалавр зэрэг олгож, №********** дугаартай бакалаврын диплом, 2014 онд Орос хэлний багш мэргэжлээр суралцаж, Боловсрол судлалын ухааны бакалавр зэрэг олгож, ********** дугаартай бакалаврын диплом олгожээ. (хавтаст хэргийн 63, 65 дахь тал)

19. Багшийн мэргэшлийн зэрэг олгох тухай Архангай аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг үндэслэн “Заах аргач багш” мэргэжлийн зэргийн ************** дугаартай үнэмлэхийг Э.Н--т 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр олгосон байна. (хавтаст хэргийн 67 дахь тал)

20. Мөн Э.Нт 2023 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Боловсролын ерөнхий газраас Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих модуль сургалтад хамрагдсан тухай батламж, 2015 онд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас 1 дэх жилдээ ажиллаж буй орос хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан тухай ********* дугаартай батламж, 2019 онд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас 5 дахь жилдээ ажиллаж буй орос хэлний багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан тухай ********* дугаартай батламж, 2019 онд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдэвт 40 цагийн сургалтын агуулгыг эзэмшсэн талаарх ********** дугаартай батламж тус тус олгожээ. (хавтаст хэргийн 174, 175,176 дахь тал)

21. Маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын дараа Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 52 дугаар албан бичгээр Архангай аймгийн Б Ш У газраас зохион байгуулсан дээрх сонгон шалгаруулалт нь илт хууль зөрчсөн байх тул энэхүү үйл ажиллагааг цуцлах талаар Б Ш У сайдад шаардлага хүргүүлжээ. (хавтаст хэргийн 7 дахь тал)

22. Улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1б/5607 дугаар албан бичгээр “ ... сонгон шалгаруулалт нь илт хууль бус тул энэхүү үйл ажиллагааг цуцалж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцон хариу ирүүлэх талаар тус яамд албан бичиг ирсний дагуу Архангай аймгийн Б Ш У газраас тус сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ирүүлэх талаар мэдэгджээ. (хавтаст хэргийн 82 дахь тал)

23. Дээрх албан бичгийн дагуу Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 01/440 дүгээр албан бичгээр “ ... Боловсролын ерөнхий хуулийн 28.2.2 дахь хэсэгт аймаг орон нутгийн боловсролын чанарыг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг Б Ш У газар хүлээдэг. Хэн нэгэн хүнд давуу байдал олгож сургуулийн менежер, арга зүйчийн албан тушаалд томилдог асуудал ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад байсаар байна. Сонгон шалгаруулалтын дараагаар шалгуулагчийн оноо, дүн мэдээг сургуулийн захирлуудад танилцуулж, санал хүргүүлсэн бөгөөд боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т заасан захирал эрхлэгч нарын эрхэд халдаагүй бөгөөд сургалтын менежер, арга зүйчийг Б Ш У газар томилоогүй болно ...” гэх тайлбарыг хүргүүлжээ. (хавтаст хэргийн 83-84 дэх тал)

24. Боловсрол, шинжлэх ухааны сайдаас 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1б/5911 дүгээр албан бичгээр “ ... танай газраас хариуцан зохион байгуулсан дээрх сонгон шалгаруулалтыг цуцлах арга хэмжээ авч, авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэг чиглэлийг үүргээр хүргүүлж байна ...” гэж мэдэгдсэн байна. (хавтаст хэргийн 88 дахь тал)

25. Дээрх албан бичгийн дагуу Архангай аймгийн Б Ш У газраас 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01/01 дүгээр албан бичгээр  тус газрын даргын  2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/15 дугаар тушаалаар баталсан “Аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн болон түр ажлын байранд орох иргэдээс авах мэргэжлийн шалгалтын журмыг хүчингүй болгосон талаар хариу хүргүүлжээ. (хавтаст хэргийн 201-206 дахь тал)

26. Хууль зүйн үндэслэлийн талаар:  Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургаадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 4/-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, Арван есдүгээр зүйлийн 1.-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” хэмээн тунхагласан билээ.

27. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын дагуу Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байхаар заасан ба аймгийн Б Ш У газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагт хамаарч байна.

28. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэг Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж зааснаар Архангай аймгийн Б Ш У газарнь захиргааны байгууллагад хамаарна.

29. Нэгэнт Архангай аймгийн Б Ш У газарнь захиргааны байгууллага болохын хувьд уг байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа нь захиргааны акт болохоор байна.

30. Уг хэргийн тухайд, нэр бүхий ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйч нарын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсан тэрхүү үйл ажиллагаа нь захирааны актад хамаарна гэж үзлээ.

31. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2. дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.5. дахь хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.” гэж тус тус зааснаар Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр олон нийтэд зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалт буюу үйл ажиллагаа нь захиргааны актад хамаарч байна.

32. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” хэмээн тодорхойлсон.

33. Нэхэмжлэгч Б.Л-ын тухайд, Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар сургалтын менежерээр томилогдсон бөгөөд маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтаар өөрийнх нь томилогдон ажиллаж буй албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, иргэн Э.Н тэнцэж, улмаар Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/399 дүгээр албан бичгээр Э.Н-ыг тус сургуулийн менежерийн албан тушаалд томилуулах санал хүргүүлснээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэн байна.

34. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий сонгон шалгаруулалтыг зарлаж зохион байгуулсан, уг сонгон шалгаруулалтын үр дүн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх буюу ажил албан тушаалаа хэвийн үргэлжлүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэсэн буюу дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нөхцөл байдалд хүргэжээ.

35. Энэ нь нэхэмжлэгч Б.Л-ын хувьд онцгой ашиг сонирхол байх тул шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

            36. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтын тухайд:  2002 оны Боловсролын тухай хуулийн 281.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 281.1.7.-д “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэж заасан. /2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс хүчингүй болсонд тооцогдсон/

            37. Улмаар 2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2. дахь хэсэгт аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх чиг үүргийг тухайлан заасан бөгөөд мөн хуулийн 28.6. аймаг,..боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн ...ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, .. гэж зааснаас дүгнэхэд уг чиг үүрэгт боловсролын байгууллагын албан тушаалтны /менежер,  багш, ажилтны/ сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах чиг тусгагдаагүй байна.

            38. Дээрх харилцааг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 6.3.-т “Төв, Салбар, Шалгалтын комисс /цаашид “комисс” гэх/-ын бүрэлдэхүүнд төрийн бусад байгууллага, тухайн салбарын талаар мэдлэг туршлагатай албан тушаалтныг оролцуулж болно. Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн боловсролын газрын төлөөллийг оролцуулна.” гэж зааснаар Төв, Салбар, Шалгалтын комисс нь сонгон шалгаруулалт зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд уг комиссын бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн боловсролын газрын төлөөллийг оролцуулахаар зохицуулжээ.

            39. Дээрх хууль журмын зохицуулалт нь орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд хамаарна, харин ерөнхий боловсролын сургуулийн менежер, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйч нарын хувьд тэдгээрийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлөх эрх хэмжээ нь тухайн байгууллагын захирал, эрхлэгч нарт хадгалагдана.

40. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд проректор, ректор байна.”, 33.3. дахь хэсэг Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 33.3.2.-т “тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх” гэж заажээ.

41. Үүнээс үзэхэд, орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь дээрх журмын дагуу тухайлсан байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээнд, харин багш, ажилтныг сонгон шалгаруулж, томилох эрх хэмжээ нь тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд дээр хуулийн заалтуудыг Архангай аймгийн Б Ш У газарзөрчсөн байна.

 42. Түүнчлэн дээрх албан тушаалтныг сонгон шалгаруулах талаарх Б Ш У газарт хуулиар тусгайлан эрх олгоогүй, 2002 онд батлагдсан Боловсролын тухай хуульд тухайлсан зохицуулалт байсан боловч 2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар уг зохицуулалт тусгагдаагүй, Төрийн албаны зөвлөл, түүний Салбар, шалгалтын комиссын чиг үүрэгт хамааруулжээ.

43. Түүнчлэн Архангай аймгийн Б Ш У газрын 2022, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тухайн төрийн байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрх, гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээнүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх ажиллагаа тусгагдаагүй байна. (хавтаст хэргийн 209-227)

44. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар албан бичигт “ .... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам’-д заасны дагуу Салбар зөвлөл нь Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Ерөнхий боловсролын сургуулийн менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалт нь тус Салбар зөвлөлд хамааралгүй асуудал бөгөөд сургалтын менежерийг томилж, чөлөөлөх асуудал нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т заасны дагуу тухайн албан тушаалыг томилох эрх бүхий албан тушаалтан буюу боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгчийн эрх хэмжээний асуудал болно.” гэх хариу ирүүлсэн болно. (хавтаст хэргийн 229 дэх тал)

45. Иймд маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3., 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулсан байна.

46.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.дахь хэсэг  Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэг Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.3.-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”,  47.2. дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.”, 47.4. дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.” гэж заасан.

47. Дээрх хуульд заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэгт тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон тохиолдолд тодорхой захиргааны акт гаргах боломжтой гэсэн шаардлагыг зөрчиж захиргааны акт гаргасан тохиолдлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргавал илт хууль бус байна.

48. Мөн хуулийн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд захиргааны акт гаргаж зохицуулах эрх уг захиргааны байгууллагад эрх зүйн хэм хэмжээгээр тусгайлан олгогдсон байхыг шаарддаг.

49. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Архангай аймгийн Б Ш У газар нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулах талаар хуулиар тусгайлан олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхгүй, өөрт олгогдоогүй эрхийг эдлэж сонгон шалгаруулалт зарласан, иргэн Б.Л-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж сул орон гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт явуулсан нь илт хууль бус байна.

50. Уг сонгон шалгаруулалт нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд үндэслэх, хууль ёсны байх шалгуурыг хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчжээ.

53. Түүнчлэн маргаж буй уг үйл баримттай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдаас 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1б/5911 дүгээр албан бичгээр 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтыг цуцлах арга хэмжээ авч, авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэх чиглэл хүргүүлж, Архангай аймгийн Б Ш У газраас 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01/01 дүгээр албан бичгээр тус газрын даргын  2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/15 дугаар тушаалаар баталсан “Аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн болон түр ажлын байранд орох иргэдээс авах мэргэжлийн шалгалтын журмыг хүчингүй болгосон талаар хариу хүргүүлсэн болохыг тэмдэглэв. (хавтаст хэргийн 201-206 дахь тал)

51. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Л-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

52. Хариуцагч шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлдээ: Иргэн Б.Л нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Нийтийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсгийг зөрчиж томилогдсон гэж тайлбарладаг.

53. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан.

54. Нэхэмжлэгчийн маргаж буй Архангай аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэг “Төрийн албыг доор дурдсанаар ангилна:” 6.1.2.-т “төрийн захиргааны алба”, 6.1.4-т “төрийн үйлчилгээний алба”., 6.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн үйлчилгээний албанд хамаарч байгаа тул хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн зохицуулалт нь энэ тохиолдолд хамаарахгүй байна.

55.  Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт зааснаар энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгохтой холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. дахь хэсэг Мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана: 8.3.1.-д ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл гэх зохицуулалт нь уг хэрэг, маргааны үйл баримтад шууд хамааралгүй болох нь дээрх хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байна.

56. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 05/3395 дугаар албан бичгээр Б.Л-ыг Т сумын ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно гэх хариу ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 135-136 дахь тал)

57. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт зааснаар илт хууль бус уг сонгон шалгаруулалт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно.

58. Архангай аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежерын албан тушаал нь сул орон тоо гарсан үзэхгүй. Учир нь,  Б.Л нь 2022 оны 10 дугаар сарын 01-нээс уг албан тушаалд томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

59. Иймд дээрх хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судласны үндэс дээр Архангай аймгийн Б Ш У газарнь өөрт байхгүй чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж  нэхэмжлэгчийн эрхлэж байгаа албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаж явуулсан нь илт хууль бус байх тул нэхэмжлэгч Б.Лын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдсон тул шүүхээс нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

60. Шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр, гуравдагч этгээд Э.Нт 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр мэдэгдсэн байна. Улмаар гуравдагч этгээд Э.Н нь шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлт, тайлбар гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцохгүй талаар /утсаар/ мэдэгджээ.

61. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.2., 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ  нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3., 47.1.6 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6. дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3. дахь хэсгийн 33.3.2 заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Л-д холбогдох /Т сумын ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер/ хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА-