Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч П.Мөнхсүх /өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвийн Мөнхсүхэд холбогдох 1729000310016 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа нүүрсний тээвэрлэлт хийж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 6-34 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвийн Мөнхсүх /РД:ЕЙ79111772/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Мөнхсүх нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 90-16 ӨМӨ улсын дугаартай “Бэйбэн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр буюу Ухаа худаг уурхайгаас 198 км-т Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж, зам тээрийн осол гаргасны улмаас В.Ганцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхсүх мэдүүлэхдээ: ”...Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нүүрс тээврийн Гашуун сухайт авто зам дээр очерт эхнэр В.Ганцэцэгийн хамт өөрийн компанийн 9016 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ урд хэсэгт явж байсан тээврийн хэрэгслийг  гүйцэд түрүүлэх гэж байгаад хажуу талруугаа шахуулаад өөрийн муугаас болоод осол гарсан.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-14 дүгээр хуудас/

Хохирогч В.Ганцэцэгийн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн машинд сууж яваад осолд орж гэмтсэн юм. Тухайн машиныг манай нөхөр П.Мөнхсүх жолоодож явсан бөгөөд ослын улмаас миний хүзүү, эрүүний ясанд цууралт, хугарал гэмтлүүд үүссэн юм. Надад бусдаас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй, хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд суухгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Борын” “...Гашуун сухайт авто замын 198 км-т 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 90-16 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нь замын зүүн гар тал руу онхолдож, зам тээврийн осол гаргасан. Тухайн тээврийн хэрэгслийг манай компанийн жолооч П.Мөнхсүх жолоодож байсан юм. Миний болон компанийн зүгээс ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Ганбатын: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед  санагдаж байна. Гашуун сухайт авто замын Ухаа худаг талаасаа 198 км-т урагшаа чиглэлтэй явж байх үед миний зүүн гар талаас машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа нь машины толинд харагдсан. Тэгэхээр нь би оочир дайрах гэж байна гэж бодоод тухайн машины чигт буюу үрүүлээ зүүн гар тал руу бага зэрэг дартал миний машины чиргүүлийн урдаасаа 2 дахь хаалганы харалдаа намайг гүйцэд түрүүлэх үйлдэл хийх гэсэн тээврийн хэрэгслийн толгой зэрэгцэж ирсэн. Би за бараг багтаад гүйцэд түрүүлэх юм байна гэж бодоод машиныхаа үрүүлээ баруун гар тал руу хажуу талаараа онхолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч С.Гансүхийн: “...тухайн өдөр би Гашуун сухайт авто замын 198 км-т явж байх үед миний урд талын машины урд талд Мөнхсүхийн жолоодож явсан 90-16 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талд зам дээр зогсож байсан 80-14 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуугаар тойроод гарах гэтэл 80-14 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэгцэж хөдлөөд 90-16 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын зүүн гар тал руу шахсан. Тэгсэн 90-16 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын зүүн гар тал руу зүүн талаараа онхолдсон. Харин 80-14 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаар чигээрээ яваад өгсөн. Тухайн ослын улмаас эхнэр Цэцэгээ ухаан алдсан байдалтай, Мөнхсүхийн толгойн зүүн тал хавдсан байдалтай, зүүн гар гэмтсэн даагдахгүй байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Отгонбаярын: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Гашуун сухайт авто замын 198 км-т оочирт зогсож байх үед миний урд байсан тээврийн хэрэгсэл урагшаа хөдөлсөн. Тэгтэл миний урд талын 3 дахь машин хөдлөөд явж байхдаа урдаа байсан тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд гараад явчихлаа гэж бодтол миний урд явсан тээврийн хэрэгслүүд тухайн 2 машиныг халхлаад харагдахгүй байсан. Тэгтэл гэнэт шороо босоод ямар нэг тээврийн хэрэгсэл онхолдох шиг болсон. Тэгээд юу болсон юм бол гээд очтол нөгөө гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн тээврийн хэрэгсэл замын зүүн тал руу онхолдсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн “...В.Ганцэцэгийн биед хүзүүний С6-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд хойд төвгөр, С7-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд хөндлөн сэртэнгийн нүр дайрсан зөрүүгүй хөндлөн хугарал, эрүү ясны оочны баруун хэсэгт зөрүүгүй ташуу, зүүн талын үений сэртэнгийн суурь хэсгээр зөрүүтэй ташуу хугарал, зүүн чихний омогт шарх, зүүн талын хацар шанаа, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун өвдөг, бүсэлхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Замын цагдаагийн шинжээчийн “...Нордбенз маркийн 90-16 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Мөнхсүх нь Замын хөдөлгөөний дүрийн 9.2-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.2-т зааснаар “эсрэг хөдөлгөөнтэй  хоёр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн 01 дүгээр дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 08180583 дугаар дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Мөнхсүхийн яллагдагчаар өгсөн: ”...Тухайн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан. Осол нь миний ур чадваргүйн улмаас гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс болж гарсан юм. Үзэгдэх орчин хэвийн байсан. Эхнэр маань надтай хамт урагшаа гарч хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхээр явж байгаад осолд орсон. Зорчигч суулгаж явсан миний буруу гэдгийг ойлгож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П.Мөнхсүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Мөнхсүхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Мөнхсүхийн жолоочийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Мөнхсүхийн гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 67-68-р хуудас/,

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 71-77 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн автотээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 79-80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч П.Мөнхсүх нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 90-16 ӨМӨ улсын дугаартай “Бэйбэн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр буюу Ухаа худаг уурхайгаас 198 км-т Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж, зам тээрийн осол гаргасны улмаас В.Ганцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-14 дүгээр хуудас/, хохирогч В.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, хохирогч Ж.Борын мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, гэрч Б.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч С.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Ж.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, замын цагдаагийн шинжээчийн 01 дүгээр дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 08180583 дугаар дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгч П.Мөнхсүхийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч П.Мөнхсүхийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч Ю.Мөнхцэцэг, Ж.Отгонбаяр  нар нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 17,30 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

П.Мөнхсүхэд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Мөнхсүхэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Мөнхсүхийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Мөнхсүхийг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхсүхэд оногдуулсан 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Мөнхсүх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Мөнхсүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.Мөнхцэцэг, Ж.Отгонбаяр нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй П.Мөнхсүхийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй байх бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Мөнхсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА