Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01782

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 01 181/ШШ2024/01782

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Д.Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв-А блок 5 давхарт байрлах, Х х з х /РД:9089314/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И Т ХХК /РД:6027024/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х х з х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И Т ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Х х з х болон "И т ХХК-ийн хооронд 121516 тоот Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан. "И т ХХК нь 2016-2017 оны нэг жилийн төлбөр болох 590,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2017-2018 оны төлбөр болох 250,000 төгрөгийг огт төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч 121516 тоот Радио давтамж ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийн төлбөр болох 250,000 төгрөгийг төлүүлэхээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 182/Ш32023/09456 шүүгчийн захирамжаар хариуцагч нь бүртгэлтэй хаягтаа байрладаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагч И т ХХК нь /РД.6027024/ одоо оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Б-г томилсон 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/469 тоот итгэмжлэл, Радио давтамж ашиглах эрхийн бичгийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2023/09456 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбарыг нотлох баримтаар өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х х з х нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И т ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Х х з х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ И т ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагч хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин байдаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан гэж тодорхойлж байна.

 

4. И т ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 121516 тоот Радио давтамж ашиглах Эрхийн бичгийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор И т ХХК-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И т ХХК гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 182/Ш32023/09456 шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И т ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Х х з х -ны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

 

8. Хариуцагч И т ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. 

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19-973 тоот хаягт бүртгэлтэй И т ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. И т ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй. 

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. И т ХХК-ийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б /утас: 99400681/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ