Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/61

 

 

Н.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Догмиддорж,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Э, Б.Д,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Ж,

            Шүүгдэгч: Н.И,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.И-д холбогдох, эрүүгийн 2020000000065 дугаартай, 2 хавтас, 302 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Н.И, түүний өмгөөлөгч Д.Э нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Н овогт Н-ийн И-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Н.И нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийн далай 1-р багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Д-г зодож, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт Н-ийн И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн И-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.И-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.И-оос эмчилгээний зардалд 2871336 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-д олгож,

 

Шүүгдэгч Н.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,   

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч 4696336 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилснээс шүүгдэгч нь 1825000 төгрөгийг төлж үлдэх 2871336 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан ч төлөхөө удаа дараа илэрхийлж байсан. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй ч 2020 оны 10-р сарын 30-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох эхнэр О-гийн Хаан банкны 5370037816 тоот дансанд 2880000 төгрөгийг шилжүүлсэн буюу хохирлыг төлж барагдуулсан билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн тухайд торгох, хорих гэсэн хоёр төрлийн сонгох санкцитай бөгөөд Н.И-ийн тухайд торгуулийн ял эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ойлгож, хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмшсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нь болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогддог. Н.И-ийн хувьд хэрэгт холбогдохын өмнө ар гэрээ тэжээн тэтгэж, мал хуйгаа хариулж, эцэг хүнийхээ үүргийг биелүүлж байсан, малчин байсан талаарх малчны мэргэжлийн үнэмлэх, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүхээс оногдуулах торгуулийн ялыг эдлэх бүрэн боломжтой юм. Иймд давж заалдах шатны шүүхээс Н.И-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Н.И давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд дүгнэх хэсэгтээ Н.Ин нь С.Д-г түлхэж унагаан ...гэмтэл учруулсан үйл баримт болжээ гэжээ. Прокурор дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлтийн талаар хэн аль нь маргаагүй байна, дээрхээс үзэхэд гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас хохирогч, түүний хоёр охин, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэсэн учир дутагдалтай хууль зүйн дүгнэлт хийжээ. Эрүүгийн хуулийн зүйлчлэлийн агуулга нь санаа сэдэлт, учруулсан хохирлын талаар зааж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх, улсын яллагч ямар үйлдэл хийсэн талаар дүгнэлт хийхдээ яллах дүгнэлтэд С.Д-г зодож хүнд хохирол учруулсан, гэрч, хохирогчийн мэдүүлгээр заамдаж татсан гэж мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар үйлдлээрээ санаатай гэж үзвэл хохирогчийг 1 удаа заамнаас татсан гэх мэдүүлгийг хохирогч, гэрч өгсөн байна. Харамсалтай нь хохирогч нас нөхчсөн бөгөөд Н.И-ийн үйлдэлтэй огт холбоогүй байна. Санаа сэдэлтийг тогтооход халдлагын чиг хандлага, хэлсэн, ярьсан зүйл, тухайн үеийн нөхцөл байдалд ямар нэг хууль зүйн дүгнэлт хийлгүй, нотлох баримтаар нотлохгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зүйлчилсэн нь хэргийн бодит үнэнтэй нийцэхгүй байна. Иймд Н.И надад холбогдуулан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан зүйлчлэл тохирсон эсэх дээр эргэлзээтэй байгаа тул хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргав. Шүүгдэгч би хадам ээж С.Д-гийн биед халдсан, хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Би учруулсан хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж хуулийн зүйл ангийг өөрчилж, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч хүлээж аваад ээждээ хандаж, шүүгдэгчийн ээж надад 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан. Энэ хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 удаа дуудаж уулзсан. Үүний дараа давж заалдах гомдлыг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. Тэгээд би ерөнхий утга санааг нь гаргаж бичиж өгсөн, өөрөө бол огт бичиг үсэг мэдэхгүй, гарынхаа үсгийг зурахаас цаашгүй юм. Гаргасан гомдол болон өмгөөлөгч Д.Э-ийн тайлбар дээр давхардуулахгүйгээр дөрвөн зүйл яръя гэж бодож байна. Нэгдүгээрт нь хэргийн зүйлчлэлийн талаар яръя. Учир нь эхлээд Д гэдэг шинжээч хүндэвтэр гэсэн дүгнэлтийг гаргасан. Дараа нь шүүхээс буцахад Б.Д прокурор тогтоол гаргасан. Уг тогтоолыг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл гурван шинжээчийг нэр зааж томилсон. Гэтэл эрх олгогдсон шүүхийн шинжилгээний байгууллагаар гаргуулах тул тухайн байгууллагад хандаж, тэр байгууллага нь шинжээчээ томилох ёстой байх гэж бодож байна. Сүүлд томилсон шинжээчийн дүгнэлтээр хүнд гэж дүгнэгдсэн. Өмнөх шинжээчийн дүгнэлт болон сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлт хоёрын хооронд аль нь үндэслэлтэй болохыг шүүхийн шинжилгээний байгууллага дүгнэлт гаргахгүй. Учир нь тухайн шинжээч өөрийнхөө дотоод итгэл үнэмшилд тулгуурлан гаргах ёстой. Үүнээс гадна хариуцлагаа өөрөө хүлээх ёстой. Тэгээд яагаад хүнд, хүндэвтэр гэж гарах болов, үүнийг тогтоох ёстой гэж үзэж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоод ороод ирсэн байгаа юм. Харин шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож орж ирсэнд дүгнэлт хийхгүйгээр шинжээчийг оролцуулсан гэх байдлаар шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэж заасан байдаг. Шинжээчийг дүгнэлттэй холбоотой дахиад нэг тайлбар нэмье. Шинжээчийн дүгнэлтээр дандаа зодсон, түлхэж унагаасан гэж гаргасан байдаг. Прокурор яллах дүгнэлтдээ зодсон гэдэг анхан шатны шүүх ч шийтгэх тогтоолдоо зодсон гэж оруулсан байдаг. Зодсон гэхээр үйлдэл нь юу гэж харагдаж байна гэхээр давж заалдах гомдол дээр ч мөн зүгээр сэдэлт санааг яаж тогтоогоод байгаа юм бэ? гэхээр хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, түүнийг гэрчилсэн гэрч байхгүй, үйлдэл ач холбогдлоос нь харахаар заамдаад урагшаа татсан гэдгийг талийгаач хохирогч ярьдаг. Гэтэл түлхэж унагасан гэх заалтаар эхлээд шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Дараа нь зодож улмаар биед нь хүнд гэмтэл учруулсан гэж гаргасан. Үүнийг шинжээч томилсон тогтоолд зодож улмаар хүнд гэмтэл учруулсан гэсэн байдаг. Тэгэхээр зодоод дараа нь хүнд гэмтэл учруулсан гэх ойлголтыг шинжээчид өгч, шинжээч үүнийг үндэслэж эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзсэн. Хүнд хохирлын гол зүйл нь шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт удаан гэж байгаа юм. Тиймээс гарцаагүй 84, 85 настай хүн ясны хугарал авсан тохиолдолд удаан байх нь аргагүй. Харин эрүүл мэндийг хэвийн байдалд оруулахын тулд хагалгаанд оруулсан тул хүнд байх ёстой гэсэн заалт руу оруулсан байгаа юм. Энэ нь үндэслэл муутай байна. Хоёрдугаарт Б.Догмиддорж прокурорын гаргасан тогтоолыг эргэж харах үндэслэлтэй байна. Яагаад прокурор шинжээчийг нэр зааж томилоод байгаа юм. Ямар ашиг сонирхол үйлчлээд байгаа юм, ашиг сонирхлын зөрчил байгаа юм уу, үгүй юм уу, хэргийг зүтгүүлэх байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж оруулж ирж байгаа байдал нэг биш удаа гараад байгаа. Мөн санаа сэдэлт гэдэг зүйлийг заавал тогтоох ёстой. Хохирогч ирээд таягаар хатгасан эргэж хараад заамдаад урагшаа татсан гэдэг, үүнийг хохирогч, мөн хохирогчийн хажууд байсан ганц гэрч нь хэлдэг. Гэтэл яагаад зодсон болгоод байгаа юм, зодох гэдэг үйлдэл нь яаж үйлдэгдэх юм, түлхэх гэдэг үйлдэл нь яаж үйлдэгддэг юм.  Иймд хохирогчид учирсан хохирол нь яг ямар үйлдлийн улмаас ямар санаа зорилгоор үйлдэгдсэн юм. Настай хүнийг түлхсэн бол санаатайгаар ямар гэмтлийн зэргийг учруулах санаа зорилго агуулагджээ гэж үзэх үндэслэл нь хавтаст хэргээс харагддаггүй. Тиймээс би Д.Э өмгөөлөгчийн гаргаад байгаа гомдол дээр нэмээд Д.Э өмгөөлөгч зүйлчлэлийг өөрчлөхгүй гэж байна, харин би зүйлчлэлийг өөрчлөгдөх ёстой, нарийн шалгах ёстой гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, 1.7 дугаар зүйлүүдэд заасан бодит байдлыг тогтоох гэсэн мөрдөгч, прокурорт байдаг үүргийг хангалтгүй биелүүлсэн байна. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан. Хэргийг 2 удаа буцаасан, буцаахдаа учир дутагдалтай буцаасан. Гэхдээ энэ бол шийдэгдээд явчихсан асуудал. Хохирогчийг нас барсан гэх ямар нэгэн нотлох баримт хэргээс харахад байдаггүй. Энэ хүн ямар хүн бэ гэдгийг гайгүй тогтоогоод өгсөн байдаг. Хавтаст хэргийн 7, 9-10, 13-14-р талуудад хохирогч Ц гуай гурван удаа мэдүүлэг, тайлбар өгсөн байдаг. Үүнд би ямар нэгэн гомдол санал байхгүй гэдэг. Бас тодорхойлохдоо эрүүлдээ дуугүй ноомой, хөдөлмөрч сайн хүн байгаа юм, архи уучихаараа ийм зан гаргаад байдаг гэдэг. Үүнийг баталгаажуулаад хавтаст хэргийн 17-18-р тал Г, 19-р талд Цг гэх зэрэг хүмүүс энэ хүнийг бичиг үсэг мэдэхгүй, амьдралын төлөө хүнд тусч, хөдөлмөрч, архийг хэтрүүлэн хэрэглээд байдаггүй хүн гэж тодорхойлсон байдаг. Шүүгдэгч нь 10 жил ханилсан ханийхаа ээж болох хүнд санаатайгаар хохирол учруулах үйлдэл хийсэн юм уу, үгүй юм уу гэх тал дээр дүгнэлт хийх ёстой байсан байна. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх дурдсан зүйлүүдийг тодруулахгүйгээр ямар нэгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна. Үнэхээр энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь хүндэвтэр юм уу, хүнд юм уу гэдгийг дахин шалгах хэрэгтэй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр торгох ял оногдуулах саналыг оруулж байх шиг байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй байна гэдгийг ойлгож авлаа. Гэхдээ Д.Энхтуяа өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт энэ хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой болохыг үгүйсгэх аргагүй. Хавтас хэрэгт авагдсан гэрчээр асуугдсан Д, О нарын мэдүүлэгт байнга дарамталдаг, зодох болон сэтгэл санааны дарамт шахалтаар гэр бүлийн байдал тав тухгүй байдгийг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал харагддаг. Хоёрдугаарт энэ хэргийн үйлдэгдэх болсон шалтгаан ч гэр бүлийн хүчирхийлэл нэлээдгүй газар авч хурцадсан байдаг. Үүнийг бас бодолцох хэрэгтэй. Гуравдугаарт хохирол төлбөр бүрэн гүйцэд төлөгдөхгүй, харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлөгдсөн байна. Үүнд төлөгдөхгүй байсан шалтгаан нь Н.И-гийн хувьд хохирол төлбөрийг төлөх боломж бололцоогүй, улмаар миний зохих хэмжээний эд хөрөнгө О-тай хамт дундын хөрөнгөд байгаа. Эндээс авч төлнө гэсэн асуудал хөндөгддөг байсан. Тэгэхээр миний бодож байгаа гол үндэслэл болохоор магадгүй түрүү түрүүчийн хохирлыг төлөхгүй маргаан үүсгэж байсан хүн чинь одоо дахиад торгуулийн арга хэмжээ оногдууллаа гэхэд эргээд эхнэр лүүгээ эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. Уг үндэслэл гарч ирж байгаа учраас эрхэм шүүгч нар хэрэгт авагдсан материалын хүрээнд тал бүрийн үнэлэлт дүгнэлтээр харгалзан үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сэтгэл санааны хохирол, эд материалын хохирол, эдийн засгийн хохирол, бие сэтгэлийн хохирол зэрэг байдаг шүү. Нэгэнт энэ хэргийн улмаас үүссэн хохирол бүрэн төлөгдсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэж мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр хариуцлага тооцохыг хохирогч талаас татгалзах зүйлгүй...” гэв.

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Би Н.И-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 3 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны 2020/ШЦТ/103 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э, шүүгдэгч Н.И нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн тэдгээрт бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.И нь 2020 оны 06-р сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1-р багт орших гэрийнхээ гадна эхнэр Д.О-тай “мал нийллээ” гэснээс болж маргалдаж байх үед хадам ээж С.Д гэрээсээ гарч очин Н.И-гийн араас таягаараа хатгасан ба Н.И эргэж харангуутаа түүний энгэрээс заамдаж аван урагшаа түлхэж унагасны улмаас С.Д-ийн биед зүүн дунд чөмөгний хүзүү, их төвгөр хамарсан түнхний үе доторх хугарал бүхий хүнд гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Д, гэрч Д.О нарын мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/98 тоот дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 1131 тоот дүгнэлт зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч Н.И нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гэм буруугаа хүлээн мэдүүлдэг.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Н.И-г “...хохирогч С.Д-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх “...шүүгдэгч Н.И-г иргэн С.Д-г түлхэж унагаан биед нь ... гэмтэл учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

            Өөрөөр хэлбэл: Шүүгдэгчийн хохирогчийн энгэрээс заамдаж аваад урагшаа түлхэж унагаасан, энэ үйлдлийн улмаас хохирогч С.Д-гийн эрүүл мэндэд түнхний үе доторх хугарал бүхий хүнд гэмтэл учирсан үйл баримт нь санаатай, идэвхтэй, бодитой үйлдлээр хийгдсэн байх ба хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр /35-100%/ тогтонги байдлаар алдагдсан буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2, 2.2.4-т заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарч байгаа, хохирогчийн биеийн эрүүл мэнд болон уг журамд нийцүүлэн гаргасан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/98 тоот дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 1131 тоот дүгнэлт зэргээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэсэн энэ гэмт хэргийн шинжид нийцсэн гэж үзнэ.

 

            Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Н.И-гоос гаргасан гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт эргэлзэж байгаа тул хэргийг дахин шалгуулах тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон Б.Д-ын зүгээс прокурор дахин шинжилгээ хийлгэхээр шинжээчдийг томилохдоо 3 шинжээчийг нэр заан томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн,  хэрэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байж болзошгүй гэдгийг шалгах байсныг шалгаагүй тул хэргийг прокурорт буцаалгах гэсэн үндэслэлүүдийн тухайд:

 

            Прокурор Б.Догмиддоржоос 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/16 тоот “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 234-236/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3-т заасан “шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх ... шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр ... талаарх мэдээллийг тусгана” гэсэнд нийцсэн тул прокурорыг хууль зөрчиж шинжээчийг томилсон гэж үзэх нь үндэслэлгүй юм.

 

            Хавтаст хэрэгт шүүгдэгч Н.И нь мөрдөн байцаалт /1-р хх-ийн 16-17, 31-32, 244-246/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хийсэн үйлдлийн талаар “... мал нийлэх гэж байгаа талаар эхнэр надад хэлсэн, тэгэхэд нь би явъя, чи байж бай гэж хэлэхэд намайг “хурдан яв, мал нийлчлээ, хурдан малаа эргүүл пизда чинь” гэж хэлэхээр нь би эхнэр лүү очоод гараа далайсан тэгэхэд эхнэр “аллаа” гэж орилоод газар суугаад өгсөн, тэгсэн чинь хадам ээж С.Д гэрээс гараад ирсэн, тэгээд юу болоод байгаа юм гэж асуухад нь би дээлийн энгэрээс барьж аваад урагш нь унагаасан” гэдгийг тогтвортой мэдүүлдэг бол,

 

            Хохирогч С.Д мөрдөн байцаалтад /1-р хх-ийн 6-7, 8/ “... охин О, хүргэн хүү И нар гадаа хэрэлдээд байсан, тэгээд охин муухай орилохоор нь гараад очтол гэрийн баруун талд охин, хүргэн нар байсан, тэгээд би И-ийн нуруу хэсэгт таягаар хатгасан ба тэгсэн чинь И миний дээлний энгэрээс барьж аваад урагш нь унагаасан тэгээд миний зүүн хөлний дунд чөмөгний яс эвгүй болсон” гэдгийг мөн 2 удаа мэдүүлэг өгөхдөө тогтвортойгоор мэдүүлдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

            Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээнд нь тохироогүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журамд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

            Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Мөн шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч С.Д-гийн “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, төлбөр мөнгөний оронд албадан ажил хийлгэх саналтай, ... манай хүргэн архи уухаараа маш ширүүн догшин болдог, архи уугаагүй үедээ ажилсаг даруухан” гэж мэдүүлж /хх-ийн 6-7/ байсан зэрэг нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд мөн хамаарна.

 

            Иймд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх нь гэм буруугийн хэр хэмжээ, хэлбэрт нь тохирсон буюу “Шударга ёсны зарчим”-д нийцэх ба торгох ялыг оногдуулсан тохиолдолд төлөх боломжтойгоо илэрхийлж дансандаа 2.300.000 төгрөг байршуулсан байгааг мөн харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс ялд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

            Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-аас гаргасан хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Н.И-оос гаргасан гэм буруугийн хэлбэрийг дахин шалгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн И-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.И-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-д оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгч Н.И-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Н.И нь 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-ийн цагдан хоригдсон 48 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, 720000 төгрөгийн торгох ялыг биелэгдсэнд тооцож, үлдэх торгох ялын хэмжээг 9280000 /есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөгөөр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС