| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2023/0013/З |
| Дугаар | 118/ШШ2024/0003 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 118/ШШ2024/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.
Хариуцагч: Завхан аймгийн сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд: З., Н. нарын хоорондын өвөлжөөний газартай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., гуравдагч этгээд З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч З. нь Завхан аймгийн сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар захирамжийг үндэслэн 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын дугаартай, Баян-Улаан багийн нутаг дэвсгэр дэх ******* өвөлжөөний 10000 м.кв газрыг эзэмшдэг.
2.1 З.ад эзэмшүүлсэн уг өвөлжөөний газрыг хамтран эзэмших талаарх түүний төрсөн дүү З.ын хүсэлтийг Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг дэмжиж түүнд газар эзэмшүүлэх саналыг сумын Засаг даргад хүргүүлэхээр 11 дүгээр тогтоолоор шийдвэрлэснийг үндэслэн сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/277 дугаар захирамжаар З.т 1086 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
2.2 сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар тогтоолоор дээрх ******* өвөлжөөний газрыг мөн гуравдагч этгээд Н.ид хамтран эзэмшүүлэх саналыг сумын Засаг даргад хүргүүлсэн ба сумын Засаг даргын дээрх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/277 дугаар захирамжаар Н.ид 1086 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч тал “Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаагүй, тус өдрийн 13 дугаар тогтоолд Хурлын дарга С. гарын үсэг зураагүй, ******* өвөлжөөг Н. эзэмших эрхгүй” гэж, хариуцагч тал “Багийн иргэдийн Нийтийн Хурлаас Н.ид ******* өвөлжөөг эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээд нэгэнт тогтоолоор шийдвэрлэсэн тул хуульд нийцсэн бөгөөд Н. нь тухайн багт тогтвортой мал маллаж ирсэн тул уг өвөлжөөг эзэмшүүлэх үндэслэлтэй” хэмээн тус тус маргасан.
4. Нэхэмжлэгч З. нь Завхан аймгийн сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн сумын иргэн хүн. Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, манай өвөлжөөний газар дээр өөр хүний нэр оруулан гаргасан байсан. Би хувьдаа энэ хурал болоогүй гэж дүгнэж байна. Манай өвөлжөө нь Урд мухар, Хойд мухар гэсэн хоёр хэсэгтэй. Хойд мухрын өвөлжөөн дээр өөр хүн нэрээ оруулаад, давхардал үүссэн байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хуралд би өөрөө суугаагүй, хурал хийсэн бол миний өвөлжөөтэй хамааралтай асуудал яригдаж байхад намайг оролцуулах ёстой байдаг. Манай өвөлжөө дээр хүн нэмэх тухай асуудлыг хэлэлцэхдээ яагаад намайг оролцуулаагүй юм бол. Хурлын товыг мэдэгдсэн бол очих байсан. Нэг мэдсэн манай өвөлжөө дээр хүн нэмсэн байсан. Өвөлжөөндөө өвөлжихөд маш хүндрэлтэй байгаа. Урд мухар гэх өвөлжөөг би эзэмшдэг. Миний төрсөн дүү З. уг өвөлжөөг ах надтай хамтран эзэмшихээр хүсэлт өгснөөр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, уг асуудлыг хэлэлцэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор ******* өвөлжөөг хамтран эзэмшүүлэхээр Н.ийг нэмсэн байна. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй, мөн Хурлын дарга С. нь тус өдрийн 13 дугаартай тогтоолыг гаргаж, өөрөө гарын үсэг зураагүй гэдэг. Иймд Завхан аймгийн сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс сумын Баян-Улаан багийн 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж байна. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь Баян-Улаан багийн иргэд байгаа, тус багийн Хурлаар эрх ашиг нь хөндөж, болзошгүй нэхэмжлэгчид хамааралтай хурлын товыг огт мэдэгдээгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гарахын тулд Хурал хуралдсан байх ёстой. Тэр тусмаа тухайн иргэний газрын асуудлыг шийдвэрлэх гэж байж, тухайн хүнийг байлцуулах ёстой. Захиргааны актын сонсох ажиллагааг явуулах шаардлагатай. Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд заавал мэдэгдэнэ гэсэн процессын алдааг гаргасан байна. З.ын өвөлжөөний газарт өөр хүмүүсийн нэрийг оруулан тогтоол гаргасан байна. Тогтоолд нэрийг нь оруулах үед хурал болоогүй, Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал нь нийт багийн иргэдийн эрх ашгийг хөндөж хуурамч тогтоол гаргасан байна гэх үүднээс нэхэмжлэл гаргасан. сумын Засаг даргад гуравдагч этгээдийн зүгээс хандсан. Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэж захирамж гаргасан байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар уулзсан. Энэ тогтоол нь хууль бус байх юм бол энэ тогтоолыг үндэслэж гаргасан захирамжийг хүчингүй болгоно гэсэн мэдэгдэл өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь энэ тогтоолыг хууль бус болгуулах хүсэлтээ гаргасан. Нэхэмжлэгч гуравдагч этгээдийн эрх ашиг яаж хөндөгдөж байгаа вэ? гэхээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдахдаа багийн иргэддээ заавал мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, мэдэгдээгүй учраас хууль бус тогтоол гарсан. Тухайн хурлаар З. гуайн эзэмшлийн өвөлжөөнд Н., З. нарт нэмж газар эзэмшүүлэх талаар шийдвэрлэсэн байдаг. Эзэмшигчээс асуулгүйгээр шийдвэр гаргасан байх тул эзэмшигчийн эрх ашиг шууд хөндөж байна. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Гуравдагч этгээдийн хувьд ахынхаа өвөлжөөний газар дээр өөрийнхөө нэрийг оруулсан байхад, дахин нэмэлтээр өөр хүний нэрийг нэмж тогтоол гаргасан байна. Өөр багийн иргэн байсан бол эрх ашиг нь хөндөгдөхгүй байсан... Энэ маргаан нь эрүүгийн шинжтэй маргаан байна гэх асуудал яригдсан. Нэхэмжлэгчид маань нутгийн хүнээ эрүүгийн хэрэгт холбогдуулмааргүй байна гэх байдлаар ярьсан. Үүнийг зөвөөр ойлгоорой. Багийн Засаг дарга гэх утгаар нь энэ гомдлыг гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг анх хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, илт хууль бус захиргааны актын ангилалд хамаарах нөхцөл байдал үүссэн, тогтоолыг гаргасан эзэн нь олдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... гэв.
7. Хариуцагч Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд гаргасан тайлбартаа: Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг Хурлын дарга зарладаг. Миний бие багийн Засаг дарга тул багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох үүрэгтэй. Оролцохдоо тухайн жилийнхээ ажлын тайлангаа тайлагнах үүрэгтэй. Тухайн үед хурал хийгдээд, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, шийдвэр нь гарсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг би сумын Засаг даргад өгдөг. Тухайн үед хуралдаан нь болоод багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга тамга, тэмдгээ дараад явуулсан байх гэж бодсон. Н., З., З. нарын бүх бичиг баримтыг газрын албанд өгч, гэрчилгээ авахад нь бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. З., З., Н. нарын маргаан их асуудалтай. Урд мухар, Хойд мухар хоёр нь анх нэг өвөлжөө байсан. Эцэг, эх нь өвөлжиж байсан. Тэрнээс болоод манай өвөлжөө, танай өвөлжөө гэж маргадаг. З. буруу ойлгосон байна. З.ыг гаднын хүн гэж огт яриагүй. Урд мухарт өвөлжөө барихаас өмнө , ийн аавууд эзэмшиж байсан талаар ярьсан. Монгол улсын иргэн хаана ч амьдрах, газар нутаг эзэмших эрхтэй. Багийн иргэдийн Нийтийн Хурал бол хэзээ ч зарлагддаг. Багийн хүн болгонд хүрч хэлэх боломжгүй. Иргэн хүн үүргээ ухамсарлаж, иргэдийн Нийтийн Хуралдаа ирэх ёстой. Тухайн үед иргэдийн Нийтийн Хурлын дарга т тамга хадгалагдаж байсан. Надаа тамгаа өгдөггүй байсан. Хурлын дарга тамгаа өвөртөлж ирээд тогтоол шийдвэр гарын үсгээ зураад тамгаа дараад, буцаагаад тамгаа авч явдаг байсан. Надад Н., З. нарын нэртэй нэг л тогтоол байсан. Би тэр тогтоолыг газрын даамалд өгсөн. Өөр хэлэх зүйлгүй. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана... гэв.
8. Гуравдагч этгээд Н. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баян-Улаан багийн иргэдийн Хуралд хүсэлт өгч Урд мухар гэх газарт өвөлжөө эзэмших болсон. Уг газар нь миний аав болон өвөө нарын үе дамжин олон жил нутагласан нутаг юм. Хойд мухар гэх газар нь миний ах, эгч нар байдаг, олон жил өвөлжиж суурьшсан. Урд мухар нь Хойд мухрын бэлчээрийн газар байгаа юм. З.ын аав ******* нь манайтай худ ураг болж манай Хойд мухарт хоёр жил өвөлжөөд гуйж хашаа барьж хэдэн тэжээлийн үхэртэй, цөөн хэдэн жил байя гэж гуйж байсан юм. Манай ойр хавийн бүх хүн мэднэ. Өөрсдөө малгүй байж өөр хүн, айл буулгах гээд байдаг. Бид нар бэлчээр нэг байдаг. Бэлчээр муу болохоор өөр айл буулгах боломжгүй байдаг. Ийм нөхцөл байдалтай байхад З. нь хэл ам хийж байна. Би 2018 онд багийн Хурлаар орж ******* өвөлжөөнд нэрээ оруулж батлуулсан. Ийм байхад миний нэрийг хасна, намайг харьяалалгүй гэж байгаад би гомдолтой байна. Урьд нь ******* өвөлжөөг манай өвөг дээдэс эзэмшиж байсан. Анх гуйж хэдэн жил болно гэж өвөлжөө барьчхаад дараа нь буулгаад өөрсдөө аваад явсан. 2000 онд төв орсон, сүүлийн 20-иод жил миний ах ******* эзэмшиж байгаа. Миний өөрийн хэдэн мал ч байдаг. хэл ам хийж бид нартай ганц ч яриагүй байж шүүхэд өгсөн тул миний энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
9. Гуравдагч этгээд З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Улаан багийн ******* өвөлжөөн дээр энэ асуудал үүсээд байгаа. Жилдээ нэг удаа багийн Иргэдийн нийтийн Хурал болдог. Энэ 2019 онд хоёр удаа болсон. Манай төрлийн эгч маань Н.ийн нагац ахынх нь хүүхэдтэй гэр бүл байсан нь үнэн. ******* өвөлжөөний хувьд би 2000 онд хөдөө амьдарч байгаад 2000 оноос сумын төвд амьдарсан. Үүнээс хойш оюутан болж хот явж ирээд 14-15 жил болж байгаа. Н. бид бие биеэ мэднэ. Өвөлжөө бууцны хувьд заавал урагшаа ороод, манай өвөлжөө рүү буух гээд байгаа ямар шаардлага байдаг юм. Би үүнийг ойлгохгүй байгаа. Н. төв дээр байдаг хүн, би ч гэсэн сумын төвд амьдардаг. Өөрийн малын хариулж байгаа айлаа буулгахаар хэрүүл, зодоон болдог. Нэг удаа айлын тугалын сүүлийг нь тастаад, тугалыг алж байсан. Дараа дараагийн асуудал үүсэхээс сэргийлж, цуг байх боломжгүй гэж үзэн энэ тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэж байна... Багийн Засаг дарга намайг өвөг дээдсээсээ өвөлж ирсэн хүний өвөлжөө булаацалдаад байна гэдэг. Би Завхан аймгийн сумд 1975 онд төрж өссөн. Манай аав, ээж 2 Завхан аймгийн Яруу сумын хүмүүс. 1961 оноос хойш сумд суурьшиж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ сумд төрж өссөн хүний хувьд гаднын хүн гэж өөрийгөө хэлэхгүй. Багийн Засаг дарга сүүлийн үед чи Сонгино сумын хүн гэх зүйл ярьдаг... 1992 онд Өвөлжөө бууцны хууль дүрэм гараад, өвөлжөө бууц шинээр олгогдоход манай аав, ээж хоёр одоогийн Урд мухар, Хойд мухар хавиар өвөлжиж байсан учир өвөлжөө авсан. Хүнээс гуйж авсан зүйл байхгүй. Өв уламжлах гэх зүйл дээр Н., ******* нарыг хамтран миний өвөлжөө буюу манай ахын өвөлжөөг эзэмшүүлж, байгаа асуудлыг өөрөөс нь асуумаар байна. Багийн Засаг дарга ард иргэдийнхээ нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэж бодож байна... 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлаас 13 дугаар тогтоолыг гарсныг мэдээд газрын албан дээр очиход ийн нэр дээр шилжээгүй байсан. Хот яваад буцаад ирэхэд ийн нэр дээр шилжсэн байсан. Манай сумын Засаг дарга Хурлын тогтоолыг хуурамч гэдгийг нь нотолчих гэсэн. Тэгэхээр нь би хурлын протокол гэж байх ёстой. Бид нарт шүүх эрх байхгүй. Шүүх байгууллагаар нь шийдье гээд шүүхэд хандсан. Шүүхээс энэ тогтоолыг хууль бус гэж дүгнэх юм бол, би захирамжийг цуцлах эрхтэй учраас цуцална. Хуулийн хүрээнд нотлох баримт байх юм бол захирамжаа цуцалж болно гэж Засаг дарга хэлсэн... гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах хууль зүйн дүгнэлтээр Завхан аймгийн сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч З. нь “ сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаагүй, маргаан бүхий 13 дугаартай тогтоолд тухайн үеийн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С. гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг хуурамчаар зурсан уг хууль бус тогтоолоор Н.ид ******* өвөлжөөний газрыг эзэмшүүлэх саналыг хүргүүлснээр сумын Засаг даргаас уг газрыг хамтран эзэмшүүлэх шийдвэр гаргахад нөхцөлийг бүрдүүлж миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан” гэх үндэслэлээр Завхан аймгийн сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгчээс тодорхойлж буй маргаан бүхий захиргааны акт болох Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолд “Н., З. нарыг Хожуулын ******* өвөлжөөг З.тай хамтран эзэмшүүлэхээр олонхын саналаар дэмжсэнийг баталж, нэрсийг нэмж оруулан, өвөлжөөг эзэмших эрхийн бичиг болон материалуудыг бүрдүүлж дээд байгууллагад уламжлахыг багийн Засаг даргад даалгах” гэх агуулга тусгагджээ. /Хавтаст хэргийн 12, 152 дугаар хуудсанд/
4. Уг тогтоолд 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, 17.1.10, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсгүүдийг үндэслэсэн байна.
5. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байх ба 17.1.9-д “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх”, 17.1.10-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж заажээ.
6. Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан бөгөөд 22.1.1-д “Нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах” гэжээ.
7. Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолын шууд агуулга буюу “...өвөлжөөг хамтран эзэмшүүлэх...” гэх агуулгаас харахад уг тогтоолоор өвөлжөөний газрын асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх эсэх нь эргэлзээтэй, тодруулбал, өвөлжөөний доорх “газар”-ыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн үү, эсхүл газар дээрх өвөлжөөний хашаа, саравч, агуулах зэрэг эд хөрөнгийн эзэмшлийг шийдвэрлэсэн үү гэх утга тодорхойгүй байна.
8. Гэвч Газрын тухай хуулийн заалтыг үндэслэсэн болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., гуравдагч этгээд Н., З. нарын тайлбар, гэрч Р.******* нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолыг ******* өвөлжөөний газрыг эзэмшүүлэх асуудлаар гаргасан захиргааны акт гэж үзэхээр байна.
9. Иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь зөвхөн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, бэлчээрийг ашиглуулах талаар хэлэлцэж саналаа сумын Засаг даргад хүргүүлэх, 52.10-д зааснаар “бэлчээр ашиглах” асуудлаар гарсан аливаа маргааныг хэлэлцэж зохицуулахаар байна.
10. Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан зохицуулалтаас харахад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ багийн иргэдийн Нийтийн Хуралд олгогдоогүй байх ба уг эрхийг зөвхөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байна.
11. Өөрөөр хэлбэл, багийн иргэдийн Нийтийн Хурал нь зөвхөн бэлчээр ашиглуулах асуудлаар сумын Засаг даргад санал хүргүүлэх болохоос газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах, эсхүл уг асуудлаар санал хүргүүлэх эрх хэмжээгүй юм.
12. Гэтэл Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор бэлчээр ашиглуулахтай холбоотой биш өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх талаарх асуудлыг хэлэлцсэнээр хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, Н., З. нарт ******* толгойн өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар уг тогтоолыг гаргасан 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй болох нь гэрч С., П.******* нарын мэдүүлэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр албан бичиг, Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт байна. /Хавтаст хэргийн 67, 78 дугаар хуудсанд/
13. Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал сард хоёр удаа хуралдах боломжгүй, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаагүй, энэ өдөр ямар нэгэн тогтоол гараагүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон бөгөөд мөн өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар тогтоолд Хурлын дарга С. гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг дуурайлган зурсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр нотлогдож байх тул уг тогтоол нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйн тул нэхэмжлэгч З.ын өвөлжөөний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна . /Хавтаст хэргийн 152, 207 дугаар хуудсанд/
14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ...47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...”, 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заажээ.
15. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолын 5 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар тус тус өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээг нэгдсэн байдлаар тогтоосон байна. /Хавтаст хэргийн 140-151 дүгээр хуудсанд/
16. Дээрх тогтоолуудыг үндэслэн Баян-Улаан багийн нутаг дэвсгэр дэх Хожуулын ******* өвөлжөөнд сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/288 дугаар захирамжаар Н.ид 1086 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/277 дугаар захирамжаар З., Н. нарт тус бүрд нь 1086 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/267 дугаар албан бичгээс харахад сумын Засаг даргаас З., Н. нарт дээрх өвөлжөөний газрыг эзэмшүүлэхдээ Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолуудыг үндэслэн олгосон байгаа тул энэ хэрэгт нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны акт болох 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар тогтоол нэхэмжлэгчид үр дагавар үүсгэсэн шинжтэй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших, эрх хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц захиргааны акт гэж үзсэн болно. /Хавтаст хэргийн 9, 131-139 дүгээр хуудсанд/
17. Нэхэмжлэгч З.ад сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38 тоот шийдвэрийг үндэслэн ******* нэгж талбарын дугаартай, 10 000 м.кв газрыг өвөлжөө, хаваржаа, намаржааны зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд/
18. Уг гэрчилгээнд газрын байршил, нэр тодорхойгүй байх ба гэрчилгээг олгох үндэслэл болсон сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар захирамжаар Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх ажлыг эхлүүлж, эзэмших газрын байршил, хэмжээ, заагийг өрх бүрээр тодорхойлон хавсралтаар батлах асуудлыг шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн хавсралт байхгүй, хадгалагдаагүй болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1375 дугаар албан бичгээр нотлогдож байна. /Хавтаст хэргийн 96-97 дугаар хуудсанд/
19. Нэхэмжлэгч З.ад 40 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээг захиргааны байгууллагаас нэгэнт олгосон байгаа тул дээрх захирамжийн хавсралт байхгүй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
20. Иймд маргаан бүхий захиргааны акт буюу сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” гэх 13 дугаар тогтоолд дурдсан асуудлыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээгүйн зэрэгцээ тогтоолд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй тул уг тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэлгүй болох нь баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн “...тогтоолыг хүчингүй болгуулах...” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх тогтоолыг “илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
21. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн ...хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч завхан аймгийн Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70 200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нутаг эзэмшүүлэх тухай” 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.ад олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ