Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чулуунчимэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Т.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэр овогт Төрсайханы Баттулгад  холбогдох 1729000310017 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженерийн мэргэжилтэй, “Жи Си Ар Монголиа” ХХК-д мужаанаар ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг, Шар довын 18-3 тоотод оршин суух, Цагаан гэр овгийн Төрсайханы Баттулга. /Регистрийн дугаар:ИЦ88042979 /

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Баттулга нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөгөвь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг Баянхөөвөрийн 4-3 тоотод иргэн Б.Бямбадоржтой маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Баттулга мэдүүлэхдээ: “...тэр өдөр Батсайхан ахын гэрт нь яваад очиход манай нэг найзын машины мотор эвдэрсэн байгаа хоёулаа солиод тавьчих уу? гэсэн. Тэгээд Бямбадорж гэдэг айлд очоод ажилд нь тусалсан. Урд өдөр нь уусан байсан болохоор шараа тайлах уу? гэхэд нь нэг нэг татсан. Тэгтэл эхнэр нь 2 шил архи авч ирээд эгч нэг хоол хийгээд өгье, та нар ядарч байгаа байх эднээс ууж бай гэсэн. Тэгээд бид нэлээд халцгааж, нэг хорхог хийж байтал орой болж за өнөөдөр өнгөрлөө маргааш гүйцээе гээд байж байтал Бямба ах манай найз Бааскад уурлан чи ажил хийгээгүй байж хоол, архинаас хэрэглэлээ гээд маргалдсан. Тэгээд орой 20, 21 цагийн үед Бямба ах Бааскааг цохиод авсан. Миний уур гэнэт хүрээд /би нэлээд согтсон байсан/ хажууд байсан турбаг аваад цохисон. Тухайн үед оноогүй юм шиг санагдсан. Тэгээд бид за за явцгаая гээд хэрэг болсныг мэдэлгүй тэндээс явсан. Тэгтэл согтуу байсан Энхмаа гэх эхнэр нь араас та нар хүн алчихлаа гээд хашхирч байсан ч бид худлаа ярьж байна гээд гэртээ харьцгаасан. Биднийг явсны дараа цагдаа дуудаж, эмнэлэг явж оёдол тавиулсан байсан. Би өглөө нь санаа зовоод эрт 07 цагийн үед ирэхэд  нүүр нь аймаар болсон байсан. Яасан гэхэд чи ийм болгоод явсан гэсэн. Би оноогүй гэж бодсон гэтэл цагдаад хэлсэн байгаа хүлээж бай гэхэд нь бид хүлээгээд байж байтал Нанчинбат хэмээх цагдаа нэг шинжээчтэй ирж нотлох баримтуудыг аваад тэгээд би цагдаа дээр ирсэн. Ийм зүйл болсон” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/

Хохирогч Б.Бямбадоржийн: “...Би өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй. Тэр өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн хашаандаа машиныхаа моторыг өргөж авах гэж Батсайхан гэх танилаа дуудсан. Батсайхан, Баасанхүү, Галаа, Баттулга дөрөв хамт ирсэн. Би Баасанхүүг хоёр удаа алгадсан юм. Гэхдээ хүн гэмтэхээр хүчтэй цохиж зодоогүй юм. Баттулга машины мотор өргөж байсан турба төмрийг газраас аваад миний хацар руу үзүүрээр нь цохичихсон. Түүнд цохиулаад миний амнаас цус ихээр гоожоод би газар сууж байтал тэр хэд бөөндөө манай хашаанаас гараад явсан. ...тэр үед манай эхнэр амарч байсан байшингаасаа гарч ирж хараад тэр хэдийн араас очиж, “та нар хүн алах шахсан байна, эмнэлэг дуудаач” гэж хэлсэн. Баттулга найз Баасанхүүг өмөөрөөд намайг цохисон байх. Би Баттулгатай хэрүүл маргаан хийгээгүй. Тухайн гэмтлээс болж би эрүү шанаандаа сүрхий сорвитой болсон. Мөн зүүн дээд, доод 8 шүд булгарч унасан. Гэхдээ биеийн байдал хэвийн байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/

Гэрч Л.Баасанхүүгийн: “...Бямбадорж ах надруу “чи юм хийлцсэнгүй гэж “уурлаад босч ирээд намайг 2 цохиж авахаар нь би тэвэрч аваад би бол таныг цохихгүй ээ гээд цааш нь түлхээд дараад унасан чинь Галбадрах намайг салгаад хойш нь чирээд холдуулсан. Тэгсэн чинь Зоригоогийн эхнэр хүүеэ энд турба барьсан хүн байна гээд орилохоор нь Галбадрах бид хоёрыг харахад Баттулга турба барьчихсан байхаар нь гүйгээд очиход Баттулга Бямбадорж ахын толгойн зүүн талд турбагаар газар тулаад байж байсан.” гэсэг мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч С.Галбадрахын : “...би 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 11-12 цагийн хооронд байх Баасанхүү ахтай хамт машинаа үзээд байж байхад Баасанхүү рүү Баттулга залгаад машины мотор өргөлцөөд өг гэж гуйсан тэгээд Баасанхүү бид хоёр хамт Баттулгын байгаа айлд очиход гэрийн эзэн Бямба гэх ах, Батсайхан ах, Баттулга тэр гурав машинаа ухаад зогсоцгоож байсан. Тэгээд Баасанхүү бид хоёр мотор, кропыг нь элбэлцэж тайлж өргөж гарган нэлээд удаж байхад гэрийн эзэн эхнэр, Баттулга хоёртой худаг орж ус аваад буцахдаа эхнэр нь дэлгүүр оръё гэхээр нь дэлгүүрийн үүдэнд зогстол ганцаараа ороод тор дүүрэн юм аваад гараад ирсэн. Тэгээд гэрт нь очоод кроп, моторын үлдсэн ойр зуурын жижиг ажлыг нь би хийж байхад гэрийн эзэн Бямба, Батсайхан ах, Баттулга, Баасанхүү тэр дөрөв 0,33 литрийн Ерөөл архи хувааж уугаад сууцгаасан тэгээд би ажилтай болчихлоо гээд гараад явсан. Тэгээд орой харанхуй болсон хойно Баасанхүүг авах гээд очтол гэрийн эзний эхнэр согтуу Баттулгын өөдөөс “май пиздаа минь” гэж хэлээд салаавч гаргаад уйлаад сууж байсан тэгээд байж байгаад байшинд орсон. Энэ үед хашаан дотор гэрийн эзэн Бямба нэлээд согтуу тарваганы мах эвдээд бооход бэлэн болгож байсан. Хашаан дотор Батсайхан, Баасанхүү, Зоригоо эхнэртэйгээ хамт гэрийн урд талд газар тойроод сууж байхаар нь би хажууд нь очиж суусан. Намайг очиход 0,75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад сууцгааж байсан. Тэгээд Батсайхан ах ахыгаа хүргээд өгчих гэхээр нь би гэрт нь хүргэж өгчхөөд буцаад хүрээд ирэхэд үлдсэн хүмүүс бүгдээрээ байсан. Тэгтэл гэрийн эзэн Бямба боосон тарвагаа хуйхлаад байж байхад Баттулга боодгоо аваад задлаад үзсэн чинь болоогүй байсан. Тэгээд байж байтал гэрийн эзэн Бямба гэх хүн Баасанхүүг “чи яасан том дуутай юм бэ”  гэж хэлээд, Баасанхүү би таныг цохихгүй ээ гэж хэлсэн чинь гэрийн эзэн Бямба босч ирээд Баасанхүүгийн нүүрлүү 2 удаа цохиход Баасанхүү босч ирээд гэрийн эзэн Бямбааг түлхээд тэгээд тэр 2 газар өнхрөөд байж байснаа Баасанхүү дээр нь гараад тэврээд хэвтсэн байхаар нь Баасанхүүг жорлонгийн зүгрүү боль боль гээд авч явсан. Хойгуур орилолдоод байхаар нь эргээд хартал нэг нь гэрэл тусгасан чинь Баттулга турбаагаар гэрийн эзэн Бямбаагийн нүүрнийх нь ойролцоо бололтой савчаад турбаагаа өгөхгүй булаацалдаад байна гэж хараад гүйгээд очтол Зоригоо Баттулгыг хориод гарт нь байсан турбаг авах гээд зогсож байсан. Тэгээд би Зоригоотой хамт Баттулгыг хорьж байхад гэрийн эзний эхнэр гарч ирээд юу болсон яасан гэж хэлж байсан. Тэгтэл Баттулгаас нэг нь турба авсан хэн авсныг нь хараагүй би Баттулгыг сугадаж тэврээд цааш нь авч яваад өөрийнхөө машинд суулгаад Баасанхүүг дуудаж машиндаа суулгаад хөдөлсөн. Баттулга намайг гэрт хүргээд өгчих гэхээр нь гэрт нь хүргэж өгчхөөд дараа нь Баасанхүүг хүргэж өгөөд гэр рүүгээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Ж.Батсайханы: “...Бямбаа надаас Пажеро машины кузов худалдаж авсан юм. Тэгээд машин босгоход би тусалж байсан юм. Тэр хэрэг болдог өдөр Баасанхүү, Баттулга 2-ыг би гуйгаад Бямбаагийнд хамт очоод моторыг авч нөгөө машинд шилжүүлэн тавихдаа бид архи уусан юм. Орой 18 цагийн үед би хамт байсан Галаагийн машинаар өөрийнхөө гэрлүү хүргүүлсэн. Гэртээ хоночхоод маргааш  өглөө 08 цагийн үед Бямбаагийнд очтол Баттулгад зодуулчихлаа гээд Бямбаа гэртээ байж байсан. Бямбаагийн нүүр ам гэмтээд оёдол тавиулсан, шүд нь уначихсан байсан. Урд өдөр нь уулзахад Бямбаа ямар нэгэн бэртэл гэмтэлгүй зүгээр байсан юм. Намайг явсны ар дээр тэдний хороонд хэрүүл маргаан зодоон болсон юм байна гэж би ойлгосон. Тэд ч тэгж ярьцгааж байсан. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Гэрч С.Зоригтбаатарын: “одоо хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Өнгөрсөн 08 дугаар сарын дундуур намайг Оюутолгой дээр ажил дээрээ байхад манай найз Баттулга надруу утсаар яриад “айлын хашаанд машин янзалж байна орой ажлаасаа ирээд яриарай” гэсэн. Би тэр өдөр 20 цагийн үед ажлаасаа тараад Ханбогд суманд ирээд эхнэрээ эмнэлэгт үзүүлээд замаараа Баттулгатай уулзахаар түүний байгаа гэх хашааг заалгаж очсон. Тэр айлын хашаа Ханбогд сумын төвийн зүүн хойд гэр хороололд байсан ба намайг очиход тэнд Баасанхүү, Баттулга, Галаа мөн тэр зодуулсан гэх ах хүү тэр хэд архи ууцгаасан согтуу байдалтай хашаан дотроо байж байсан. Би оройны 22 цагийн үед тэнд очсон юм. Намайг очиход тэр хэд муудалцаж байсан. Баттулга гартаа нэлээд урт турба барьчихсан зогсож байхаар нь би хажууд нь очоод турбаг нь салгаж аваад айлын эхнэрт өгсөн. Тэгээд Баттулгыг дагуулж яваад Галаагийн  машинд суулгасан. Галаа тэгэхэд эрүүл байсан ба машинаа унаад тэр хэд хөдлөөд явсан. Би өөрийнхөө машинд суугаад эхнэртэйгээ  гэрлүүгээ харьсан. Тэр айлын эхнэр бололтой эмэгтэй та нар хүн зодчихлоо энэ тэр гээд хэрүүлийн шинжтэй үг хэлж байсан. Тэгэхэд гадаа харанхуй болчихсон орчны юмс сайн харагдахгүй байсан. Тэр зодуулсан гэх ах хүү газар сууж байгаа харагдсан. Би тэдний хооронд болсон зодооны дараа нь тэнд очсон юм билээ. Намайг очиход хэрүүл маргаан хийгээд байж байсан ба намайг очсоны дараа тэнд зодоон цохион болоогүй. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №171 дугаар шинжээчийн: “...Б.Бямбадоржийн биед уруулын зүүн хэсэг, эрүүнд шарх, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод 8 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт 25 хувиар алдагдуулна” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.Баттулгын яллагдагчаар өгсөн: “...би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгье. ...миний уур хүрээд мотор өргөж байсан турбаг газраас аваад Бямбадоржийг нэг удаа цохисон. Тэр үед Бямбадорж Баасанхүүтэй ноцолдоод газар уначихсан байсан юм. Тэгээд Баасанхүү, Галаа, Батсайхан бид 4 Галаагийн машинд суугаад Галаагийн гэрлүү явсан. Тэр үед надаас өөр хүн Бямбадоржийг цохиж зодоогүй. ...түүнийг төмрөөр цохисон миний үйлдлээс болж учирсан гэмтэл гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Бямбадорж намайг цохиж зодоогүй, миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Т.Баттулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирогч Б.Бямбадорж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Баттулгад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүний байж болох 8 ширхэг шүд, архины 5 ширхэг шил, пивоны 1 ширхэг сав, турба төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох  хүртэлх хугацаанд Т.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан гэр овогт Төрсайханы Баттулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттулгыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттулгад оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Баттулга нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Бямбадоржид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Хохирогч Б.Бямбадорж нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүний байж болох 8 ширхэг шүд, архины 5 ширхэг шил, пивоны 1 ширхэг сав, труба төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Т.Баттулгын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Баттулгад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН