Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Д.Мөнхтайван,

Шүүгдэгч: Б.Энхтуяа,  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Сундуй нарыг  оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархад овогт Дашзэвэгийн Мөнхтайван, Шарайд овогт Батболдын Энхтуяа нарт холбогдох эрүүгийн 1729000430018 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа нүүрс тээвэрлэлт хийх ажил хийж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Мартын 1-2 тоотод оршин суух Дархад овогт Дашзэвэгийн Мөнхтайван. /РД: ЖЮ68051013/,

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5 тоотод оршин суух Шарайд овгийн Батболдын Энхтуяа. РД:/ЖЗ73081503/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нар нь бүлэглэн, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун Сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хилээр хязгаарласан эд зүйл буюу ямааны 509 кг жинтэй 2,290,500 /хоёр сая хоёр зуун ерэн мянга таван зуу/ төгрөгний үнэлгээ бүхий махыг “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 67-94 БЧ улсын дугаартай  чиргүүл бүхий, 45-14 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд нууж нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхтайван мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 04-ний орой утсаар яриад мах гаргах гэсэн юм гэсэн. Тэгээд би маргааш өглөө нь хил дээр очоод л баригдсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхтуяа мэдүүлэхдээ: “...Би нэг дүүтэй тэр дүү маань зүрхний хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болоод тэгээд энэ залуу руу утсаар яриад 20 ширхэг мах ачаад оруулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд л ийм юм болчихлоо.гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/242 дугаар албан бичиг /хх-ийн 6 дугаар хуудас/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, /хх-ийн  7 дугаар хуудас/

Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 дугаар хуудас/

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, /хх-ийн 13  дугаар хуудас/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 16 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-19 дүгээр хуудас/

Бараа, бүтээгдэхүүний устгалын акт, /хх-ийн 20 дугаар хуудас/

Хохирогч Н.Энхбатын: “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр намайг нүүрсний гарах терминал дээр хяналт шалгалт хийх явцад 09 цаг 30 минутын үед 45-14 ӨМӨ улсын дугаартай нордбенз маркийн нүүрс ачсан автомашины хучлаганы урд талын урагдсан уранхайн хэсгээр хар өнгийн ууттай зүйл харагдсан. Тэгээд тэр дор нь зөрчлийн байцаагчийг дуудаж хучлагыг нь авахуулж гэрэл зургаар баталгаажуулан авч үзэхэд чиргүүлийн урд хэсгийн хонхорхой хэсэгт хар өнгийн уутанд хийж гадуур нь скочидсон зүйл байсан. Тэр зүйлийг жинлэж үзэхэд 20 шуудайнд хийсэн нийтдээ 509 кг ямааны мах байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудаст/

Гэрч Ж.Мөнхцэцэгийн мэдүүлэгт: “...тухайн тээврийн хэрэгслийн чиргүүлийн гаалийн лацыг авч чиргүүрлийг түр саатуулан, мэргэжлийн хяналтын болон сусад гаалийн байцаагч нарын хамтаар үзлэг хийхэд 20 ширхэг ууттай, 509 кг нойтон ямааны мах байсан. Тэгээд би шууд болсон зүйлийг эрсдэлийн байцаагч Жамбалдоржид мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын төрөл тодорхойлох тухай шинжээчийн 154 дүгээр дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр  хуудас/

“Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 152/01 дугаартай  дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Мөнхтайваны яллагдагчаар өгсөн: “... Би Энхтуяатай бүлэглэн 509 кг ямааны махыг өөрийн жолоодож явсан 45-14 ӨМӨ дугаартай Нордбенз машины нүүрс ачсан 67-94 БЧ чиргүүлд нууж БНХАУ-руу гаргахаар авч яваад Гашуун сухайтын гааль дээр баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас /

Шүүгдэгч Б.Энхтуяагийн яллагдагчаар өгсөн: “...Би Улаанбаатар хотод хүүхдээ сургуульд оруулчихаад  2017 оны 08  дугаар сарын 31-ний өдөр хотоос Цагаан хаданд ирсэн. Дүү маань хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болсон тул урагшаа мах оруулахаар шийдэж өмнө нь  зүс таних жолооч Мөнхтайваны утасны дугаарыг олоод түүн рүү залгаж урагшаа мах оруулаад өгөөч гэж гуйсан. Мөнхтайваныг би нүүрсний машин барьдаг гэдгийг мэддэг байсан. Мөнхтайван эхэндээ зөвшөөрөхгүй байсан ба хэсэг гуйсны дараа цөөхөн буюу 5 ямааны махыг гаргаад үзье гэж тохиролцсон. Би түүнээс дахин гуйсаар байгаад 20 ширхэг ямааны махыг гаргуулахаар болж нэг ямааны маханд 70 юанийг Мөнхтайванд өгөхөөр тохирсон. Би Цагаан хаднаас мах авахаар хайсан боловч мах ховор байсан ба хөдөөний хоёр залуу амьд ямаанууд зарж байхаар нь уулзаад 20 ширхэг ямааны махыг худалдан авахаар тохирсон. Нэг кг махыг 4500 төгрөгөөр авахаар, малыг тэд өөрсдөө төхөөрч бэлдэж өгөхөөр тохирцгоосон. Тэр залуус махыг төхөөрч махыг уут саванд хийж бэлтээд Мөнхтайванд хүргэж өгөхөөр болсон. Би тэгээд залууст махны мөнгө болох 2,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр явдал 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр болсон. Би 09 дүгээр сарын 05-ны өдөр зорчигчоор гараад хятадын Ганц модны боомтод очсон байтал Мөнхтайван надруу утсаар яриад Монголын гааль дээр баригдчихлаа гэсэн. Тэгээд би буцаж Монгол руу гарч ирээд Ханбогдын цагдаагийн газарт ирсэн. “ гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нар нь бүлэглэн, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун Сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хилээр хязгаарласан эд зүйл буюу ямааны 509 кг жинтэй 2,290,500 /хоёр сая хоёр зуун ерэн мянга таван зуу/ төгрөгний үнэлгээ бүхий махыг “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 67-94 БЧ улсын дугаартай  чиргүүл бүхий, 45-14 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд нууж нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь гаалийн газрын даргын 01/242 дугаар албан бичиг /хх-ийн 6 дугаар хуудас/ бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, /хх-ийн  7 дугаар хуудас/, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 дугаар хуудас/, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, /хх-ийн 13  дугаар хуудас/ эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 16 дугаар хуудас/,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, бараа, бүтээгдэхүүний устгалын акт, /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Н.Энхбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудаст/, гэрч Ж.Мөнхцэцэгийн мэдүүлэг/хх-ийн31 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын төрөл тодорхойлох тухай шинжээчийн 154 дүгээр дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр  хуудас/, “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 152/01 дугаартай  дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нарын  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49, 45-46 дугаар хуудас/ зэргээр хангалттай нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч Н.Энхбат “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 25 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 509 кг ямааны махыг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр устгасан болохыг /хх-ийн 20 дугаар хуудас/, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархад овогт Дашзэвэгийн Мөнхтайван, Шарайд овогт Батболдын Энхтуяа нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нарыг тус бүр 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нарт тус бүрд нь оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Энхбат нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Мөнхтайван, Б.Энхтуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН