Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/03461

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/03461

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлхийн 0 дүгээр гудамж 00 тоотод оршин суух, Боржигон овогт И.Х /РД:......../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 67 дугаар байр, 27 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Г /РД:........./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч: И.Х,

хариуцагч Б.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Г 2010 онд танилцаж, улмаар 2012 оны 10 сард гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Г.Ү төрсөн. Бид 2011 оноос 2014 оны 02 дугаар сар хүртэл нэг гэрт хамт амьдарсан боловч зан харилцааны таарамжгүй байдлын улмаас салж тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд тусдаа амьдарч хэн аль нь гэр бүлтэй болсон бөгөөд цаашид Б.Г-тай гэр бүл болон хамтран амьдрахгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охин Г.Ү-г өөрийн асрамжид авна. Харин эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Мөн бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.Ү эх миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие И.Х-тай 2010 онд танилцаж, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Г.Ү  төрсөн. 2014 онд бид 2 харилцааны таарамжгүй байдлаас болж 2 тийш болон тусдаа амьдарсан. Энэ хооронд охин Г.Ү миний бие өөрийн асрамжид өсгөж хүмүүжүүлж ирсэн. Харин нэхэмжлэлийн дагуу И.Х охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байгаа тул охин Г.Ү-г сэтгэл, санаа боловсрол, амьдарч буй ахуйд ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй, дарамт шахалт үзүүлэхгүй байх, хичээл номонд нь хүргэж өгч авах, охин болон миний нэр дээр байдаг хадгаламжинд 18 нас хүрэхээс өмнө нэхэмжилж ашиглахгүй байхыг хүсч байна. Иймд миний бие Б.Г нь охины хүсэлтийн дагуу асран хамгаалах эрхийг эх И.Х-д өгөхийг зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, охин Г.Ү-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл /хх-7/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Х нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, охин Г.Ү-г эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ... хариуцагч Б.Г-тай 2010 онд танилцаж, улмаар 2012 оны 10 сард гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 10 сарын 26-ны өдөр охин Г.Ү төрсөн. 2014 оноос тусдаа амьдарч тус, тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин Г.Ү-г өөрийн асрамжид авч, эцэг Б.Г-с хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Дундын эд хөрөнгө байхгүй...гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охин Г.Ү-г эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 000000000 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас төрсөн, насанд хүрээгүй охин Г.Ү-ийн 00000000 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Гэрлэгчид 2010 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарч, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон ба тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Г.Ү төрж, улмаар 2014 оноос хойш зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан байх бөгөөд гэрлэгчид эвлэрүүлэн зуучлалын шатанд эвлэрээгүй байна.

 

5.Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас явуулсан гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгчдийн хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

6.Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Г.Ү нь одоо 12 настай байх ба эх И.Х-н асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.Ү-г эх И.Х-н асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгав.

 

8.Зохигч шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн Боржигон овогт И.Х /РД:........../, Монгол улсын иргэн Төгсбайх овогт Б.Г /РД:......../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин эх И.Х-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар И.Х, Б.Г нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭНХЗАЯА