Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч Н.Батжаргал нарыг  оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулангийнхан овогт Нямаагийн Батжаргалд  холбогдох эрүүгийн 1729000330019 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн гудамж 207 тоотод оршин суух Хулангийнхан овогт Нямаагийн Батжаргал. /РД: ЛЮ83092072/

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Н.Батжаргал нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Мөнх цаст транс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 79-73 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 53-37 УНМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн замын 6 дахь км-т орхиж явахдаа 16 ширхэг дугуй, 100 литр дизель түлшийг авч завшин орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5,810,000 / таван сая найман зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батжаргал “...Би Ганц модноос Таван толгойруу нүүрс тээвэрлэлтэд явж байх үедээ 16 ширхэг дугуй, 100 литр түлшний хамт 97 дахь км дээр зарж борлуулсан. Тэгээд 6 дугаар постын ойролцоо машинаа орхиод Улаанбаатар явсан.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-23 дугаар хуудас/

Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн: “..Үнэлгээний  дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч, тогтоогдсон хохирлыг Н.Батжаргалаас нэхэмжлэнэ. Энэ хэргээс болоод бид тээврийн хэрэгслийг урагш нь буцааж засварт оруулах, Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, нааш цааш ирж мэдүүлэг өгөх, бичиг баримт хүргүүлэх зэрэгт байнга л зардал нэмэгдэж гарч байна. Эдгээр зардлыг бол мөнгөн дүнгээр тооцож, Батжаргалаас нэхэмжлэхгүй байгаа. Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх- н 19-20 дүгээр хуудас/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн Ц17-44 дугаар дүгнэлт /хх-н 25-31 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.Батжаргалын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-44 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.Батжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 45 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Батжаргалын гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Н.Батжаргалын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 78-85 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Батжаргал нь хохирогч Б.Мөнх-Эрдэнэтэй гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5,810,000 /таван сая найман зуун арван мянга/ төгрөгнөөс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 3,810,000 /гурван сая найман зуун арван мянга/ төгрөгний хохирлыг нөхөн төлөх талаар тохиролцож, эвлэрсэн баталгаа /хх-н 93-94 дүгээр хуудас / зэрэг болно.

Шүүгдэгч Н.Батжаргал нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Мөнх цаст транс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 79-73 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 53-37 УНМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн замын 6 дахь км-т орхиж явахдаа 16 ширхэг дугуй, 100 литр дизель түлшийг авч завшин орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5,810,000 /таван сая найман зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Хохирогч “Мөнх цаст Транс” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нь гомдол саналгүй, хохирлоос одоогоор 2,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 3,810,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилнэ, хохирол төлөгдсөн тохиолдолд түүнд гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох  хүртэлх хугацаанд Н.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хулангийнхан овогт Нямаагийн Батжаргалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батжаргал 2,800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батжаргалд оногдуулсан 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 7 /долоо/-н сарын хугацаанд сар бүр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Батжаргал нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батжаргалаас 3,810,000 /гурван сая найман зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “Мөнх цаст транс” ХХК-д олгосугай.

6. Шүүгдэгч Н.Батжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Н.Батжаргал иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Мөнх цаст транс” ХХК-ний тээвэр хариуцсан менежер Б.Мөнх-Эрдэнэ нь санал, хүсэлтгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Батжаргалд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН