Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 60

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/03053 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэр гаргуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Цолмон,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Дугармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г 2011 оны 10 дугаар сарын 03-ний өдөр “Сар шинэ интернэншли ББСБ” ХХК-д мэргэжилтнээр ажилд орсон. 2018 оны 04 сарын 03-ны өдрөөс “Сар шинэ интернэншли ББСБ” ХХК-аас  тодорхой шалтгаангүй ажлаас халагдсан. Энэ шалтгаанаа асуухаар өр дутагдал гарсан, энэ өдрөөс хойш ажилдаа ирээд хэрэггүй гэж хэлсэн.

Ажлаас халагдсан өдрөөс хойш сарын хугацаанд “Сар шинэ интернэншли ББСБ” ХХК-аас нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, тушаал зэргийг түр хугацаагаар авъя гэсэн боловч таны асуудлыг шийдэгдсэний дараа өгөх боломжтой гэж хэлээд өгдөггүй байсан.

Нийгмийн даатгалын дэвтрээ одоог хүртэл авч чадаагүй болоод ажилд өнөөдрийг хүртэл орж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.  2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд “Сар шинэ интернэншли ББСБ” ХХК-д  холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэр гаргуулах нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гыг зээлийн эдийн засагч байх үед н.Ариунжаргал манай байгууллагаас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2 500 000 төгрөгийн зээл авсан ба н.Ариунжаргалын 3 500 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг Д.Г бэлнээр авсан байдаг. н.Ариунжаргал өөр байгууллагаас зээл авах гэсэн боловч “Сар шинэ интернэншл ББСБ” ХХК-аас авсан зээл хугацаандаа төлөгдөж дуусаагүй, муу зээлтэй гэж гарч ирсэн, манай байгууллагад гомдол гаргаснаар бид Д.Гыг н.Ариунжаргалын мөнгийг авсан болохыг мэдсэн.

Түүнээс гадна Д.Г 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр н.Доржготовд зээл авахад бүрдүүлэх бүх баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж 2 300 000 төгрөгийн зээлийг гаргаж өөрөө авсан байдаг. Зээлийн гэрээ болон мөнгө хүлээж авсан баримт Д.Гын гарын үсэг байдаг.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаар Д.Г нь ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс гадна өөрөө ажилдаа ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримт болох 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/97 тоот цалингийн тодорхойлолтод Д.Гын сүүлийн 6 сарын дундаж цалин, албан тушаал маркетингийн албанд эдийн засагчаар ажиллаж байсныг тодорхой тусгасан байх бөгөөд талууд энэ талаар нэгдмэл санаатай маргаагүй байсан.

Гэтэл шүүх “...талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болно. Ажил олгогч тал ажилтны нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөөгүй ч Д.Г шүүхэд гомдол гаргахдаа ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтаар өөрийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргаж нэхэмжлэлээ болон шүүхэд гаргасан тайлбартаа үнийн дүнг тодорхой заах боломжтой байсан ч энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй” гэж дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Г хариуцагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан хэдий ч ямар ажил албан тушаалд, хичнээн төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн ямар нөхцөлд ажиллуулахаар гэрээ байгуулж байгаа талаар гэрээндээ заагаагүй байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Учир нь талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн гэрээний нөхцөл болон ажлын байр, цалингийн талаар тусгаагүй ч Д.Г маркетингийн албанд мэргэжилтнээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19/94 тоот цалингийн тодорхойлолт гаргах тухай албан бичигт Д.Г нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орохдоо сарын 332 000 төгрөгийг цалинтай ажиллаж байгаад сүүлийн 6 сарын цалин нь 819 784 төгрөг болсон гэх баримт байна.

 

Иймд дээрх бичгийн баримтыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэх бөгөөд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг гэрээнд тусгаагүйд ажилтан буруугүй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан мэргэжилтнээр ажилласан, 2018 оны 03 дугаар сард ажлаа хүлээлгэж өг, өр дутагдал гаргасан гэснээр ажлаас халсан, ажлаа хүлээлгэж өгсөн, тушаал бичиг баримтыг өгөөгүй, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн” гэж, хариуцагч “...байгууллагын хөрөнгийг ашигласан зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээний 3.2.2-ын b, f-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн, Д.Год зөрчил гаргасан, ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн ба мэдсэн өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй” гэж тус тус тайлбар гарган маргажээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолд хамаарах бөгөөд шүүхээр хянан шийдвэрлэх маргаан юм.

 

“Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18/11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 3.2.2-ын b, f-д заасныг баримтлан Д.Гыг н.Ариунжаргалын зээлийн эргэн төлөлтийг хувьдаа ашигласан, н.Доржготовын бичиг баримтыг ашиглаж зээл гаргах нэрийдлээр 2 300 000 төгрөгийг хувьдаа авсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна.

 

Дээрх тушаалыг хариуцагч байгууллага нэхэмжлэгчид гардуулсан баримт хэрэгт байхгүй боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тодорхой шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш “сар түр эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр, тушаал зэргээ авъя” гэж хэлсэн боловч өгөөгүй” гэх тайлбараас дүгнэвэл 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажил олгогчийн шийдвэрийг мэдсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажилтан ажлаас буруу халсан гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргах журмыг зөрчиж 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу 1 жилийн дараа шүүхэд гомдлын шаардлага гаргасан байх тул Д.Гын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

Харин нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтрийг хариуцагч байгууллагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гарсан өдөр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг өгөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлснээ нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх хугацааг хэтрүүлсэн тул шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан ажил олгогчийн тушаалын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/03053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “хийлгүүлж гэснийг “хийлгүүлэх” гэж өөрчилж, “эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай” гэснийг хасч

 2. дахь заалтыг нэмж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-аас нийгмийн болон эрүүл мэнд даатгалын дэвтрийг гаргуулж Д.Год олгосугай” гэж, 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА