Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/62

 

 

 

      

 

 

Я.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Догмиддорж,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Г, Э.Т,

            Шүүгдэгч: Я.Г,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

           

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Я.Г-д холбогдох, эрүүгийн 2020000000009 дугаартай, 5 хавтас, 1007 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Я-ийн Г-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Я.Г нь 2020 оны 01-р сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө 23 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *-р баг, * тоотод иргэн Д.С-ийг зодож биед нь гавлын зулай, дух ясны хугарал, хамар, хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, эдийн голомтод цус харвалт, тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, эдийн урагдал бүхий олон тооны гэмтэл учруулж, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Я-ийн Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Б овогт Я-ийн Г-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-д оногдуулсан 20 /хорь/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-гийн цагдан хоригдсон 286 /хоёр зуун наян зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Я.Г нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 13000000 /арван гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 9376477 /есэн сая гурван зуун далан зургаан мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Я.Г-гийн “Самсунг галакси жи-5” маркийн гар утас 1 ширхэг, хохирогч Д.С-ийн “IPHONE-5” маркийн гар утас 1 ширхэг, А.Б-ны “Самсунг галакси эс-7” маркийн гар утас 1 ширхэг, “ДВД” 2 ширхэг, ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, 3b гэх бичиглэлтэй хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, зүүн талынхаа энгэр дээр “Очир” дүрстэй хөх цагаан өнгийн босоо захтай ноосон цамц, хар хөх өнгийн ноосон өмд, хөх эрээн өнгийн турсинк 1 ширхэг, ARMANI гэсэн бичигтэй хар өнгийн юдэнтэй куртка, Immigration гэсэн бичигтэй хар хөх өнгийн ноосон цамц, хар өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн подволк, ажлын бээлий 3 ширхэг, хүрэн эрээн өнгийн шорт, хөх саарал өнгийн босоо захтай цахилгаантай ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, босоо захтай саарал өнгийн подволк, “LEVIS” гэсэн бичигтэй саарал өнгийн саравчтай малгай, хөх эрээн өнгийн турсик, хар өнгийн зузаан өмд, үстэй захтай хар өнгийн коноптой цахилгаантай зузаан куртка, А.Б-ны үс, хумс, Я.Г-гийн үс, хумс, Д.С-ийн арчдас, хар өнгийн үстэй дотортой эрэгтэй загварын савхин куртка 1 ширхэг, хар өнгийн хромон гутал 1 хос, хар өнгийн зүүн хөлийн ботинк 1 ширхэг, хар өнгийн зузаан өмд 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн цагаан ултай 41-42 размерийн углааш 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, оймс 4 ширхэг, хэргийн газраас авсан 1, 2 гэж дугаарласан цус мэт зүйлийн арчдас 2 ширхэг, Я.Г-гийн өмсөж байсан хар өнгийн шөвгөр хоншоортой кобой загварын гутал 1 хос, А.Б-ны өмсөж явсан цахилгаантай богино түрийтэй хар өнгийн гутал 1 хос, талийгаач Д.С-ийн өмсөж явсан хар өнгийн хар өнгийн үргэлж ултай 42 размерийн үдээстэй ботинк 1 хос зэрэг, Хятад ханз бичигтэй 35х29х7 см хэмжээтэй индукцэн плитка 1 ширхэг /хагарсан/, тунгалаг хуванцар 14х4 см хэмжээтэй бөглөө онгойлгогч, Ерөөл архины шил 3 ширхэг, Соёрхол архины шил 1 ширхэг, төмөр хайрцаг 1 ширхэг, Виноны шилний хагархай 1 ширхэг, салат болон ногооны шил дундуураа хагарсан хагархайнууд, 71 см урттай ширээний хөл 1 ширхэг, шаргал өнгийн эвдэрхий сандал 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст устгуулахаар даалгаж, 2 ширхэг СИДИ бичлэгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эв зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие нь шүүгдэгч Я.Г-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөллийн дугаар 0020 болно. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг гардаж аваад эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Я.Г-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 болон 2.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ялыг оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс Я.Г-г хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Я.Г-гийн миний санахгүй байгаа байдалд мэргэжлийн байгууллага нь дүн шинжилгээ хийгээд тогтоосон учир надад өөр хэлэх зүйл байхгүй байна гэжээ гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд өгсөн энэхүү мэдүүлгээрээ Я.Г-г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Я.Гончигсүрэн нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ тэгтэл тэр хүн ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, сэргэхгүй байсан тул би үүдэнд байсан гутлаа өмсөөд гэрээс гараад цагдаа руу явсан. Ингээд цагдаа дээр ирээд дуудлага өгсөн гэх мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 140-р талд байдаг. Үүнээс үзэхэд Ч.Г нь өөрийгөө илчилсэн идэвхтэй үйлдэл хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг зөвхөн яллах талд ашигтайгаар үнэлж шийдвэрээ гаргасан байдаг. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай гэсэн байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Я.Г нь оршуулгын зардлыг нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн байх боловч анхан шатны шүүхийн оногдуулсан эрүүгийн хариуцлагаас болон түүнд хийсэн дүгнэлт зэргээс үзэхэд шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрхээс үзэхэд Я.Г нь өөрийгөө илчилсэн, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байтал анхан шатны шүүх уг баримтуудыг огт үнэлээгүй бөгөөд зөвхөн яллах талын баримтуудыг буюу хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан байна гэж үзэж байна. Шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад заасныг зөрчиж, зөвхөн хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүдэгчийн өмгөөлөгч нар Я.Г нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсныг мэдэх боломжгүй, өөрөө мөн адил согтуу байсан, согтуурлыг шалгахдаа 5-6 цагийн дараа шалгасан байдаг тул энэ байдлыг харгалзаж үзнэ үү гэдэг. Биеэ хамгаалж чадахгүй байгаа байдлыг заавал мэдсэн байх ёстой байдаг гэх боловч шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1050 тоот дүгнэлтээр хохирогчийн цусанд 4,5 промилл, ходоодны шингэнд 7,2 промилл спиртийн агууламж илэрсэн, мөн шинжээч эмч Г-гийн хохирогчийн цусанд 4,5 промилл, ходоодны шингэнд 7,2 промилл спиртийн агууламж илэрсэн хүнд зэрэгт хамааруулан үздэг. Хүний цусанд 3 промиллоос дээш спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэг гэж үздэг гэх мэдүүлгээр хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй байсан нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч нь хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж зодсон байдал нь түүнийг үйлдэл хийх чадваргүй, гүн согтолттой байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн байна. Гэтэл Я.Г-гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 139-142-р талаас үзэхэд өдөр 11 цагаас эхлэн архи уусан байдаг. Хэргийн газрын үзлэгээр соёрхол-0,75 архи нэг ширхэг, ерөөл архины шил 3 ширхэг хураан авсан мөн хагарсан нэг виноны шил байдаг. Гэтэл Я.Г нь гэрч Б-тай цуг нэг шил соёрхол, нэг шил ерөөл архийг уусан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл хэргийн газрын үзлэгээс 4 шил архи авагдсан байдаг бөгөөд үүнээс 2 шил архийг нь Я.Г нь н.Б-тай хамт уусан гэж үзэхэд үлдэгдэл 2 шил архийг бүгд хувааж уусан болж таарч байна. Гэтэл хохирогч нь Я.Г-гээс илүү согтолттой байх ямар ч үндэслэлгүй байна. Учир нь Я.Г нь хохирогчоос илүү архи уусан байх бөгөөд илүү согтолттой байхаар байдаг. Шүүх үүнийг ямар ч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Я.Г нь согтолтын улмаас болон нөхцөл байдлыг мэдэхгүй бөгөөд унтаад эрүүлжээд сэргэсэн гэдгээ мэдүүлэгтээ дурдсан байдаг. Хэрэг болсон цаг хугацаанд Я.Г илүү согтсон согтолтын хүнд зэргийн улмаас бий болсон явдлыг санахгүй мөн биеэ хамгаалах чадвартай байсан эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай байсан. Гэтэл хэргийн газраас хураагдсан архины шилнүүдээс тооцоолж үзэхэд хохирогчийг Я.Г-гээс илүү согтолттой гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Я.Г нь унтаад, сэрээд эрүүл болсон хойноо цагдаагийн газарт шөнийн 3 цагт очин 3 цаг 32 минутад согтолтын зэргээ тогтоолгосон. 4 шил архинаас 2 шилийг нь хуваан уусан хүн гүн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байсан бол түүнээс их уусан Я.Г нь хэрэг болсон цаг хугацаанд мөн үйлдэл хийх чадваргүй байхаар харагдаж байна. Я.Г нь унтаад, сэргээд, эрүүл болоод үйлдлээ хяна чадвартай болчихсон хойноо цагдаагийн байгууллагад очиж, согтолтын зэргээ тогтоолгосныг  нотлох баримт болгож шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан гэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дугаар хэсэгт зааснаар хүндрүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Г-г согтуугаар уг хэргийг үйлдсэн гэж үзсэн атлаа тухайн хэрэг болох буюу хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд түүнийг хэр согтолттой байсныг зайлшгүй тогтоох шаардлагатай. Мөн хэрэгт авагдсан дэлгүүрийн худалдагч Б-ийн мэдүүлэгт хохирогчийг 19 цагийн орчим архи худалдаж авсан тэр үед согтуу байгаагүй, бага зэрэг үнэртүүлсэн байсан л гэдэг. Харин доод давхарт амьдардаг н.Э-ийн мэдүүлэгт гэрээсээ 21 цагийн орчим гарсан гарахаасаа өмнө дээд давхрын хүмүүс чанга, чанга яриад түчигнээд байсан гэдэг. Мөн талийгаач нь 18 цаг 55 минутад гарч 19 цаг 06 минутад Я.Г-гийн байр луу орсон. Харин дэлгүүрийн камерт бичигдсэнээр 19 цаг 22 минутад касс руу очиж 19 цаг 24 минутад гарсан байдаг. Иймд дээрх эргэлзээтэй цаг хугацаануудыг тодруулах шаардлагатай тул шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Шийтгэх тогтоолд онц харгис хэрцгий аргаар гэж мөн л хүндрүүлсэн. Гэтэл хэргийн газраас хагарсан виноны шил илэрдэг. Иймд хохирогчид үүсээд байгаа олон гэмтлүүд нь шил хагарч олон хэсэг болох үед үүсэж болзошгүй байхаар харагдаж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж Я.Г-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцож байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 122-р тад гэрч Э-ийн мэдүүлэгт гэрээсээ 21 цагийн орчим гарсан гарахаасаа өмнө дээд давхрын хүмүүс чанга, чанга яриад түчигнээд байсан гэснээс үзэхэд хохирогч ямар нэгэн байдлаар биеэ хамгаалах чадваргүй байсан эсэх дээр эргэлзээтэй асуудал үүсэж байна. Учир нь энэ 2 хүн маань хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэглэсэн цаг хугацааг тооцож авч үзэх юм бол Я.Г нь 11 цагаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Харин хохирогч нь 19 цагийн үед дэлгүүр ороход согтуурлын байдал нь гайгүй архи үнэртүүлчихсэн байдаг гэсэн мэдүүлгээс харахад согтолтын зэрэг нь гайгүй байсан гэж бодож байна. Дээрээс нь шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хүнд нөхцөл байдлаа яаж хэрэглэснээ ямар нэгэн байдлаар тайлбар өгөлгүй хорих ялын дээд хэмжээгээр хариуцлага хүлээлгэсэн нь эргэлзээтэй байна. Энэ хүн өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн болохыг Цагдаагийн байгууллагад өөрийгөө гэрчилж мэдүүлэг өгч, гэмт хэргийн талаар мэдээлсэн байдаг. Мөн дээрээс нь тухайн үед болсон үйл явлаа санахгүй байгаа нь нэлээн согтолтын зэрэгтэй байсан нь харагдаж байна. Хэрэг бүтгэх мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдлын улмаас гэм буруутай юм байна гэснээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгүүд яллах дүгнэлтэд авагдсан байдаг. Энэ бүх нөхцөл байдлууд болон өмгөөлөгч Э.Ганхөлөгийн тайлбарласан нөхцөлүүдийг харгалзаж шийтгэх тогтоолд оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Я.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Э.Г-ийн гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Энэ хийсэн үйлдэлдээ зүрх сэтгэлээсээ гэмшиж байна. Талийгаачийг яагаад манайд ирснийг ойлгохгүй байгаа. Манайд ирэх шалтгаан байхгүй байсан байх гэж бодож байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гомдолд нэгдүгээрт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хоёрдугаарт хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гуравдугаарт ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гурван хэлбэртэй байна. Хэрэг процессын хувьд хүний амь хохирч байгаа нь өөрөө нийгэмд аюултай, хүний амьд явах эрхийг ноцтой зөрчсөн бодит факт юм. Хүний амь хохирсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсгээр зүйлчилсэн, энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж үздэг. Анхан шатын шүүхийн мэтгэлцээнд хүний амь биед аюултай нөхцөл байдал буюу биеэ авч явах чадваргүй байдлыг үгүйсгэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар тус тусынхаа санал бодлыг хэлчихдэг. Гэхдээ биеэ авч явах чадваргүй байдал гэдгийг Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамнаас хамтран Улсын ерөнхий прокуророос гаргасан 2016 оны Согтууруулах ундаа хэтрүүлсэн иргэнийг эрүүлжүүлэх тухай журмаар 2 бүхлээс дээш гаргахад хүнд зэргийн согтолт гэдгийг тогтоосон байдаг. Хавтаст хэрэгт хохирогч нь өөрөө 4,7 спирт, ходоодонд 7.4 байдгаараа үүнийг хүнд зэргийн согтолтын зэрэгт хамаарна гэдгийг шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогддог. Онц хэрцгий аргаар тогтоогддог гэдэг нь Улсын дээд шүүхийн тайлбарт 2 буюу түүнээс олон тооны шарх, сорви үүсэхийг онц хэрцгий аргаар үйлдэгддэг гэдгийг тайлбарласан. Талийгаач Содгэрэлийн тархинд нийтдээ 23 удаагийн үйлдлээр үйлдэгдсэн нь тогтоогддог. Тархи нь бүтэн үлдээгүй, хайруулын таваг шиг болсон байдаг. Шүүгдэгчийн хувийн байдал өөрөө ч сая хэлж байна. Би спортын мастер хүн, өөрөө биеийн тамир спортоор хичээллэдэг, бие бялдын хувьд гүйцэд хөгжсөн хүн байдаг. Харин хохирогчийн хувьд туранхай, өөрийн жин 63 кг байдаг. Иймд харьцангуй хүний биеийн онцлогоос хамаарч байгаа нөхцөл үүсэж байна. Тийм учраас энэ шүүгдэгчид оногдуулж байгаа 105 дугаарын шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан онц харгис хэрцгий аргаар, 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан биеэ авч явах чадваргүй байсан гэдэг нь үндэслэлтэй. Хохирлын хэмжээ нөхөн төлөгддөг гэдэг асуудал яригддаг. Одоо шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлийг үндэслэнэ гэдэг. Анхан шатны шүүхээс яагаад 6.5 дугаар зүйлд заасан нөхцөлөөр хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзсэн гэхээр Иргэний хуулийн 497, 498, 510 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын асуудал яригдаж байгаа болохоос хүний амийг нөхөн төлж байгаа асуудал биш юм. Хүн нас барсан бодит хохирол байж байхад хохирлын хэмжээг нөхөн төлсөн, оршуулгын зардлыг нөхөн төлсөн гэдэг нь бодит хохирол биш юм. Энэ бодит хохирлоос учирсан гэм хорын хохирлыг төлж байгаа болохоос хүний амийг төлөх боломж байхгүй. Тэгэхээр шүүгдэгчид оногдуулж байгаа ял шийтгэл нь хийсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгөх саналтай байна. Нийгэмд учирч байгаа хор аюулын хэмжээ нь талийгаач маань 3 охин, 1 хүүтэй айлын 1 хүү байсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан жам ёсны эрх гэж байдаг, айлын ганц хүү нь гал голомтыг залган явах хүү байсан. Гэтэл тэр хүү маань байхгүй болсон. Тэр айл болон нийгэмд учирч байгаа хор аюулын хэмжээг анхаарч үзэх хэрэгтэй. Иймд хийсэн хэрэгт нь тохирсон хариуцлагыг хүлээлгэсэн гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар,  дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Я.Г-д Прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцээд 105 дугаартай шийтгэх тогтоолоор Я.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс Я.Г-д оногдуулсан хорих ял нь үйлдсэн гэмт үйлдэлд тохирсон ял гэж үзэж байгаа. Биеэ хамгаалах чадваргүй байдал гэж юу вэ гэж ярьж байна. Яагаад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бэ гэхээр хавтаст хэрэгт шинжээч Г-г байцаасан байдаг. Энэ мэдүүлэгт хүний цусанд 4.5 промилл, ходоодонд 7.2 промилл спиртийн агууламж илэрсэн үед согтолтын хүнд зэрэгт хамааруулан үздэг. Хүний цусанд 3 промиллоос дээш спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэг гэж үздэг. Ийм зэргийн согтолттой хүн өөрийгөө бие даан үйлдэл хийх болон үйлдэл хөдөлгөөн, хэл ярианы үйл ажиллагаа алдагдана гэж байна. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч зарим тохиолдолд тасарч унах тохиолдол байж болно гэж байна. Энэ мэдүүлгийг үндэслээд прокуророос Я.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан ял уншиж сонсгосон. Өөрөөр хэлбэл хохирогч нь тухайн үед биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг шинжээчийн мэдүүлгээр нотолж байна. Тэгэхээр Я.Гончигсүрэнгийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлөөд ял хөнгөрүүлэх зүйл ярьж байна. Тийм зүйл байхгүй, ганц хохирол төлбөр төлөөд энэ хүний хор уршиг арилахгүй гэж үзэж байна. Тэгэхээр миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөх санал гаргаж байна...” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/105 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г-ийн давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Я.Гончигсүрэн нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, Стандартын 8 айлын орон сууц дахь өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагаас эхлэн гэрч А.Б-тай архи уусан ба 18-19 цагийн үед хохирогч Д.С-ийг гэртээ  дуудаж хамт архи ууж согтуурсан үедээ түүнийг зодож биед нь гавлын зулай, дух ясны хугарал, хамар, хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, эдийн голомтот цус харвалт, тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, эдийн урагдал гэсэн амьдрах боломжгүй олон тооны гэмтлүүдийг учруулж амь насыг нь хохироосон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 12-28, 29-36/, Я.Г-гийн биед үзлэг хийж, түүний 2 гар цус болсон , шалбарсан, хавдсан, зулгаралт үүссэн байдал, согтолтын зэрэг 1.57% байсан зэргийг тогтоосон тухай тэмдэглэл /1-р хх-ийн 37-44/,  Я.Г, А.Б, Д.С нарын  гар утасны ярианд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 55-66/,  шүүгдэгчийн гэрийн ойролцоох хяналтын камерын бичлэг /1-р хх-ийн 67-73/, энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан А.Б-ны гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, доод давхрын айлын хүмүүс болох гэрч Ж.Б, Д.Э нарын мэдүүлгүүд, хэргийн газраас шүүгдэгчийн гарын  мөр тогтоосон тухай 002 дугаартай, 003 дугаартай Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 217-225, 231-248/,  хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 3-18/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/005 дугаартай цогцост задлан шинжилгээ хийсэн, хохирогчийн цусанд 4.5% промилл, ходоодонд 7.5%-ийн промиллийн согтолттой тухай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 19-24/, шүүгдэгчийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийсэн шинжээчийн 06 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 36-37/, хохирогчийн өмсөж явсан хувцсанд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 822 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 43-44/, Я.Г-гийн биеэс хурааж авсан хувцсанд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 963 тоот дүгнэлт /2-р хх-ийн 59-60/, хохирогч Д.С-ийн өмсөж явсан хувцсанд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 821 тоот дүгнэлт /2-р хх-ийн 67-69/, Я.Г-гийн биеэс цус, гарын хумс, үсний дээж авч цусны бүлэг, ДНХ-ийн бүтэц тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 819 тоот дүгнэлт /2-р хх-ийн 74-77/,  хэргийн газраас хураасан тамхины ишнээс ДНХ бүтцийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1647 тоот дүгнэлт /2-р хх-ийн 116-118/,  шинжээч П.Гаваасүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 124, 3-р хх-ийн 216-217/, хохирогч Д.С нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Я.Г мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт “...өөрийн үйлдлийн талаар огт санахгүй байна” гэж мэдүүлдэг боловч гэм буруугийн талаар маргадаггүй болно.

 

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Я.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Я.Г-гийн үйлдлийн улмаас:

-Хохирогчийн цогцост гавал яс болон нүүрний хэлбэрээ алдсан гэмтэл учирсан ба гавлын зулай, дух ясны хугарал, хамар, хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, эдийн голомтот цус харвалт, тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, тархины эдийн урагдал, хуйхны дотор тал болох чамархайн булчин дахь цус хуралт, духны зүүн талд ангайсан шарх, цохонд ташуу зүүн тал руу чиглэсэн шарх, баруун хөмсөгний дээд талд, зүүн хөмсөгний гадна хэсгээ босоо чиглэлтэй шарх, баруун хацарт зулгаралт, баруун чихний урд талд, духны баруун талд үстэй хэсгийн заагт, духны дунд хэсэгт, баруун хөмсөгний сүүл хэсэгт босоо, зүүн хөмсөгний дээд талд, баруун хөмсөгний дотор талд, зүүн нүдний дотор талд, хамрын нуруу хэсэгт зулгаралтууд, зүүн нүдний доод талд өнгөц зүсэгдсэн шарх, зүүн нүдний дотор булангаас ташуу өнгөц зураасан зулгаралт, баруун хацрын төвгөрөөс эрүү чиглэсэн ташуу өнгөц зулгаралт, уг зулгаралтын дунд хэсэгт дугуй шарх, баруун чихний ар талд онгойсон шарх, баруун чихний дэлбээний дээд хэсэгт шарх, зүүн чихний ар талаас ташуу зүсэгдсэн шарх, зүүн чихний ар доод хэсгээс орой руу чиглэсэн ангайсан шарх, баруун чихний урд талд дэлбэнгийн доод хэсгийг хамарсан цус хуралт, баруун хөмсөгний дунд хэсэг “Г” хэлбэрийн ангайсан шарх, зүүн чихний дэлбээний дээд хэсэгт ангайсан шарх, зүүн чихний дэлбээний дунд хэсэгт шарх, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын сарвууны алга дунд хурууны 3-р үенээс хойш эрхий хуруу чиглэсэн гүн шарх, баруун шууны ар доод хэсэгт зулгаралт, зүүн гарын бугуйны ар хажуу хэсэгт зулгаралт, бугуйны дотор хэсэгт зулгаралт, зүүн гарын 4-р хурууны 1-р үений ар талд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан, 

-хохирогч гавлын зулай, дух ясны хугарал, хамар, хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, эдийн голомтот цус харвалт, тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, эдийн урагдал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас барсан,  хохирогчид учирсан эдгээр маш олон тооны гэмтлүүдийг хатуу мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн дахин давтан үйлчлэлээр учруулсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлд заасан “ хүнийг алсан бол “ гэх болон мөн хуулийн  2.1-д заасан хүнийг “ онц харгис хэрцгийгээр” алсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх шинжид, 

-хохирогч гэмтэл авах үед түүний цусанд 4.5 промилл, ходоодны шингэнд 7.2 промилл спиртийн агууламжтай байсан нь хүнд зэргийн согтолтод хамаарах ба энэ тохиолдолд хүн үйлдэл хийх боловч үйл хөдлөл, хэл яриагаа хянах чадваргүй, өнгөц болон өвдөлтийн мэдрэхүй нь буурна, парасимпатик үйл ажиллагаа буюу цус, шүлс гоожих, шээх үйл ажиллагаа алдагдан тухайн хүний биеийн онцлогоос хамаараад зарим тохиолдолд тасарч унах буюу унтдаг тул хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй хүнд зэргийн согтолттой байсан гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2.7-д заасан “ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх мөн хүндрүүлэх нөхцөл байдал болох гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн байна.

 

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ согтолтын 1.57%-ийн промиллийн дунд зэргийн согтолттой байсан боловч өөрийн үйлдлээ санахгүй байна гэсэн байдлаар үйл баримтын талаар мэдүүлдэггүй боловч  хохирогчид үхэлд хүргэх маш олон тооны гэмтлүүдийг олон удаагийн дахин давтан үйлдлээр учруулсан байдал,  гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч Я.Гончигсүрэнгийн гэрт хохирогч Д.С-ийн хамт хоёулаа байсан, шүүгдэгчийн биед хийсэн үзлэгээр  түүний 2 гар цус болсон, шалбарсан, хавдсан, зулгаралт үүссэн байдал болон хэргийн газрын үзлэгийн гарын мөр тогтоох шинжилгээгээр хохирогчид гэмтэл учруулсан байж болзошгүй эд зүйлүүдээс шүүгдэгчийн гарын мөрүүд илэрсэн зэрэг нөхцөл байдлуудын улмаас хохирогч Д.С онц харгис хэрцгийгээр зодуулж амь нас хохирсон нь шүүгдэгч Я.Г-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Я.Г-д анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн.

 

Шүүгдэгч Я.Г гэмт хэргийг цагдаагийн байгууллагад өөрөө очиж мэдээлсэн,  хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд 13.000.000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох боловч анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзээгүй нь хэд хэдэн  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт үндэслэсэн, ингэснээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг зөрчөөгүй,  шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-д нийцсэн байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг гарах цаг хугацаанд 1.57%-ийн согтолтын улмаас өөрийн үйлдлээ бүрэн санахгүй байгаа нөхцөл нь түүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г-өөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Я.Г-ийн цагдан хоригдсон 47 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС