Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 0567

 

                                                                Т.У-ын нэхэмжлэлтэй

                                                             захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.У-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгүүдэд  заасныг баримтлан Т.У-ын Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дүгээр хэсэг болон түүний хавсралтад заасан “Хууль зүйн хэлтэс /Архивын тасагтай/ гэсэн хэсгийн 1-д заасан буюу өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бусад холбогдох зардлыг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн   өмгөөлөгч   С.Б   давж   заалдах   гомдолдоо:   “...Миний

үйлчлүүлэгч Т.У нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаартай тушаал түүний хавсралтын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Т.У нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халах, чөлөөлөх үндэслэл байхгүй. Гэтэл Т.У-ыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд.., хэрхэн шийдвэрлэх журмыг зохицуулсан байхад уг заалтыг ажлаас чөлөөлөх зохицуулалт хэмээн ойлгож буруу тайлбарласан. Энэ нь дээрх тайлбараар нотлогдоно.

  1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д өөрөөс үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан тохиолдолд хэрхэн зохицуулах асуудлыг хуульчилж өгсөн болохоос төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг зохицуулаагүй. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолын 15-д “...орон тоо хасагдсан..” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т “..хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохионо” гэж тодорхой заасан.
  2. Засгийн газрын 2016 оны 9 дугаартай тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны Б/69 дүгээр захирамжийн хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, хэлтсүүдийн чиг үүрэг, албан хаагчдын орон тоог тогтоосон байдаг бөгөөд уг хавсралтын нэг дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн чиг үүрэгт “иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх” чиг үүрэг шилжүүлсэн, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/27 дугаар тушаалын хавсралтаар “Төрийн захиргааны удирдлагын хэлтэс” хэсгийн 3-д орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг хариуцахаар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай Ц.Анхбаярыг ажилд томилох тухай, мөн өдрийн 08 дугаартай Т.Эрдэнэсүрэнг ажилд томилох тухай тушаал, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс Т.У-ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хасагдаагүй, уг орон тоо нь шинэ зохион байгуулалтанд орсон ч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж харин ч Т.У-ын эрхэлж байсан ажлыг 2 хүн хариуцан гүйцэтгэж байгаа болох нь маш тодорхой харагддаг.
  3. Маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасныг бүхэлд нь зөрчсөн өөрөөр хэлбэл Б/49 дугаартай тушаалд дагалдах хяналтын хуудас байхгүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй, захиргааны шийдвэрийг сонсох ажиллагааг зохион байгуулаагүй, санал аваагүй, хуулийн хугацаанд мэдэгдээгүй болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог.
  4. Мөн шүүх Т.У нь нэхэмжлэлдээ төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахгүй байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байгаа тул шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж дүгнэлээ хэмээн хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн. Тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан эсэхийг үл хамааран төрийн албан хаагчийн баталгаа, нэмэлт баталгаагаар хангагдах эрхтэй.

          Анхан шатны шүүх нь дээрх байдлаар хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.У-аас “...Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан тус аймгийн Тамгын газрын бүтэц, хэлтсийн чиг  үүрэг, албан хаагчдын тоог батлах тухай захирамжийн хавсралтад Төрийн захиргааны удирдлагын хэлтэс гэж байгаад дотроо орон тоо 8, үүнд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх албан тушаалыг тусгайлан зааж өгсөн байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07, Б/08 дугаар тушаалууд болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс Т.У-ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хасагдаагүй, уг орон тоо нь шинэ зохион байгуулалтад орсон ч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж, харин ч нэхэмжлэгчийн эрхэлж байсан чиг үүргийг 2 хүн хариуцан гүйцэтгэж байна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Төрийн удирдлагын хэлтэс нь 11 орон тоотой байсан бол 8 орон тоотой болж бичиг хэргийн эрхлэгчийн ажлын чиг үүрэгт иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажил нэгтгэгдсэн байна. Ингэснээр Т.У-ын иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажил өөр хэлтэст шилжиж, өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Ц.Анхбаярыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн өргөдөл гомдол, угтах үйлчилгээ болон зохион байгуулалт хариуцсан албан тушаалд, мөн Б/08 дугаар тушаалаар Т.Эрдэнэсүрэнг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70481111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан албан тушаалд тус тус томилсон байна.

Улмаар дээрх тушаалуудыг хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар хүчингүй болгож, аймгийн Засаг даргын мөн өдрийн Б/37 дугаар захирамжаар Ц.Анхбаярыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн угтах үйлчилгээний ажилтнаар, Т.Эрдэнэсүрэнг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр тус тус томилжээ.

Нэхэмжлэгч Т.У нь “...миний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн бөгөөд харин ч миний ажлын байрны чиг үүргийг Ц.Анхбаяр, Т.Эрдэнэсүрэн нар хуваан гүйцэтгэж байна...” хэмээн маргаж байх тул анхан шатны шүүх дээрх төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн өргөдөл гомдол, угтах үйлчилгээ болон зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, 70481111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт Т.У-ын ажиллаж байсан албан тушаалын чиг, үүрэг шилжсэн эсэх, нэхэмжлэгч дээрх 2 мэргэжилтний албан тушаалын алинд нь томилогдохоор маргаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Т.У-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ө.Халиунаа оролцож шүүх хуралдааны тэмдэглэлийг үйлдсэн боловч уг тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж, баталгаажуулаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 88 дугаар зүйлийн 88.1, 88.3-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийн нотлох баримт төдийгүй шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу явагдсан эсэхийг нотлох баримт юм.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж, баталгаажуулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу 30, 15 хоногоор шаардлагатай тохиолдолд сунгах боломжтой байхад анхан шатны шүүх уг захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 30, 2017 оны 4 дүгээр 19-ний өдөр 15, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 30 хоногоор тус тус сунгасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймээс давж заалдах шатны шүүх зөрчлийг арилгах, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                      Ц.САЙХАНТУЯА