Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00726

 

Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01149 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 718 дугаар магадлалтай,

Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарын нэхэмжлэлтэй

Э.Энхбаяр, Д.Шүрэнчимэг нарт холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс хамтран өмчлөгчийг хасуулсан хэлцлийг хүчингүйд тооцуулж, хариуцагч нарыг орон сууцыг өмчлөх эрхгүй болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэрийг хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Савхин эдлэлийн үйлдвэрт ажилд ороод 1983 онд тус үйлдвэрийн засварчин Т.Энхболдтой ханилаад 1988 онд миний охин Анхмаа төрсөн. 1989 онд Савхин эдлэлийн үйлдвэрээс гэр нь шатсан тул аавд маань Ажилчин дүүргийн тахир 8-д 2 өрөө байр өгснийг охин хүргэн хоёртоо өгч бид өрх тусгаарласан билээ. 1990 онд Савхин эдлэлийн үйлдвэрийн аж ахуй хариуцсан дарга Бат-Очир нь миний аав Даваажав болон хэсэг хүмүүст Хан-Уул дүүргийн Ажилчдын нийтийн байр болох Тахир 8-ын 2 өрөө байруудыг хороололд хуучнаар Октябрийн ройоны 31 дүгээр хороо, 12 дугаар байранд 2 өрөө байруудаар сольж нөхцөлийг сайжруулснаар манайх одоогийнхоор Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар байрны 9 давхарт 106 тоотод орсон. Орохдоо байрны гэрчилгээнд Энхболд, Оюунгэрэл, Анхмаа гэж байрны маань эрхийн бичиг анх гарсан. 1992 онд би Унгар улсад хөдөлмөр эрхлэхээр явсан. Энэ хугацаанд аавын маань бие муудаж байна гээд би буцан ирээд аавыгаа сахиад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9-379 тоотод түр амьдарч байхад миний нөхөр Т.Энхболд уг байрыг Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23в байрны 9 давхарын 143 тоот нэг өрөө байраар жижигрүүлэн солисон. Миний нөхөр Т.Энхболд 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өдөр нас барсан. Гэтэл Д.Шүрэнцэцэг гэгч эмэгтэй өөрийн хүү Баяраа овогтой Энхбаярын овгийг миний нөхрийн нэрээр овоглож, гэр бүлийн минь дундын өмч болох 1 өрөө байрыг хууль бусаар өмчлөн авсныг бид Иргэний хуулийн 528-т зааснаар нотариатад хүсэлт гарган өв хүлээн авахдаа мэдлээ. Миний нөхөр Т.Энхболдын биеийн байдал муу, өөрийн ухаангүй байхад нь бидний хууль ёсны дундын өмч болсон дээрхи байрыг Баяраа овогтой Энхбаяр, Дэгмаа овогтой Шүрэнчимэг нартай хамтран өмчлөгч нэг гэр бүлийн хүмүүс байсан мэтээр бичиг баримт бүрдүүлэн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн газар бүртгүүлж хууль ёсны гэр бүлийн гишүүн эхнэр Оюунгэрэл, охин Анхмаа нарын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 126.1, 126.2.2, 126.2.4, 128.2, 128.4 заалтуудыг зөрчин өмчилсөн байна. Иймд анх Савхин эдлэлийн үйлдвэрээс аавд маань өгсөн миний гэр бүлийн өмч болох уг байрыг охин бид 2 эргүүлж авмаар байна. Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 3 дугаар хорооллын 23в байрны 143 тоот РО-98164 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-5205039879 тоот улсын бүртгэлийн дугаартай 40.000.000 төгрөгийн үнэтэй нэг өрөө байрнаас 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг бидний зөвшөөрлийг авалгүй хийсэн тул хүчингүйд тооцуулах. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан БГД 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в байрны 143 тоот РО-98164 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнээс Ү-5205039879 тоот улсын бүртгэлд хууль бусаар бүртгүүлсэн Д.Шүрэнчимэг, Б.Энхбаяр \Э.Энхбаяр\ нарын нэрийг хасуулж, уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Энхбаяр, Д.Шүрэнчимэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Шүрэнчимэг миний бие нөхөр Т.Энхболдтой 1995 онд танилцсан бөгөөд бид Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в байрны 143 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцанд өөрийн хүү Э.Энхбаярын хамтаар /ам бүл 3/ нөхөр Т.Энхболдыг өвчний улмаас 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барах хүртэл хамтран амьдарч байсан юм. Ийнхүү амьдрах хугацаандаа тус орон сууцыг 2011 оны 8 дугаар сард нөхөр Т.Энхболд, Д.Шүрэнчимэг, Э Энхбаяр бид өөрсдийн нэр дээр хувьчилж авсан. Ингээд миний нөхөр Т.Энхболдын эрүүл мэндийн байдал 2014 оноос муудаж хорт хавдартай гэсэн онош гарсан бөгөөд нөхөр маань өөрийн биеийн байдал муудсан тул мөн оны 6 дугаар сард тэрээр өөрийн хүсэл зоригийн дагуу хүү Э.Энхбаяр, эхнэр Д.Шүрэнчимэг нарын өмчлөлд дээрх орон сууцыг шилжүүлэхээ илэрхийлэн өөрийн эцэг Н.Түвдэн, дүү Т.Энхбаяр, дүү Т.Энхтуяа нарыг байлцуулан хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлэн хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр /Ү-2205039879/ дугаартай, Э.Энхбаяр, Д.Шүрэнчимэг /хоёр иргэний өмч/ бидний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Нөхөр маань амьд ахуйдаа “би өмнө нь Д.Оюунгэрэл гэдэг бүсгүйтэй гэрлэж байсан, нэг охинтой, бид 2 өрөө байртай байсан бөгөөд 1994 онд салах үед эхнэр маань мөнгө нэхээд байсан учраас 1995 онд охин Анхмаагаа бодоод тухайн 2 өрөө байраа энэ 1 өрөө байраар сольж, зөрүү мөнгийг нь Д.Оюунгэрэлд өгсөн, тэрээр өөрийнхөө мөнгөөр аавынхаа хашаанд байшин барьсан гэсэн” гэж хэлдэг байсан. Түүнчлэн “өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ албан ёсоор цуцлуулъя гэж түүнд хэлэхээр ямар нэгэн шалтаг гаргаад цуцлуулахгүй байгаад байх юм” гэж хэлдэг байсан. Сүүлд нас барахынх нь өмнөхөн биеийн байдал нь муу байхад Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нар түүнийг эргэж ирэх үед ч гэсэн тэр маань Д.Оюунгэрэлд “хоёулаа баталгаагаа салгуулъя” гэж хэлэхэд Д.Оюунгэрэл “юу ч гэсэн чи хөл дээрээ босчих, тэгээд болох байлгүй дээ” гэж хэлээд гарч байсан. Д.Оюунгэрэл нь 20 гаруй жил огт сураггүй байж байгаад нөхрийг маань нас барсны өнөөдөр гэнэт гарч ирээд бидний өмчлөх эрхийг хөндөж шүүхэд ямар ч хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Э.Энхбаяр, Д.Шүрэнчимэг бид дээрх орон сууцанд 1995 оноос эхлэн талийгаачийн хамт амьдарч ирсэн төдийгүй бид уг орон сууцыг хуулийн дагуу хувьчлан авч, өнөөдөр Д.Шүрэнчимэг миний бие хүүгийн хамт өөрсдийн өмчлөлийн орон сууцандаа амьдарч байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01149 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1. 126.2.2, 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.2, 128.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарын хариуцагч Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарт холбогдох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дүгээр хороолол, 23в байрны 143 тоотод байрлах, 118 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр талийгаач Т.Энхболдын хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 128.4-т зааснаар хүчингүйд тооцуулж, уг орон сууцны өмчлөгчөөс хариуцагч Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарыг хасуулж, тэднийг уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 718 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 102/ШШ2016/01149 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.04.13-ны өдрийн 718 дугаар магадлал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх үндэслэх хэсэгтээ “... Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ”... Д.Оюунгэрэлийн аав У.Даваажавт Савхин эдлэлийн үйлдвэрээс одоогийн Баянгол дүүргийн 8-р хороо, 12 дугаар байрны 106 тоотод орон сууцыг өгч улмаар талийгаач Г.Энхболд байрыг 1 өрөө орон сууцаар солисон... гэж маргажээ” гэж дүгнэлт хийсэн “... Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс тус захирамжид дурдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо. 12 дугаар байрны 106 тоот орон сууц өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санл бүртгэгдээгүй, хариу өгсөн гэж хязгаарлан, холбогдох этгээдэд хандалгүй хүсэлт хангагдаагүй, шүүгчийн захирамж хэрэгжээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх хэргийн үйл баримтын талаар давж заалдах шатны хурлаас өгөх боломжгүй байна...” гэж дүгнэн ИХШХШТХуулийи 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар иь хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө дээрх магадлалд дурдсаны дагуу Баянгол дүүргийн 8-р хороо. 9 давхар 106 тоот орон сууцны эзэмшигчдийн лавлагааг гаргуулах хүсэлт гаргахдаа уг лавлагааг зөвхөн БГД-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангасан.

Энэхүү хариуг ирснээс хойш нэхэмжлэгч нь хавтаст хэрэгтэй танилцсан гэдэг нь 2015.12.22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбар 2015.12.24-ны өдор гаргасан хүсэлт 2016.01.18-иы өдөр болон 2016.02.01-ний өдөр хэргийн материалтай танилцсан баримт зэргээр нотлогддог.

Түүнчлэн 2016.02.01-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд гаргах санал хүсэлт байхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд давж заалдах шатанд гаргасан гомдолд дурдсан асуудлыг анхан шатны шүүхэд огт тавиагүй. Энэ талаар хүсэлт гаргах хангалттай хугацаа байсаар байтал магадлалд дурдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо. 12 дугаар байрны 106 тоот орон сууц эзэмшигч нарын талаарх лавлагааг холбогдох бусад байгууллагаас гаргуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй билээ.

ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д шүүх нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргийг хуульчилсан байх ба хэргийн оролцогчийн хүсэлтэд дурьдаагүй хуулийн этгээдэд буюу тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт дурдсанчлан шүүх өөрийн санаачилгаар холбогдох этгээдэд хандах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.25-ны өдрийн шүүгчийн захирамж хэрэгжсэн байтал хэрэгжээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 718 дугаар магадлалыг хүчингүй болгож Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.01-иий өдрийн 102/1111112016/01 149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн “...Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар байрны 106 тоот орон сууцны эзэмшигчдийн талаарх лавлагааг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газраас гаргуулах” тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 32259 дүгээр шүүгчийн захирамжаар хангасан, үүний дагуу Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1191 дүгээр албан бичигт “...106 тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” талаар дурджээ /хавтаст хэргийн 36-37, 40-41, 48 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан.

Нэхэмжлэгч дээрх орон сууцтай холбоотой хүсэлт дахин гаргаагүй, энэ тохиолдолд шүүх өөрийн санаачлагаар нотлох баримт бүрдүүлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүх “...хариу өгсөн гэж хязгаарлан, холбогдох этгээдэд хандалгүй хүсэлт хангагдаагүй, шүүгчийн захирамж хэрэгжээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23В байрны 143 тоот орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах, уг орон сууцны өмчлөлөөс Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарыг хасуулж, өмчлөх эрхгүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...уг байрыг эзэмшиж байгаад хувьчилж авсан, Т.Энхболд орон сууцны хамтран өмчлөлөөс өөрийн хүсэлтээр хасагдсан...” гэжээ.

Д.Оюунгэрэл, Т.Энхболд нар гэрлэлтээ 1988 онд бүртгүүлсэн, охин Э.Анхмаа 1988 онд төрсөн, гэрлэгчид 1994 оноос хойш тусдаа амьдарч байсан ба Т.Энхболд 2014 оны 7 дугаар сарын 14-ны өдөр нас барсан байна.

Т.Энхболд нь УБ хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон 893873 дугаар эрхийн бичгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 3 дугаар орцны 106 тоот орон сууцыг 1989 оноос эхлэн эзэмшиж байсан, тэрээр орон сууцны хөлсөө төлж чадахгүй гэсэн шалтгаанаар 1995 онд мөн дүүргийн 3 дугаар хороолол, 23В байрны 143 тоотын 1 өрөө орон сууцаар сольжээ.

Хариуцагч нар нь маргааны зүйл болох орон сууцанд Т.Энхболдын хамт амьдарч байгаад Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хувьчлан авч, улмаар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлжээ /хавтаст хэргийн 48-55, 141-145 дугаар тал/.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 24 дүгээр зүйлд “хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ” гэж заасан тул Т.Энхболд, Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нар нь тухайн байрны өмчлөгч юм.

2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлээр Т.Энхболд нь орон сууцны өмчлөлөөс хасагдаж өөрт ногдох хэсгийг Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарт шилжүүлсэн, уг гэрээг нотариатч гэрчилж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх хариуцагч нарт шилжин бүртгэгдсэн, бүртгэл хүчинтэй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул Т.Энхболд орон сууцны өөрт ногдох хэсгийг бусдад шилжүүлснийг буруутгах боломжгүй юм. 

Түүнчлэн хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байхаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заажээ.

Д.Оюунгэрэл, Т.Энхболд нарын гэрлэлт хүчин төгөлдөр байсан хэдий ч маргааны зүйл болох орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлгүй тул Т.Энхболд өөрт ногдох хэсгээ бусдад шилжүүлэхдээ нэхэмжлэгч нарын зөвшөөрөл авах шаардлагагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт орон сууцны талбайн хэмжээг буруу бичсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 718 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “118 м.кв” гэснийг “18 м.кв” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ