Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 266

 

Д.Э нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын

албаны улсын ахлах байцаагч Ц.Д-д холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                             Х.Батсүрэн,

                                             Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар актыг хүчингүй болгуулах”,  

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0172 дугаар магадлал,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Э-О-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.9.11, 10.12.2-т  заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хангаж, хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын  албаны  улсын  ахлах  байцаагчийн  2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0172 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Анхан шатны шүүх уг маргаан бүхий актыг хүчингүй болгохдоо зөвхөн “...2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг батлаагүй, ...2014 онд “Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс” гэсэн нэртэй байгаагүй, ...маргаан бүхий акт бодит нөхцөл байдалд үндэслээгүй, хамт олны хурлаар хэлэлцэж батлагдаж мөрдөөгүй байгууллагын дотоод журмыг үндэслэсэн” гэж дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болжээ.

5. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар орон нутгийн салбар нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулсан хэдий ч уг хэлтсийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсан байх тул урьд нь мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журмыг “анхнаасаа батлагдаагүй” гэж үзэх, мөн байгууллагын нэр өөрчлөгдсөн тул мөрдөх боломжгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм... Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ...заасны дагуу аливаа байгууллага нь хөдөлмөрийн олон харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлдэг бөгөөд 2014 оноос хойш тухайн байгууллагад мөрдөж байсан журмыг анхнаасаа батлагдаагүй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна байгууллагын нэр, бүтэц өөрчлөгдсөн ч чиг үүрэг хэвээр байгаа нь 2014 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй” гэсэн нь Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх нэг үндэслэл болж байна.

6. Учир нь, улсын байцаагчийн үндэслэл болгосон дотоод журам нь анхнаасаа байгаагүй бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид хуралдаагүй, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг баталгаажуулаагүй. Ажилчид дотоод журам хэлэлцэхээр хуралдсан гэх баримт болох хурлын тэмдэглэл байхгүй байхад түүнийг баримталсан улсын байцаагчийн акт хууль бус юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал нь нотлох баримтаар тогтоогдоогүй, анхнаасаа байхгүй дотоод журмыг хэрэгжиж байсан мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтуудыг хэрэглэсэнгүй ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

7. Түүнчлэн 2014 онд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нэртэй байсан бөгөөд 2016 оноос Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс болж өөрчлөгдсөн бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхийн таамаглалаар ажил олгогч нь 2014 онд ямар нэгэн дотоод журмыг хэрэгжүүлж байсан байх эрхтэй байна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, нотлох баримтад үндэслэн магадлал гаргасангүй. Улсын байцаагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үндэслэл болгосон нь нэр бүхий тодорхой эрх зүйн баримт бичгийг заасан бөгөөд тухайн дотоод журам байгаагүй нь актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж байгаа болно.

8. Улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар актад дурдагдсан дотоод журмыг нэхэмжлэгч нар мэдээгүй, тухайн үед хуралдаж дотоод журам баталж байгаагүй, хурлын тэмдэглэл байхгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Тиймээс давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэсэн хуулийн заалтыг тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “С” үнэлгээ авсан гэх М.Б-ийн хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээний илтгэх хуудсанд “В” гэж үнэлсэн нь зөрүүтэй байгааг эргэлзээгүй болгох нь зүйтэй” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хэрэглээгүй гэж үзэх бас нэг үндэслэл гэж үзэж байна. Улсын байцаагчийн актыг баримт, нотолгоонд үндэслэн гаргах бөгөөд М.Б-ийн үнэлгээг актад буруу тусгаж, акт тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон нэг үндэслэл болохоос зөрүүтэй байдал, эргэлзээ гэж үзэхгүй байна. Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

9. Нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нарын “Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 24 ажилтанд олгосон үр дүнгийн урамшуулалд 8,069,534 төгрөгийг төлүүлэх тухай Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй тул түүнийг хүчингүй болгуулахаар” гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

10. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан бөгөөд нэхэмжлэгч нарын ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, зохих үр дүнгийн урамшуулах авах эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар ноцтой халдсан. Улсын байцаагчийн акт нь ажилчдын нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйд арга хэмжээ авсан ажил олгогчийн сахилгын арга хэмжээг улирал, хагас жилийн ажлын үр дүнг тооцсон үр дүнгийн урамшуулалтай холбон тайлбарлаж акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, уг актын үндэслэлд ЭМНДХ-ийн ажилтнуудын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж С, О үнэлгээ авсан, хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12, А/14, Б/05, Б/26 дугаар тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан 24 ажилтанд үр дүнгийн урамшуулалд 8,069,534 төгрөгийг олгосон нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалт, Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7, 13 дугаар заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7.1 дэх заалт, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1995 оны 63/104 дугаар тушаал, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ.

11. Ажил олгогчоос үр дүнгийн урамшуулал олгосон нь Монгол Улсын Төсвийн тухай 16 хуулийн дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно”, Засгийн газрын 2014 оны 147 дугаар “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1995 оны 63/104 дугаар тушаал зэрэг хууль тогтоол журмуудыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй байна.

12. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6 дахь заалтуудыг улсын байцаагч заасан боловч баталж, хэрэгжиж байгаагүй журмыг үндэслэсэн. Улсын байцаагч тогтоосон актынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо ажилтан буюу иргэний эрх, ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр гаргаж байгаа тул хуульд нийцсэн буюу хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагатай.

13. Төрийн албан хаагчид нь үр дүнгийн урамшуулал авахдаа хагас жилээр ажилласан ажлын үр дүн, бүтэн жилээр ажилласан ажлын үр дүнгээ ажил олгогчоор үнэлүүлж, түүндээ тохируулан үр дүнгийн урамшуулал олгогддог. Гэтэл улсын байцаагчийн акт нь сахилгын арга хэмжээ авагдсан ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгосон нь зөрчил гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, тухайн актын үндэслэлд дурдсан хуулийн зохицуулалтаар сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж заасан зохицуулалт байхгүй юм. Тиймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж заасан бөгөөд Дотоод аудитын дүрмийн 6.3.1-д “санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах” гэж заасныг зөрчсөн гэсэн анхан шатны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

14. Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 3 дугаар зүйлийн 3.2.7-д “улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад шаардлагатай баримт бичгийг гаргуулан авч, шинжлэн судалж танилцах” эрхийг олгосон. Гэтэл хариуцагч нь“... хурлаар батлаагүй дотоод журам хяналт шалгалтад хамруулсан...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хяналт шалгалтыг нотлох баримтын хүрээнд хийгээгүй буюу хууль бус нотлох баримтыг үндэслэн акт тогтоосон асуудлаар хариуцагч маргаагүй. Тиймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гарсан хууль зүйн үндэслэлтэй.

15.  Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд актын үндэслэлд тусгаагүй хуулийн зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3 дахь заалтыг шүүхээс хэрэглэхээр заасан нь улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан эсэхийг нотлох баримтын хүрээнд үнэлж, шийдвэрлэх болохоос захиргааны актыг зөвтгөн засах боломжгүй юм. Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

16. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0172 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

17. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна. 

18. Хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Ц.Д нь Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар актаар “ЭМНДХ-ийн ажилтнуудын ажлыг хагас бүтэн жилээр дүгнэж С, D үнэлгээ авсан, хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12,А/14, Б/05, Б/26 тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан 24 ажилтанд үр дүнгийн урамшуулалд 8069534 төгрөгийг олгосон нь холбогдох хууль тогтоомжууд болон Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр үр дүнгийн урамшууллын 8069534 төгрөгийг хавсралтад дурдсан 24 хүнээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

19. Нэхэмжлэгч Д.Э нарын 24 иргэнээс дээрх, 35/03/45 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг батлаагүй, хурлын тэмдэглэл байхгүй байхад түүнийг үндэслэн акт тогтоосон нь үндэслэлгүй, тухайн актын үндэслэлд дурдсан хуулиудад сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэсэн зохицуулалт байхгүй, ...нэхэмжлэгч нарын ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, зохих үр дүнгийн урамшуулал авах эрхэд хууль бусаар ноцтой халдсан” гэж маргасан байна. 

20. Харин хариуцагчаас “сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн гэрээний урамшуулал олгосон нь хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, албан үүргийнхээ дагуу холбогдох материалуудтай танилцсан бөгөөд надад танилцуулсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотоод журмыг баримталсан” гэсэн тайлбар гаргажээ.

21. Давж заалдах шатны шүүхээс “...маргаан бүхий актаар 24 албан хаагч бүрийн хувьд “сахилгын арга хэмжээ авагдсан”, “С”, “D” үнэлгээ авсан гэх нөхцөл байдал ялгаатай байхад хэрэгт авагдсан илтгэх хуудсаар “С” үнэлгээ авсан 6 ажилтнаас бусад ажилтны тухайд 2, 4 дүгээр улиралд үр дүнгийн гэрээний биелэлтийг хэрхэн үнэлүүлсэн, уг үнэлгээ нь сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлтэй хамааралтай эсэхийг тодруулж маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч тус бүрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна. 

22. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий актад дурдсан С, D үнэлгээ авсан гэх зарим нэхэмжлэгч нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас хэрэгт авагдаагүй, мөн “С” үнэлгээ авсан гэх М.Б-ийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсанд “B” гэж үнэлэгдсэн зэргээс үзэхэд анхан шатны шүүх ямар баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нарын зүгээс 2014 онд тус хэлтсийн дотоод журам батлагдаагүй гэж маргаж байгаа нөхцөлд тухайн үед хэдэн онд батлагдсан дотоод журам мөрдөгдөж байсныг тодруулах, өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

23. Гэтэл анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдийг шалгаж дүгнэлт хийлгүйгээр “маргаан бүхий акт нь бодит байдалд үндэслээгүй, хамт олны хурлаар хэлэлцэн албан ёсоор баталж мөрдөөгүй байгууллагын дотоод журмыг үндэслэсэн, 2014 онд тус газар нь Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс гэсэн нэртэй байгаагүй” гэсэн дүгнэлтүүдийг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.  

24. Иймд, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

25. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0172 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА