Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Ц.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх Хиа овогт Цагаанчулууны Баярбатад холбогдох 1729000450022 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой ХХК-ийн туслах  “Эс Эс Эм” ХХК-д туслахаар ажиллаж байсан, ам бүл 1, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багт оршин суух Хөх Хиа овогт Цагаанчулууны Баярбат. /РД: КЕ91061710/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Баярбат нь нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн гал тогооны өрөөнд иргэн Ц.Бат-Эрдэнэтэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Баярбат мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Оюутолгой уурхайн гал тогоонд туслахаар ажиллаж байхдаа хамт ажилладаг Бат-Эрдэнэтэй муудалцаж, түүнийг хавирч унагаад баруун нүдрүү нь тохойлдсон. Түүнээс өөрөөр би Бат-Эрдэнийг хатуу гутлаар өшиглөж, зодсон зүйл байхгүй.. гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Бат-Эрдэнийн:”...Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үдээс хойш орчим “Оюу толгой” ХХК-ийн гал  тогоонд ажлын байран дээрээ ээлжээ хүлээлгэж өгөх гээд байж байсан. Тухайн үед 13-15 цагийн хооронд тог тасарч улмаар ус тасарсан тул би хоолны савнуудыг угааж чадаагүй байсан. Тэгээд Баярбат гэх залууд ээлж хүлээлгэж өгөх байсан юм, тэр үед Баярбат ч ирж ээлжийн ахлах Онон намайг ус ирээгүй юм чинь савнуудаа цэгцлээд буу гэсэн гэдгийг би Баярбатад хэлсэн. Гэтэл Баярбат нь гарчхаад орж ирээд намайг баруун мөрөн дээрээс гараараа бариад татаж хавирч унагаасан. Тэгээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед ээлж солигдоод олон хүн байсан тул нэг нь биднийг салгаж ээлжийн ахлахуудын өрөөнд оруулсан. Тэгэхэд ахлах болон аюулгүй ажиллагааны ажилтан нар ирж бид хоёроос болсон явдлын талаар бичүүлж авсан. Ийм л зүйл болсон.”... Надад ямар нэгэн гомдол байхгүй, бид хоорондоо учраа олсон. Харин тэр үед 3 хоног ажилд гараагүй учир түүний мөнгө 96,000 /нэг өдрийн цалин 32,000 төгрөг байдаг/ төгрөг, мөн энэ асуудлаас болж цалин хасуулсан, хасагдсан 50,000 төгрөг, нийт 150,000/нэг зуун тавин мянган төгрөг/ нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Гэрч Г.Мөнх-Эрдэнэ: ”...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюу толгой” ХХК-ийн гал тогооны хэсэгт  2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажиллаж байгаад ээлжнээс буух гээд 16 цаг 30 минутын орчимд хар сав угаадаг хэсэг рүү орж түмпэн аваад гарахад хүн газар унах чимээ гарахаар буцаж ороод хартал манай ээлжийн Бат-Эрдэнэ газар унасан Баярбат дэргэд нь ширүүн харцтай зогсож байхаар нь би юу болов гээд Бат-Эрдэнийг босгоход баруун нүдний хэсэгт хөхөрч бага зэрэг хавдсан байсан тэгэхээр нь Бат-Эрдэнээс юу болсон юм гэж асуухад Бат-Эрдэнэ намайг цохичихлоо гэхээр нь юунаас болж цохисон юм бэ? гэж асуухад Баярбат намайг сав угаадаггүй, ажилаа дутуу хийж байна гэж хэлээд цохичихлоо гэж хэлэхээр нь хоёуланг нь өдрийн ээлжийн ахлах Л.Батбаяр гэж хүнд хүргэж өгөөд би ажилдаа орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Э.Түмэндэмбэрэл:”...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюу толгой” ХХК-ийн Манлай кэмпийн оффисын өрөөнд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажиллаж байхад гал тогооны туслах менежер Батбаяр гэж залуу утсаар холбогдоод гал тогооны хэсэг дээрээ яаралтай хүрээд ирэх хэрэгтэй боллоо гэхээр нь юу болсон тухай асуухад хоёр хүн асуудал гаргасан байна та ирэх хэрэгтэй байна гэхээр нь очсон. Гал тогооны ахлагч нарын өрөөнд очиход ахлах ажилтан Ононтуяа, Батбаяр ажилтан Бат-Эрдэнэ, Баярбат энэ дөрөв байсан тэгээд болсон зүйлийг асуухад ахлах ажилтан Батбаяр хэлэхдээ Бат-Эрдэнийг Баярбат гэх залуу зодсон байна гэж хэлэхээр нь хоёр ажилтнаас яагаад ийм асуудал үүссэн талаар тодруулж асуухад Бат-Эрдэнэ ээлж солигдох гээд савнуудаа угаагаад зогсож байхад Баярбат нь орж ирээд чи хэзээ амрах юм, чи энэ савнуудаа угаагаад яваарай гэж хэлээд цохисон гэж хэлэхээр нь би Баярбатаас чи яагаад тэгсэн юм бэ? Чи зүгээр байхад нь цохисон юмуу? гэж асуухад Баярбат энийгээ угаагаад яваарай гэж хэлэхэд чи суман дээр бол амжихгүй ш дээ гэхээр нь цохисон гэж хариулсан тэгээд хоёр ажилтанд ослын судалгааны хуудас өгөөд юу болсон тухайгаа бичээд өг гэж хэлээд бичүүлж авахад Бат-Эрдэнэ унаанаасаа хоцорлоо гэж хэлээд яараад яваад өгсөн. Ахлах ажилтан Отгонцэцэг гэж хүнрүү болсон зүйлийг ярихад Бат-Эрдэнийг асуухаар нь байхгүй сумруу ажлаасаа буугаад явсан тухай хэлэхэд эргээд холбогдоё гэж хэлээд 1-2 минутын дараа буцааж залгаад энэ аюулгүй ажиллагааны асуудал биш тул манай хэлтэс шийдэхгүй хүний нөөцийн хэлтэс рүү мэдээлэл гэж хэлсэн тэр даруй хүний нөөцийн Дэлгэрсайхан гэж ажилтан руу хэлэхэд Цацаа захирал 1 дэх өдөр ирнэ тэгээд шийдвэрлэе гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Ц.Ононтуяа:”...Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 40-50 минутын орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюу толгой“ ХХК-ийн гал тогооны оффисын өрөөнд албаны мэйл шалгаад сууж байтал гаднаас гал тогооны туслах менежер Батбаяр гаднаас Бат-Эрдэнэ, Баярбат нарыг дагуулаад ороод ирэхээр нь юу болов гэхэд ахлах ажилтан Батбаяр нь Бат-Эрдэнийг Баярбат нь цохичихлоо гэж хэлсэн тэгээд надаас аюулгүй ажиллагааны ажилтан Түмэндэмбэрэлийн утасны дугаарыг асуухаар нь хэлж өгөөд Түмэндэмбэрэлийг дуудаж ирүүлээд тухайн зөрчил гаргасан асуудлыг хэлэхэд Бат-Эрдэнэ, Баярбат нараас юу болсон талаар өөрсдөөр нь бичүүлж авч байх хооронд нь би ажилтай байсан болохоор өрөөнөөс гарч яваад 15 орчим минутын дараа өрөөндөө ороход  Бат-Эрдэнэ автобуснаас хоцорлоо гэдэг шалтгаанаар яваад өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 194 дүгээр шинжээчийн: ”...1.Ц.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

Ц.Баярбатын яллагдагчаар өгсөн: “...Би 09 дүгээр сарын 08-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн уурхайн гал тогоонд туслахаар ажиллаж байхдаа хамт ажилладаг Бат-Эрдэнэтэй муудалцан хэрэлдэж байхдаа түүнийг хавирч унагаад баруун нүд рүү нь тохойлдон цохьчихсон юм.Түүнээс өөрөөр Бат-Эрдэнийг би хатуу гутлаар өшиглөж үг сүггүй зодоод байсан зүйл болоогүй юм.” гэсэн мэдүүлэг /хх 27-28/ дугаар хуудас/

Ц.Баярбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 30 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Баярбатын гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Ц.Баярбатын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 35-48 дугаар хуудас/

Хохирогч Ц.Бат-Эрдэнийн хохирол барагдуулсан гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар /хх-н 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Баярбат нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн гал тогооны өрөөнд иргэн Ц.Бат-Эрдэнэтэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Ц.Баярбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох  хүртэлх хугацаанд Ц.Баярбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх Хиа овогт Цагаанчулууны Баярбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярбатыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярбатад оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Баярбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Баярбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Баярбатын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Баярбатад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Баярбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН