Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/01466

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг,  байранд байрлах, Т******* /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, З овогт Э.Э /РД:*********/,

Хариуцагч: Х дүүрэг, ***** тоотод оршин суух, Б овогт Б.Б /РД:********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол болох 13 468 212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******,

Хариуцагч Э.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У*******, Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э*******,

Хариуцагч Б.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У*******,

Иргэдийн төлөөлөгч Г.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т******* нь Э.Э*******, Б.Б******* нарт  холбогдуулан төрд учирсан хохирол болох 13 468 212 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2 дахь хэсэгт төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Э.Э******* нь Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/06 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г*******ийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Иргэн Т.Г******* нь дээрх 2018 оны Б/06 дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дүгээр  магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоол тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар тушаалаар 10 614 237 төгрөг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлд 2 853 975 төгрөг, нийт 13 468 212 төгрөгийг Т.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгожээ. Э.Э*******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 13 468 212 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 101501/ буруутай албан тушаалтан Э.Э*******гээс гаргуулж өгнө үү гэсэн.  

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Б*******ийг татсан. Учир нь эдгээр албан тушаалтнууд Оюуны өмчийн газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байхдаа Т.Г*******ийг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн учраас төрөөс хохирлыг нөхөн төлсөн. Иймд төрд учирсан хохирлыг эдгээр албан тушаалнууд хариуцах ёстой гэж үзэж байна. Тухайн үед 1 байгууллагыг 2 болгож салгасан байдаг бөгөөд зохион байгуулалтын бүтцээр хавсралт хүргүүлэхдээ Т.Г*******ийн нэрийг оруулж хүргүүлснээс тушаал гарч түүнийг ажлаас чөлөөлсөн гэсэн шүүхийн шийдвэрүүд гарсан, уг тушаалын дагуу хохирол төлөгдсөн. Иймд хариуцагч нарын буруутай үйлдлээс хохирол учирсан гэж үзээд хэн алинаас нь шаардсан гэв.

 

2.Хариуцагч Э.Э*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Э******* нь Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г*******ийг албан тушаалаас чөлөөлжээ. Иргэн Т.Г******* нь дээрх 2018 оны Б/06 дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоол тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 13 468 212 төгрөгийг Т.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгожээ. Э.Э*******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 13 468 212 төгрөгийг буруутай албан тушаалтан Э.Э*******гээс гаргуулж өгнө үү гэжээ. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Т.Г*******ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газарт холбогдсх захиргааны хэргийг шийдвэрлэхдээ Т.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалинг болоод нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн бол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл бүхий байна гэж үзэн магадлалыг хэвээр үлдээсэн. Гурван шатны шүүх Т.Г*******ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалинг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн энэ нь өөрөө төрд хохирол учруулсан этгээд нь Э.Э******* бус харин тухайн үеийн буруутай шийдвэр гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын ын эрх бүхий албан тушаалтан гэдгийг харуулж байна.  Э.Э******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан биш. Мөн Э.Э*******гийн гаргасан шийдвэрээс болж төрд хохирол учраагүй. төсл хохирол учруулсан, төрөөс хохирол гаргуулсан этгээд нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхийн шийдвэр дээр дүгнэснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг үндэслэж Оюуны өмчийн газрын дарга байсан Э.Э*******гийн шийдвэр тушаал гарсан байна. Иймд Э.Э******* нь хууль бус шийдвэр гаргасан этгээд биш байх тул Т*******ийн нэхэмжлэлтэй Э.Э*******д холбогдох 13 468 212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1.Хариуцагч Э.Э*******гийн өмгөөлөгч Э.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Т.Г******* нь 2 хариуцагч татаад 3 шаардлага гаргаад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д зааснаар шаардаж байгаа бол гэм буруугийн асуудлыг зөв тогтоох ёстой, өөрөөр хэлбэл Т.Г*******ийг шилжүүлээд ирэхэд нь түүний албан тушаал байгаагүй учраас энэ  талаар түүнд хэлж, өөрөө зөвшөөрөөгүй учраас тушаал гаргасан байдаг. Тиймээс хэний үйл ажиллагаанаас болж хохирол учирсан гэдгийг захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон гэж үзэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг харгалзан үзэх ёстой гэж үзэж байна, тушаал гарах үндэслэл буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын санал нь үр дагавар үүсгэсэн болно гэв.

 

3.Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Э.Э*******, Б.Б******* нараас хохиролд 13.568.212 төгрөг гаргуулахаар шаардахдаа хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулахыг хүссэн, гэм хор учрахад хариуцагч тус бүрийн оролцоо, тэдгээрийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлоогүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.” гэж, мөн зүйлийн 242.2-т “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.” гэж заасан. Энэ хэргийн тухайд хариуцагч Э.Э*******, Б.Б******* нар хуулиар хамтран үүрэг хүлээхээр зохицуулсан зүйл байхгүй. Мөн харилцан тохиролцож байгуулсан гэрээгүй. Түүнчлэн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тухайд “үл хуваагдах” шинжтэй гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь шаардаж буй 13.568.212 төгрөгийг хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулах, тус бүрийн гэм буруу, тэдгээрийн оролцоог зайлшгүй тодруулах шаардпагатай. Иймд нэхэмжпэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заасан. Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, ажилтан шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Түүнчлэн Иргэний хуулийн 498.5-д заасан гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэр нь гэм хорын ерөнхий зохицуулалтын /ИХ 497.1/ үндсэн бүрэлдэхүүний нэг болох болгоомжгүйн хэлбэрээс ялгаатай. Энэ маргааны тухайд Б.Б******* би Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллах үедээ шууд санаатай, илтэд болгоомжгүй аль ч хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго агуулаагүй. Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсоны дараа Ажлын хэсгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр саналыг хүргүүлсэн. Тодруулбал: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолд заасны дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлэх ёстой 31 орон тоонд нэр бүхий 29 албан хаагчдын нэрс, дэлгэрэнгүй танилцуулгын хамт Ажлын хэсгийн ахлагч болох Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Ийнхүү шилжүүлэхийн өмнө тухайн ажилтнуудтай хуулийн дагуу сонсох ажиллагааг гүйцэтгэхэд Т.Г*******ийн хувьд Оюуны өмчийн газарт шилжихийг хүлээн зөвшөөрсөн байсан. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дахь хуудаст дүгнэсэн. Харин дээрх албан бичгээс өмнө Хууль зүй, дотосщ хэргийн сайд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар “Оюуны өмчийн газар”-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан, ийнхүү батлахдаа Т.Г*******ийн эрхэлж байсан ажил багтаагүй гэдгийг миний хувьд мэдээгүй, мэдэх ч боломжгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн бүрэн эрхийн дагуу харьяа агентлагийнхаа бүтцийг баталсан, энэ ажиллагаанд Б.Б*******ийн хувьд оролцох ч боломжгүй, оролцоогүй. Түүнчлэн Оюуны өмчийн газрын бүтцийг баталсан талаараа тухайн үед Ажлын хэсэг болоод Хууль зүй, дотоод хэргийн яамнаас надад мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн бол Т.Г*******ийг шилжүүлэхээр хүргүүлэхгүй байх, хохирол учрахаас сэргийлэх боломжтой байсан. Мөн шилжүүлэхээр хүргүүлсэн албан хаагчдын нэр, албан тушаал болоод ангилал зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Ажлын хэсэг хүлээн авсан даруйдаа Сайдын баталсан Оюуны өмчийн газарын бүтцэд байхгүй, шилжүүлэх боломжгүй талаар мөн л мэдэгдээгүй. Харин эсрэгээрээ Ажлын хэсгийн ахлагч болох Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад манайхаас хүргүүлсэн ажилтнуудын нэрс, саналыг Яамнаас цаашаагаа Оюуны өмчийн газарт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1-4/3298 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Оюуны өмчийн газрын дарга Э.Э*******гээс Т.Г*******ийг ажиллуулах боломжгүй талаараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан надад ч тэр даруйд мэдэгдээгүй, мэдэгдэж байгаагүй болно. Мөн Т.Г*******ийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлэн аваад мөн оны 7 дугаар сарын 27-ны өдөр түүний Голомт банкны дансанд цалин гэж 555 007 төгрөг шилжүүлсэн байсныг дурдах нь зүйтэй байна.  Гэм буруугийн хэр хэмжээний тухайд  Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ" гэж, 230 дугаар зүйлийн 230.3-т “гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана.” гэж заасан. Миний бие Т.Г*******ийг Оюуны өмчийн газарт шилжүүлэх саналаа албан бичгээр хүргүүлсэн бол шилжүүлэн авах, агентлагуудыг салгах, өөрчлөн байгуулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам мэргэжил, арга зүйн болон зохион байгуулалтын удирдлагаар ханган ажиллаж, харин Т.Г*******ийг ажлаас чөлөөлөх шийдвэр Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар гарсан. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд хуваагдах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам нэгтгэн удирдаж ажилласан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюуны өмчийн газрын бүтэц, орон тоог санал хүргүүлэхээс өмнө баталчихсан байсан атлаа энэ талаар манайд мэдэгдээгүй. Мөн шилжүүлэх ажилчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн даруйд Т.Г*******ийн ажлын байр Оюуны өмчийн газарт батлагдаагүй гэдгийг мэдсэн, мэдэх бүрэн боломжгой атлаа хайхрамжгүй хандаж, цааш нь Оюуны өмчийн газарт хүргүүлсэн, Оюуны өмчийн газрын дарга Э.Э******* албан бичгийг авсан даруйдаа мөн л боломжгүй талаараа мэдэгдээгүй. Дээрх байдлаар хохирол учрах болсон шалтгаан, нөхцөлд ажлыг хариуцаж байсан Хууль зүй, дотоод хэргийн яам, ажлын хэсгийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн. Эцэст нь дүгнэхэд, Төрийн албан хаагчийн гаргасан дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөх олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагч-иргэнээс буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болно. Мөн аливаа иргэн төрийн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шударга ёс”, “тэгш байдал”-ын зарчим, төр болон ажил олгогч ажилтан, албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдпээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох, төрийн албан хаагч төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх баталгаагаар хангагдах Төрийн албаны тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.1.Хариуцагч Б.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар шийдвэр гаргаагүй. Тиймээс шийдвэр гаргаагүй учраас хохирол учруулсан үйл баримт байхгүй. Иймд хариуцагч Б.Б******* нь төрд хохирол учруулаагүй учраас шийдвэр гаргасан хариуцагч Э.Э*******гээс хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй гэв.

 

4.Нэхэмжлэгчээс Э.Д*******, Я.Ө нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т*******ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр Т*******ийн дарга томилсон тушаал, Т*******ийн Э.Э*******д хүргүүлсэн мэдэгдэл, Оюуны өмчийн газрын даргын  2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хууль, зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, Төсөвт байгууллагад холбогдох гүйцэтгэх баримт бичгийн судалгаа, төлбөрийн хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019, 2020, 2021 оны нөхөн төлөлтийн тайлан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дүгээр магадпал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоол /хэргийн 3, 5-42-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Э.Э*******гээс Г.У*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 50, 56-р хуудас/ гэсэн баримтуудыг,  

хариуцагч Б.Б*******оос С.У*******т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, нэмэлт тайлбар /хэргийн 145, 161-163, 165-167-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар тушаал, холбогдох баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0374 дүгээр магадпал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоол, төлбөрийн хүсэлт, Оюуны өмчийн газраас 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар Оюуны өмчийн газрын даргын тушаал, холбогдох баримт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Оюуны өмчийн газрын даргаар Э.Э*******, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Б******* нарыг томилсон тогтоол, холбогдох баримтуудыг, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.06.28-ны өдрийн 1/256 тоот албан бичиг, хавсралт /дарга Б.Б*******ийн байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталж, орон тооны хувьд Оюуны өмчийн газарт шилжүүлэх албан хаагчдын нэрс болон албан тушаалын жагсаалт/-ыг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болгон бүтцийн өөрчлөлтийг баталсан тогтоол, бүтэц орон тоог баталсан Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг өгсөн тухай тогтоол, хавсралтыг /хэргийн 61-103, 135-138, 148-159-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т*******ийн хариуцагч Э.Э*******, Б.Б******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хариуцагч Б.Б*******оос 13 468 212 төгрөгийг гаргуулж, хариуцагч Э.Э*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Э*******г Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар Ажлаас чөлөөлөх тушаалаар, Б.Б*******ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын дарга Т.Г*******ийг албан тушаалаас нь халсан бөгөөд дээрх тушаал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэж, нийт 13 468 212 төгрөгийг гаргуулан олгосон тул төрд учирсан хохирлыг хууль бус тушаал гаргасан буруутай этгээдүүдээс гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

3.Хариуцагч Э.Э******* нь нэхэмжлэгч Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн тушаал гаргасан, шилжиж ирэхэд нь уг албан тушаал нь байхгүй байсан тул ажлаас нь чөлөөлсөн, гэм хор учирахад хэний буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болж хохирол учирсан гэдгийг гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж маргасан.  

4.Хариуцагч Б.Б******* нь хууль бус, буруутай тушаалыг гаргасан байгууллага нь  Оюуны өмчийн газар бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичиг нь захирамжилсан актын шинжийг агуулаагүй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар нэр бүхий 29 албан хаагчийг төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд шилжүүлэх санал л хүргүүлсэн, ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд зааснаар шийдвэр гаргасан этгээд хохирлыг хариуцана гэж үгүйсгэсэн.  

5.Талуудын маргааны зүйл нь гэм хор учрахад хэний буруутай үйлдэл, эс үйлдэл байсан эсэх талаар байна, хариуцагч Э.Э******* нь Оюуны өмчийн газрын даргын албан үүргийг, хариуцагч Б.Б******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан талаараа маргаагүй.

6.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

6.1.Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заажээ.

6.2.Хариуцагч нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө, мөн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр байгууллагад хохирол учруулаагүй гэж маргасан.

            7.Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар Ажлаас чөлөөлөх тушаалаар “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/ татан буугдаж, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын дарга Тийн Г*******ийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлснийг Т.Г******* эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр  шийдвэрээр 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Г*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан  хугацааны цалин 10 614 237 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

            7.1.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгийн Т.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Т.Г*******ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Т.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  

            7.3.Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 374 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан шийдвэр, магадлалаар тус тус тогтоогдож байна.

7.4.Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн ажилтныг урьд ажиллаж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд нь эгүүлэн томилж, 13 468 121 төгрөгийг Т.Г*******ийн дансанд Хууль зүй Дотоод хэргийн яамны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 10 614 237 төгрөг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлд 2 853 975 төгрөг, нийт 13 468 212 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар,  төлбөрийн хүсэлтүүд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019, 2020, 2021 оны нөхөн төлөлтийн тайлангаар тус тус тогтоогдож байх тул хариуцагч Э.Э*******, Б.Б******* нараас төрд учирсан хохирол болох 13 648 212 төгрөгийг төлөх талаар мэдэгдэж, улмаар хохирлыг төлөөгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

8.Хариуцагч Э.Э*******гийн өмгөөлөгч нь хохирол учрахад хариуцагчийн гэм буруутай үйл нөлөөлөөгүй, нэгэнт албан тушаал нь байхгүй болсон учраас мөн өөр албан тушаалд томилохыг зөвшөөрөөгүй тул тушаалыг гаргах үндэслэл болсон, тушаалыг шүүхийн шийдвэрээр илт хууль бус акт буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж дүгнэсэн гэж, хариуцагч Б.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төрд хохирол учруулах ямарваа нэгэн шийдвэрийг гаргаагүй, албан бичгээр санал л хүргүүлсэн тул үр дагавар үүсгээгүй, тушаалыг хариуцагч Э.Э******* гаргасан гэж мэтгэлцсэн.

8.1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч нар нь байгууллагад учирсан хохирлыг үүсгэхэд гэм буруутай эсэх, тухайн гэм буруу нь шууд санаатай болон илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр үйлдэгдсэн эсэх талаар маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 194 дүгээр  шийдвэр, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Хууль зүй дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Г*******т холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоожээ.

8.2.Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг тус тус байгуулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр бүтцийг, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталжээ.

Гэтэл дээрх бүтцийн өөрчлөлтийн дагуу тус хоёр агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтэц, зохион байгуулалтыг батлагдахаас өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 албан бичгээр Т.Г*******ийг Оюуны өмчийн газарт шилжүүлж, харин Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн албаны тухай /2002/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн албанаас чөлөөлжээ. Ийнхүү Т.Г*******ийг шилжүүлсэн шийдвэр нь Улсын бүртгэлийн газраас түүнийг Оюуны өмчийн газарт шилжүүлсэн үр дагаварт хүргэсэн. Ингэснээрээ захиргааны акктай адил үйлчлэлтэй байгаа тул хариуцагчийн уг албан бичиг акт биш гэх гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв” гэсэн байх тул хариуцагч Б.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан бичгээр хүргүүлсэн санал нь шийдвэр биш, үр дагавар үүсгээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

8.3.Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар тогтоолд “...14.Дээрх 2018 оны 1/256 тоот албан бичиг нь нэхэмжлэгч Т.Г*******ийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Оюуны өмчийн газарт шилжүүлсэнд тооцох, улмаар маргаан бүхий тус газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх үр дагаварт хүргэсэн хууль бус захиргааны акт болохыг шүүхүүд дүгнэсэн байна” гэсэн байх тул хариуцагч Э.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн илт хууль бус захиргааны акт гаргах үндэслэл буюу шалтгаан нөхцөл нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б*******ийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн 2018 оны 1/256 тоот албан бичиг гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            8.4.Иймд хариуцагч Б.Б*******оос төрд учирсан хохиролд нийт 13 468 212 төгрөгийг гаргуулж, Төрийн албаны зөвлөлд олгож, нэхэмжлэлээс хариуцагч Э.Э*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Г******* нь төрд учруулсан хохирлыг хариуцагч Б.Б******* барагдуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн хариуцагч Б.Б*******оос төрд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч Б.Б*******оос улсын тэмдэгтийн хураамжид 225 291 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Б*******оос хохиролд 13 468 212 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ТБАГУТҮГ-д олгож, хариуцагч Э.Э*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Б*******оос улсын тэмдэгтийн хураамжид 225 291 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ХУЛАН

 

                                 ШҮҮГЧ                             Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                     ШҮҮГЧ                          Д.ЭНХЦЭЦЭГ