Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/63

 

 

 

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Мөнгөнтуяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ж,

            Шүүгдэгч: Ч.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

           

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.Б-д холбогдох, эрүүгийн 1819000050007 дугаартай, 3 хавтас, 669 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж-ы гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Н овогт Ч-ийн Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто зам дээр 49-** УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчин уг замаар зорчин явсан 19-** УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Дашмаагийн эрүүл мэндэд хүнд, хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт Ч-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 /нэг жил зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохоор,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ын цагдан хоригдсон 213 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 1 269 735 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-д, 598 045 төгрөгийг хохирогч М.Ж-д, 477 302 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.У нарт тус тус олгож, хохирогч Э.Д-ийн нэхэмжлэлээс 23965 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Д, М.У, М.Ж нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган үлдээхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гол үндэслэл нь шүүхээс Ч.Б-д оногдуулах хариуцлагын асуудлыг зөвхөн хохирол төлөөгүй гэсэн үндэслэлээр авч үзсэн нь учир дутагдалтай нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна. Ч.Б эхнээсээ гэм буруугийн талаар маргадаггүй, шударгаар өөрийнхөө гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлдэг. Мөн тэрээр уг хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн тул хуульд заасан энэхүү хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх зохих байдлуудыг харьцуулан үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл уг хэргийн улмаас хохирогч нарт хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байдаг. Хохирогч нар эрүүл мэндийн байдлын хувьд эдгэрч, хэвийн байдалд орсон. Тиймээс ч ямар нэгэн гомдол, саналгүй болохоо илэрхийлснээс гадна хариуцлагын эцсийн үр дүнд хөндөгдөх хор уршиг, үр дагаврыг харьцуулан үзэж дүгнээгүй болохыг онцолж хэлмээр байна. Нөгөө талаас Ч.Б-ын хувьд тодорхой ажил төрөл хийж, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлдэг. Уг хэргийн сана зорилгын хэлбэр, эрүүгийн хуульд заасан хариуцлагын зорилтод нийцүүлэн нийгэмшүүлэх бодлогын шаардлагаар заавал нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй болох нөхцөл байдлыг анхаарч үзэх нь зүйтэй байна. Мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон. Ард талын амьдрал маш хүнд, өөрөө бор зүрхээрээ хөдөлмөр эрхэлж, ажил, амьдралаа залгуулж явдгаас гадна ээж нь хорт хавдрын улмаас эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Яг өнөөдрийн байдлаар Ч.Б зуныхаа хувцастай аль 07 дугаар сард ирж хоригдсон. Энэ хугацаанд ар талаас нь нэг ч хүн холбогдоогүй, үнэхээр ар талаас нь харж, хандах ах дүү, хамаатан садан байхгүй, ийм хүндрэлтэй сэтгэл зүйн хувьд эргэж нягталж үзэхээр амьдралын бэрхшээлд өөрийнхөө бор зүрхээр бүхнийг хийхийн төлөө тэмүүлж явж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэргийн улмаас Ч.Б 8 сар гаруй цагдан хоригдсон байдаг. Энэ хугацааны хувьд бүхнийг ойлгож, ухаарч байгаагийн гадна төлөгдөх хохирлын хувьд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын зарим нь хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөхөөс татгалзсан болохыг үндэслээд улмаар хохирлын үнийн дүнгийн хувьд зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулаад үзэхэд дааж давшгүй их хэмжээний төлбөрийг төлөх боломжгүй хэмээн үзэх хууль зүйн үндэслэл маань хомс. Анхан шатны шүүхээс түүнийг хохирлоо нөхөн төлөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хэргийн бодит байдлаар энийг дүгнэх нь хэт ташаарсан ойлголт гэж үзэхэд ч эргэлзэх нөхцөлгүй болохыг өмгөөлөгчийн хувьд онцолж хэлж байна. Иймд дээрх үндэслэлээр Ч.Батжаргалд холбогдох хэргийг дахин хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Өөрөөр хэлбэл Ч.Б-ын хоригдсон 8 сарын хугацаанд нийцүүлэн хариуцлагын арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ харамсаж маш их гэмшиж байна, та бүхний итгэлийг алдахгүй, төлбөрөө төлнө...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар,  дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, хуулийн шаардлага хангасан, шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн хэргийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл, мөн хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан. Мөрдөн байцаалтын шатнаас 2017 онд энэ хэрэг болсон. Энэ хэрэг шалгагдаж байх явцад шүүхийн шатнаас Ч.Б оргон зайлсан, сая 08 дугаар сард эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд түүнийг олж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч түүнд холбогдох хэргийг сэргээж, шалгаж, шийдвэрлүүлсэн байгаа юм. Ингээд ерөнхийдөө гэмт хэргийн хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 3 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэж байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн зарчимд нийцсэн байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, нотолжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Шүүгдэгч Ч.Б, 2017-12-24-ны өглөөний 06 цагийн орчимд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто зам дээр 49-** УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, 19-** УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зам тээврийн осол гарч, хохирогч Э.Д-ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Хэргийг хянан шийдвэрлэх явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байх учир Анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Б-ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн”-ний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаарх шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Тодруулбал шүүгдэгч Ч.Б, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх:” гэснийг, мөн дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь дээр дурдсан зам тээврийн осол гарах шалтгаан, нөхцөл болсон талаар шинжээчийн 2018 оны 01-р сарын 04-ний өдрийн №02 дугаар дүгнэлт /1хх-99/, Тээврийн цагдаагийн албаны шинжээч нарын 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн №724 дугаар дүгнэлт /2хх-179-180/, Тээвийн цагдаагийн албаны шинжээч нарын 2019 оны 07-р сарын 03-ны өдрийн 268 дугаар дүгнэлт /3хх-23-24/-ээр тус тус нотлогдож, тогтоогдсон байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, тэдгээрийг шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогч нараас дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй, хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тэдэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүйн гадна мэдүүлгүүд нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн”-ний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан”  гэмт хэргийн гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдсон гэж үзнэ.    

 

Шийтгэх тогтоолд нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэн, Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний зэрэгцээ шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нэг/1/ жил зургаан/6/ сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчээс 1 269 735 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-д, 598 045 төгрөгийг хохирогч М.Ж-д, 477 302 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.У нарт тус тус олгохоор, Э.Д, М.У, М.Ж нарыг цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,  шийдвэрлэсэн нь шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлөөгүй нөхцөл байдал буюу шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Хэдийгээр Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол”   оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж болох боловч шүүгдэгч Ч.Б-ын тухайд гэмт хэрэг гарсан цаг, хугацаа/2017/-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, мөн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг төлөх хүсэл эрмэлзэл түүнд байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж  хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

 

   Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “...хорих ялыг хөнгөрүүлж, оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж-ны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Б-ын цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА