Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ц.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амаглан овогт Цэцэгдарийн Сүхбаатарт холбогдох 1729000150029 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэр, эхнэрийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Баян багт оршин суух хаягтай, урьд 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2004 онд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай. Амаглан овогт Цэцэгдарийн Сүхбаатар /РД:КК74082618/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Хээрийн булаг гэх газарт М.Энхбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сүхбаатар мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 21-нд М.Энхбаяр, эхнэрийн  хамт ирсэн. Ингээд бид нар ямаа төхөөрч хорхог хийж идээд бас тэр хоёрын авч ирсэн 2 шил архийг хувааж ууцгаасан. М.Энхбаяр бид хоёр нэлээд согтсон байсан. Дүү Ц.Бэхцоожтой маргалдаад өөдөөс хэрэлдээд байхаар нь айлгах санаатай заазуур аваад цохитол урьдуур М.Энхбаяр салгахаар орж ирээд цохиулчихсан юм” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-10-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Энхбаярын өгсөн:”...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Мөнх-Эрдэнэ, Оюука гэдэг таньдаг найзууд манайд ирж хоносон. Маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ны өглөө Мөнх-Эрдэнэтэй уулзах гэж ээж нь болон Бэхээ, эхнэрийн хамтаар ирээд 4 мал янзлаад махны газарт зарсан. Улмаар үдээс хойш буюу 18 цагийн үед Цогтцэций сумаас зүүн урагш 45 км-т байрлах Бэхээ гэх айлд очоод, Бэхээ, Охиноо, Оюука, Мөнх-Эрдэнэ, би эхнэрийн хамтаар нийт зургуулаа тэндээ ямаа боож идэхээр болсон. Тухайн үед гэрт очиход Сүхээ гээд Бэхээгийн төрсөн ах нь байж байсан ба бид хэдийг очтол Бэхээ ахдаа архи гаргаж өгөөд бид хэд тойруулж уусан. Тухайн үед би хорхог хийж байсан болохоор архинаас нээх их уугаагүй байж байтал орой 22 цаг 30 минутаас 23 цаг 30 минутын үед намайг гадаа байж байхад Бэхээгийн эхнэр болох Охиноо намайг дуудаад “Бэхээ ахтайгаа зодолдоод байна. Очоод салгаач” гэхээр нь гэрт ортол Бэхээ, Сүхээгийн дээр гарсан дараад хэвтсэн байсан. Тэгэхээр нь би Бэхээг араас нь татаад автал Сүхээ хаанаас ч юм мэдэхгүй заазуур хутга аваад миний нүүрэн тус газар 1 удаа зүссэн. Тэгээд би гэрээс гартал нүүрнээс маш их цус гарч байсан ба Цогтцэций сумын төв рүү эмнэлэгт хүргэгдэж ирсэн. ... Надад нийт мөнгөн дүнгээр 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Учир нь манай гэр Цогтцэций суманд байдаг. Би байнга Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу явж толгойгоо үзүүлж харуулдаг байсан. Мөн эмчилгээгээ өөрөө хийдэг байсан. Одоо миний нүүрэнд үүссэн сорвиноос болж ямар нэгэн байгууллага ажилд авахгүй байна. Тиймээс би өөрийн гоо сайхнаараа хохирсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Баярсайханы өгсөн:”...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 17-18 цагийн үед би нөхөр Энхбаяр болон Бэхээ, эхнэртэйгээ, Оюука нөхөртэйгөө бас ээжтэй нь хамт Цогтцэций сумаас зүүн урагш Хээрийн булаг гэх газарт ямаа боож идэхээр очсон. Тухайн үед гэрт Сүхээ гэх залуу байсан ба бид хэд очоод Бэхээ ахдаа нэг архи гаргаж өгөөд хувааж ууцгаасан. Манай нөхөр гадаа хорхог хийгээд архинаас нээх их уугаагүй байсан. Тэгтэл орой 21 цагийн үед Бэхээ, Сүхээ хоёр архи ууж байгаад гэнэт машин, мал яриад хоорондоо маргалдаж, зууралдаж эхэлсэн. Удалгүй тэр хоёр дээр доороо ороод хэвтэж байх үед Бэхээгийн эхнэр гэрээс гараад манай нөхрийг дуудсан чинь Энхбаяр орж ирээд Бэхээг салгатал Сүхээ авдрын доороос хүрэн иштэй заазуур хутга гаргаж ирээд Энхбаярын нүүрэн тус газар 1 удаа зүстэл Энхбаяр нүүрээ дараад гэрээс гараад явсан. Би араас нь гараад хартал Энхбаярын нүүр хэсэг маш их цус болсон дух хэсгээрээ арьс нь ярагдсан байдалтай байхаар нь Цогтцэций сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.Бэхцоожийн өгсөн:”...2017 оны 07 дугаар сарын 21-ний орой хэдэн найзууд болох Сүхээ, эхнэр Охиноо, бэр Баяраа, Оюука, Мөөгий, Энхбаяр бид долоо хорхог хийж идэх гэж манай гэрт буюу Цогтцэций сумаас зүүн урагш Сийрст багийн Хээрийн булаг гэх газарт байсан. Тэгээд Энхбаяр гадаа хорхог хийж байх үед төрсөн ах Сүхбаатар бид хоёр  2 шил 0,5 литрийн архи хувааж уугаад сууж байтал 21 цагийн үед ах Сүхбаатар манай эхнэр болох Охиноо бид хоёрыг ажил төрөл хийж чадахгүй, ажилгүй гэж уурлаад загнаад байхаар нь би уурлаад боль гэтэл намайг хэд хэдэн удаа цохиод байхаар би болиулах гээд хоорондоо ноцолдож байгаад би Сүхбаатар ахын дээр гараад дараад хэвтэж байтал, гаднаас бэр Баяраа болон нөхөр Энхбаярын хамтаар орж ирээд боль гээд бид хоёрын дундуур орж салгахаар нь би холдтол Сүхбаатар ах жижиг авдрын доод талаас хүрэн шар өнгийн иштэй заазуур хутга гаргаж ирээд далайтал Энхбаяр голоор нь ороод нүүрэн тус газар руу 1 удаа зүсүүлсэн. Тэгээд бид нар Цогтцэций сумын төв рүү явж эмнэлгийн байгууллагад хандах болсон...Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 22-23-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч М.Оюун-Эрдэнийн өгсөн:”...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой 22 цагийн үед Энхбаяр гэх залуу Бэхцоожийнд хорхог хийж байна. Ирж ид гэхээр нь би нөхөр Мөнх-Эрдэнийн хамтаар очсон. Тэгээд гэрт очтол Сүхбаатар болон Бэхцоож хоёр юунаас болсныг мэдэхгүй хоорондоо хэрэлдэж байгаад Сүхээ нь Бэхцоожийг нүүрэн тус газарт хоёр удаа цохитол, Бэхээ, Сүхбаатарыг барьж аваад, унагаагаад дээр нь дараад хэвтэж байтал гаднаас Энхбаяр орж ирээд тэр хоёрыг салгатал Сүхбаатар нь хаанаас ч юм мэдэхгүй хүрэн өнгийн иштэй заазуур хутга гаргаж ирээд Энхбаярын нүүрэнд тус газар 1 удаа зүссэн. Тэгээд Энхбаярын нүүрнээс маш их цус алдахаар нь бид нар Цогтцэций сумын эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.Мөнх-Эрдэнийн өгсөн:”...Тэр өдөр би гэртээ байж байтал орой 19 цагийн орчим Сүхээ 89522999 дугаараас над руу залгаж “манай гэрт хүрээд ир. Манайх ямааны боодог хийх гэж байна.” гэж хэлсэн тэгээд би эхнэрээ дагуулаад гэрт нь очтол Энхбаярын эхнэр болох Баяраа, Сүхээ, Сүхээгийн дүү нь болох Бэхцоож гэх хүмүүс нийлээд 4 хүн 2 шил архи уучихсан сууж байсан. Тэгсэн тэнд байсан Сүхээ, Бэхээ 2 хоорондоо маргалдаад байсан юунаас болсныг нь би мэдэхгүй. Тэгээд би Энхбаяртай гадаа байж байхад тэр маргаан улам лавширч хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь гэр рүү Энхбаяр түрүүлээд араас нь би ортол Бэхцоож Сүхээг дарчихсан хэвтэж байсан. Тэгсэн Энхбаярын эхнэр болох Баяраа “одоо битгий, больцгоо, Сүхээг тавьчих” гэсэн. Тэгсэн Сүхээ босохдоо гэрийн зүүн талд байсан бор ширээн доороос хүрэн иштэй заазуур гаргаж ирээд баруун гараараа бариад Бэхцоож руу далайтал Бэхцоожийг Энхбаяр хажуу тийш нь татаж холдуултал Сүхээ барьж байсан заазуураа хальт цохих шиг болтол Энхбаярын духан дээр нь заазуураар ярчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн №149 дугаартай шинжээчийн

  1. М.Энхбаярын биед хамар духны хэсгийн, баруун шууны ар хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/

Ц.Сүхбаатарын яллагдагчаар өгсөн: ”...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Цогтцэций сумын төвөөс манай бар байсан Баярсайхан, өөрийн нөхөр гэх Энхбаяртай хамт ирсэн. Ингээд бид нар ямаа төхөөрч хорхог хийж идээд бас тэр хоёрын авч ирсэн 2 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж ууцгаасан бөгөөд архи дууссан Энхбаяр бид хоёр нэлээд согтсон байсан. Тэнд манай дүү Бэхцоож, бэр Хэхмэдэх, Оюука болон нөхөр нь болох Эрдэнээ бид нар байсан. Би согтоод Бэхцоожтой мал, махнаас болон маргалдаад, өөдөөс хэрэлдээд байхаар нь айлгах санаатай ширээн дээр байсан заазуурыг аваад цохитол өмнүүр нь Энхбаяр салгахаар орж ирээд цохиулчихсан. Би заазуураар Энхбаярын дух руу нь цохисон байсан. Энхбаярын духнаас нь цус гараад тогтохгүй байсан учир Бэхцоожийн машинаар Цогтцэций сумын эмнэлэгт авч ирж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Засаг дарга М.Мягмаржавын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/

Ц.Сүхбаатарын гурван талаас нь харуулсан гэрэл зураг болон арван хурууны дардасны зураг /хх-ийн 42-43-р хуудас/

Шүүгдэгч Ц.Сүхбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,

Ц.Сүхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 46-47-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Сүхбаатарын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 49-55-р хуудас/,

Хохирогч М.Энхбаярын хохирол, гомдолгүй тухайгаа илэрхийлсэн баримт /хх-ийн 62-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Хээрийн булаг гэх газарт М.Энхбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Ц.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Энхбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Сүхбаатарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Амаглан овогт Цэцэгдарийн Сүхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сүхбаатарыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/ найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сүхбаатарт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/ найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Сүхбаатар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ц.Сүхбаатарт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Энхбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Сүхбаатарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА