Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 90

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103/ШШ2019/00504 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК-ийн Багануур салбарт холбогдох,

 

Х ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, харилцах данснаас суутган авсан 2 313 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Мөнхтөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Хишигсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Х” ХХК-ийн Багануур салбараас 18 000 000 төгрөгийн цалингийн зээлийг авсан бөгөөд намайг батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч гэж гуйсны дагуу би гэрээнд гарын үсэг зурсан.

Ч.Х нь 2019 оны 04 дүгээр сард ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр “Х” ХХК 2019 оны 5 дугаар сард надад мэдэгдэлгүйгээр миний цалингаас 250 000 төгрөгийг дансаар суутган авсан.

Дараа нь эдийн засагч н.Золжаргал над руу утасдаж Ч.Х зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн төлбөрийг чамаар төлүүлнэ гэж хэлсэн. 6 сард нь миний дансны зарлагын гүйлгээг зогсоож, 453 000 төгрөгийг данснаас татан авсан нийт 2 313 000 төгрөгийн зээлийг надаар төлүүлсэн, ба одоо ч надаар Ч.Хын зээлийг төлүүлсээр байна.

Х ХХК нь үндсэн зээлдэгч Ч.Хаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Иймд “Х” ХХК-ийн Багануур салбарын энэхүү хууль бус үйлдлийг зогсоож, миний данснаас суутган авсан 2 313 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х ХХК-ийн Багануур салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч буруу ойлгосон байна, банктай байгуулсан гэрээний 2.4.6-д үндсэн зээлдэгч зээлээ төлөхгүй бол хугацаа хэтэрсэн зээлийг хамтран зээлдэгчийн данснаас үл маргах журмаар татна гэж заасан.

Ч.Х 04 дүгээр сард ажлаасаа гарсан учраас Г.Бгийн данснаас зээлийн төлбөрийг татаж байгаа тухай зээлийн ажилтан н.Золжаргал Г.Бд утсаар холбогдож мэдэгдсэн.

Зээлийн гэрээний 3.2-т нэг удаа мэдэгдсэн бол дахин бичгээр болон амаар мэдэгдэх шаардлагагүй гэж заасны дагуу зээлийн төлбөрийг суутгасан. Ч.Х, Г.Б хоёр хоорондоо төлбөрийн талаар зохицох хэрэгтэй.

Хэрвээ Ч.Х зээлээ төлөхгүй тохиолдолд Г.Б төлөх талаар урьдчилан банкны ажилтан танилцуулсан. Г.Бтай 2019 оны 7, 9 дүгээр саруудад уулзсан тухай тэмдэглэлүүд байгаа. Тухайн үед Г.Б ойлгож байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Хны Багануур салбараас зээлийн төлбөрт суутган авсан 2 313 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, Г.Бгийн Хин дахь харилцах данснаас дахин зээлийн төлбөр суутгахгүй байхыг Хны Багануур салбарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хны Багануур салбараас 122.158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ч.Х Г.Б нар “Х” ХХК-ийн Багануур салбараас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 18 161 058 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 16,8 хувь, сарын 1,4 хувийн хүүтэй цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Талуудын хороонд байгуулсан зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар байгуулсан барьцааны гэрээгээр Ч.Х болон Г.Б нарыг хамтад нь тусгаж холбогдох хууль журмыг үндэслэн талууд хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлж, нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр гэрээг байгуулсан.

Цаашид талууд нь уг барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад үүрэг хүлээсэн болохыг гэрээнд тусгасан ба мөн барьцааны гэрээний 2.7.2 заалтанд уг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээнд тусгагдсан ирээдүйд орж ирэх цалингийн орлого нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд хамтран өмчилдөг болно гээд Г.Бгийн нэр, оршин суугаа хаяг зэргийг тусгаж өгсөн.

Мөн 2,9 заалтаар гэрээний хугацаанд барьцааны зүйл ирээдүйн цалингийн орлого барьцаалуулагчийн эзэмшилд байхаар талууд харилцан тохиролцов гэсэн байгаа.

Иймд тус зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нь үндсэн зээлдэгч Ч.Х ба хамтран Г.Б нарт хоёулаа ижил үүрэг хүлээж ирээдүйд орж ирэх цалингуудаа барьцаалуулсан болно.

Анхан шатны шүүх хурлын үед Г.Бат- Амгалангын орлогыг Ч.Хын орлого хоёрыг нийлүүлж байж 18 000 000 төгрөг авах боломжтойг судалсан судалгааны тооцоолол хийсэн баримтуудыг нотлох баримтаар авч оруулаагүй байсан. Шүүх хуралд хариуцагчаас нотлох баримт нэмж бүрдүүлж авчрах төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй давж заалдах шатны шүүхэд уг нотлох баримтаа өгч болно гэсэн тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “Х” ХХК-ийн Багануур салбарт холбогдуулан Хин дахь харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгуулах, өөрийн харилцах данснаас суутган авсан 2 313 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ч.Х Г.Б нар “Х” ХХК-ийн Багануур салбараас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 161 058 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 16,8 хувь, сарын 1,4 хувийн хүүтэй цалингийн зээл авч, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.

 

Зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу зээлийг Ч.Х 2018 оны 11 дүгээр сараас эхлэн төлж байсан, 2019 оны 04 дүгээр сараас хойш зээлийн төлбөр төлөөгүй үүргийн зөрчил гаргасан, “Х” ХХК нь Г.Бгийн эзэмшлийн 5750596840 тоот данснаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 2 313 500 төгрөгийг зээлийн төлбөрт суутган авсан талаар талууд маргаагүй байна.

 

Зээлийн гэрээнд зээлдэгч гэж Ч.Х, хамтран зээлдэгч Г.Б нар гарын үсэг зурсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ. Харин барьцааны гэрээний талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

 

Барьцааны гэрээний барьцаалуулагч талд Ч.Х, Г.Б нарыг тодорхойлсон ба тэдгээр нь гарын үсэг зурж гэрээг байгуулсан байна. Барьцааны гэрээний 2.2.2-д барьцааны зүйл “ирээдүйд орж ирэх цалингийн орлого” гэж тодорхойлсон тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны зүйлийг тодорхойлсон гэж дүгнэх юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.6-д “банк “зээл олголт, эргэн төлөлтийн хаваарь”-ийн дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх, тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхгүй хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад дансдаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ” гэж,

3.1.8-д “...зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансуудад барилт хийх бөгөөд зээлийн төлбөрийг “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг үл харгалзан шууд суутгах” гэж заасантай харьцуулан дүгнэвэл барьцаалуулагч нь барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн байна.

 

2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн ажилтан Ц.Золжаргал Ч.Х, Г.Б нартай уулзалт хийж “Ч.Х өөрөө зээлийн төлбөрийг төлөх, Г.Бгийн данснаас суутган авсан зээлийн төлбөрийг Ч.Х Г.Бд төлөх, зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг зээлдэгч нарын данснаас суутган авах тухай анхааруулсан” гэж, мөн 9 сард Г.Бтай утсаар холбогдож “Ч.Хын зээлийн төлөлт дутуу байгаа талаар анхааруулж хэлсэн бөгөөд тухайн үед Г.Б Ч.Хын шүүхэд өгөх гэж байгаа талаар хэлсэн” гэж тус тус тэмдэглэл үйлдснээс дүгнэвэл /хх31-32/ “Х” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үүргийг Ч.Х, Г.Б нарын аль нэгээс шаардах эрхийн хүрээнд барьцааны гэрээнд заасан тохиролцооны дагуу Г.Бгийн харилцан данснаас зээлийн төлбөрийг суутган авсныг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн Багануур салбарт холбогдох “Хин дахь харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгуулах, харилцах данснаас суутган авсан 2 313 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103/ШШ2019/00504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн Багануур салбарт холбогдох Хин дахь харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгуулах, харилцах данснаас суутган авсан 2 313 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Г.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 958 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                         

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА