Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 89

 

Ц.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02364 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц,

Нэхэмжлэгч: Л.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/27, 6/28 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Ц,

Нэхэмжлэгч: Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар нь 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Ж” ХХК-ийн захирал Ш.Бтэй ЖГ/08-09, ЖГ/15-09, ЖГ/13-09 тоот гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51Б байрны 27 тоот орон сууцанд Ц.Ц, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51А байрны 68 тоот орон сууцанд Б.Булгаа нар нь орсон. Улмаар 2013 оны 6 дугаар сарын 30-нд нэмэлт гэрээ байгуулан дээрх орон сууцуудыг өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон.

Гэтэл “Ж” ХХК-ийн захирал Ш.Б нь дээр дурдсан орон сууцуудыг Ш.Батсайханы нэр дээр шилжүүлэн, “Ориент Инвест ББСБ” ХХК-д барьцаалан зээл авсан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51 Б байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Цг, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51А байрны 68 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Бг тогтоосон.

Энэхүү шүүхийн шийдвэрийг Н газар нь биелүүлэлгүй орон сууцыг дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 07-нд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Н газрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулуун, 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэн нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, банк бус санхүүгийн байгууллагатай хамтран орон сууцны өмчлөгч Ц.Ц, Б.Булгаа бидний эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаа явуулж байна.

Иймд Н газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчиж явуулсан тул 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/27 болон 6/28 тоот тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гарахдаа орон сууцыг барьцаалсан барьцаалагчийн шаардлага хангах эрхийг зөрчих эрхгүй гэсэн. Энэ дагуу ажиллагаа явуулж байгаа.

Нэхэмжлэгч нар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр хянуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй ба дараа нь нэхэмжлэгч нар Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Энэ үед 2 дахь албадан дуудлага худалдаа товлогдсон байсан.

Нэхэмжлэгч нар 2018 онд манай байгууллага болон “Ж” ХХК-ийг хариуцагчаар татаж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 494 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарын өмчлөх эрхтэй орон сууцыг “Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч нар хохирч байна гэх үндэслэлээр “Ж” ХХК-аас Ц.Цд 95 520 400 төгрөг, Л.Бд 56 154 000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар өмчлөх эрхээсээ татгалзаж, “Жаст гурпп” ХХК-аас мөнгө авах болчихсон, одоо өмчлөгч биш болсон гэж үзэхээр байна. Иймд өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нар тодорхой хэмжээний төлбөр төлж, өмчлөх эрх олж авах ёстой байсан. Тухайн төлбөрөө төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/27 болон 6/28 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Ц, Л.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар нь орон сууцны өмчлөх эрхээ “Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хэрэгжүүлж чадахгүй болсон үндэслэлээр орон сууцны үнийг гэм хорын хохиролд тооцон “Ж” ХХК-аас гаргуулах нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн тул өмчлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51Б байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Цг, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51А байрны 68 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Бг тогтоосон байдаг.

Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа нь Н газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар шүүхэд мэдүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч буюу Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан хэргийг шийдвэрлүүлэх, дээр дурдсан орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоох шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэгч нь өвчтэй гэх шалтгаанаар тус газраас нотлох баримт гаргуулан авах боломж байхгүй байх тул шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, банк бус санхүүгийн байгууллагатай хамтран орон сууцны өмчлөгч Ц.Ц, Б.Булгаа бидний эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаа явуулж байгаа талаарх хэргийг хариуцагчийг оролцуулалгүй шийдвэрлэсэн, мөн биднийг хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар нь хариуцагч Н газарт холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/27 болон 6/28 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2621/С дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 556 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 518 дугаар тогтоолоор “Ж” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 690 678 296 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг Ш.Батсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол / 13335/, Энхтайваны өргөн чөлөө 51/Б дүгээр байрны 40 тоот, 57,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ш.Батсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол / 13335/, Энхтайваны өргөн чөлөө 51/Б дүгээр байрны 27 тоот, 56,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ш.Батсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол / 13335/, Энхтайваны өргөн чөлөө 51/Б дүгээр байрны 68 тоот, 37,63 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, “Говьсор” ХХК-ийн эзэмшлийн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт байрлах 200 000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргээр хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51Б байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Цг, 68 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Бг тус тус тогтоож шийдвэрлэжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/03175 дугаар шийдвэрээр Ц.Ц, Л.Б нарын “Ж” ХХК болон “Ориент Инвест ББСБ” ХХК-ийн байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 13/4045 дугаартай хөрөнгө барьцаалах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцуудыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Н газарт холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” Ц.Ц, Л.Б нарын нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02983 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01744 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2304 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2019/00494 дүгээр тогтоолоор Ц.Ц, Л.Б нарын өмчлөлийн орон сууцуудаар “Ж” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэнээр өмчлөгч нарт хохирол учирсан гэх үндэслэлээр “Ж” ХХК-аас 95 520 400 төгрөгийг Ц.Цд, 56 154 000 төгрөгийг Л.Бд тус тус гаргуулж олгосон байна.  

 

Анхан шатны шүүх “Ж” ХХК-ийн буруутай ажиллагаанаас Ц.Ц, Л.Б нар орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон гэх үндэслэлээр орон сууцны үнийг гэм хорын хохиролд тооцон “Ж” ХХК-аас хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн байх тул цаашид орон сууцны өмчлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хариуцагч Н газар нь анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлийг тайлбарласан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, харин 76 хуудас нотлох баримтыг ирүүлсэн байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүрэгийг тайлбарласан ба уг хугацаанаас 5 сар гаруйн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг эрхээ хэрэгжүүлээгүй, эрхээ хэрэгжүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02364 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА