Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/43

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Бт холбогдох 1838000000227 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тайтан овогт Д-н Б, .... оны .... дүгээр сарын ....ы өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ..................../.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Хийтийн гол гэх газар байрлах гэртээ нөхөр Л.Эы толгойн тус газар модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-т Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Тайтан Д-ын Быг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Долзодын Быг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Батжаргал нь оршуулгын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн 1838000000227 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Л.Эы өмсөж явсан гэх цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо:  ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ҮНДЭСЛЭХ хэсэгтэй маргаагүй бөгөөд зөвхөн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл ногдуулсан хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан болно.

Нэг. Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,.., гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” нийтлэг зохицуулалтын хүрээнд шүүгдэгч Д.Бт оногдуулах 3 жилийн хорих ялыг тэнсэх эрх зүйн болон бусад нөхцөл байдлыг үндэслээгүй байна гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Бын эрх зүйн байдлын хувьд: Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл, буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэсэн нь хууль зүйн хувьд ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байгааг үндэслэн шүүгдэгч Д.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Бын хувийн байдлын хувьд: ...Охин Б.Наранчулуун нь бөөрний өвчний улмаас байнгын асаргаанд, тахир дутуугийн группт байдаг бөгөөд шүүх хурал болох тухайн цаг хугацаанд малдаа явж байгаад мориноос унаж гараа хугалсан байсан боловч одоог хүртэл эдгэрээгүй, Улаанбаатар хот руу эмчилгээнд явах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна. ... Д.Б нь үг дуу цөөтэй бөгөөд өөрийгөө илэрхийлж ярьж чадахгүй, хэлсэн ярьсан зүйлийг ойлгохдоо муу, эрүүл мэндийн хувьд цагдан хоригдох хугацаандаа зүрх өвдөж түргэн дуудаж үзүүлсэн, өөрийн мэдэлгүй орондоо шээдэг зэрэг нөхцөл байдал нь цаашид түүнийг хорих ял эдлүүлэхэд хүндрэл үүсгэж болзошгүй байдалд хүргэж байна.

... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4-р хэсэгт заасан “... шүүгдэгч Д.Бт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг” Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг үндэслэн “тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах” албадлагын арга хэмжээг хэрэглэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжүүд болох өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Д.Төмөрбаатар, А.Энхтөр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Бын гэрчээр өгсөн мэдүүлэгтэй ямар нэг зөрүүгүйгээр тохирч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Д.Бт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Хийтийн гол гэх газар байрлах гэртээ нөхөр Л.Эы толгойн тус газар модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсөн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хохирогчийн “өөрийн төрсөн охин Б.Наранчулууныг хоноцын шээс”, “хоноцын шээсээ аваад зайл” гэсэн  доромжлолын  улмаас маргаан гарсан нь шүүгдэгч,  гэрчүүдийн мэдүүлгээр нотлогджээ. Бусдын дэргэд төрсөн хүүхдээ ийнхүү хэлэх нь  эх, охин хоёрын нэр төрийг гутаасан, хүнд доромжлол болохын дээр шүүгдэгчийн биед үүссэн гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчид хүч хэрэглэсэн, шүүгдэгчийг болон охиныг нь доромжилсон энэ нөхцөл байдал нь Д.Б сэтгэл санааны  гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, өөрийгөө удирдан жолоодох чадвар нь суларч  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Эыг алахыг хүсч, зориуд модоор цохисон гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсны дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал учир Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй гэж буруутгах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                             Т.ГАНБАТ

                                                                              Б.СОСОРБАРАМ