Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 98

 

         Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Д.Даваасүрэн,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

-хохирогч С.Намсрай,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяр,

-шүүгдэгч Б.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баярт холбогдох эрүүгийн 201619000808 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын харъяат, 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, яс үндэс буриад, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баяндун сум 1 дүгээр багт оршин суух хаягтай гэж иргэний үнэмлэх дээр бүртгэлтэй байх боловч, тухайн хаягандаа амьдардаггүй, одоо оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь:

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярт оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 06 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 25 хоног хорих ялаас 2 жилийг нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 хоног хорих ялаар, мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 56 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж,

- Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 317 тоот захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүулэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн Б.Баярын эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын үлдэгдэл 32.202 төгрөг, эдлээгүй үлдсэн 05 жил 15 хоногийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Буянгууд овгийн Баянжаргалын Баяр гэв. /РД: ЖА87030371/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Баяр нь ялтай байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг, Өл гэх газарт оршин суух иргэн С.Намсрайн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 5 ширхэг, гуулин аяга 1 ширхэг, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой хормойн боолт 1 ширхэг, хаш соруул 1 ширхэг, том гарын манан хөөрөг 1 ширхэг, дунд гарны каваш шилний хольцтой хөөрөг 1 ширхэг, жижиг гарын цагаан чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн С.Намсрайд 4.775.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

Шүүгдэгч Б.Баярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч С.Намсрай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөнгөн аягаа төлүүлнэ. Өмнө нь шоронд байхад нь би хувцас болон 250 000 төгрөг өгч байсан. Одоо хохирлоо гаргуулах саналтай байна. Гомдолтой байна гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч М.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би малд явж ирээд гэртээ байж байтал Б.Баяр малд яваад ирлээ гээд манайхаар орж ирээд надаас утсаа өгөөч би С.Намсрай ахтай яримаар байна гэхээр нь би утсаа өгсөн. Тэгээд би эхэлж хөөрөгөө алдсанаа мэдсэн. Учир нь би дайлан хөөрөг хоёроо Б.Баярыг манай гэрт байхад орныхоо гудсан доогуур хийж байсан. Дайлан бор торгон суурьтай, дээрээ алхан хээгээр гараар зүү ороосон миний зээ охин надад өөрөө оёж өгсөн дайлан. 1998 онд 150 000 төгрөгөөр авч байсан. Одоо 3 000 000 төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

           Хохирогч С.Намсрай мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би эхнэр Я.Ичинхорлоогийн хамт Улаанбаатар хот руу сургуулийн хүүхэд авахаар явсан юм. Энэ үед Б.Баяр нь манай хонийг хараад найз охин Н.Галжаргалын хамт үлдсэн юм. Тэгсэн орой эхнэр бид хоёрыг хот руу эмээлт орж явтал Б.Баяр утсаар яриад манай эхнэрийн ах Архангай аймгийн нутагт мод ачиж яваад онхолдож аворт орсон бие нь тааруухан байна эхнэрийг ир гэж ярилаа гэхээр нь эхний ээлжинд эхнэрээ явуулчих, тэгээд бид хоёрыг очихоор чи араас нь яв гэж хэлсэн. Тэгсэн Б.Баяр нь манай гэрт ирж гэрийн хаалганы цоожийг мушгаад гэрт орж авдарнаас 8 ширхэг мөнгөн аяга, цэнхэр хайрцагнаас цагаан хаш соруул, мөнгөн хазаар, мөнгөн оруулгатай хормойн боолт, том жижиг нийлсэн 3 ширхэг хөөрөг зэргийг авсан байсан. Тэгээд манай хонины гэртэй саахалт байсан М.Баттулга гэх эхнэрийн ахын гэрээс 1 ширхэг хөөрөг аваад, манай арын айл Л.Октябраас замын зардал гээд 10000 төгрөг аваад засмал зам руу М.Баттулгаар хургүүлээд унаанд суугаад хот руу явсан байсан. Эхнэр бид хоёр гэртээ ирэхэд гэрийн цоожийг мушгиж хазайлгаж байгаад хаалга онгойлгоод орсон байсныг мэдсэн бөгөөд гэрийн эд зүйлс эмх цэгцтэй байхаар нь хулгай орсон гэж мэдэлгүй амраад өглөө нь юм аа үзээд мэдсэн юм. Тэгээд Б.Баярыг бол хулгай хийдэг гэдгийг мэддэг байсан учир шууд сумынхаа цагдаа Мөнхбаяртай утсаар яриад гэрт хулгай орсон байна. Манай малчин залуу аваад явчихсан байна гэж хэлсэн. Хэрэг болох үед Баярыг тусад нь жижиг гэр бариад гаргасан байсан. Хэрэг болохоос нилээн хэд хоногийн өмнө Баяр хот руу яваад ирэхдээ Н.Галжаргал гэх хүүхнийг манай найз охин гээд дагуулаад ирчихсэн байсан юм. Би залуу хүн алдаж онох алийг тэр гэхэв ажил төрөлдөө сайн залуу байсан учир засаад авъя гэж бодсон юм. Б.Баяр нь зан байдлын хувьд их дажгүй зүгээр залуу байсан. Би ааш занг олоод байх юм байна гэж боддог байсан. Ер нь миний үгнээс гарч байгаагүй. Эцэг эх, ах дүү гэр орон байхгүй гарал үүсэл нь Дорнод аймгийнх гэж ярьдаг байсан. Б.Баяр нь миний мөнгөн хазаар, хормойн боолт, мөнгөн аягануудыг зарж устгасан байна. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/

 

             Гэрч Н.Наранмандах мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын нутагт нутаглдаг манай аав Намсрай, ээж Ичинхорлоо нар Улаанбаатар хот руу явах ажилтай болоод явсан хойгуур нь туслах малчинаар очсон байсан Баяр гэж хүн манай гэрт хаалганы цоож эвдэж ороод авдарнаас хуучин цагийн дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн их гарын 3 дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, сейфнээс аавын халтар манан хөөрөг, шүрэн толгойтой хаш хөөрөг, даваа толгойтой шүрэн хөөрөг, хуучин цагийн мөнгөн хазаар зэргийг авсан байсан мөн манай ах Баттулгын гэрээс сийлбэртэй шүрэн толгойтой хаш хөөрөг аваад тэгээд ээж, аав хоёр луу утсаар яриад манай эхнэрийн ах Өвөрхангай аймгийн Өндөр-Улаан сумаас машинтай мод ачиж яваад онхолдож биеийн байдал нь муу байгаа учраас Улаанбаатар хот руу явах шаардлагатай боллоо гэж хэлэхээр нь ээж одоо хонь мал эзэнгүй байгаа юм чинь эхнэрээ явуулчих гэж хэлээд утсыг нь тасалсан гэсэн. Тэгсэн чинь Баттулга ахынд очоод Намсрай ах, Ичинхорлоо эгч хоёртой утсаар ярьчихлаа засмал зам руу таниар хүргүүлчих гэж байна гээд засмал зам руу хүргүүлсэн байдаг ба замдаа Октябрь гэж айлаар орж Намсрай ах, Ичинхорлоо эгч хоёр таниас замын зардал аваад яв гэсэн гээд 10.000 төгрөг аваад Улаанбаатар хот руу эхнэрээ аваад явчихсан байсан. Ээж, аав 2 Улаанбаатар хотоос 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр очиж хоноод 11 дүгээр сарын 04-ний өглөө авдарнаас нь дээрх эд зүйлүүд алдагдсан талаар мэдээд цагдаад мэдэгдсэн бөгөөд Б.Баяр гэж хүнийг сэжиглэсэн. Учир нь Б.Баяр гэж хүн эхнэртэйгээ манай хонийг харж байдаг гэр, манай аав, ээж хоёрын амьдардаг гэр хоорондоо 4-5 км бөгөөд аав, ээж хоёрыг уулан дээр суугаад байсныг Октябрь гэж хүн харсан байсан. Мөн Б.Баярын амьдардаг гэр нь Баттулга ахын гэртэй айл бөгөөд манай гэрээс эд зүйл алдагдсан өдөр манай хонь түрүүлээд гэрийн гадаа хүрээд ирээд Б.Баяр араас нь ирэхгүй байж байгаад ирэхээр нь Баттулга ах Б.Баярыг яагаад алга болчив гэхэд Б.Баяр мориноосоо унаад морио алдаад гэсэн. Тэгэхэд Б.Баяр манай гэрээс дээрх эд зүйлүүдийг хулгайлаад хониныхоо араас очсон юм байна лээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/

 

             Гэрч Н.Галжаргал мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Улаанбаатар хотод Талх чихэр ХХК-нд ажилладаг байхдаа найзаараа дамжуулаад Б.Баяр гэж залуутай 2016 оны 09 дүгээр сард утсаар яриад танилцсан бөгөөд Б.Баяр гэж залуу надтай танилцсанаас хойш миний байдаг эгч, ахынхаар хамт байдаг байсан ба 2016 оны 09 дүгээр сарын 29- 30-ны үөэр Б.Баяр намайг Төв аймгийн Баянхангай суманд хөдөө байдаг Намсрай гэж айлд дагуулж очиж танилцуулсан. Б.Баяр хэлэхдээ Намсрай гэж хүнийг авга ах гэж хэлж танилцуулсан ба би очоод 2-3 хоноод Улаанбаатар хот руу буцсан. Ингээд байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Баяртай хамт Төв аймгийн Баянхангай суманд хөдөө байдаг Намсрай гэж ахынх нь гэрт хамаатныхаа нь хүний машинтай явж очсон бөгөөд Намсрай гэж айл нь өвөлжөө рүүгээ нүүгээд намаржаан дээрэй жижиг гэр барьж өгөөд Б.Баяр бид 2 хонийг нь харж үлдсэн. Б.Баяр бид 2 тэр гэрт нь намаржаан дээр нь хонийг нь хараад үлдэж 2 хоноод 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Намсрай гэж хүн портер маркийн машинтайгаа ирээд Б.Баяр бид 2 хамт хужирт хөдөө яваад Намсрайгийн эхнэр нь хонио харж үлдсэн тэгээд хужир ачиж өвөлжөөн дээрээ буулгасан ба орой нь намаржааны жижиг гэртээ очиж Намсрай гэж хүн эхнэртэйгээ Б.Баяр бид 2 нийт дөрвүүлээ хоноод 11 дүгээр сарын 02-ны өглөө Б.Баяр хонь хариулахаар явахад нь Намсрай гэж хүн эхнэртэйгээ Улаанбаатар хот руу явна гэж ярьсан. Тэгээд Б.Баярыг хонинд явсан байхад нь Намсрай гэж хүн эхнэртэйгээ портер машинтайгаа өвөлжөөн дээрээ очиж хужир буулгачихаад ирэхдээ портер машин дээрээ хүрзэн ачиж ирээд хүрзэнгээ ачаад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Орой нь ирнэ гэж хэлээд явсан ба тэр орой 18 цаг өнгөрч байхад Б.Баяр хониныхоо араас нь морьтой ирэхдээ 8 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, улаан, ногоон алагтай даалинтай хөөрөгнүүд авчирсан тэгэхлээр нь би энэ юу юм бэ юу аваад ирж байгаа юм гэхэд Б.Баяр Намсрай гэж айлынхаа хойд руу байдаг эмээгийндээ очоод мөнгө байна уу мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь энэ мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөөрөг зэргийг мөнгө болгоод ав гээд өглөө гэж хэлээд авчирсан. Тэр мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөөрөг гэх мэт зүйлүүдээ зараад мөнгө болгоод Батхүү гэж хүнд тавьсан өрөө дарна. Батхүү өрөө нэхээд байна гэж хэлж байсан. Б.Баяр тэр Намсрай гэж хүний хонинуудыг нь хашиж үлдээчихээд Улаанбаатар хот руу явъя гээд 11 дүгээр сарын 02-ны орой 19 цаг өнгөрч байх үед хажуу айлын Баасаа гэж залуугаас замын унааны мөнгө байхгүй гээд 10.000 төгрөг аваад хажуу айлынх нь Тулгаа гэж дуудаад байдаг хүнийг засмал зам руу хүргээд өг гэж гуйгаад цагаан өнгийн портер машинаар нь засмал замтай Петровис ШТС-тай газар хүргүүлж буугаад зам дээр гар өргөж байгаад замын машинд суугаад Улаанбаатар хотод орой 22 цаг өнгөрч байхад ирээд 25 дугаар эмийн сангийн орчим ломбарданд 7 ширхэг мөнгөн аягыг нь 250.000 төгрөгөөр тавиад буцаж явж Драгон дээр ирээд Б.Баяр бид 2 /би нэрийг нь мэдэхгүй/ зочид буудалд орж хоноод 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 11 цагийн орчим буудлаас гараад Хархорин зах ороод гадуур нь зогсдог алт мөнгө авдаг хүмүүс дээр очоод мөнгөн хазаарын мөнгөн тоногнуудыг нь 120.000 төгрөгт танихгүй эрэгтэй хүнд, хазаарын тогоруунуудыг нь 25.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Б.Баяр бид 2 цайны газарт орж хоол унд идээд Б.Баяр өөртөө күртик болон надад өмд, цамц авч өгсөн. Хархорин захаас гараад орой 19 цагийн орчим Баяр буудалд хонъё гээд бид 2 Бичил хороололд байдаг зочид буудалд ороод байж байгаад орой гарч 20 цаг 50 минутын орчим Өргөө кино театрт кино үзээд буцаад буудалдаа очиж хоноод 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд гараад 100 айлын Хангай хотхонд байдаг манай авга ах Батболдын гэрт очоод байж байгаад тэнд цүнхтэй хувцасаа үлдээгээд орой 19 цаг өнгөрч байхад гараад Арсогоотод байдаг манай авга эгч Эрдэнэцэцэгийн гэрт очоод байж байхад цагдаа ирж Баяр бид хоёрыг барьж энд авчирсан юм. Надад огт хэлээгүй эмээгээсээ авчирлаа эмээгээс мөнгө байна уу гэсэн чинь надад мөнгө байхгүй гээд надад эдгээрийг өглөө гээд дээрх эд зүйлүүдийг авчирсан юм. Б.Баяр мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөөрөг зэрэг эд зүйлүүд авч явж зарж байгаа нь энэ тохиолдол бөгөөд миний мэдэх урьд нь өөр эд зүйл авчирж зарж байгаагүй. Одоо 1 ширхэг мөнгөн аяга, 7 ширхэг мөнгөн аягыг ломбарднаасаа аваад Хархорин зах дээр аваачаад тагшийг салгаад мөнгийг нь зарсан одоо 7 ширхэг тагш нь байгаа, хазаарын сур нь байгаа, хөөрөгнүүд нь даалинтайгаа байгаа гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

 

           Гэрч Д.Уламбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Хархорин зах дээр байж байхад өдөр 14 цагийн үед туранхай өндөр бор залуу, нэг намхан хүүхэн дагуулчихсан ирээд эхлээд надад хөөрөг үзэх үү гэхээр үзсэн чинь халааснаас дайлантай том жижиг 4 хөөрөг гаргаж үзүүлсэн. Тэгээд хөөрөгнүүдийг нь үзэхэд надад та энэ хөөрөгнүүдийг хэдэн төгрөгөөр авах вэ гэхээр нь авахгүй бүгдээрээ шинэ цагийн чулуу байна гэж хэлсэн чинь та тэгвэл ломбарднаас юм чөлөөлөх үү? гэхээр нь юу юм бэ? гэхэд мөнгөн аяга тавчихсан байгаа юм гээд ломбарданд аяга тавьсан бичиг гаргаж үзүүлсэн тэгэхэд 7 ширхэг мөнгөн аяга 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 250.000 төгрөгөөр тавьсан бичиг үзүүлсэн. Тэгээд надад хэдэн төгрөгөөр авах вэ? гэхээр нь шинэ цагийн аяганууд нимгэн байдаг учраас би мөнгөн аяга авахгүй харин мөнгийг нь авуул авъя. Тэгсэн та ломбарднаас очиж чөлөөлж өгөөд та аяганы мөнгийг ав гэсэн тэгээд бид хэд такси бариад Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн дээшээ өгсдөг замд ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд баруун зүгт харсан “Лорд” гэсэн ломбарданд өдөр 15 цагийн үед ирээд хамт явсан намхан хүүхэн цахим үнэмлэхний лавлагааны цаас гаргаж ирээд аягаа авсан.Би тэр ломбарданд төгрөг өгсөн үндсэн мөнгө нь 250.000 төгрөг нэг хоногийн хүү гэж 15000 төгрөг нэмж авч байсан. Тэгээд буцаж таксидаж ирээд Хархорин захын хойд талд байх Хүслэн гэх цайны газарт 7 ширхэг мөнгөн аяганы мөнгийг тэр залуу өөрөө хуулж өгсөн тэгээд тагшнуудаа өөрсдөө цагаан өнгийн гялгар уутанд хийж авсан би авсан мөнгөө тэр дотроо граммлаж үзэхэд 260 грамм болсон тэгээд нэг грамм цагаан мөнгийг нь 1300, харин хар мөнгийг нь 1000 төгрөгөөр бодож нийт 300 000 төгрөг болсон тэгээд ломбарданд өгсөн 265.000 төгрөгөөр хасаад тэр хоёрт 35000 төгрөг өгөөд явуулсан юм. Тэр хоёр надад байрны түрээсийн мөнгө өгөх ёстой гэж ярилцаад гарсан. Би тэр цайны газарт сууж байгаад гарсан юм. Үүнээс өмнө энэ залуу хүүхэн хоёр өглөөний 11 цагийн үед Хархорин зах дээр ирж хамт гадаа зогсдог Лхагваа гэх залууд гялгар уутанд хийсэн мөнгө авчирч зарж байсан. Тэгэхэд нь хамт хараад зогсож байсан тэр хоёр жаахан мөнгө байгаа өгөх гэсэн юм гээд ирчихсэн байхад нь зарах мөнгийг нь граммлаж үзэхэд 120 грамм болж байсан тэгээд хар мөнгө байна гээд Лхагваа граммыг 1000 төгрөгөөр бодож 120.000 төгрөгөөр авч байсан юм. Тэгээд энэ хоёр Хархорин зах руу ороод хувцас хунар аваад гараад явж байхыг нь би харсан юм. Хүнд мөнгө өгөх ёстой байрны түрээс өгнө л гэж яриад байсан. Би ломбарднаас мөнгө авахдаа гаргаж өгсөн бичиг баримтыг нь үзэхэд Архангай аймгийн хаягтай хүүхэн байсан. Тэгээд би хулгайн юм биш байна гэж бодоод авсан юм. Мөнгөн хазаарын бөгж, тэгээд жижиг сажиг эвдэрхий мөнгөнүүд харагдаж байсан. Бүгдээрээ хуурамч шахмал хуванцар тагштай аяганууд байсан. Хуучин цагийн аяга нэг ч байгаагүй. Тагш нь Хархорин зах дээр 1000 төгрөгөөр зарагддаг учраас бид нар мөнгөн аяганы тагшийг нь ерөөсөө авдаггүй юм. Тагштай авах гэхээр хүмүүс өндөр үнэ хэлээд байдаг юм. Тэгээд ч шахмал тагш их хүнд байдаг юм. Урт цагаан болон дархан хийдэг хүмүус мөнгө сураад ирдэг тэгээд л өгөөд явуулсан. Би одоо бол надаас ирж авсан хүнийг бол сайн танихгүй. Тэр өдөрт нь зарчихсан санагдаж байна. Нэг аяга нь ёроолынх нь мөнгө байгаагүй, 2-3 аяга нь мөнгө нь тагшнаасаа үрчийсэн хуурсан байдалтай байсан. Би өөрөөр нь мөнгийг нь хуулуулж энэ чинь цаас шиг нимгэн байдаг юм гэж үзүүлээд хуулуулж авсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/

 

          Гэрч Я.Лхагважав мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Нямсүрэнгийн Галжаргал, Баянжаргалын Баяр гэх хүмүүсийг огт танихгүй, харин 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хархорин зах дээр зогсож байхад өндөр туранхай бор залуу намхан шар хүүхэн буюу энэ Н.Галжаргал гэх хүүхэн нар над дээр ирээд мөнгөн эдлэл авах уу? гэхээр нь үзье гээд үзтэл гялгар ууттай мөнгө үзүүлсэн үзэхэд мөнгөн хазаарын бөгж харагдаж байсан бусад нь хэлбэр дүрс алдсан жижиг сажиг мөнгө байсан тэгээд хар мөнгө байна гэж хэлээд нэг граммыг нь 1000 төгрөгөөр авъя гэхэд тэг гэсэн тэгээд граммлаж үзэхэд 120 грамм болсон тэгээд 120.000 төгрөг өгөөд явуулсан түүнээс хойш эргэж уулзаагүй. Надаас мөнгө аваад Хархорин зах руу орж хувцас авсан бололтой нөгөө намхан хүүхэн нь шинэ саарал өнгийн күртик өмссөн байсан анх над дээр ирэхдээ богинохон цэнхэр өнгийн күртик өмсөж ирж байсан. Хархорин зах дээр алт мөнгөний дархчууд мөнгө сураад ирдэг тэгэхэд нь өгөөд явуулсан юм. Би нэг граммаас 150 төгрөг харж буюу нэмж зарахад нийтдээ 140.000 төгрөг болж байсан. Надад хөдөөнөөс явж байна хэрэгцээний мөнгө зарж, байрны төлбөр өгөх гэж байгаа талаар л ярьж өгсөн юм. Би бол хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 27 дугаар хуудас/

 

           Гэрч С.Хэрлэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 23 цаг 00 минутанд Нямсүрэнгийн Галжаргал гэж хүүхэн туранхай өндөр бор залуутай орж ирээд хамт явсан залуу нь мөнгө тавих гэсэн юм гэхээр нь үзье гэхэд 8 ширхэг аяга гаргаж үзүүлсэн. Үзэхэд нэг мөнгөн аяга биш байсан. Тэгээд 7 ширхэг мөнгөн аягыг нь 250.000 төгрөгөөр бодож авсан юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 03- ны өдөр 14 цаг 20 минутанд аяга тавьсан Нямсүрэнгийн Галжаргал нь тависан аягануудаа аваад явсан байсан. Түүнээс хойш дахин манайхаар ирээгүй. Бүгдээрээ шинэ цагийн аяга байсан. Үндсэн тагштай хуучин цагийн аяга байгаагүй. аяга нь арай хуучин цагийн аяга гэмээр байсан. Хэмжээний хувьд 14 см 3 аяга, 13 см 2 аяга, 15 см 2 аяга, 16 см 1 аяга байсан. 2 аяга нь дурсгалын үгтэй байсан. Анх удаа 7 ширхэг аяга тавьсан. Аяга тавихад бол Н.Галжаргал гэж хүүхэн нь надтай ерөөсөө харьцаагүй, өндөр бор залуу нь надтай харьцсан гэсэн мэдүүлэг /XX- ийн 28-29 дүгээр хуудас/

 

           Гэрч Я.Ичинхорлоо мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр Намсрай бид хоёр өөрийнхөө портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүрзэн ачаад Улаанбаатар хот руу өдөр 16 цагт Баянхангай сумаас Улаанбаатар хот руу явж Улаанбаатар хотод нэг хоноод 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 18-19 цагийн хооронд Баянхангай суманд ирээд эхлээд малчныхаа гэрт буюу Б.Баярын гэрт оччихоод 20 цагийн үед өөрийнхөө өвөлжөөн дээр байсан гэртээ ирж Улаанбаатар хотоос авчирсан малд өгөх шаараа буулгах гэхэд харанхуй болчихлоо өглөө буулгая гээд гэрт ороход гэрийн цоожийг эргүүлээд цүүг нь мушгичихсан байхаар нь хүн оролдсон байна, цоож нь зүгээр цүү нь мурийчихсан байна гэж ярилцаад гэртээ ороод галаа түлээд унтсан. Тэгээд өглөө бостол гэрийн зүүн хойд талд байх саарал өнгийн жижиг модон авдарны нүүрийг цааш нь хана руу харуулаад тавьчихсан зүүн доод талын нугас нь салчихсан байхаар нь доторх эд зүйлсийг нь Намсрайтай хамт үзэхэд тэндээс мөнгөн хазаар, мөнгөтэй хормойн боолт, Намсрайн хөөрөгнүүд, хаш гаансны соруул зэрэг эд зүйлс алга болсон байсан, тэгээд зүүн талынхаа авдарыг тагийг нь аваад үзтэл эмх цэгцгүй болгоод хаячихсан байхаар нь нь юмаа үзтэл авдран дотор нь даавуунд боосон байсан нийт 8 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан тэгээд шууд Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар яриад гэрт гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 135 дугаар хуудас/

 

           Гэрч Л.Октябрь мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Б.Баярыг Намсрай ахын гэр лүү морьтой явж байхыг хонин дээрээсээ харсан. Би хонио орхиод яагаад уулын орой руу гарч Намсрай ахын гэр лүү хараад байхыг хараад гайхаж байсан. Тэгсэн хулгай хийх гээд Намсрай ах Ичинхорлоо эгч хоёрыг хот руу явахыг хараад байсан юм байна лээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 136-138 дугаар хуудас/

 

          Гэрч М.Баянжаргал мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Миний хүү Б.Баяр нь 1987 онд төрсөн, зан аашийн хувьд сэргэлэн цовоо, хүнтэй нийтэч харьцаатай. Хүнд тусархуу, ажил төрөлдсөн сайн. Архи уудаггүй, тамхи татдаг. Багаасаа айлд мал маллаж байгаад гэртээ тогтохоо больсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 175/

 

          Иргэний нэхэмжлэгч Л.Октябрь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б.Баяр хэлэхдээ Намсрай ах таниас замын зардлын мөнгө аваад араас хүрээд ир гэсэн гэхээр нь хэдэн төгрөг юм гэхэд 2 хүний зардал 10 000  төгрөг гэхээр би өөрт байсан 9500 төгрөгөө өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 150-151/

 

          Яллагдагчаар Б.Баяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Намсрайн гэрийн зүүн талд тэдний хонийг хариулж явахдаа Намсрайн гэрээр очиход гэр цоожгүй, монгол цоож зүүгээд үлдээсэн байхаар нь гэрт нь орсон. Зүүн талынх нь авдарны таг нь авдарныхаа өмнө авдар нь онгорхой өмнө хоёр хөнжил хураалттай байхаар нь авдар дотроос нь 7 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цагаан төмөр аяга, авдарны хажуу талд байх жижиг саарал өнгийн төмөр хайрцагных нь тагийг нь аваад дотроос 3 ширхэг хөөрөг, хоёр ширхэг дайлан, мөнгөтэй суран хормойн боолт, тасархай мөнгөтэй хазаар зэргийг аваад хонин дээрээ ирж, хонь харж байгаад орой болохоор нь хонио өөрийн амьдарч байсан гэрийнхээ малын хашаанд нь хашаад, айл байсан Намсрайн хадам ах Баттулгын гэрт орж намайг Улаанбаатар хот руу явах зам руу хүргээд өгчих гэж хэлсэн тэгэхэд Баттулга надаас юу ч асуугаагүй за за гэж хэлсэн. Тэгээд Н.Галжаргалыг аваад Баттулгын гэрээс түүний машинд нь суугаад шууд зам руу явах замдаа Октябрь гэх айлаар ороод Октябрь буюу Бааскагаас зардал гуйхад 8 000 /найман мянган/ төгрөг өгсөн. Тэрийг нь аваад зам руу хүргүүлээд зам дээрээс улсын дугаар номерыг нь хараагүй саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж Улаанбаатар хотод ирээд 5 шарын автобусны буудал дээр шахуу буугаад 88668154 дугаараас Намсрайн 96262715 гэсэн дугаар луу Намсрайтай яриад би мөнгө аяга, тасархай мөнгөн хазаар, хөөрөг, хормойн боолтыг чинь би бүгдийг авсан миний цалинг гурван бие рүүгээ чихээд байгаа мөнгийг миний данс руу хийчих тэгвэл би буцаагаад авсан юм буцааж өглөө гэж хэлэхэд ямар ч хариу хэлээгүй тэгэхээр нь таксинд бариад хорооллын 24 цагийн Лорд гэсэн ломбарданд 8 ширхэгийг аягыг нь тавих гэсэн чинь нэг аягыг нь мөнгө биш байна гээд буцаасан 7 ширхэгийг аягыг нь 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тавьсан. Тэгээд тэр орой Драгоны хажууд нэг буудалд орж хоносон. Тэгээд маргааш өдөр нь мөнгөн хазаар, хормойн боолт зэргийг нь Хархорин зах дээр Н.Галжаргалтай хамт очиж мөнгөн хазаар, хормойн боолт зэргийн сурнаас нь мөнгийг нь салгаж 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр зараад сурнуудыг нь хаячихсан. Одоо хазаарынх нь амгаа нь байгаа. Түүний дараагаар Хархорин зах дээрээс бүдүүн эмэгтэй ченж авгайг дагуулж ломбард орж тавьсан аягаа 265 000 /хоёр зуун жаран таван мянга/ төгрөг өгч аваад тэр авгайд аягануудын мөнгийг хуулж аваад граммаар нь зарахад надаас ломбарднаас авсан 265 000 /хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг хасаад 30 000 /гучин мянга/ төгрөг бэлнээр өгсөн юм. Тагшнуудыг нь би тэр авгайд өөрт нь үлдээсэн. Хөөрөг дайлан зэргийг бол зараагүй хураалгасан. Баттулгын хөөрөгийг зам руу хүргүүлж өгөөд буухдаа машиных нь суудлын ард талаас аваад буучихсан юм. Би Н.Галжаргалд хулгай хийсэн гэж хэлээгүй, авсан эд зүйлсээ эмээгийнхээ гэрээс л авсан гэж хэлсэн. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна аа гэхдээ Намсрай намайг хоёр өдөр хөрзөн ухуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын үед шөнийн 02 цагт хиаман цехийн зам дээр ямар ч зардалгүй хаяад явсан их шар хөдөлсөн. Тэгээд замын унаанд гуйж байгаад сууж хот руу орж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/

 

          БУСАД БАРИМТ СЭЛТ:

      - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

      - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/

      - Биед үзлэг хийж эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/

      - Хулгайн эд зүйлүүдийг хохирогч С.Намсрайд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9/

- 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хан үнэлэмж”ХХК-ний үнэлгээний тайлан: С.Намсрайн жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн хормойн боолт, хаш соруул, том гарын усан манан хөөрөг, дунд гарын цагаан хаш хөөрөг, жижиг гарын цагаан чулуун хөөрөгний үнэлгээний үнэ цэнэ 4.775.000 /дөрвөн сая долоон зуун далан таван мянган төгрөг гэх /хх-ийн 34-39/

 

      - Шүүгдэгч Б.Баяр нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой хулгайн 7 ширхэг мөнгөн аягыг 250 000 төгрөгөнд хүү 15 000 төгрөг нийт 265100 төгрөгөнд “Лорд" ломбарданд барьцаат зээлийн үйлчилгээний газар зээлийн барьцаанд тавьсан зээлийн гэрээ буюу баримт /ХХ-ийн 100-101 дүгээр хуудас/

 

           - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 123-127 дугаар хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тогтоол: С.Намсрайн гэрийн монгол цоожийг ... гэх /хх-ийн 128/

- 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б.Баяраас түр хураан авсан эд зүйлийн жагсаалт: Хүрэн өнгийн эрэгтэй түрүүвч 1 ширхэг, 20000-тын дэвсгэрт 1 ширхэг, 1000-тын дэвсгэрт 6 ширхэг, 500-тын дэвсгэрт 1 ширхэг, 100-тын дэвсгэрт 3 ширхэг, 50-тын дэвсгэрт 2 ширхэг, 20-тын дэвсгэрт 1 ширхэг нийт 26920 төгрөг, карт 4 ширхэг гэх /хх-ийн 162/

- 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Дорнод аймаг Баяндун сумын 1 дүгээр багийн засаг даргын 24 албан бичигт: Б.Баяр нь аав М.Баянжаргал, ээж С.Цэрэнханд, дүү Э.Шинэцэцэг нарын хамт амьдардаг ... гэх /хх-ийн 165/

- 2017 оны 02 сарын 06 өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд: М.Баянжаргалын эзэмшлээс модон авдар, төмөр ор зэрэг эд зүйлийг битүүмжилсэн гэх /хх-ийн 166-168/

 

-Шүүгдэгч Б.Баяр 2016 оны 11 сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-ийн 52/, 2016 оны 11 сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-ийн 53-55/ байцаасан тэмдэглэлүүд,

 

-Шүүгдэгч Б.Баярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад урьд нь

  -Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярт оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 06 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 25 хоног хорих ялаас 2 жилийг нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ялаар,

 -Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 хоног хорих ялаар, мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 56 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж,

-Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 317 тоот захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүулэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн Б.Баярын эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын үлдэгдэл 32.202 төгрөг, эдлээгүй үлдсэн 05 жил 15 хоногийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж байсан гэх лавлагаа /хх-79-98 тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С Б.Баяр нь ялтай байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг, Өл гэх газарт оршин суух иргэн С.Намсрайн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 5 ширхэг, гуулин аяга 1 ширхэг, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой хормойн боолт 1 ширхэг, хаш соруул 1 ширхэг, том гарын манан хөөрөг 1 ширхэг, дунд гарны каваш шилний хольцтой хөөрөг 1 ширхэг, жижиг гарын цагаан чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн С.Намсрайд 4.775.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Намсрай, М.Баттулга нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-14/, гэрч Н.Нармандах, Н.Галжаргал, Д.Уламбаяр, Я.Лхагважав, С.Хэрлэн, Я.Ичинхорлоо Л.Октяарь, М.Баяржаргал нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 11-12, 15-16, 17-18, 25-26, 27, 28-29, 135-138, 168-169/, иргэний нэхэмжлэгч Л.Октяарь мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /150-151/, - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/, Биед үзлэг хийж эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, хулгайн эд зүйлүүдийг хохирогч С.Намсрайд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хан үнэлэмж”ХХК-ний үнэлгээний тайлан: С.Намсрайн жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн хормойн боолт, хаш соруул, том гарын усан манан хөөрөг, дунд гарын цагаан хаш хөөрөг, жижиг гарын цагаан чулуун хөөрөгний үнэлгээний үнэ цэнэ 4.775.000 /дөрвөн сая долоон зуун далан таван мянган төгрөг гэх /хх-ийн 34-39/, шүүгдэгч Б.Баяр нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой хулгайн 7 ширхэг мөнгөн аягыг 250 000 төгрөгөнд хүү 15 000 төгрөг нийт 265100 төгрөгөнд “Лорд" ломбарданд барьцаат зээлийн үйлчилгээний газар зээлийн барьцаанд тавьсан зээлийн гэрээ буюу баримт /ХХ-ийн 100-101 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 123-127 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тогтоол: С.Намсрайн гэрийн монгол цоожийг ... гэх /хх-ийн 128/, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б.Баяраас түр хураан авсан эд зүйлийн жагсаалт: Хүрэн өнгийн эрэгтэй түрүүвч 1 ширхэг, 20000-тын дэвсгэрт 1 ширхэг, 1000-тын дэвсгэрт 6 ширхэг, 500-тын дэвсгэрт 1 ширхэг, 100-тын дэвсгэрт 3 ширхэг, 50-тын дэвсгэрт 2 ширхэг, 20-тын дэвсгэрт 1 ширхэг нийт 26920 төгрөг, карт 4 ширхэг гэх /хх-ийн 162/, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Дорнод аймаг Баяндун сумын 1 дүгээр багийн засаг даргын 24 албан бичигт: Б.Баяр нь аав М.Баянжаргал, ээж С.Цэрэнханд, дүү Э.Шинэцэцэг нарын хамт амьдардаг ... гэх /хх-ийн 165/, 2017 оны 02 сарын 06 өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд: М.Баянжаргалын эзэмшлээс модон авдар, төмөр ор зэрэг эд зүйлийг битүүмжилсэн гэх /хх-ийн 166-168/, шүүгдэгч Б.Баяр мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Баярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

  Шүүгдэгч Б.Баярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Б.Баярын ялтай байдлын талаар:

2008 оны 04 сарын 30-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ялаар, 2009 оны 2009 оны 01 сарын 13-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэсэн нийт 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2009 оны 07 сарын 22-ны өдрийн Өршөөлөөр үлдэж байгаа 02 жил 05 сар 22 хоногийг өршөөн хэлтрүүлсэн. 2013 оны 10 сарын 04-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 98,  2014 оны 03 сарын 17-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 08 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 317 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үйлдсэн 05 жил 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Харин 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар дээрх эдлээгүй үлдсэн 05 жил 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 жил 01 хоногийн хорих ялаас заримыг нь буюу бүгдийг нь нэмж нэгтгэх шаардлагагүй байна. Учир нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно”, мөн 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэсэн байх тул шүүгдэгч Б.Баярыг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Хохирогч С.Намсрайд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хан үнэлэмж”ХХК-ний үнэлгээний тайланд заасны дагуу 4.775.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд 2016 оны 11 сарын 06-ны өдөр 200000 төгрөгний үнэ бүхий том гарын манан хөөрөг 1 ширхэг, 15000 төгрөгний үнэ бүхий дунд гарын каваш шилний хольцтой хөөрөг 1 ширхэг, 20000 төгрөгний үнэ бүхий гуулин аяга 1 ширхэг, 30000 төгрөгний үнэ бүхий жижиг гарын цагаан чулуун хөөрөг 1 ширхэг зэргийг тус тус 265 000 үнэ бүхий зүйлийг буцаан хохирогчид өгсөн тэмдэглэл тусгагдсан байна. Хохирогчид үлдэх нийт хохирол болох 4 510 000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Б.Баяраас гаргуулах нь зүйтэй байна.

 Мөн хохирогч М.Баттулга хохиролд үнэлгээгээр 85 000 төгрөг нэхэмжилснийг мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01 сарын 06-ны өдөр цагаан өнгийн найман тахилгат хээтэй чулуун хөөргийг /85000 төгрөгний/ М.Баттулгад буцаан хүлээлгэн өгсөн тухай  тэмдэглэлд тусгагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах гэм хорын хохиролгүй байна.

 

Шүүгдэгч Б.Баярын хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зүйтэй байна.

 

            Эд хөрөнгө битүүмжлэл болон эд мөрийн баримтын талаар

            Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн модон авдар, төмөр ор зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгох,

 

            Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 04-ний өдрийн Б.Баяраас хураан авсан эд зүйлийн жагсаалтад тусгагдсан түлхүүртэй монгол цоож 1 ширхэгийг /хохирогч С.Намсрай цоожийг авахгүй гэсэн/ устгах, Б.Баяраас хураан авсан нийт 26920 төгрөгийг, 4 ширхэг карт, 6 ширхэг баримт, хар өнгийн шигтгээтэй металл бөгж 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Баярт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

           

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг дурдах, хохирогч С.Намсрайд хохирол төлбөр төлөөгүй байх тул гаргуулан олгох, харин Б.Баяр нь 142 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Буянгууд овгийн Баянжаргалын Баяр нь ялтай байхдаа орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Буянгууд овгийн Баянжаргалын Баярын эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Буянгууд овгийн Баянжаргалын Баярт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн модон авдар, төмөр ор зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 04-ний өдрийн Б.Баяраас хураан авсан эд зүйлийн жагсаалтад тусгагдсан нийт 26920 төгрөгийг, хүрэн өнгийн эрэгтэй түрүүвч 1 ширхэг, 4 ширхэг карт, 6 ширхэг баримт, хар өнгийн шигтгээтэй металл бөгж 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Баярт буцаан олгож, харин эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түлхүүртэй монгол цоож 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Баяраас хохирол болох 4.510.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Намсрайд, хохирол 9500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Октябрьт тус тус олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Баярын цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн

 

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Баярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОРОЛМАА