Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/64

 

 

 

 

 

 

Т.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Э.Ариунболд,

            Яллагдагчийн өмгөөлөгч: Ю.Н, С.Э,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/400 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Т.Г-д холбогдох, эрүүгийн 2019000000141 дугаартай, 1 хавтас, 86 хуудас бүхий хэргийг прокурор Э.Ариунболдын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Ш овогт Т-ын Г-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Яллагдагч Т.Г 2020 оны 09-р сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын *-р баг, Хонгор бичигтийн * тоотод байрлах гэртээ эхнэр Э.Б-тай маргалдаж, Э.Б-ийн баруун мөрөн тус газар нь баруун гараараа цохих үедээ өөрийн хүү Г.Г/1 настай/-ийн толгойн тус газарт хавсран цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагч Т.Г-д холбогдох эрүүгийн 2019000000141 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн Прокурорын газарт буцааж,

 

хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

 

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Ариунболд давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Захирамжийн 1 дэх заалтад хохирогч Б-гийн гэрчээр өгсөн хүүхдээ тэврээд буйдан дээр сууж байхад хойд талын өрөөнөөс орж ирээд дахиад намайг цохих гэхээр нь би газар өвдөглөөд хүүхдээ тэврээд сууж байтал миний нүүрний зүүн дээд хэсэгт цохих шиг болтол миний хүү уйлаад манай  нөхрийн ах болох Д ах босож ирээд манай нөхрийг ахын дүү боль гэж хэлээд болиулсан тэгээд унтацгаасан гэдэг мэдүүлэг өгсөн хэдий ч хохирогчоор мэдүүлэг өгөхдөө урьд өгсөн мэдүүлэгтээ андуурч мэдүүлсэн байна тухайн үйл явдал болох үед хадам ах байгаагүй хадам ээж Ц байсан гэж тодорхой мэдүүлсэн байхад тухайн хэсгийг шүүх захирамждаа тусгаагүй атлаа зөвхөн гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэгт тухайн үйл явдал болох үед хэн байсан талаар хоёр өөр хүний нэр хэлсэн эсэхийг нь түүвэрлэн авч мэдүүлэг зөрүүтэй өгсөн байдлаар бичсэн нь учир дутагдалтай байна. Мөн яллагдагч Т.Гантулга мэдүүлэхдээ төрсөн ах Д гэх хүн байгаагүй ээж Ц байсан гэсэн мэдүүлэг. Мөн гэрч Ц нарын мэдүүлэг зэргээр хохирогч Б-ийн мэдүүлэг давхар нотлогдож байна. Түүнчлэн тухайн үйл явдал нь Т.Г Б нарын хооронд үүссэн маргааны улмаас Т.Г нь эхнэр Б-г гараараа цохихдоо хүүхдийнхээ толгойн тус газар цохисон болох нь Б-ийн баруун талын мөр хэсэгт гараа зангидаж байгаад цохих шиг болсон тэгэхэд манай хүү уйлсан тэгэхэд давхар цохигдсон байх гэж тодорхой мэдүүлсэн мөн ялагдагч Т.Г нь мэдүүлэгтээ би нэмж архи уугаагүй ядраад ороод ирэхээр хэрүүл хийлээ гээд баруун гараараа зангидаж байгаад эхнэрийнхээ баруун мөр лүү нэг удаа цохитол ээж хойд өрөөнөөс гарч ирээд больцгоо яагаад хэрэлдэж ноцолдоод байгаа юм гэж хэлэхээр нь бид хэд унтацгаасан гэж мэдүүлсэн зэргээр Т.Г нь эхнэр н.Б-гаа цохих үедээ өөрийнхөө 9 сартай хүү Г.Г-ийн толгойн тус газарт хавсран цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдсон бөгөөд эргэлзээтэй зөрүүтэй зүйл байхгүй гэж үзэхээр байна. Захирамжийн 2 дахь хэсэгт Т.Г Б нарыг муудалцах үед хадам ээж Ц, Д нарын хэн нь байсан болох Д-ыг гэрчээр асуух гэж захирамжид тусгажээ. Гэтэл хохирогч Б Ц-ын мэдүүлэг зэргээр тухайн үйл явдал болох нь Т.Г Б нараас гадна хэн байсан нь тодорхой тогтоогдсон байхад тус хэрэгт хамааралгүй Даваажав гэгчийг гэрчээр асуулгахаар даалгасан нь ойлгомжгүй хүлээн авах боломжгүй байна. Захирамжийн 3 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон бөгөөд шүүх чухам ямар нөхцөл байдлыг шалгаж тодруулах шаардлагатай талаар тодорхой тусгалгүй ерөнхий байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэсэн нь ойлгомжгүй биелүүлэхэд эргэлзээтэй байх тул тухайн заалт нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Захирамжийн 4 дэх хэсэгт хохирогчид учруулсан гэмтлийг ямар нөхцөл байдалд хэрхэн яаж учруулсан талаар тодорхой тогтоогдсон бөгөөд шинжээч эмчээс хохирогчийн хувьд ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл нь хохирогчийн ээж нь тэвэрч байх үед ээжийнх нь баруун талын мөр хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиход үүсэх эсэхийг тодруулах гэдэг нь ойлгомжгүй шаардлагагүй ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүүхэд тэвэрч байгаа хүний мөр лүү гараараа цохиход тэвэрч байсан хүүхдийн зулай яс хугарах, тархины эдэд няцрал үүсэх боломж бий эсэхийг шинжээчээс асуух нь өрөөсгөл ойлголт бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд яллагдагч Т.Гантулгад холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийн 400 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатын шүүхэд буцаахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамж хууль зүйн үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Эдгээр захирамжид дурдсан ажлыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Уг хэрэг нимгэн хэрэг хэдий ч дотроо процессын алдаа их байдаг. Анхан шатны урьдчилсан хэлэлцүүлэгт 3 хүсэлт гаргасан. Үүнээс 2 хүсэлтийг шүүх хүлээж авсан гэдэг нь захирамжаас харагддаг. Ер нь бол процессын алдаа их байдаг, мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг тогтоох хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн болохыг тогтоож оруулж ирээгүй. Мөн эрүүгийн хуульд заасан яллагдагчид заасан ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй. Гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж үзэж байна. Уг хэрэг нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн. Хохирогчоор Б нь хавтаст хэрэгт 4 удаагийн мэдүүлэг, Т.Г-ын хувьд 3 удаагийн мэдүүлэг, Ц-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн нотлох баримтууд авагдсан байдаг. Тэгэхээр прокурорын гол чиг үүрэг нь хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх талаарх нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй нотлох үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг үзэхээр хамгийн анх өгсөн хохирогч н.Баярмаагийн мэдүүлэг болон дараа нь өгсөн мэдүүлгүүдэд зөрүү байдаг. Хавтаст хэргийн 10-р талд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгт газар өвдөглөөд хүүхдээ тэврээд суутал намайг цохиод, миний нүүрний зүүн дээд хэсэгт цохих шиг болсон. Гэтэл Д ах нөгөө өрөөнөөс орж ирээд миний дүү нар яагаад муудаад байгаа юм. Одоо больцгоо унтацгаа гээд унтсан гэдэг. Дараагийн мэдүүлгүүдэд хүүхдээ тэврээд буйдан дээр сууж байтал миний баруун мөр лүү цохих шиг болсон л гэхээс яг цохисон гэж хэлдэггүй. Тэгээд Ц босож ирээд унтацгаа гэсэн юм ярьдаг гэсэн. Харин Ц-ын мэдүүлэгт хэргийн үйл баримтыг тодруулах асуулт асуугаагүй байдаг. Ингээд мэдүүлгүүдийг үзэхэд хүүхдийг яг ямар байдлаар цохиход зулайн ясны гэмтэл гарах боломжтой юм бэ? гэдэг байдал шинжээчийн дүгнэлтээс харагддаггүй. Харин прокурор яллах дүгнэлтдээ хавсарсан байдлаар цохиход үүсэх боломжтой гэж өөрөө дүгнээд байгаа болохоос биш шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй. Тэгэхээр шинжээчийг заавал гэрчээр асуугаад нарийн тогтоох шаардлагатай. Үнэхээр хүүхдийн баруун мөрөндөө тэврэх юм уу? яг ямар байдлаар цохиход зулай ясны гэмтэл үүсэх боломжтой юм бэ? тэрийг тогтоох шаардлагатай. Д байсан эсэхийг зөвхөн Д-аас өөрөөс нь асууж тодруулах хэрэгтэй. Энэ хүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдсэн тул хөнгөрүүлэх нөхцөл байдлын баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй. Гэтэл зөвхөн хүүхдийн төрсний гэрчилгээ хийгээд орхичихсон. Хувийн байдалтай нотлох баримтуудыг өнөөдөр хэн хийх ёстой юм бэ, Цагдаагийн байгууллагын мөрдөгч шалгаж байгаа хүнээсээ шаардаад хийчих бүрэн боломжтой. Тэгтэл шаардлагатай баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Тодруулбал Эрүүгийн хуулийн 2.1, 2.3 дугаар зүйлд заасан шаардлагад үндэслэн хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, дүгнэхэд мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл яллагдагч Т.Г-ыг 2020 оны 09-р сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын *-р баг, Хонгор бичигтийн ** тоот гэртээ, эхнэр Э.Б-тай маргалдаж, Э.Б-гийн баруун мөр, эсвэл нүүрэн тус газарт буюу яг хаана нь цохих явцад түүний хүү, 9 сартай, Г.Г-ийн толгойн тус газар, хүнд гэмтэл учирсныг нотолж, тогтоогоогүй, хохирогч Э.Б-гийн /хх-7-9/, гэрч Э.Б-гийн /хх-10,11/ 3 удаагийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэйн гадна хүүд учирсан гэмтлийг Т.Г-гын үйлдэлтэй холбоотой үүссэн талаар хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлээгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий баримтат мэдээллийг агуулсан нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, яллагдагчийн “Гэм буруу”-г санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрийн аль шинжид хамаарч болохыг шалгаж, тодруулаагүй нь тус тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал тогтоогдоогүйн гадна түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2-т нийцжээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт үйлдэл, эс үйлдэхүй тухай бүрийг нэг бүрчлэн шалгаж тогтоох нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг төлүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэхийн зэрэгцээ хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх учир захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/400 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Ариунболдын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА