Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03150

 

 

 

 

 

 

 

 

2024 07 24 182/ШШ2024/03150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ...-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ... ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ...тай ЗГ/КР622445**** 2456 дугаартай, кредит картын зээлийн гэрээ байгуулж, 500,000 төгрөгийн зээлийг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь зээл авах үедээ Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 201-81 тоотод оршин сууж байсан хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлөлттэй холбоотойгоор, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчаас 1,877,055.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2023/06730 дугаар захирамжаар хариуцагч нь дээрх хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

Мөн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, ...ийг ... хаягт оршин суудаг нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн мэдээлэл солилцооны "Хур" системийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул эрэн сурвалжлах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тус хаягийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2024/07184 дугаар захирамжаар тус хаягт оршин байдаггүй гэх үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Иймд хариуцагч ...ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Кредит картын гэрээ, тооцооллын хүснэгт /хх-5-9/

2.2 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02378 дугаар шийдвэр /хх-10,11/

2.3 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2023/06730 дугаар захирамж /хх-12/

2.4 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/11818 дугаар захирамжаар ...ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ... ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

... нь ... ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Кредит картын гэрээ нэртэй гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

... ХК нь ...ийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... нь ... хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ... ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ... ХК-ийн хүсэлтийг хангаж, шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийн хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нарт мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ